| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01047/И/Н |
| Дугаар | 183/шш2024/00284 |
| Огноо | 2024-01-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 183/шш2024/00284
| 2024 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2024/00284 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.Б-д холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний төлбөр болох 72.500.000 төгрөг, алданги 20.850.000 төгрөг, нийт 88.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Х.Б-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөр болох 72.500.000 төгрөг, алданги 20.850.000 төгрөг, нийт 88.350.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. С ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б би Х.Б-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаатайгаар Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Богины ам, Дүнжингарав гудамж, *** дугаар байр, ** тоот хаягт байрлах *** м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай хаусыг нэр сарын 5.000.000 төгрөгөөр хөлслүүлэхээр Орон сууц хөлслөх гэрээ байгуулан нотариатаар батлуулсан юм. Гэрээний дагуу 2020 оны түрээсийн төлбөрийг бүрэн төлж дууссан бөгөөд 2021 оноос эхлэн хөлслөгч Х.Б нь гэрээнд заасан хугацаандаа төлөхгүй, зарим тохиолдолд хойшлуулах зэргээр түрээсийн төлбөрийг цаг тухайд нь төлөлгүй өнөөдрийг хүрч байна. Манай компанийн зүгээс хөлслөгч Х.Б-с орон сууц хөлсөлж суусны төлбөрийг төлөх үүрэгтэйг удаа дараа сануулсан боловч 2022 оноос эхлэн ямар ч төлөлт төлөхгүй байсан тул хохирлоо барагдуулж, гэрээний дагуу алданги тооцох, улмаар гэрээг цуцлах тухай бид албан мэдэгдлийг мөн хүргүүлж байсан. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 болон хөлслөгч гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-д "Хөлслөгч гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлслүүлсний төлбөрийг төлөх үүрэгтэй" гэж заасны дагуу түрээсийн төлөгдөөгүй төлбөр болох 72.500.000 төгрөг, гэрээний төлбөр барагдуулах зүйлийн дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож, нийт 635 хоногийн алданги болох 20.850.000 төгрөг, нийт 83.350.000 төгрөгийг хариуцагч Х.Б-с гаргуулан өнгө үү гэжээ.
2. Хариуцагч Х.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл, миний бие түрээсийн төлбөрийг анхнаас нь өөр хүний нэр, дансаар дамжуулан хийж байсан бөгөөд үлдэгдлээ баталгаажуулсан үнийн дүн буруу байна. Иймээс төлбөр төлөх тооцоог дахин нягталж, тооцоо нийлэх шаардлагатай байна. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өөр хүн түрээсэлж байсныг манайх үргэлжлүүлэн түрээсэлсэн. Манайх түрээсийн гэрээ хийсэн эхний өдөр түрээсийн төлбөрийг өөр хүний дансаар шилжүүлэн өгч байсан. Мөн бмдний хооронд байгуулагдсан тооцоо нийлсэн баримтыг нарийвчлан шалгах шаардлагатай байна. Өмнөх түрээсэлж байсан хүний тооцоо нь миний тооцоо руу орсон байж болохоор байна. Х.Б миний бие 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээнд алданги төлөхгүй, төлбөрийг дансны хуулгыг эргэж хараад тооцоог нягтлан гаргана гэж тайланг өөрийн гараар бичиж өгсөн. Түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал нарийн тооцолгүй гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин тооцоо нийлье гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 574.700 төгрөг төлсөн баримт, С ХХК-иас гаргасан орон сууц хөлслөх гэрээний тооцооны акт, С ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Х хотхонд ** м.кв ** тоот таун хаусыг түрээслэгчид мэдэгдэл хүргүүлэх тухай баримт бичиг, О.Б-ийн Хаан банкны ******* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С ХХК-иас М.Э-д олгосон итгэмжлэл, М.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар, С ХХК-ийн төлөөлөгч О.Б болон Х.Б нарын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, Х.Б ХУР системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагааний хуулбар, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай Төлбөр барагдуулах гэрээний хуулбар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн **** оны ** дугаар сарын **-ны өдрийн ******* дугаартай шийдвэр зэргийг ирүүлсэн.
4. Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагаа, өмгөөлөгч О.О-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Х.Б-аас Э.У-д олгосон итгэмжлэл, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, мөн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар Орон сууц хөлслөх гэрээ, гэрээний хавсралт буюу талуудын иргэний үнэмлэхний хуулбар, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Б болон хариуцагч Х.Б нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаар Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, тус гэрээний дагуу нэхэмжлэгч С ХХК-ийн өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Богины ам /****/, Дүнжингарав гудамж, *** дугаар байр, ** тоотод байрлах, ** м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Х.Б нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, сар бүр 5.000.000 төгрөг төлж, хөлслөхөөр тус тус тохиролцсон байна.
Мөн хэргийн 6-20 дугаар талд авагдсан иргэн О.Б-ийн дансны хуулгаас үзэхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хөлсийг *******, Ц-с гэх утгаар 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд төлж байсан болох нь тогтоогдож байх ба нийт 82.500.000 төгрөгийг төлсөн байна.
Тодруулбал, 2020.05.08-ны өдөр 15.000.000 төгрөг, 2020.07.21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2020.08.02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.09.03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.10.05-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.11.02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2020.12.02-ны өдөр 3.000.000 төгрөг, 2020.12.18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021.01.02-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021.05.12-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021.05.31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021.07.01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021.11.01-ний өдөр 5.000.000 төгрөг, 2021.12.01-ний өдөр 4.500.000 төгрөг, 2021.12.26-ны өдөр 8.000.000 төгрөг, нийт 82.500.000 төгрөгийг шилжүүлжээ.
Ингээд талууд 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 307 дугаар Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, тус үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөр 44.000.000 төгрөг төлөгдөөгүй үлдсэнийг баталгаажуулж, уг төлбөрийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хоногт 0,1 хувийн алданги тооцохоор тохиролцсон байна.
Хариуцагч Х.Б-ийн шүүхэд өгсөн хариу тайлбараас үзэхэд тэрээр талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ болон төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан болохыг хүлээн зөвшөөрсөн боловч төлбөрийн хэмжээний талаар маргажээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч хөлслөх гэрээ байгуулагдсан хугацаанаас өмнөх хөлслөгчийн төлбөрийг тооцоонд оруулан тооцсон гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байгаа боловч дээр дурдсан төлбөр төлж байсан дансны хуулгаас үзэхэд хариуцагч талаас гэрээ байгуулагдсан хугацаанаас хойш 2 сарын дараагаас буюу 2020 оны 5 дугаар сараас эхлэн төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байх ба тухайн тооцоонд өмнөх хөлслөгчийн төлөөгүй байсан гэх төлбөрийг оруулан тооцсон үйл баримт тогтоогдоогүй ба хариуцагч хариу тайлбарын үндэс болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хөлслөн авсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж өгсөн хэмээн тайлбарласан бөгөөд тухайн хугацаагаар орон сууц хөлслөх гэрээг дуусгавар болсон хэмээн тооцов.
Ингээд хариуцагч нь нэхэмжлэгчид 82.500.000 төгрөгийг төлсөн, үлдэх 72.500.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд харин алдангийн хэмжээг дараах байдлаар тооцоолсон болно.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан болон төлбөр барагдуулах гэрээнд зааснаар талууд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар хоног тутам алданги тооцохоор тохиролцсон байх тул үлдэгдэл төлбөр 72.500.000 төгрөгийн 0,1 хувь нь 72.500 төгрөг бөгөөд үүнийг 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 183 хоногоор тооцоход 13.267.500 төгрөгийн алданги тооцогдов.
Иймд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Б-с орон сууц хөлслөх гэрээний үүрэг 72.500.000 төгрөг, алданги 13.267.500 төгрөг, нийт 85.767.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.582.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с 586.787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Б-с орон сууц хөлслөх гэрээний үүрэг 72.500.000 төгрөг, алданги 13.267.500 төгрөг, нийт 85.767.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.582.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-с 586.787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА