| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2023/0370/З |
| Дугаар | 128/ШШ2023/0732 |
| Огноо | 2023-10-04 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2023/0732
2023 10 04 128/ШШ2023/0732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э*******
Хариуцагч: Монгол улсын Дотоодын цэргийн командлагч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Н*******, Э.Б******* нарын хоорондын “Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор зэргийг тус тус гаргуулах”-ыг хүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э*******, түүний өмгөөлөгч А.Г******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н*******, Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Э******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлж байгаад “үндэслэлгүйгээр тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор зэргийг тус тус гаргуулах” гэж нэмэгдүүлжээ.
2. Нэхэмжлэгч Г.Э******* нь нь Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар алба хаах насны дээд хязгаар хүрсэн гэсэн үндэслэлээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгожээ.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2023/3332 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Э*******ын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж, шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан тоотоор хариуг авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2023/3332 дугаартай шүүгчийн захирамжаар Г.Э*******ын шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг сэргээж, шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
Цэргийн албан хаагч нь 25-аас доошгүй жил алба хаасан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй болохоос биш шууд тэтгэвэр тогтоолгох заалт биш Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг эдлүүлсэнгүй гэж,
Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд цэргийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх,сэлгэн ажиллуулах боломжтой байхад энэ эрхийг эдлүүлээгүй гэж,
Маргаан бүхий тушаалд Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно гэсэн зохицуулалтыг баримтлахгүйгээр тушаалд байхгүй хуулийг үндэслэл болгон тайлбарласан гэж,
2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн сонсох ажиллагаа хийгдсэн гэхэд эргэлзээтэй, тухайн цаг хугацаанд холбогдоогүй бөгөө татгалзсан гэж миний өмнөөс тайлбарлаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Г.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 8.1.1-т “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй” Хэрэв цэргийн албан хаагч нь 25-аас доошгүй жил алба хаасан бол тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэсэн болохоос биш шууд тэтгэвэр тогтооно гэж заасан эрх олгосон заалт биш. Ийм учраас үндсэн хуульт эрх буюу тэдгээртэй нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, ажиллах, хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ая тухай нөхцөлөөр хангуулах эрхийг минь эдлүүлээгүй гэж үзэж байгаа.
Иймд учраас би Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно” болно гэж заасан байдаг. Цэргийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах, эрхэлж байгаа ажил албан тушаал, цалин, хөлс, цолыг буруулахгүйгээр өөрийн хүсэлтээр сэлгүүлэн ажиллуулж болно гэсэн байдаг. Цэргийн албаны тухай хуулиар ор үндэслэлгүй тушаал гаргаад намайг чөлөөлсөн. Энэ хууль надад нийцэхгүй хууль буюу хуульд заагаагүй үндэслэлийг тушаалд аваачиж заагаад миний эрхэд халдсан. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 91.1.4 дэх хэсэгт “цагдаагийн дээд цолтой алба хаагч 57 нас” гэж заасан байдаг. Гарах эрх нь үүсэж байгаа. Миний бие цагдаагийн байгууллагад байсан бол 57 нас хүрээгүй байсан, би 53 настай байсан. Миний бие 1989-2019 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар тэтгэвэрт гарах, эсвэл Цэргийн албаны тухай хуулийн тэтгэвэр гарахад насны хязгаарт хүрэх жилээр ажиллаагүй. Би Цэргийн албаны тухай хууль хэрэглээд байгаа юм уу, Цагдаагийн албаны тухай хууль хэрэглээд байгаа юм уу, Цэргийн албаны тухай хуулийг бариад намайг ажлаас гаргасан байдаг. Цэргийн албанд ажилласан гэж үзвэл миний ажилласан жил хүрэхгүй.
Ур чадвартай, сайн ажилласан офицерыг сонгон ажиллуулах боломжтой гэж хуульд заасан байдаг. Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж заасан. Цагдаагийн ерөнхий газарт тушаал гаргахаас өмнө 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад намайг өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд 1-5 жилийн хугацаанд нэг удаа сунгаж өгнө үү. Цагдаагийн ерөнхий газарт миний эрхийг эдлүүлж өгнө үү гэж Цагдаагийн ерөнхий газрын даргад хоёр үндэслэлээр буюу нэг нь цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллуулж өгнө үү, нөгөөх нь миний тэтгэврийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.
Цагдаагийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газар хүсэлтээ гаргаад Хууль зүйн яамны сайдын тушаалаар сунгадаг. Хууль зүйн яамны сайд өнөөдрийг хүртэл надад ямар ч хариу өгөөгүй. Мэтгэлцээн дунд нотлох баримт дээр ярих байх. Цагдаагийн ерөнхий газрын даргад өргөдөл өгсөн. Би нэг л хүсэлт өгсөн. Тус хүсэлт нь юу гэсэн бэ гэхээр танай цагдаагийн байгууллагад Монгол Улсын таны албан тушаалтай дүйцэх албан тушаал монголын цагдаагийн байгууллагад байхгүй байна гэсэн.
Би газрын даргын албан тушаалтай шүү дээ. Ахлахаар авъя гэхэд нь зөвшөөрлөө. Чингис дарга нь шилжүүлэхэд татгалзал зүйлгүй гээд 2 газрын даргын бичгийг Цагдаагийн ерөнхий газрын дарга руу явуулсан байдаг юм. Тэгэхэд нь боломжгүй л гэж хариу өгсөн. Яагаад боломжгүй гэж хариу өгсөн юм. Хэрвээ цагдаа руу шилжчих юм бол энэ 57 нас нь автоматаар сунгах гээд байна.
Монголын цагдаад 32 жил ажиллаж байна. Цагдаагийн байгууллагаасаа тэтгэвэртээ гарчихъя аа. Би цэргийн хүн биш ээ Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар би 809 дүгээр тусгай салбарт дэлхийд 2 түрүүлчихсэн хүн байна. Дэлхийн аварга хүн байна, гавьяат тамирчин хүн байна сайжруулаач ээ гээд томилсон байх гэж бодоод цагдаагийн ерөнхий даргын тушаалаар би 809 захирагчаар очсон.
Ээлжийн амралтын хувьд хэдэн төгрөг надад бодогдож байгаа юм. Одоо энэ хавтаст хэрэг дээр зүгээр л цалингийн цэс өгсөн л байх. Ээлжийн амралт нь юм уу, үгүй юм уу, бүү мэд. Миний дансанд хийсэн юм уу хийгээгүй юм уу бүү мэд гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалыг хууль бус гарсан гэж үзэж байгаа. Чухам яагаад хууль бус гарсан бэ гэхээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг барьж тушаал гаргасан. Тус Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт 25 жил алба хаах хэртэй гэсэн зүйл байгаа. Тус заалтыг бариад тэтгэвэрт гаргана гэсэн заалт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дугаар зүйлд “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан ба хуульд заагаагүй үндэслэлээр гаргасан акт гэж үзэж байна. Үүний дагуу тэтгэвэрт гаргах нь буруу байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байгаа. Миний үйлчлүүлэгч өөрөө үүнийг тайлбарлаад ярих байх гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг дотоодын цэргийн байгууллага өөрөө Дотоодын Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл, 11.6 дахь хэсэгт заасан албан хаах насны дээд сараас өгсөн. Цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвартай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон. Эрх бүхий албан тушаалын шийдвэрээр 5 хүртэл жилээр нэг удаа сунгаж болно гэж байгаа. Энийг баримтлаад энэ хүнийг Цагдаагийн ерөнхий газрын дотоодын цэргийн командлагч өөрөө болно гэдэг буюу энэ өөрт нь эрх олгосон хэмжээнийхээ хүрээнд сунгахгүй гэж шийдвэрлэсэн. Тэгээд нэхэмжлэгч нь өөрөө Цэргийн албаны тухай хуульд заасан цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрчихсэн учраас тэтгэвэрт гаргасан гэж байна.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэрт гарах учраас энэ хүнийг цагдаад ажилласан жил байна уу, дотоодын цэрэгт ажилласан жил байна уу, тэрнээс үл шалтгаалаад энэ хүнийг ажилласан жилийг энэ хуулийнхаа дагуу бид нар тэтгэвэрт гаргаж байгаа гэж тайлбарлах гэсэн юм. Ээлжийн амралттай холбоотой асуудал яриад байна. Ээлжийн амралт бодож тооцох журам дээр нь тэтгэвэрт гарч байгаа хүмүүст зүгээр ээлжийн амралтын олговрыг нь тооцож олгоод тэтгэвэрт гаргачих л гэсэн зохицуулалт бас байдаг.
Ээлжийн амралтын хуудаснаас нь хараад үзэхлээр манайхан нэг ийм юмыг буруу ойлгоод байдаг. Голцуу яг алба хаагч нар ганцхан манай дээр биш бусад бүх алба алба дээр ингэж ойлгоод байдаг. 2023 он гарчихсан бол би энэ оныхоо ээлжийн амралтыг тооцож авах ёстой гэж ойлгоод байдаг. Нөгөө ээлжийн амралт боддог журмаас нь харахаар миний төрийн алба хаасан хугацаа хэзээнээс эхэлсэн юм бэ гэдгээс нь миний жилийг тооцох гэж явдаг. Төрийн алба, төрийн тусгай, цагдаагийн албанд ажилласан хугацаа 2006 оны 7 сарын 19-ний өдрөөс эхэлсэн байдаг. Тэгэхлээр он болгоны 7 сарын 19-с дараа оны 7 сарын 19-ний хоорондох миний төрийн албанд ажилласан нэг жилийн хугацаа гэж тооцоод яг төрийн албан хаасан хугацаанд нь оногдох ээлжийн амралтыг нь энэ ээлжийн амралтын хугацаагаар олгочихсон юм болов уу. Хүний нөөцийн гаргаж өгсөн баримтаас нь үзэхэд тийм зүйл ажиглагдаад байгаа. Тийм учраас бүтэн нэг жилийнхээ би амралтыг авах ёсгүй байсан гэдгийг нь үндэслэн энүүгээр үгүйсгэгдэх болов уу гэж бодож байгаа юм. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 2 дугаар зүйлийг тайлбарлаад байх шиг байна. Энэ нь болохоор 25-аас дээшгүй жил алба хаасан эрхтэй би цаашаагаа хязгааргүй ажиллах эрхтэй гэдэг утгаар тайлбарлаад байх шиг байна л даа. Энэ нь өөрөө ямар онцлогтой вэ гэхээр нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль дээр бусад албан хаагчдын насны дээд хязгаарыг заагаад, тэр насанд хүрсэн тохиолдолд л тэтгэвэрт гардаг
Ажилласан жилийн шаардлага тавиад тэр шаардлагад хүрсэн хүн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож авах эрх нь өөрөө нээлттэй байдаг. Энэ нь бол яг үнэн. Ийм эрхтэй гэж байгаа юм. Энэ нь өөрөө цаашлаад ингээд аваад үлдэхэд цэргийн албанд насаараа ажиллах ийм нөхцөл байдал үүсэх гээд байгаа болохоор нөгөө салбар салбарынх нь хуулиар цэргийн алба хаах насных нь дээд хязгаар буюу тэр салбартаа ажиллах насных нь дээд хязгаарыг заагаад өгчихсөн байдаг. Цэргийн албаны тухай хууль дээр зөвхөн 11.4-д заагаад өгчихсөн байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 91 дүгээр зүйлд манай цагдаагийн албыг болохлоор эмэгтэй албан хаагч 47 байна, ахлагч 47 байна, дунд офицер 52 байна, ахлах офицер 57 нас байна гэж заадаг. Цэргийн албаны тухай хуулиас 5 жилээр илүү тийм нөхцөл байдал заагаад өгчихсөн байдаг. Энэ үед буюу яг энэ 2022 оны энэ ******* гэдэг тушаал гарах энэ үед нэхэмжлэгч өөрөө Дотоодын цэргийн штабын тусгай салбарын 908 зорилтын тусгай салбарын захирагч буюу цэргийн хурандаа цолтойгоор энд ажиллаж байсан. Цэргийн алба хаагч гэдэг ангилалд хамаарна аа. Тийм учраас энэ хүнд Цагдаагийн албаны тухай хууль биш Цэргийн албаны тухай хуулийн 8.4 дүгээр зүйлд заасан насны дээд хязгаар өөрөө өөрчлөх юм аа гэж тайлбарлах гэж байгаа юм. Тийм учраас өөрөө энэ насны дээд хязгаарт хүрсэн гэсэн үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоодын Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч өөрт олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ хүнийг дээд хязгаарт хүрсэн. Энийг ажилласан жилийг 5 жилээр сунгахгүйгээр шийдвэрлээд Цэргийн байнгын зөвлөлд гаргасан. Энэ шийдвэр нь өөрөө хуульд нийцсэн байгаа учраас нэхэмжлэгчийн Нийслэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Э******* нь анх 1989 оноос Хөвсгөл аймгийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Цагдан сэргийлэх ангид сэргийлэгчээр,
1997-2000 онд Хөвсгөл аймгийн Цагдаагийн хэлтэст цагдаа, хэрэг бүртгэгч, жижүүрийн офицер,
2000-2004 онд Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нарантуул дах Цагдаагийн хэсэгт хэв журмын байцаагч,
2004-2008 онд Цагдаагийн Ерөнхий газрын санхүү аж ахуйн газрын хангалт үйлчилгээний тасагт дарга,
2008-2010 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Дамбадаржаагийн Цагдаагийн тасагт дарга,
2010-2012 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын 3,4 дүгээр хэлтэст эргүүлийн ахлах офицер,
2012-2015 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын ахлах ажилтан, захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, ахлах мөрдөн байцаагч,
2015-2017 онд Хамгаалалтын нэгдүгээр газарт Төрийн хамгаалалтын хэлтэст тасгийн дарга,
2017-2018 онд Нийгмийн хэв журам хамгаалах төрийн хамгаалалтын хэлтэст тасгийн дарга,
2018-2019 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга,
2019-2022 онд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын захирагчийн албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байжээ.
“Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:
Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн “Цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, шагнах,тэтгэмж олгох тухай” ******* дугаар тушаалаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.1, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10, 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэг, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 3 дугаар зүйлд заасныг үндэслэн Дотоодын цэргийн Тусгай салбарын захирагч, хурандаа Г.Э*******ыг алба хаах насны дээд хязгаар хүрсэн тул цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс ажлаас чөлөөлж, ахмад дайчин тэмдгээр шагнаж, 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор заажээ.
Дээрх маргаан бүхий актыг нэхэмжлэгч Г.Э******* эс зөвшөөрч “... тухайн тушаалыг хүлээн аваад сунган ажиллах өргөдөл өгсөн байхад хүлээн аваагүй, 2022 онд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй, цалин олгоогүй, мөн 2022 онд шилжих хүсэлт гаргаж байхад шууд цэргийн тэтгэвэрт гаргасанд гомдолтой...” гэж, хариуцагчаас “...дотоодын цэргийн байгууллага, Г.Э******* нарын хоорондын хөдөлмөрийн харилцаа цэргийн алба хаах насны хязгаарт хүрсэн үндэслэлээр дуусгавар болсон. Цэргийн алба хаах хугацааг сунгах хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнаас хүлээж аваагүй...” гэж маргажээ.
Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “дотоодын цэргийн алба хаагч” гэж цэргийн тангараг өргөж, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг” гэж зааснаар Дотоодын цэргийн Тусгай салбарын захирагчийн албан тушаал хамаарахаар байна.
Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д “Цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн командлагч байх”-аар зааж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-д “цэргийн жинхэнэ алба хаагчийг офицерын албанд томилох, чөлөөлөх, халах” бүрэн эрхийн хүрээнд Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д “алба хаах насны дээд хязгаарт хүрсэн” гэсэн үндэслэлээр Дотоодын цэргийн Тусгай салбарын захирагчийн албан тушаалаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна.
Учир нь Цэгийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана” гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл маргаан бүхий захиргааны актыг гаргах үед буюу 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Г.Э******* нь 53 настай байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Цэргийн албаны тухай хуулийн 11.6-д “Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно” гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр дотоодын цэргийн штабын даргад алба хаах хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаж, уг саналыг Дотоодын цэргийн командлагчид хүргүүлсэн боловч 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2022/103 дугаартай мэдэгдэх хуудсаар алба хаах хугацааг сунгаагүй болохыг мэдэгдэж, уг мэдэгдэл дээр Н.Э******* гарын үсэг зурж баталгаажуулж, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дотоодын цэргийн штабын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн байна.
Мөн Дотоодын цэргийн штабаас 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2/215 дугаартай албан бичгийг Дотоодын цэргийн анги, тусгай салбар, салааны захирагч нарт алба хаагчийн ажиллах хугацааг сунгуулах эсэх хүсэлтийг энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байх ба Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар буюу нэхэмжлэгч Г.Э*******аас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6/52 дугаартай албан бичгээр алба хаах насны дээд хязгаарт хүрсэн алба хаагч байхгүй гэсэн хариу явуулсан байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл Г.Э*******ын цэргийн алба хаах хугацаа сунгуулах хүсэлтийг болон шилжин ажиллах хүсэлтүүдийг эрх бүхий албан тушаалтнаас хүлээн аваагүй, цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байх тул нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргахаар албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр болон Цэргийн албаны тухай хуулийн зохицуулалтын хүрээнд Дотоодын цэргийн командлагч өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд гаргасан хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн Дотоодын Цэргийн штабын даргын Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны даргад хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигт Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын захирагч хурандаа Г.Э*******ыг танай албанд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хэдий ч Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5б/5181 дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийг дээрх албанд чиглэлийн ахлах байцаагчаар томилуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч Г.Э******* нь Дотоодын цэргийн анги, тусгай салбар, салааны захирагч нарт алба хаагчийн ажиллах хугацааг сунгуулах хүсэлт болон Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл, хамгаалалтын газрын дипломат байгууллага, банкны хамгаалалтын хэлтэст чиглэлийн ахлах байцаагчаар томилоогүй талаар маргаагүй байна.
Нөгөөтэйгөөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх учиртай бөгөөд шүүхээс маргаан бүхий Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн цэргийн алба хаах хугацаа сунгагдахгүй, мөн Цагдаагийн байгууллагад шилжин ажиллах боломжгүй байна.
Учир нь Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана” гэж зааснаар нэхэмжлэгчийн алба хаах хугацаа сунгагдаагүй учраас насны дээд хязгаарт хүрсэн тул Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын захирагчаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй, нэхэмжлэгч Г.Э******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын даргад шилжин ажиллах хүсэлт гаргасан боловч түүнд Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр дүйцэхүйц албан тушаалын сул орон тоо байхгүй гэсэн хариу хүргүүлсэн байна.
“Үндэслэлгүйгээр тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс”-ыг гаргуулах шаардлагын тухайд:
Шүүхээс дээрх үндэслэлүүдээр Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа бөгөөд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр тэтгэвэрт гаргасан гэж үзэх боломжгүй тул Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан тул түүнд тэтгэвэрт гарсан өдрөөс хойших шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
“Ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор”-ыг гаргуулахыг хүссэн шаардлагын тухайд:
Цагдаагийн албаны тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын 3 өдрийн... нэмэгдэл амралт олгоно”, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид цэргийн жинхэнэ алба хаасан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгох”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалаар батлагдсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын 2.8-д “Ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог дараах байдлаар хийнэ.
Үүнд: 1.ажилтанд ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтын цалинг олгох гэж зааснаар нэхэмжлэгч Г.Э*******т 19 хоногийг биеэр эдлүүлж, үлдэх 33 хоногийн хугацаанд ногдох ээлжийн амралтын цалин 3,484,616 төгрөгийг тооцон түүний ХААН банкны дансаар шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ээлжийн амралт олгохыг хүсэх тухай өргөдөл, ээлжийн амралт олгох мэдэгдэл, 2022 оны цалингийн хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин энэ шаардлагын тухайд Дотоодын цэргийн командлагчид хамааралгүй, учир нь нэхэмжлэгчид ээлжийн амралт болон ээлжийн амралтын нөхөн олговрыг Дотоодын цэргийн штабаас олгодог болох нь тогтоогдож байх тул энэ талаар маргах эрхийг энэхүү шийдвэрээр хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2,8 дугаар зүйлийн 8.1.10, Цэргийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 22 дугаар зүйлийн 22.1.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э*******ын нэхэмжлэлтэй “Дотоодын цэргийн командлагчид холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүйгээр тэтгэвэрт гаргасан 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс, ээлжийн амралтыг олгохгүйгээр цэргийн байнгын тэтгэвэрт гаргасан учраас ээлжийн амралтын нөхөн олговор зэргийг тус тус гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ