Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 28

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            ГАА ШС ЗДТГ-ын нэхэмжлэлтэй

                                        иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00258 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ГАА ШС ЗДТГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг, Шарга сум, Баянгол багт оршин суух, эмэгтэй, РД-ДЮ71080402, Бальбий овогт М. Т холбогдох,

сумын Засаг даргын тамгын газрын төсөвт учруулсан хохиролд 1.816.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Оюунчимэг, хариуцагч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шарга сумын Засаг дарга М.Т нь 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Нийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин болох 5.334.670 төгрөгийг байгууллагын данснаас төлөхөөр тогтоосон. 1.816.200 төгрөгийг байгууллагын данснаас төлсөн, үлдсэн мөнгийг өөрөө авахаас татгалзсан байдаг. 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар 1.816.200 төгрөгийг Засаг дарга М.Таас авах авлагаар тусгасан. Энэ авлагыг буруутай этгээд барагдуулаагүй, шүүхийн шийдвэрээр Шарга сумын Засаг даргын тамгын газраас эрхлэгч эмч Б.Нийн цалинд гаргасан 1.816.200 төгрөгийг Засаг дарга М.Таас нэхэмжилж байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Шарга сумын засаг даргын тамгын газрын нэхэмжлэлийг хүлээн

 

2.

 

зөвшөөрөхгүй байна. Би 2008 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Шарга сумын Засаг даргаар томилогдсон. Одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд аль болох залуу хүмүүсийг дэмжиж ажилладаг. 2012 онд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Б. Нийг томилон ажиллуулж байгаад ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь нэгдүгээрт энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэхгүй болох нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн эрүүл мэндийн газрын шалгалтаар тогтоогдсон. Төрийн байгууллага архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр хариуцсан албан байгууллага нь “F” дүнтэй шалгагдсан. Өөрийн ажил үүрэг үнэхээр муу байсан. Энэ нь өөрийнх нь эзэмшсэн боловсролтой хамааралтай байсан байх. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөөд, аймгийн анагаахын шинжлэх ухааны төв төгсөөд эмчээр очсон латин болон монголоор муу бичдэг байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн даргад гомдол гаргаад 10 үгнээс 7 үг алдсан гэдэг мэдээллийг сумын иргэдэд тавьж байсан зэрэг хүндрэлтэй зүйлүүд байсан. Лицензийн шалгалтад тэнцээгүй учир ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүн ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд гомдол гаргаад олон удаагийн шүүх хуралдаан болоод энэ хүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзээд таван сая гаруй төгрөгийг Засаг даргын тамгын газраас гарга гэсэн шүүхийн шийдвэр гараад 1.816.200 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргасан. Энэ хүнийг эгүүлэн ажилд  авч байгаад Б.Н нь нарийн мэргэжлийн сургалтад явмаар байна. Надад 1.900.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тамгын газраас дахин мөнгө гаргаж өгөх боломжгүй байсан. Тэгээд Б.Н 1.900.000 төгрөг өгвөл би үлдэгдэл мөнгийг нь авахгүй шүүхэд тайлбараа бичээд өгье гэж хэлэхээр нь би өөрийн зүгээс 1.900.000 төгрөгийг нь өгөөд бид хоёр тохироод шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ бичиж өгсөн. Тамгын газрын нэхэмжлэлтэй 1.816.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Б.Нийг 2012 онд ажлаас халсан. Б.Нийг халсан нь иргэний эрх зүйн маргаан биш хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хувьд үүссэн маргаан байсан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө үүссэн Б.Нийг ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байсан. Б.Н өөрийнх нь буруутай ажиллагаанаас болсон учир үлдсэн мөнгийг авахаас татгалзсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Бальбий овогт М.Т /ДЮ71080402/-аас 1.816.200 /нэг сая найман зуун арван зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГАА ШС ЗДТГт олгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч М.Таас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 44.009 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

3.

 

Хариуцагч М.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие М.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар 2008 оноос хойш ажиллаж байна. 2012 оны 7 дугаар сарын 27-нд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр түр ажиллаж байсан Б.Нийг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажлаас нь чөлөөлсөн. Б.Н нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, эрхлэгч эмчийн ажлыг түр хариуцан ажиллаж байсан. Б.Н нь ажил мэргэжилдээ тэнцэхгүй болох нь сумын ИТХ, аймгийн Эрүүл мэндийн газрын шалгалтаар тогтоогдсон. Төрийн байгууллага архив болон албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр хариуцсан албан байгууллага нь “F” дүнтэй шалгагдсан. Лицензийн шалгалтанд тэнцээгүй учир нь ажлаас нь чөлөөлсөн байсан. Сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга томилдог, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498.5, 510.1-д заасныг тус тус үндэслэн 1.816.200 төгрөгийг М.Т надаас гаргуулж Шарга сумын Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Төрийн албан тухай хуулийн 4.7.2-д зааснаар хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах учир миний бие хариуцах боломжгүй. Иргэний хуулийн 498.5 нь энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол  гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйгээр/ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/ улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасан байдаг. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйл нь гэм хорын хохирлыг гаргуулах заалт юм. Би өөрийн эрх хэмжээний хүрээнд өөрөө Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг хууль ёсны шийдвэр гаргаж ажлаас нь чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 432.1-д зааснаар би ЗДТГ-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байхад надаас 1.816.200 төгрөгийг гаргуулж шийдвэр гарсныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч эдгээрийг шийдвэртээ тусгасан мөртлөө 1.816.200 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  8 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00258 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГАА ШС ЗДТГ нь хариуцагч М.Тт холбогдуулан тус сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан Б.Нийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг сумын Засаг даргын тамгын газрын төсвөөс төлснөөр байгууллагад учирсан хохирол 1.816.200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллаж  2012 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч Б.Нийг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байх

 

4.

 

бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Б.Нийг өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5.334.670 төгрөгийг Шарга сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 512 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүхээс Б.Нийн ажилгүй байсан хугацааны олговорт олгосон  1.816.200 төгрөгийг Шарга сумын Засаг даргын тамгын газар/байгууллага/-с гаргасан  тул хариуцагч М.Тыг төсөвт хохирол учруулсан гэж үзэж түүнээс уг мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэж  нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар Иргэний хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй, мөн энэ зүйлийн 498.1, 498.2-т зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгадаг байна.

 

Хариуцагч М.Т Шарга сумын Засаг дарга бөгөөд ажил олгогчийг төлөөлж, шийдвэр гаргах эрхтэй этгээдийн хувьд энэ эрхийнхээ хүрээнд ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж байжээ.

 

М.Тын Шарга сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Нийг ажлаас чөлөөлөх тухай захирамж нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг байгууллагаас гаргуулан түүнд олгохоор шийдвэрлэсэн нь М.Тыг хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Ажил олгогчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд ажлаас чөлөөлөх тушаал гаргах, ажилтан тухайн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

 Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар

5.

 

ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна.

 

Энэ талаар ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж мөн зүйлийн 135.4-т заажээ.

 

М.Тт холбогдох нэхэмжлэлд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00258 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газрын хариуцагч М.Тт холбогдуулан гаргасан 1.816.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Шарга сумын Засаг даргын тамгын газраас 44.009 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т  зааснаар хариуцагч М.Тын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ш.БАТТОГТОХ

 

                                              ШҮҮГЧИД                          Ч.ЭНХТӨР    

 

                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН