Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 27

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 ГАА ШС БДС нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00259 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ГАА ШС БДС нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Шарга сум, Баянгол баг, Рашаант-21 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДП63072216, Долоон бурхан овогт Н. Ид холбогдох, байгуулагад учруулсан гэм хорын хохиролд 1.703.576 төгрөг гаргуулах тухай ргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Золбаяр, хариуцагч Н.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шарга сумын Ерөнхий боловсролын сургуулийн зураг технологийн багш Н. И нь сургуулийн захирал байсан 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар бага ангийн багш Л. Г-ыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эргүүлэн ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны цалин болох 1.703.576 төгрөгийг байгууллагын данснаас төлсөн боловч 2015 онд санхүү тайлангийн аудитаар аймгийн Аудитын газар авлагаар тусгуулж буруутай этгээдээр төлүүлж авлагаа барагдуул гэсэн албан шаардлагыг өгсөн. Би тус сумын сургуульд захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж, уг ажлыг 2017 оны 5 дугаар сард авсан. Намайг энэ ажлыг авахад авлагын асуудал байсан. Аудитын албанаас удаа дараа авлагаа барагдуул гэсэн акт, албан шаардлагууд ирсэн. Тухайн үед холбогдох хариуг бичгээр болон амаар өгч байсан. Тодорхой үр дүнд хүрэхгүй байсан учир шүүхэд хандаж Л.Г багшийг ажлаас халж, шүүхээр эргэж ажилд томилогдоод ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт сургуулиас төлсөн 1.703.576 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

 

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед багш Л.Гыг халсан шийдвэр нь хууль бус байгаагүй бөгөөд мэргэжлийн хувьд чадамжгүй, хүүхдийн эрх ашгийг эдүгээг хүртэл хохироож байгаа энэ багшийн арга зальд автан, ажилтай байлгах гэж яаж үйлээ үзэж байгаагаа М.Золбаяр өөрөө шүүхэд үнэнээр нь танилцуулах хэрэгтэй гэж бодож байна. МАН-ын аймгийн дарга нар миний ажлыг булаан авч М.Золбаярт өгөхдөө хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой аудитын байгууллагыг өөрсдийнхөө эрх ашигт хэрхэн үйлчлүүлдэг болохыг өөрийн биеэр мэдэрсэн болохоор аймгийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/140 бүхий албан шаардлага нь МАН-ын захиалгаар хийгдсэн үйлдэл гэж үзэж байна. Миний бие сургуулийг санхүүгийн хувьд хохироосон зүйл огт үгүй бөгөөд сургуулийн номын сангийн фондыг баяжуулахад туслах зорилгоор найз нөхдийн хамт хоёр сая таван зуу гаруй төгрөгний номыг хандивлаж байсан болно. Харин эдгээр нөхдүүд намайг цалин, урамшуулал, НДШ, нэмэгдэл, тэтгэмжийн хувьд ихээхэн хохироосон ч би тэвчсээр өнөөдрийг хүрсэн. Сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бага ангийн багш Л.Гыг мэргэжилдээ тэнцэхгүй байхаар нь ажлаас чөлөөлсөн. Шүүхээс ажилд эгүүлэн томилсон мөн олговорт өгсөн 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Аудиттай хийсэн маргаанаас энэ асуудал үүссэн, аудитын шалгалтаар очсон шалгалтын бүрэлдэхүүн тухайн сургуульд мах дутсан гэж акт тавихад би хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл нягтлан бодогч Алтайбаатарт хариуцлага тооц гэж хариу ирүүлэхэд нь нягтлан бодогч манай байгууллагад харьяалагдахгүй, сумын санхүүгийн албанаас томилогдож ирдэг талаар хариулсан. Энэ хариултыг хүлээж авахгүй дахин Алтайбаатарт хариуцлага тооц гэснийг аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд асуудал болгож хэлснээр эдгээр асуудал үүссэн. Л.Г багшийг ажлаас чөлөөлсөн талаар би өөрийгөө буруу шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Багш хүний эцсийн үүрэг нь сурагчиддаа стандартын мэдлэгийг цаг хугацаанд олгох ёстой, ингэж олгож чадахгүй байгаа багшийг халсан нь буруу биш талаар итгэлтэй байгаа учир тэр мөнгийг төлөх шаардлага байхгүй. Би байгууллагыг хохироосон үйл ажиллагаа явуулаагүй. Харин ч энэ байгууллагыг гайгүй авч явахын тулд төсвөөс мөнгө гаргахгүйгээр сургуулийн ойг зохион байгуулж 18 сая гаруй төгрөгийн бодитой хөрөнгө оруулалт хийсэн. Төсвөөс гаргасан хэв журам сахиулахаар 30 литр шатахуун гаргасанд аудит акт тавьсан. Н.И гэдэг хүн аудитын байгууллагыг шүүмжилсэн гэдэг хандлагаар хандаж ирсэн. Энэ ч миний ажилд нөлөөлж аймгийн Засаг дарга ажлаас чөлөөлөхөд аудитын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж шалгалт хийсэн. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд үнэнч шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Долоон бурхан овогт Н.И /ДП63072216/-өөс 1.703.576 /нэг сая долоон зуун гурван мянга таван зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГАА ШС БДСд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 42.207 /дөчин хоёр мянга хоёр зуун долоон/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.И давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Удирдах албан тушаалтны шалгалтад ороод тэнцээгүй, захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Золбаярыг захирал хэмээн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бусаар олгосныг нотлох баримт хүлээн зөвшөөрч хэргийг шийдвэрлэсэн нь хууль дээдлэх зармыг гажуудуулж хууль зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлсэн явдал гэж үзэж байна.

Шүүх үйл ажиллагаа нь харилцан мэтгэлцээний үндсэн дээр бие биенээ хүндэтгэн, хүн ёсны харилцаанд тулгуурлан явагдах ёстой болохоос зандарсан, дарамталсан өнгө аясаар харилцан, хуулийг буцаан хэрэглэж асуудлыг шийдэх ёсгүй гэж бодож байна.

Багш Л.Гыг хөдөлмөрийн харилцааны хүрээнд эрх мэдлийнхээ дагуу ажлаас халсан тушаалыг буруутай гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухайн үеийн хуульд заасан төрийн албан хаагчийн гаргасан буруутай шийдвэрийн бурууг төр хариуцана гэсэн заалт байсаар атал байгууллагад хохирол учруулсан гэж үзэн 1.703.576 төгрөгийг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хэнтэй ч байгуулж байгаагүй миний биеэр төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд миний гомдлыг хүлээн авч үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч ГАА ШС БДС захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Золбаяр нь хариуцагч Н.Иөд холбогдуулан тус сургуулийн багш Л.Гын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг сургуулийн төсвөөс төлснөөр байгууллагад учирсан хохирол 1.703.576 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Н.И нь ГАА ШС БДС захирлаар ажиллаж байхдаа тус сургуулийн бага ангийн багшаар ажиллаж байсан Л.Гыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр Л.Гыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.703.576 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

 

 Анхан шатны шүүх ГАА ШС БДС нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтыг тайлбарлан хэрэглэсэн нь оновчтой биш байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй, мөн энэ зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна. Энэ тухай шүүх дүгнэлтдээ дурдсан байна.

Хариуцагч Н.И Шарга сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээд байсан ба энэ эрхийнхээ хүрээнд ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж байжээ.

 

Н.Иийн багш Л.Гыг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг байгууллагаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн нь Н.Иийг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас чөлөөлөх тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна.

 

Энэ талаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00259 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан ГАА ШС БДС хариуцагч Н.Иөд холбогдуулан гаргасан 1.703.576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Шарга сумын бүрэн дунд сургуулиас 42.207 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Н.Иийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.207 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ЭНХТӨР

                                                

                                ШҮҮГЧИД                                  Ш.БАТТОГТОХ

 

                                                                   Т.ЖАРГАЛСАЙХАН