Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 29

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Б.Дгийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2019/00282 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Дгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- ГАА ГХБХБГ-т холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Говь-Алтай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож, ГАА ГХБХБГ-ын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар томилогдсон. 2018 оны 11 сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан ГАА ГХБХБГт холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг

2.

 

дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Д миний бие ажлаас үндэслэлгүй халагдаж Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгож 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эрүүлэн томилогдсон. Тухайн үед байгууллагын даргаар ажиллаж байсан М.Ууган-Эрдэнэ надтай шүүхээр тогтоосон цалинг чинь өгөхгүй нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилтийг чинь хийж өгнө цаашид шүүхэд гомдол гаргахгүй гэсэн гэрээ байгуулж намайг ажилд томилсон. Ингээд ажилдаа ороод явж байтал 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны хооронд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын бичилт тасалдаж эхэлсэн. Ингээд нягтлан бодогчдоо хэлтэл цалин чинь шүүхээр тогтоогдохгүй бол би дур мэдэн бичилт хийхгүй гэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл миний нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 282 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэсэн байхад миний эрх зөрчигдөж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлсэн бол миний бие ийнхүү хохирохгүй байсан. Иймд намайг хохиролгүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Б.Д нь ГАА ГХБХБГ-т холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Д нь ГАА ГХБХБГ-т Есөнбулаг сумын газрын даамлаар ажиллаж байгаад нь ГАА ГХБХБГ-ын даргын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.

3.

 

Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Дг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Есөнбулаг сумын газрын даамлын ажилд нь томилсон байна.

 

Нэхэмжлэгч ГАА ГХБХБГт 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан байх тул нэхэмжлэгч Б.Д нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Б.Д нь ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлээ 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргажээ.

 

Б.Дг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Есөнбулаг сумын газрын даамлын ажилд нь томилсоноос хойш 4 сар 1 хоногийн даруу буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлээ гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж зохицуулсан бөгөөд энэ хэргийн маргаан бүхий харилцааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Б.Д нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэх шалтгаан байгаа эсэхийг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 133/ШШ2019/00282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Дгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг

4.

 

хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ЖАРГАЛСАЙХАН

 

   ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

 

                                                         Ш.БАТТОГТОХ