Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 51

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Батнасан Шүүгдэгч П.Т, Х.А, Б.Б, Б.О Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан Д.Ариун-Эрдэнэ Хохирогчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл Гэрч Г.З, Ч.М, Б.П, Б.Н, Х.Г, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Говь- Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Т, Х.А, Б.Б, Б.О нарт холбогдох 201607000148 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг, ****** хороо *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Урианхай овогт П-ын Т

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ХХК-д **** ажилтай, Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын **** баг, **** хороо *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Ойрд овогт Б-ийн Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны санхүүч мэргэжилтэй, **** ХХК-д *** ажилтай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Дархан овогт Х-ын А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** ХХК-д ***** ажилтай, Говь- Алтай аймгийн Есөнбулаг сумын **** баг, ***** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Б-ын О

Шүүгдэгч П.Т, Х.А, Б.Б, Б.О нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу танхайн сэдэлтээр, бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ц.М нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг “Миний нутаг” телевизийн гадна талын машины зогсоол дээр шүүгдэгч П.Т-ын машин руу цохисноос машинд байсан П.Т гарч ирж хохирогчийг “машин руу чулуу шидлээ” гэсэн шалтгаанаар түүнийг өшиглөж газарт унагаан зодсон хэргийн үйл баримт нь хохирогч Ц.М-ын “ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “...би бүжиглэж байгаад тендерийн жолооч нартай шүргэлцсэнээс болж маргалдсан. Намайг бацаан минь яагаад байна аа гэж Б, А нар тэгсэн. Тэгээд тэндээ маргалдаад шууд баарнаас гарсан. Тэгээд баарнаас гараад Миний нутаг телевизийн тэнд зодоон болсон юм. Тэгээд тэнд Д.Х, Г.З бид 3 очоод тэнд байсан тендерийн жолооч нартай маргалдаж байхад Д.Х чулуу бариад авахаар нь Г.З салгаад болиулж байх хооронд Х.А, Б.Б, П.Т, Обо... тэр 4 нийлээд намайг бүлэглэн зодсон... Эхлээд Б.Т намайг унагаагаад зодсон ...” гэсэн мэдүүлгээр, П.Т-ын хохирогчийг зодсон үйлдлийг шууд харсан талаараа мэдүүлсэн, П.Т, Б.О, Б.Б, Х.А нартай хамт явж байсан гэрч Б.П-ын “... Т Истана маркийн машинд суусан. Тэгээд байж байтал машины хажуу тал руу чулуугаар цохих чимээ гарсан. Тэгсэн 4,5 залуу цаана зогсож байгаа харагдсан. Т буугаад нэг залууг очоод нэг өшиглөөд нэг гараараа цохиж авч харагдсан... “ гэж мэдүүлсэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлэг, өөрийн мэдүүлгээ баталж мэдүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “...Хохирогч Ц.М-ын нүүрэн тус газар Т өмсөж явсан үдээстэй том хар гутлаараа... М нь газарт унасан байхад нүүр толгой руу нь өшиглөж байсан” гэсэн мэдүүлгээр, хохирогч Ц.М-тай хамт явж байсан гэрч Г.З-ын “... М Истана маркийн машиныг гараараа цохисон уу, өшиглөсөн үү харж амжаагүй ямар ч гэсэн тас гэх чимээ гарсан тухайн үед машинаас... хүмүүс болон жолооч гарч ирээд миний машин руу яахаар цохидог юм гээд буугаад ирсэн. Т К хоёр очоод М-ыг газарт унагаасан байсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Х.Г-ийн “ ...М очоод өшиглөөд авчихсан юм шиг байгаа юм таг гэх чимээ гарсан би нөгөө талд нь байж байсан юм. Тэгсэн Истанагийн жолооч Т чи яахаараа миний машиныг цохидог юм гээд боож аваад хайс руу шахаад байгаа харагдсан....” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Ц.М нь 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр П.Т-тай маргалдаж зодуулснаас хойш ямар нэгэн байдлаар өөр бусдад зодуулж гэмтэл авсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Улсын яллагч П.Т-ыг Х.А, Б.Б, Б.О нартай бүлэглэн Ц.М-ыг зодож биед нь гэмтэл учруулсан гэж яллаж байгаа ч зодоон болох үед байсан гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч нар хохирогчийг бүлэглэн зодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал шүүгдэгч Х.А, Б.Б, Б. нар зодоонд оролцоогүй болох нь гэрч Х.Г-ийн “...Манай ах А машинаас буугаад ирэхээр нь би дагуулаад наад зодооноосоо хол бай гээд дагуулаад холдсон...” гэсэн мэдүүлгээр болон гэрч Б.П-ын “...Т-аас өөр хүн М-ыг цохиж зодоогүй” гэсэн мэдүүлгээр П.Т-тай бүлэглэн Х.А, Б.Б, Б.О нар Ц.М-ыг зодсон гэх байдал үгүйсгэгдэж байна. Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд “Т нь намайг эхлээд зодсон, тэгсэн бүгд нийлээд зодоод байсан. Би толгойгоо дараад доош харсан байсан ...” гэж, гэрч М.Х “Миний нутаг телевизийн үүдэнд М нөгөө залуучуудтай таарсан чинь бүгд ирээд зодоод унасан ...” гэж мэдүүлдэг боловч тэдний мэдүүлэг нь тухайн үед байсан гэрчүүд болох Х.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн “...М араас нь нэг юмаар цохисон юм уу мэдэхгүй машин тас хийх чимээ гарсан. Тэгсэн жолооч бууж ирээд М-ыг барьж авсан. Тэгэхээр нь би А ахыг аваад цааш явсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.П-ын “...Т буугаад М-ыг өшиглөсөн...” гэсэн мэдүүлгээр, гэрч Г.З-ын “хүмүүс машиндаа суугаад явах гэж байхад М чулуу шидсэн байх, Т бууж ирээд машин руу цохидог чи хэн бэ гээд унагаасан” гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Хэргийн материалд тухайн үед байсан гэх гэрчүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу асуусан бөгөөд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлахад Х.А, Б.Б, Б.О нар Ц.М-ыг бүлэглэн зодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж Х.А, Б.Б, Б.О нарыг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзлээ Х.А, Б.Б, Б.О нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Х.А, Б.Б, Б.О нарыг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзлээ. Шүүгдэгч П.Т-ын хохирогчийг өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн баруун нүд хараагүй болсон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Ц.М-ын биед төвийн гаралтай баруун нүдний хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал /хугарлыг засах мэс заслын дараах байдал 2016.10.18/, этмойд хөндийн болон духны хөндийн цус хуралдалт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун шагай, нуруу, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний хараагүйдэл гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.7.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.М-ын тархин дахь харааны төв гэмтсэний улмаас нэг нүд хараагүй болсон байна... “ гэсэн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 694 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Т-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн боловч шүүгдэгч нь машин руу өшиглөлөө гэсэн хувийн шалтгаанаар Ц.Мөнхбаярын биед хүнд гэмтэл учруулсан байх тул түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хууулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. П.Т-ын гэм буруутайд тооцогдсон 2002 оны Эрүүгийн хуульд заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй дүйцэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг “...таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бол 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулах ял хөнгөрч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан учир 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж П.Т-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Ц.М нь эмчилгээний зардал болон, Улаанбаатар хотод очих, Улаанбаатар хотоос буцах унааны зардал Улаанбаатар хотод эмчлүүлж байх хугацаандаа байрласан байрны түрээсийн төлбөр нийт 3110947 төгрөгийн зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд түүний Улаанбаатар хотод байхдаа байр түрээсэлсэн гэх түрээсийн төлбөр 550000 төгрөг, эхнэр, дүү нарын Улаанбаатар хотод очсон зардал, Улаанбаатар хотоос буцсан зардал зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан гэм буруутай этгээдээс гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй байна. Мөн бензин авсан гэх нийт 503392 төгрөгийн нэмэгдсэн өртгийн татварын буцаан олголтын баримтуудаар гарсан зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, зарим баримтууд нь уншигдахгүй, уг зардлыг хохирогч Ц.М-т зарцуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаас хасч эдгээр баримтуудын дүн болох 1388492 төгрөгийг иргэний нэхэмжлэлээс хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин эм тариа авсан зардал нийт 1722455 төгрөгийг шүүгдэгч П.Т-с гаргуулах үндэстэй байна. Шүүх П.Т-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч П.Т нь 1722455 төгрөгийн зардлаас 800000 төгрөгийн төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлсөн болох нь хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Мөн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн дагуу шүүх хуралдааны завсарлагааны үеэр шүүгдэгч П.Т хохирогчид эмчилгээний зардалд 922455 төгрөгийг данс руу шилжүүлсэн учир хохирогчид төлбөр төлөгдсөн гэж үзлээ. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид ял оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Шинжээч хохирогчид учирсан гэмтлийн талаар зөрүүтэй дүгнэлтийг гаргасан учраас шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэсэн хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэнд гаргасан дүгнэлтүүд зөрүүтэй мэт байгаа боловч хохирогчийн баруун нүдний гэмтэл аажмаар түүнийг сохролд хүргэсэн нь шинжээчийн дүгнэлтүүдийн агуулга, мөн эмнэлгийн бичиг баримтуудаар тогтоогдож байх тул шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэх үндэсгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 4, 5 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1, 8.2, 8.5, 8.7, 8.8, 36.2 дугаар зүйлийн 5, 36.8 дугаар зүйлийн 4, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ойрд овогт Б-ийн Б, Дархан овогт Х-ын А, Боржигон овогт Б-ын О нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, Х.А, Б.О нарыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Т-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Урианхай овогт П-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-ыг 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10100000 / арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-т оногдуулсан 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10100000 / арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Д.Т-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Б.О, Х.А, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч П.Т-ын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.О-ын эзэмшлийн Samsung Note 2 маркийн цагаан өнгийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Х.А-ын эзэмшлийн Samsung S3 маркийн цагаан өнгийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.Б-ын эзэмшлийн Nokia 2322С маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

9. Иргэний нэхэмжлэлээс 1388492 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэг, КТГ-н зураг 6 ширхэг, рентген зураг 1 ширхэг, Амбулаторийн карт 3 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.М-т буцаан олгосугай.

11. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Т хохирогчид 1722455 төгрөг төлсөн, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Б, П.Т нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, цагаатгагдсан этгээд нь хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болох, хохирогч Ц.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч П.Т-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

13. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны покурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ