Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 133/ШШ2019/00191

 

 Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Н.Оюунбилэг, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.М-т холбогдох

нэн ховор амьтан болох ирвэсийн түүхий эдийг хадгалж, тээвэрлэн улсад учруулсан хохиролд 22.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, иргэдийн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГАА-ийн ПГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оын 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн 201401020569 дугаартай хэргийн шүүгдэгч Б.Мыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, цоохор ирвэс агнасан үйлдлийг тусгаарлан шалгаж байгаа хэрэгт хохиролтой холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэн гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна. Б.М нь ирвэсийг агнасан этгээд тогтоогдоогүй тохиолдолд Амьтны тухай хуульд зааснаар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг дэвсгэрт 2014 оны 01 дүгээр сард нэн ховор амьтан болох 7 настай, эр бодьгал цоохор ирвэс цээжин тус газраа 2 удаа ТОЗ-8 маркийн буугаар буудагдан агнагдаж, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөгөөр үнэлэгдэж улсад учруулсан хохирлын дүгнэлтийг гаргасан байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу улсад учирсан бодит хохирол 22.400.000 төгрөг байна. Цоохор ирвэс агнасан үйлдэлтэй гэмт хэрэг нь 2014 оны 01 дүгээр сард үйлдэгдэж, түүнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож цоохор ирвэс агнасан этгээд тогтоогдоогүйгээр хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оын 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор иргэн Б.М улсад 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь бүрэн нотлогдсон байх тул хохирлыг барагдуулж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ГАА-ийн ПГ-ын нэхэмжлэлтэй Б.М-т холбогдуулан гаргасан Б.М нь нэн ховор амьтан болох ирвэсийн түүхий эдийг хадгалж тээвэрлэн улсад 22400000 төгрөгийн хохирол учруулсан гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгч Д.А миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Б.М нь 2014 оны 1-2 дугаар сарын үед буудуулж алагдсан нэн ховор амьтан болох 7 настай эр ирвэсийг тээвэрлэж хадгалсан гэмт хэрэгт холбогдон 2018 оны 01-р сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Б.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн 203-р зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож гэм хорын хохиролыг цоохор ирвэс алсан хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэлэлцэлгүй орхисон. Иймд аймгийн прокурорын газраас Б.Мт холбогдуулан гаргасан 22400000 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд Б.М нь хохирол төлөхөөр илэрхийлсэн талааар бичсэн нь үндэслэлгүй бөгөөд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тухайн цоохор ирвэсийг алсан гэх гэмт хэргийг тусгаарлагдан шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр гэм хорын хохиролыг хэлэлцээгүй болно. Б.М нь үхсэн ирвэс олж тээвэрлэж хадгалсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн цоохор ирвэсийг өөрөө алаагүй өөрөөр хэлбэл үхсэн байсан цоохор ирвэсийг тээвэрлэж хадгалсан нь байгаль орчинд яаж, ямар хэлбэрээр хохирол учирч байгаа болох нь ойлгомжгүй байна. Цоохор ирвэсийг алсан этгээд олдоогүй нь Б.Мөнбаяраас түүний учруулсан хохиролыг нэхэмжлэх үндэслэлгүй юм. Хэдийгээр Б.М нь үхсэн, алагдсан цоохор ирвэсийн түүхий эдийг тээрлэж хадгалсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл хэдий ч Б.М-ын буруугаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Б.М-ыг байгаль орчинд хохирол учируулсан гэж эрүүгийн шүүх дүгнээгүй бөгөөд тусгаарласан хэрэгт хохиролыг шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн. Гэтэл ирвэс алсан этгээдийг олж тогтоож чадаагүй нь Б.М-ын буруу биш бөгөөд тухайн хэргийн хохиролыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ГАА-ийн ПГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ГАА-ийн ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Б.О нь Б.М-т холбогдуулан нэн ховор амьтан болох ирвэсний түүхий эдийг хадгалж, тээвэрлэн улсад учруулсан хохиролд 22.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хүсэлтээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь “....Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оын 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор иргэн Б.М улсад 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан болох нь бүрэн нотлогдсон байх тул хохирлыг барагдуулж хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “...Б.М нь үхсэн, алагдсан цоохор ирвэсийн түүхий эдийг тээрлэж хадгалсан үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл хэдий ч Б.Мын буруугаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм. Б.Мыг байгаль орчинд хохирол учируулсан гэж эрүүгийн шүүх дүгнээгүй бөгөөд тусгаарласан хэрэгт хохиролыг шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн. Гэтэл ирвэс алсан этгээдийг олж тогтоож чадаагүй нь Б.Мын буруу биш бөгөөд тухайн хэргийн хохиролыг төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлаж маргаж байна.

Хариуцагч Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ирвэсийг агнасан этгээд тогтоогдоогүй тохиолдолд Амьтны тухай хуульд зааснаар хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгчдэгч Сэлнээн овогтой Бадамдоржийн Быг 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан ан агнуурын тухай хууль зөрчиж нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасныг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цоохор ирвэс агнасан үйлдлийг тусгаарлан шалгаж байх тул гэм хорын хохирлыг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т ...зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй гэж тус тус заасан тул дээрх шийтгэх тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Хариуцагч Б.М-ыг ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж, нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, цоохор ирвэс агнасан үйлдлийг тусгаарлан шалгаж байгаа хэрэгт хохиролтой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж хохирлыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Тухайн тусгаарласан хэргийг ГАА-ийн ПГ-ын Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, иргэн Б.М-аас Амьтны тухай хуульд зааснаар улсад учирсан 22.400.000 төгрөгний хохирлыг Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор нэхэмжлэл гаргах болсныг дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгч ГАА-ийн ПГ амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр  нэхэмжлэх эрхтэй байна.

Хэрэг гарах үед мөрдөгдөж байсан буюу Б.М-ыг гэм буруутайд тооцсон 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж тус тус заажээ.

Хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа Б нь ирвэсийг агнаагүй, худалдаагүй, худалдаж аваагүй, харин олсон тул Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ноогдуулна” гэснээс үзэхэд олсон хүнд нөхөн төлбөр ноогдуулахааргүй байна гэсэн агуулгаар маргасан байна. Гэтэл эрүүгийн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд уг ирвэсийг өөртөө бий болгосон арга хэлбэр нь олсон гэж тогтоогдсон боловч улмаар олоод тээвэрлэн Улаанбаатар хотод оруулж, тодорхой хугацаанд хадгалсан байдал тогтоогдсон байна. Энэ байдал нь түүнийг ахуйн хэрэгцээгээ хангах, зарж борлуулан орлогоо нэмэгдүүлэх зорилготой үйлдэл гэж үздэг эрхзүйн ойлголт бөгөөд улмаар эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хамгаалах, түүнд халдахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн хамгаалалтын эсрэг үйлдэл байна.

Тус цоохор ирвэс нь 7 настай, эр бодгаль байсан болох нь ГАА-ийн ПГ-ын Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 29 дугаартай тогтоолд бичигдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд эр цоохор ирвэсний экологи-эдийн засгийн үнэлгээг 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтоосон байна.

Иймд хариуцагч Б.М-аас нэн ховор амьтны түүхий эдийг хадгалж, тээвэрлэн амьтны аймагт учруулсан хохиролд 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 269.950 /хоёр зуун жаран есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М-аас нэн ховор амьтны түүхий эдийг хадгалж, тээвэрлэн амьтны аймагт учруулсан хохиролд 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай .

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 269.950 /хоёр зуун жаран есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

                                      ШҮҮГЧИД                                     Н.ОЮУНБИЛЭГ

                                                                                       Б.ӨЛЗИЙХИШИГ