Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2019/00259

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Шарга сумын Бүрэн дунд сургуулийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Н.И-д холбогдох,

байгуулагад учруулсан гэм хорын хохиролд 1.703.576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.З, хариуцагч Н.И, иргэдийн төлөөлөгч Ч.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарга сумын Ерөнхий боловсролын сургуулийн зураг технологийн багш Н.И нь сургуулийн захирал байсан 2015 оны 08 сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаалаар бага ангийн багш Л.Г-г үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч 2015 оны 12 сарын 21-ний өдөр эргүүлэн ажилд авсан. Ажилгүй байсан хугацааны цалин болох 1.703.576 төгрөгийг байгууллагын данснаас төлсөн боловч 2015 онд санхүү тайлангийн аудитаар аймгийн Аудитын газар авлагаар тусгуулж буруутай этгээдээр төлүүлж авлагаа барагдуул гэсэн албан шаардлагыг өгсөн. Би тус сумын сургуульд захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж, уг ажлыг 2017 оны 05 дугаар сард авсан. Намайг энэ ажлыг авахад авлагын асуудал байсан. Аудитын албанаас удаа дараа авлагаа барагдуул гэсэн акт, албан шаардлагууд ирсэн. Тухайн үед холбогдох хариуг бичгээр болон амаар өгч байсан. Тодорхой үр дүнд хүрэхгүй байсан учир шүүхэд хандаж Ганболд багшийг ажлаас халж, шүүхээр эргэж ажилд томилогдоод ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт сургуулиас төлсөн 1.703.576 төгрөгийг нэхэмжиж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед багш Л.Г-г халсан шийдвэр нь хууль бус байгаагүй бөгөөд мэргэжлийн хувьд чадамжгүй, хүүхдийн эрх ашгийг эдүгээг хүртэл хохироож байгаа энэ багшийн арга зальд автан, ажилтай байлгах гэж яаж үйлээ үзэж байгаагаа М.З өөрөө шүүхэд үнэнээр нь танилцуулах хэрэгтэй гэж бодож байна. МАН-ын аймгийн дарга нар миний ажлыг булаан авч М.З-т өгөхдөө хэнээс ч хараат бусаар ажиллах ёстой аудитын байгууллагыг өөрсдийнхөө эрх ашигт хэрхэн үйлчлүүлдэг болохыг өөрийн биеэр мэдэрсэн болохоор аймгийн аудитын газрын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 02/140 бүхий албан шаардлага нь МАН-ын захиалгаар хийгдсэн үйлдэл гэж үзэж байна. Миний бие сургуулийг санхүүгийн хувьд хохироосон зүйл огт үгүй бөгөөд сургуулийн номын сангийн фондыг баяжуулахад туслах зорилгоор найз нөхдийн хамт хоёр сая таван зуу гаруй төгрөгний номыг хандивлаж байсан болно. Харин эдгээр нөхдүүд намайг цалин, урамшуулал, НДШ, нэмэгдэл, тэтгэмжийн хувьд ихээхэн хохироосон ч би тэвчсээр өнөөдрийг хүрсэн. Сургуулийн захирлаар ажиллаж байхдаа бага ангийн багш Г мэргэжилдээ тэнцэхгүй байхаар нь ажлаас чөлөөлсөн. Шүүхээс ажилд эгүүлэн томилсон мөн олговорт өгсөн 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Аудиттай хийсэн маргаанаас энэ асуудал үүссэн, аудитын шалгалтаар очсон шалгалтын бүрэлдэхүүн тухайн сургуульд мах дутсан гэж акт тавихад би хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл нягтлан бодогч Алтайбаатарт хариуцлага тооц гэж хариу ирүүлэхэд нь нягтлан бодогч манай байгууллагад харьяалагдахгүй, сумын санхүүгийн албанаас томилогдож ирдэг талаар хариулсан. Энэ хариултыг хүлээж авахгүй дахин Алтайбаатарт хариуцлага тооц гэснийг аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд асуудал болгож хэлснээр эдгээр асуудал үүссэн. Ганболд багшийг ажлаас чөлөөлсөн талаар би өөрийгөө буруу шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Багш хүний эцсийн үүрэг нь сурагчдадаа стандартын мэдлэгийг цаг хугацаанд олгох ёстой, ингэж олгож чадахгүй байгаа багшийг халсан нь буруу биш талаар итгэлтэй байгаа учир тэр мөнгийг төлөх шаардлага байхгүй. Би байгууллагыг хохироосон үйл ажиллагаа явуулаагүй. Харин ч энэ байгууллагыг гайгүй авч явахын тулд төсвөөс мөнгө гаргахгүйгээр сургуулийн ойг зохион байгуулж 18 сая гаруй төгрөгийн бодитой хөрөнгө оруулалт хийсэн. Төсвөөс гаргасан хэв журам сахиулахаар 30 литр шатахуун гаргасанд аудит акт тавьсан. Идэрмөнх гэдэг хүн аудитын байгууллагыг шүүмжилсэн гэдэг хандлагаар хандаж ирсэн. Энэ ч миний ажилд нөлөөлж аймгийн засаг дарга ажлаас чөлөөлхөд аудитын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж шалгалт хийсэн. Миний бие энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд үнэнч шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын бүрэн дунд сургуулийн захирал М.З нь хариуцагч Н.И-д холбогдуулан бага ангийн багш Л.Г-н ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг сургуулийн төсвөөс төлснөөр байгууллагад учирсан хохиролд 1.703.576 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын бүрэн дунд сургуулийн захирлаар М.З-ыг томилсон бүртгэл 2018 оны 4-р сарын 24-ний өдөр хийгдсэн болох нь, М.З нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхтэй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 9017348 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-14-15/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... захиралаар ажиллахдаа бага ангийн багш Л.Г-г үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарч 2015 оны 12 сарын 21-ний өдөр эргүүлэн ажилд авснаар ажилгүй байсан хугацааны цалин болох 1.703.576 төгрөгийг байгууллагын данснаас төлсөн боловч 2015 онд санхүү тайлангийн аудитаар аймгийн Аудитын газар авлагаар тусгуулж буруутай этгээдээр төлүүлж авлагаа барагдуул гэсэн албан шаардлагыг өгсөн тул шаардаж байна... гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлаа ...багш Л.Г-г халсан шийдвэр нь хууль бус байгаагүй, шүүхээс ажилд эгүүлэн томилсон, мөн олговорт өгсөн 1.700.000 төгрөгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, аудитын байгууллагад хийсэн маргаанаас энэ асуудал үүссэн тул зөвшөөрөхгүй, сургуулийн захиралын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон тул тухайн сургуулийг төлөөлөх эрхгүй... гэж татгалзсан.

Хариуцагч Н.И нь Говь-Алтай аймгийн Шарга сумын бүрэн дунд сургуулийн захиралаар ажиллаж, бага ангийн багш Л.Г-г ажлаас чөлөөлсөн тушаал гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 414 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Л.Г-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нь 1.703.576 төгрөгийг Шарга сумын бүрэн дунд сургуулиас гаргуулахаар шийдвэрлэсэн байна /хх-6-11/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын бүрэн дунд сургуулийн захирал 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 тоот тушаалаар Л.Г-г ажилд эгүүлэн авч /хх-13/, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 1.703.576 төгрөгийг Л.Год шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 629 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож /хх-17/, тухайн төлбөрийн хүсэлт гэх баримтад хариуцагч Н.И гарын үсэг зурсан байна.

Говь-Алтай аймгийн Шарга сумын бүрэн дунд сургуулийн захиралыг аймгийн засаг дарга томилдог болохыг, үр дүнгийн гэрээг аймгийн засаг даргатай байгуулж түүнд ажлаа тайлагнадаг болохыг талууд тайлбарлаж, маргаагүй бөгөөд хариуцагч Н.Иийг аймгийн засаг даргын 2014 оны 03-р сарын 19-ний өдрийн Б/50 тоот захирамжаар Шарга сумын 12 жилийн дунд сургуулийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна /хх-40/.

Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилсон Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг Б/83 тоот захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлээгүй болно /хх-41/.

Хариуцагч Н.И нь Шарга сумын бүрэн дунд сургуулийн захиралаар ажиллах үедээ шийдвэр гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь Н.И-ийг хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тиймээс гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон Л.Г нь Шарга сумын бүрэн дунд сургуулийн захиралтай хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн дээр ажиллаж, хариуцагч болох тухайн үед сургуулийн захиралаар ажиллаж байсан Н.И нь аймгийн засаг даргатай үр дүнгийн гэрээгээр ажилладаг болохыг зохигчид тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн зүйлийн 135.4-т заажээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь ажлаас чөлөөлөгдсөн ажилтан болох хариуцагч Н.И-тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулснаар байгууллагад учруулсан эд хөрөнгийн хариуцлагыг хүлээлгэхээр шаардсан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын бүрэн дунд сургуулийн захирал нь тухайн сургуулийн төсөвт учирсан хохирлын талаар шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,

хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг эдийн засгийн үр дагаврыг ойлгох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлсон.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын ...захирал ...тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь төсөвт учирсан хохирлын талаар шаардлага гаргах эрхтэй ба ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох хөдөлмөрийн харилцааны хариуцлага, үр дүнгийн гэрээний талаарх шаардлагыг гаргаагүй бөгөөд Говь-Алтай аймаг дахь төрийн аудитын газрын 02/140 дугаартай албан шаардлага 2018-03-23-ны өдөр гарч сургуулийн захирал М.З-т даалгасан байна /хх-4-5/.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н.И нь Шарга сумын бүрэн дунд сургуулийн захиралаар ажиллаж, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ тус сургуулийн төсөвт хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч.Уртнасан нь хариуцагч хүн өөрийн хөрөнгө оруулалтыг яриад энэ мөнгийг төлөх шаардлагагүй гэж тайлбарлаад байна. Төсвийн байгууллага учир сургуулийг хохиролгүй болгож тухайн мөнгийг төлөх нь зөв гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 42.207 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч  Н.И-өөс 1.703.576 /нэг сая долоон зуун гурван мянга таван зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Бүрэн дунд сургуульд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 42.207 /дөчин хоёр мянга хоёр зуун долоон/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ

                         ШҮҮГЧИД                                             Т.БАЛЖИННЯМ

                                                                   Б.ӨЛЗИЙХИШИГ