Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 133/ШШ2019/00258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч- М.Т-т холбогдох,

сумын засаг даргын тамгын газрын төсөвт учруулсан хохиролд 1.816.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.О, хариуцагч М.Т, иргэдийн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шарга сумын Засаг дарга М.Т нь 2012 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Н-г үндэслэлгүйгээр ажлаас халсан гэсэн 3 шатны шүүхийн шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалин болох 5.334.670 төгрөгийг байгууллагын данснаас төлөхөөр тогтоосон. 1.816.200 төгрөгийг байгууллагын данснаас төлсөн, үлдсэн мөнгийг өөрөө авахаас татгалзсан байдаг. 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар 1.816.200 төгрөгийг Засаг дарга М.Т-аас авах авлагаар тусгасан. Энэ авлагыг буруутай этгээд барагдуулаагүй, шүүхийн шийдвэрээр Шарга сумын Засаг даргын тамгын газраас эрхлэгч эмч Б.Н-н цалинд гаргасан 1.816.200 төгрөгийг Засаг дарга М.Т-аас нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Шарга сумын ЗДТГ-ын нэхэмжлэлийг хүлээн зөюшөөрөхгүй байна. Би 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шарга сумын Засаг даргаар томилогдсон. Одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд аль болох залуу хүмүүсийг дэмжиж ажилладаг. 2012 онд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр Б.Н-ийг томилон ажиллуулж байгаад ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь нэгдүгээрт энэ хүн ажил мэргэжилдээ тэнцэхгүй болох нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн эрүүл мэндийн газрын шалгалтаар тогтоогдсон. Төрийн байгууллага архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгээр хариуцсан албан байгууллага нь “F” дүнтэй шалгагдсан. Өөрийн ажил үүрэг үнэхээр муу байсан. Энэ нь өөрийнх нь эзэмшсэн боловсролтой хамааралтай байсан байх. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөөд, аймгийн анагаахын шинжлэх ухааны төв төгсөөд эмчээр очсон Латин болон монголоор муу бичдэг байсан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн даргад гомдол гаргаад 10 үгнээс 7 үг алдсан гэдэг мэдээллийг сумын иргэдэд тавьж байсан зэрэг хүндрэлтэй зүйлүүд байсан. Лицензийн шалгалтад тэнцээгүй учир ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүн ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд гомдол гаргаад олон удаагийн шүүх хуралдаан болоод энэ хүнийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзээд таван сая гаруй төгрөгийг Засаг даргын тамгын газраас гарга гэсэн шүүхийн шийдвэр гараад 1.816.200 төгрөгийг Засаг даргын тамгын газраас гаргасан. Энэ хүнийг эгүүлэн ажилд  авч байгаад Б.Н нь нарийн мэргэжлийн сургалтад явмаар байна. Надад 1.900.000 төгрөг өгөөч гэж хэлсэн. Тамгын газраас дахин мөнгө гаргаж өгөх боломжгүй байсан. Тэгээд Б.Н 1.900.000 төгрөг өгвөл би үлдэгдэл мөнгийг нь авахгүй шүүхэд тайлбараа бичээд өгье гэж хэлэхээр нь би өөрийн зүгээс 1.900.000 төгрөгийг нь өгөөд бид хоёр тохироод шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүсэлтээ бичиж өгсөн. Тамгын газрын нэхэмжлэлтэй 1.816.200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа. Б.Н-г 2012 онд ажлаас халсан. Б.Н-г халсан нь иргэний эрх зүйн маргаан биш хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хувьд үүссэн маргаан байсан. Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө үүссэн Б.Н-г ажлаас чөлөөлсөн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байсан. Б.Н өөрийнх нь буруутай ажиллагаанаас болсон учир үлдсэн мөнгийг авахаас татгалзсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч М.Т-т холбогдуулан сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Н-н ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорыг сумын засаг даргын тамгын газрын төсвөөс төлснөөр байгууллагад учирсан хохиролд 1.816.200 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газрын даргаар Р.О-г томилсон бүртгэл 2015 оны 03-р сарын 02-ны өдөр хийгдсэн болох нь, Р.О нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхтэй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 9017577 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож байна /хх-3/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...сумын засаг дарга нь сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Н-г үндэслэлгүйгээр ажлаас халсан 3 шатны шүүхийн шийдвэр гарч ажилгүй байсан хугацааны цалинд 1.816.200 төгрөгийг байгууллагын данснаас төлсөн, 2014 оны санхүүгийн тайлангийн аудитаар уг мөнгийг буруутай этгээдээс авах авлагаар тусгасан тул сумын засаг даргаас шаардаж байна... гэж тайлбарласан.

Хариуцагч татгалзлаа ...эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Н ажил мэргэжилдээ тэнцэхгүй байсан, лицензийн шалгалтад тэнцээгүй учир ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас халсан нь иргэний эрх зүйн маргаан биш хөдөлмөрийн эрх зүйн харилцааны хувьд үүссэн маргаан, Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнээс өмнө үүссэн маргаан, Наранцэцэг өөрийнх нь буруутай ажиллагаанаас болсон учир үлдсэн мөнгийг авахаас татгалзсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж тайлбарласан.

Хариуцагч М.Т нь Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргаар ажиллаж, сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эмч Б.Н-г ажлаас чөлөөлсөн захирамж гаргаснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 230 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Н-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож /хх-75-79/ шийдвэрлэснийг Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 14 дүгээр магадлалаар Б.Н-г өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нь 5.334.670 төгрөгийг Шарга сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар /хх-80-81/ шийдвэрлэсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 512 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /хх-82-83/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Харин Шарга сумын засаг даргын тамгын газар нь 2014 оны 4-р сарын 28-ны өдрийн төлбөрийн баримтаар 412.903 төгрөгийг НДАлбанд нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт гэж, мөн өдрийн баримтаар 3350 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт гэж, 2014 оны 5-р сарын 28-ны өдрийн төлбөрийн баримтаар 1.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр нөхөн төлбөр гэж, 2014 оны 11-р сарын 06-ны өдрийн төлбөрийн баримтаар 400.000 төгрөгийг шүүхийн шийдвэрээр үлдэгдэл гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нийт 1.816.253 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан төлбөрийн хүсэлт гэх баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбараар тогтоогдож /хх-24-27/, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрөөс 1.900.000 төгрөгийг хариуцагч М.Т төлж, Б.Н үлдэгдэл төлбөрийг авахаас татгалзсан талаар зохигчид тайлбарласан.

Шарга сумын Засаг даргыг аймгийн засаг дарга томилдог болохыг талууд тайлбарлаж байх боловч хариуцагч М.Т-ыг Шарга сумын Засаг даргаар томилсон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, үр дүнгийн гэрээг аймгийн засаг даргатай байгуулж түүнд ажлаа тайлагнадаг болохыг хариуцагч тайлбарлаж нэхэмжлэгч тал үгүйсгэж маргаагүй.

Хариуцагч М.Т нь сумын Засаг даргаар ажиллахдаа шийдвэр гаргах эрхтэй бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд ажилтныг ажлаас чөлөөлсөн захирамж нь эрх зүйн хувьд алдаатай байсныг шүүх тогтоож, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг байгууллагаас гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн нь М.Т-ын хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдлээр байгууллагад гэм хор учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тиймээс гэм хор учруулсанаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай бөгөөд хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргахыг тушаал гаргах ёсгүй байхад гаргасан нь хууль бус үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон Б.Н нь Шарга сумын засаг даргатай хөдөлмөрийн эрх зүйн харилцааны үндсэн дээр ажиллаж, хариуцагч болох сумын Засаг дарга нь аймгийн засаг даргатай үр дүнгийн гэрээгээр ажилладаг болохыг зохигчид тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар мөн зүйлийн 135.4-т заажээ.

Өөрөөр хэлбэл ажил олгогч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь ажилтан буюу хариуцагч М.Т-тай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулснаар байгууллагад учруулсан эд хөрөнгийн хариуцлагыг хүлээлгэхээр шаардсан тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаар шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газар нь төсөвт учруулсан хохирлын талаар шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж,

хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал бөгөөд эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг эдийн засгийн үр дагаврыг ойлгох тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалт нь байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлсон.

Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.15-д “...сумын Засаг даргын тамгын газрын дарга нь тухайн шатны Засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирагч байна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь төсөвт учирсан хохирлын талаар шаардлага гаргах эрхтэй ба ажил олгогч, ажилтан хоёрын хоорондох хөдөлмөрийн харилцааны хариуцлага, үр дүнгийн гэрээний талаарх шаарлагыг гаргаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч М.Т нь сумын Засаг даргаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхдээ засаг даргын тамгын газрын төсөвт хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар ...нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Цэвэгмэд нь Наранцэцэгт засаг даргын тамгын газраас 1.816.200 төгрөгийг, мөн засаг дарга Тунгалагтамир хувиасаа 1.900.000 төгрөгийг өгөөд тэр хүн үлдэгдэл мөнгийг тооцохгүй гэж тохирсон юм байна. Тиймээс энэ нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй байх юм байна гэж ойлголоо гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 44.009 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Т-аас 1.816.200 /нэг сая найман зуун арван зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Шарга сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч М.Таас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 44.009 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ

                         ШҮҮГЧИД                                            Т.БАЛЖИННЯМ

                                                                 Б.ӨЛЗИЙХИШИГ