Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

Б.Ганхүлэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Т.Дэлгэрсайхан

            Яллагдагчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /онлайн/, М.Гансүх

            Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 772 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ганхүлэгт холбогдох 201610010189 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3., 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ишгинт, 1 дүгээр багийн 8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  Чонос овгийн Батчулууны Ганхүлэг. /РД:МС76091406/

Шүүгдэгч Б.Ганхүлэг нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нэр бүхий иргэдийг малтай мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож, баримт бичиг ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Төрийн банкны Хушаат тооцооны төвөөс 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Я.Мөнхбаатараар 8,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Ганболдоор 8.000.000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А.Төмөртулгаар 5.000.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ж.Эрдэнэ-Очироор 8.000.000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Я.Эрдэнэтуяагаар 8.000.000 төгрөгийн малчны зээл, 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Лхагважаваар 1.879.900 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н.Болдбаатараар 3.825.000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Я.Мөнхбаатараар 4.165.000 төгрөгийн лизингийн зээл тус тус гаргуулан залилан авч Төрийн банканд нийт 46.869.900 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Тариалалт хийх гэж байна, бензин тос авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Буянцогтыг төөрөгдөлд оруулан 5.000.000 төгрөгийн үнэ бүхий шатахууны талон авч залилан, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” модны зах дээр 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “тавилгаа зарж 14 хоногийн дотор буцаан өгнө” хэмээн хуурч

, Р.Энхмааг төөрөгдөлд оруулан, банз, прүүс мод, палк зэрэг мод, модон бүрээгдэхүүнийг залилан, нийт 3.855.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2013 оны 06 дугаар сард Ш.Баянжаргалаар “зээлийн төлөлтийг нь би хийнэ” хэмээн хуурч Төрийн банкнаас 2.000.000 төгрөгийн лизингийн зээл гаргуулан авч, улмаар 460.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэрийн эсгий дээвэр, бүрээсийг нь зарж мөнгийг нь өгөлгүй залилж, нийт 2.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад буй болсон итгэлийг урвуулан ашиглаж В.Баярмагнайгаас “зээлээ хаагаад буцаан өгнө” хэмээн хуурч 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 7.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  3.000.000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “хилээр бараа оруулахад мөнгө хэрэгтэй байна” хэмээн 10.800.000 төгрөгийг тус тус авч түүнд 24.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт Б.Ундаръяагаас “банкнаас зээл бүтээхэд нэг дансанд мөнгө байршуулах шаардлагатай байна” хэмээн хуурч, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 40.000.000 төгрөг авч, улмаар 20.000.000 төгрөгийг буцааж өгөлгүй хохирол учруулсан, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр В.Баярмагнайгаар дамжуулан Д.Ариунсайханы нэрээр зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөг авч, нийт 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Т.Оюунбаатараас “2 хоногийн хугацаатай мөнгө зээлээч, хүний зээл чөлөөлөөд буцааж егнө” хэмээн хуурч 5.000.000 төгрөгийг авч, хохирол учруулсан,

-мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Н.Чимгээгээр “зээлийн төлөлтийг нь би төлнө” хэмээн хуурч Төрийн банкнаас 5.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч хохирол учруулсан,

-мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ш.Ариунаагаас “Голомт банкнаас зээл авах гэж байна, мөнгө хэрэгтэй байна” хэмээн хуурч, 296.197 төгрөгийн үнэ бүхий алтан ээмгийг авч, улмаар өмнө нь Ш.Ариунаагаас зээлээр авсан байсан 700.000 төгрөгийн үнэ бүхий годон гутлын үлдэгдэл төлбөр болох 500.000 төгрөгийг өгөлгүй, 796.197 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Ариунсайханаас “машинаа 3 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөгийн барьцаанд түр тавиад өгөөч, төлбөрийг нь би төлнө” хэмээн хуурч 48-13 ДАХ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг нь “Сэлэнгэ кредит” ХХК-д барьцаанд тавиулж, 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Адъяасүрэнгээс “мөнгийг нь удахгүй өгнө” хэмжээн хуурч 947.000 төгрөгийн үнэ бүхий 4 хос гутал, 155.000 үнэ бүхий өвлийн куртик зэргийг авч 1.102.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, П.Чимэдлхамаас 2016 оны 01 дүгээр сард ‘бензиний мөнгө хэрэгтэй байна, буцааж өгнө” хэмээн хуурч 300.000 төгрөгийг, “Хятадаас тавилга оруулж ирэх гэж байна, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна” хэмээн хуурч 2016 оны 02 дугаар сард 6.700.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сард 3 сая төгрөгийг, 2016 оны 04 дүгээр сарын эхээр 4.000.000 төгрөгийг тус тус авч, 14.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Р.Дэлгэрбаяраас “хямд үнээр экскаватор түрээсэлж өгнө” хэмээн хуурч 2.000.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

-мөн БНХАУ-ын Эрээн хотын нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Монгол Улсын иргэн А.Сансараас “том оврын тээврийн хэрэгсэл худалдан авч, зарж борлуулна” хэмээн хуурч 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 60.000 юань буюу 21.939.000 төгрөгийг авч, залилж хохирол учруулсан,

-мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг Б.Соёл-Эрдэнээс “охин хуримаа хийх гэж байна, удахгүй тариалангийн мөнгө орж ирэхээр мөнгийг өгнө” хэмээн хуурч 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Занчирын эзэмшлийн 23.000.000 төгрөгийн үнэ бүхий 70-84 УБӨ улсын дугаартай “Тоёота хариар” маркийн тээврийн хэрэгслийг залилан авч хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт У.Болорчимэгээс “зээлээ чөлөөлж, дахин зээл аваад буцааж мөнгийг нь гаргаж өгнө” хэмээн хуурч 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 6.000.000 төгрөгийг, мөн 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ганцаараа дахин “зээлээ хааж дахин зээл авах гэсэн юм” хэмээн 3.400.000 төгрөгийг тус тус авч, 9.400.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

-мөн бусдын барьцаанд байсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 60 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц Ү2003001698/-ыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт С.Санжхүүд давхар барьцаалан 22.500.000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан,

-мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр С.Гандоржоос “зээлээ чөлөөлж зээл авах гэсэн юм” хэмээн хуурч 6.000.000 төгрөгийг залилан авч, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 238.722.079 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт,

-мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Замын-Үүд” төмөр замын боомтоор 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.Сэнжээтамжидын Е0348912 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан,

-мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт байрлах “Хавирга” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.Оюундэлгэрийн Е1436924 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,

-мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Бичигт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ш.Энхтунгалагийн Е1921036 дугаарын гадаад паспортыг ашиглан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос Б.Ганхүлэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 772 дугаар шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт Чонос овогт Батчулууны Ганхүлэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201610010189 дугаартай хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Б.Ганхүлэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэрч Н.Өлзийнямын гар утсанд үзлэг хийж, ярианы бичлэгийг хуулбарласан диск 2 ширхэг, Хилийн тагнуулын газрын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 112 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүрс бичлэг бүхий диск 1 ширхэг, хохирогч А.Сансарын эзэмшлийн “Samsung note 3” загварын хуучин гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... шүүхийн шийдвэр нь хэрхэн, яаж, ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тодорхойгүй, биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 3.т заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.д ...шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно, 1.1. гэмт хэрэг гарсан байдал...1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ..." гэж заасны дагуу шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүх хуралдааны явцад нотлох боломжтой.

Эрүүгийн 201610010189 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын тогтоолоор Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалал тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2., 3 дугаар зүйлийн 3., 4.1 дүгээр зүйлийн 2.3.т заасныг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрт ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна” гэж., 2.т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж хуульчилжээ.

Гэтэл гэрч Хөгжилт нь мэдүүлгийн эхэнд “Монгол хэл, бичиг мэднэ" хэмээн мэдүүлэг өгсөн, уг ажиллагаанд орчуулагч оролцуулаагүй нь хууль зөрчөөгүй ба нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/772 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамж хууль зүйн үндэслэлгүй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих үндэслэлүүд хангалттай нотлогдсон байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь биелэгдэх боломжгүй үндэслэлгүй шийдвэр болсон. Хохирогч н.Хөгжилтөөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх тайлбартаа:

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Прокурор энэхүү ажиллагааг огт биелүүлдэггүй. Өмнө анхан шатны хохирлыг иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүл гэж шийдвэрлээд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байсан. н.Хөгжил гэх иргэнийг байцаахдаа аль улсад хэрхэн яаж байцаалт авсан нь тодорхойгүй. Түүний хувьд 3 өөр зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Яллагдагч, хохирогч нар өөр өөр үнийн дүнг хэлдэг. н.Ундаръяа, н.Баярмагнай нарыг залилсан гэх үйлдлийг огт хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү маргааныг шалгаж тогтоолгох талаар удаа дараа хүсэлт гаргасан. Мөрдөн байцаагч болон прокуророос энэ хэргийг нягт нямбай шалгаж тогтоохгүй байгаа. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тайлбартаа:

        М.Гансүх өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Прокурор өөрсдийн хийх ажиллагааг шүүх рүү шилжүүлж үл тоомсорлосон байдал гаргаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүхийн 100 дугаартай магадлалд заасан ажиллагааг огт хийхгүй байгааг гайхаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Н.Хөгжилт гэх хүн үнэхээр мөн биш байсан эргэлзээтэй. Прокурор маш хийсвэр байдлаар дүгнэлт хийж оролцож байгаад гомдолтой байна. Прокурор өмнө гаргасан эсэргүүцлээ хуулах маягаар эсэргүүцлээ гаргасан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Ганхүлэгт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Ганхүлэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 19.14 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээг нотлоогүй, шүүгдэгч Б.Ганхүлэгийн үйлдлүүдийг бүгдийг нь гэмт хэрэг гэж дүгнэн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээтэй, хохирлын хэмжээг нарийн тооцоогүй, хэрэгт байгаа зарим баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгдэгчид холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад шүүгдэгч Б.Ганхүлэг болон Төрийн банкны хооронд ямар ч зээлийн харилцаа үүсээгүй, банкнаас Б.Ганхүлэг зээл аваагүй байхад Төрийн банк хохирогчоор тогтоогдсон нь үндэслэлгүй, харин шүүгдэгч Б.Ганхүлэг нь нэр бүхий иргэдийг залилж Төрийн банкнаас зээл авхуулж иргэдийг хохироосон, иргэдээр авхуулсан зээлийн хэмжээ буюу хохироосон мөнгөн дүнгийн хэмжээ нь зээлийн гэрээ болон хохирогчдын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Мөн урьдах давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг мөрдөн байцаалтаар биелүүлж тодорхой ажиллагааг хийж хохирогчдоос мэдүүлэг авчээ.

Хэрэв шүүх нотлох баримт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйл, 16.15 дугаар зүйлүүдэд зааснаар өөрийн дотоод итгэлээр тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэх эрхтэй., эсхүл холбогдох хэргийн оролцогчийг шүүх хуралдаанд оролцуулан шийдвэрлэх боломжтой.

Иймд хэргийг шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлж явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Ганхүлэгт холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 772 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            3. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Б.Ганхүлэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                         Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                                      Ц.АМАРЖАРГАЛ