Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ДШМ/28

 

П.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Х.*******аа /ГАА-аас онлайнаар/ Шүүгдэгч П.******* Б.******* Х.******* Б.******* Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж. Д.э Хохирогч Ц. Хохирогчийн өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03- ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогчийн өмгөөлөгч Б.ийн давж заалдсан гомдлоор П.******* нарт холбогдох 201607000148 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1980 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг, Найрамдлын хороо тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай ай овгийн *******ын *******

2. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд тээврийн жолооч ажилтай, ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд баг Найрамдлын хорооны тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай овгийн *******гийн *******

3. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны санхүүч мэргэжилтэй, ы ХХК-нд жолооч ажилтай, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны 20-27 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай Дархан овгийн *******ын *******

4. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-нд тээврийн жолооч ажилтай, ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумын баг тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай овгийн *******ын *******

Шүүгдэгч П.*******, Х.*******, Б.*******, Б.******* нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу танхайн сэдэлтээр, бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт *******гийн *******, Дархан овогт *******ын *******, овогт *******ын ******* нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.*******, Х.*******, Б.******* нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.*******т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч ай овогт *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ыг 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10100000 / арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан 10100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10100000 / арван сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдаж, шүүгдэгч Д.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Б.*******, Х.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч П.*******ын эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Samsung Note 2 маркийн цагаан өнгийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Х.*******ын эзэмшлийн Samsung S3 маркийн цагаан өнгийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн Nokia 2322С маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, иргэний нэхэмжлэлээс 1.388.492 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 2 ширхэг, КТГ-н зураг 6 ширхэг, рентген зураг 1 ширхэг, Амбулаторийн карт 3 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.т буцаан олгож, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.******* хохирогчид 1.722.455 төгрөг төлсөн, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч Б.Баянжаргал, П.******* нарын иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан, цагаатгагдсан этгээд нь хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болох, хохирогч Ц. нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч П.*******аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, цагаатгагдсан этгээд шүүхийн шийдвэрийн цагаатгасан шалтгаан, үндэслэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн П. *******, Х. *******,Б.*******, Б.******* нарт холбогдох 201607000148 дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Ц.ын өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч, уг тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь уг хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй,хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрчийн мэдүүлгийг үндэслээгүй \ Д., Б., Г., Х.\ байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгүүд тогтвортой бөгөөд бусад гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдсон байхад анхан шатны шүүх үнэлээгүй. Тодруулбал: Хохирогч Ц.ын хохирогчоор өгсөн мэдүүлэгт...Намайг бацаан минь яагаад байна аа гэж *******, Алтай нар тэгсэн. Тэгээд тэндээ маргалдаад \ *******, ******* нартай\ шууд баарнаас гарсан. Тэгээд баарнаас гараад миний нутаг телевизийн тэнд зодоон болсон юм. .... Д. чулуу бариад авахаар нь Г. салгаад болиулж байх хооронд Х.*******, Б.*******, П.*******, Обо ... тэр 4 нийлээд намайг бүлэглэн зодсон ... гэх мэлүүлгүүдийг хууль сануулж авсан, мөн гэрч Д.ын ... Миний нутаг телевизийн үүдэнд нөгөө залуучуудтай таарсан чинь бүгд ирээд зодоод унасан ... гэсэн мэдүүлэг, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад өгсөн гэрч Г., , нарын ... Д. та нар цуг явсан найзыгаа зодууллаа гээд дайраад байсан ... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байхад зөвхөн шүүгдэгч П.******* нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: Шүүгдэгч П.******* нь хохирогчийг ганцаараа зодсон гэж гэрчүүдээс хэн нь ч мэдүүлдэггүй. Дээрхи хохирогч, гэрчийн мэдүүлэгт: Нэгт: Баарнаас хохирогч нь *******, ******* нартай маргалдаж, гадаа гарсан. Хоёрт: Хохирогчийн болон гэрч Д.ын мэдүүлгээр хохирогчийг бүлэглэж зодсон. Гуравт: Гэрч Б., Г., Х. нарын мэдүүлгээр ... хохирогчийг бүлэглэн зодсоныг харсан гэрч Д. нь бусад хамт явж байсан гэрч Б., Г., Х. нар луу хамт явсан найзаа бусдад зодууллаа гэх шалтгаанаар үг хэлээр дайрсан. Энэ нь дээрх гэрчүүдийн хохирогчийг бусдад зодуулсныг гэрчлэх юм. Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн зайлшгүй гарсан зардлыг дутуу үнэлж гаргасанд гомдолтой байна. Үүнд: Хохирогчийг Улаанбаатар хотод оношлуулах, хагалгаа, эмчилгээ хийлгэх хугацаанд байрлаж түрээсэлсэн байрны түрээс 550,000 төгрөг, түүний эхнэр, дүү нарын Улаанбаатар хотод очсон зардал, Улаанбаатар хотоос буцсан зардал зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай этгээдээс гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн “...Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах” , 505 дугаар зүйлийн 505.1-т заасан “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруусан этгээд нь хохирогчийн ... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... сувиллын газар сувилуулах зэрэг \ түүнтэй дүйцэхүйц\ зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульд тусгайлан заасан байхад шүүх үнэлээгүй байна. Энэ нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь хүнд зэргийн буюу хөдөлмөрийн чадвар алдалт тогтмол алдагдуулах гэмтэл учруулсан байхад шүүх хохирогчийг ганцаараа буюу өөрөө Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж байрлах газаргүйгээр эмчилгээ, оношлогоогоо хийх ёстой гэх утгаар нэхэмжлэлээс хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ зардлууд нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулснаар буюу баруун нүд нь хараагүй болсонтой холбогдон гарсан буюу түүнийг эдгэрүүлэх, нөхөн сэргээхтэй холбогдсон зайлшгүй зардал юм. Мөн бензин авсан 503392 төгрөгийн зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, хохирогч Ц. зарцуулсан нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн Улаанбаатар хот руу хагалгаанд орсон, ГовьАлтай аймаг руу буцаж ирж байцаалт өгсөн он сарын хувьд тохирч байхад хохирогч хагалгаанд орсон, оношлуулсныг, Улаанбаатараас Говь-Алтай аймагт ирсэн даруйдаа мэдүүлэг өгснийг үгүйсгэсэн. баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад хэн зарцуулсан нь тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй \гэрчийн мэдүүлгүүд\, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй /бүлэглэн/ болон хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн \ Иргэний хуулийн 505/ гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.*******, Б.*******, Х.******* нарын өмгөөлөгч Д.э хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хохирогч Ц.ын өмгөөлөгч Б.ийн давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хийж байна. 1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. 2. Өмгөөлөгчийн давж заалдаж байгаа шийтгэх тогтоол нь 2017 оны 10-р сарын 03-ны өдрийн шийтгэх тогтоол мөн эсэхэд эргэлзээтэй байна. Учир нь: 10-р сарын 09-ний өдрийн тогтоолд гомдол гаргасан байна. 3. Өмгөөлөгч давж заалдсан гомдлын үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5, 39.6, 39.7, 39.8 дугаар зүйлүүдийн аль зүйлд нь гомдол гаргаж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, үндэслэлгүй гомдол гаргаж байна. Учир нь: анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлт нь уг хуулийн 39.6 дугаар зүйлийн аль хэсэгт нь зааснаар хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа нь тодорхойгүй байна. 4. Анхан шатны шүүх хэргийн зүйчлэл өөрчилж байгааг хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. 5. Шүүгчийн дотоод итгэлээр болон нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлэхгүй байгааг хууль буруу тайлбарлан хэрэглэж байна гэж байгаа нь ойлгомжгүй. Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйл нь: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхтэй холбоотой заалт болохоос Иргэний хуулийг тайлбарлан хэрэглэх ойлголт биш юм. Иймээс давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэргийг бүх талаас нь хянаж миний давж заалдсан гомдолтой хамааралтай асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ хэрэг Говь-алтай аймгийн сум дундын шүүхээс харьяалал тогтоолгон шилжин ирсэн хэрэг байгаа. Хэргийг эхлээд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг шийдвэрлэж байсан. Тэгээд шүүх бүрэлдэхүүнээс татгалзаад Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. ГовьАлтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Энэ зүйл анги нь 7-10 жилийн ял шийтгэл авахаар байсан. Манай аймгийн сум дундын шүүхийн шүүгч ганцаараа энэ хэргийг шийдсэн. Эрүүгийн хуульд зааснаар 8 жилээс дээш хорих ялтай бол 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэхээр заасан байдаг. Эрүүгийн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэрч Б., Г., Х. нарын мэдүүлгээр ...хохирогчийг бүлэглэн зодсон байдаг. Дээрх гэрчүүд хохирогчийг бусдад зодуулсныг гэрчлэх юм. Мөн гэрч Д. та нар цуг явсан найзыгаа зодууллаа гээд дайраад байсан гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байхад шүүх зөвхөн шүүгдэгч П.*******ыг хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь: шүүгдэгч П.*******ыг хохирогчийг ганцаараа зодсон гэж дээрх гэрчүүдээс хэн нь ч мэдүүлдэггүй. Мөн Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн зардлыг дутуу үнэлж хохирлыг гаргасанд гомдолтой байна. Хохирогчийн Улаанбаатар хотод оношлуулах, хагалгаа, эмчилгээ хийлгэх хугацаанд байрлаж түрээсэлсэн байрны түрээс 550,000 төгрөг, түүний эхнэр, дүү нарын Улаанбаатар хотод очсон зардал, Улаабаатар хотоос буцсан зардал зэрэг нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан ...гэм буруутай этгээдээс гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн ...Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах , 505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруусан этгээд нь хохирогчийн ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ... сувилалын газар сувилуулах зэрэг \ түүнтэй дүйцэхүйц\ зайлшгүй гарах бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульд тусгайлан заасан байхад шүүх үнэлээгүй байна. Энэ нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Дээрх зардлууд нь хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулснаар буюу баруун нүд нь хараагүй болсонтой холбогдон гарсан буюу түүнийг эдгэрүүлэх, нөхөн сэргээхтэй холбогдсон зайлшгүй зардал юм. Мөн бензин авсан нийт 503392 төгрөгийн зардлыг хэн хэрхэн зарцуулсан нь тодорхой бус, хохирогч Ц. зарцуулсан нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хохирогчийн Улаанбаатар хот руу хагалгаанд орсон, Говь-Алтай аймаг руу буцаж ирж байцаалт өгсөн он сарын хувьд тохирч байхад хохирогч хагалгаанд орсон, оношлуулсан хүртэл орж байгаа. Улаанбаатараас Говь-Алтай аймагт ирсэн даруйдаа мэдүүлэг өгсөнийг үгүйсгэсэн баримтууд хэрэгт байхад хэн зарцуулсан нь тодорхойгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Хохирогч Ц. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан болох үеэр эмчилгээ хийлгүүлээд Улаанбаатар хотод байсан ирэх боломжгүй байсныгаа мэдэгдэж өмгөөлөгчөө шүүх хуралдааанд оролцуулж байсан. Би хэрэгтэй холбогдуулан ямар процесс болсон юм бэ? гэдгийг нэг нэгэнгүй ярихийг хүсч байна. Тухайн өдөр зодоон болоод би хохирогч болох өдөр хамгийн анх Б.******* гэдэг хүнтэй маргалдаад баарнаас гарсан байдаг. Маргалдаж явсаар “Миний нутаг” телевизийн үүдэн дээр очоод байж байхад надтай хамт явж байсан 4 залуу байсан, эд нар 5- уулаа явж байсан байна лээ. Хамгийн эхлээд П.******* гэж хүн намайг цохиод унагаасан, дараа нь Х.*******, Б.*******, Обо эдгээр хүмүүс намайг 4- үүлээ нийлж зодсон, унагаад тал талаас пижгэнэтэл өшиглөж зодсон. Тэр үед би толгойгоо дараад ухаан алдаж унасан байдаг. Эдгээр хүмүүсийн анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байгаа нь болохоор намайг босоогоороо орилоод үлдсэн гэсэн тайлбар хэлдэг. Миний дүү тухайн хэрэг болсон газраас намайг ухаангүй байхад олоод эмнэлэгийн 103 дээр цус тогтоох тариа хийлгүүлээд, би сэргэсэн байдаг. Эдгээр хүмүүс нь намайг санаатайгаар бүлэглэж зодсон гэж бодож байна. Яагаад энэ тайлбарыг хэлж байна гэхээр 10 хэдэн жилийн өмнө би Х.*******ын дүүтэй танилууд байсан. Түүний дүүтэй би зодолдож байсан юм. Уг явдлыг Х.******* өлгөн авч намайг удаа дараалан заналхийлж байсан. Чи миний дүүг зодсон, чамайг би нэг л өдөр ална гээд байсан. Үүнийгээ бол хэрэг болсоны маргааш нь нотолсон “намайг ийм олон долоон юм ярих байсан бол өчигдөр л гүйцээчихдэг байж” гэж ярьж байсан. Явдаг газраараа яв, тэгээд чамайг юм олж долоохийг харна. Ах нь ямар ч хуулийн байгууллагад мөнгө төлөөд гараад ирж чадах чадвартай хүн гэж заналхийлж байсан. Дараа нь аймгийн Цагдаагийн газрын үүдэн дээр таарахдаа миний дүүгийн бие яаж байна гэж асуухийн оронд чи хагалгаа магалгаанд ороогүй, эв эрүүл, сав саруул, би чамайг мэдэж байна. 1 дүгээр эмнэлэгийн танилаасаа чамайг асуулгасан чи хагалгаанд ороогүй гэж заналхийлж байсан. Их юм ярьж явдаг залуу байна. Би чамайг гүйцээчихдэг байж гэж удаа, дараалан заналхийлж байсан. Тухайн үед П.******* гэдэг хүн намайг зодсоноос шүүгдэгч болсон гэж анхан шатны шүүх хуралдаан дээр ярьсан байна лээ. Гэрч Х. нь Х.******* гэдэг хүний төрсөн дүү нь байгаа юм. Энэ хүн бол ахынхаа эсрэг шүүх бүрэлдэхүүнд үнэн зөв мэдүүлэг өгөх чадамжгүй. Хүн өөрийн төрсөн ахыг энэ хэргээс мулталж авахын төлөө бүх арга хэмжээг авч байгаа гэрчүүдийг ятгахаас өгсүүлээд гэрчүүд маань яг үнэн зөвөөр мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгээ өгч чадаагүй нь харагдаж байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмнө бол удаа дараагийн мөрдөн байцаалтын шатанд ганцаарчилсан болон нүүрэлдүүлэн байцаах шатанд бүгд нотолж байсан. Г. гэдэг хүн чамайг бол тэд нар бүлэглэж зодсон гэдэг. Анхан шатны шүүх хуралдаан дээр түүнийг ингэж мэдүүлсэн байхад мэдүүлгийг нь хүндэтгэн авч үзээгүй байна. Намайг 06 сарын дараа “томографикаар” харуулахад мөн л үзэж байсан эмч нь гайхаж чиний энэ зулгаралт гэмтлүүд яагаад арилахгүй байгаа юм бэ? нүдний ухархайн яс цөмрөөд, нүдний ухархайн ясыг нөхөөгүй бүгдийг нь түүж авсан, чинийхийг нөхөх боломжгүй гээд 3х3 см зөрсөн байсан, үүний оронд ясыг нь түүж аваад “металл дипат” гэж юм суулгасан. Эдгээр хүмүүсийн ярьж байгаагаар ганц намайг П.******* зодсон бол шинжээч эмчийн дүгнэлтэд их хэмжээний зулгаралт, тархи толгойны нь хавдар, духний хөндий хавдартай, цус хуралттай байна гэсэн байдаг. Манай аймагт 100 хувь хагалгаа хийж чадахгүй болохоор яаралтай Улаанбаатар яв гэж хэлээд яаралтай явуулсан. Улаанбаатар хот руу явахдаа хэвтэрийн байдалтай эхнэрээрээ асарамжлуулан, төрсөн дүүгээрээ машин бариулаад явсан, ганцхан хүн намайг зодсон байх юм бол яагаад миний бүх бие шарх сорив, зулгаралт болдог юм бэ? цус, нөжтэй холилдчихсон ухаангүй эмнэлэг дээр байсан. Миний биед ямар хэмжээний гэмтэл учирсан талаар эмч нарын удаа дараагийн гаргасан дүгнэлтүүд баталж байна, зураг болон эмнэлгийн карт дээр бичигдсэн байгаа эдгээр зүйлстэй та нар танилцаад нэмээд харж болно. Гэрч нар яагаад мөрдөн байцаалтын шатанд өгч байсан мэдүүлгээсээ буцаж байна бэ? энэ дээр маш эргэлзээтэй байна. Эдгээр хүмүүсийг гэрчүүдийг худалдан авах үйл ажиллагаа явуулсан байх гэж бодож байна. Үүн дээр би бас хардаж байна. Мөрдөн байцаалтын шатанд байхдаа намайг бүлэглэж зодож байхыг харсан хэлнэ гэж хэлчихээд,дараа нь хэргийн материалтай танилцахад тийм зүйл байдаггүй. Г. гэж хүн тодорхой дурдаад хэлсэн байдаг. Х.******* гэдэг хүн нь маш их согтолттой машины цаана бөөлжөөд, өөрийн биеэ авч явах чадваргүй байсан тийм байснаа ч өөрөө мөрдөн байцаалтын шатанд батладаг. Тухайн үед юу болсон тухай сайн санадаггүй гэж ч анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн байна лээ. Х.******* гэдэг хүн надад удаа дараалан заналхийлж байсан тэр үед надруу яаж дайрч байсан нь ойлгомжтой тодорхой харагдаж байна. Анхан шатны шүүхэд Д. гэж хүн удаа дараалан “4 хүн нийлж зодсон” гэж мэдүүлсэн байдаг. Үүнийг үнэлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ мэдүүлгийг үнэлж өгнө үү гэж хэлмээр байна. П.******* гэдэг хүнд хандаж хэлмээр үг байна. Ганцаараа ирж уулзахаараа за ахын дүү ах нь эр хүн шиг чамайг зодож нүдэж байснаа хүлээж байгаа, гэртээ байгаа хүмүүсээ гадагш нь гаргачихаа гээд ах нь бол чамайг зодсоноо хүлээж байна, мөн бид нар бүлэглэж зодсон гэдгээ хэлдэг. П.******* нь Х.******* гэдэг хүнийг хэргээс мултрахын тулд намайг энэ хэргийг үүрчих гээд байна гэсэн үүнийгээ бол баталсан. Яг миний хажууд Х.******* руу залгаж та нар энэ мөрдөн байцаалтын шатандаа ирээчээ, энэ хүнийхээ эрүүл мэндийг бодоочээ, тэгэх юм бол энэ хүүхэд чинь гомдолгүй гэж хэлнэ шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд Х.******* нь П.*******аа чи машиныхаа шилийг хагал тэгэх юм бол наад хохирогч Ц. чинь хүний эд хөрөнгөд халдсан хэрэгт холбогдно ийм учраас ялнаас айгаад гомдлоосоо татгалзах магадлалтай гэж хэлсэн байдаг. Үүнийг бол П.******* гэдэг хүн өөрөө нотлох байх, П.*******ын эхнэр ч нотлоно, 2-лаа ирээд надад хэлж байсан. Эдгээр хүмүүс надад хохирол учруулснаас болж эд эрхтнээрээ хохирсон, сэтгэл санаагаараа,эдийн засгийн маш хүнд хохиролтой байна. Жишээлбэл: Хүний нэг нүдийг сохолчихно гэдэг нь залуу хүний хувьд бүхий л амьдралын 50 %-ийг аваад хаяж байгаатай яг дүйцэхүйц хохирол гэж харж байна. Магадгүй нөгөө нүд нь хараагүй, нэг нүд нь нөгөө нүдэндээ нөлөөлөх магадлалтай гэж эмч нар ярьдаг юм байна лээ. Дахин миний нүдэнд ямар өөрчлөлт орохыг мэдэхгүй байна. Эдгээр хүмүүс ч бас надаас ганц 2 юм сонсч байсан байх. 2013 онд би арилжааны банкнаас 58.0 сая төгрөгийн зээл аваад хэвийн төлөлтэй явж байсан энэ хэргээс хойш ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон, олон сараар байнга нааш цааш дуудагдаж олон удаа ирж очсон байгаа, энэ хооронд арилжааны зээлээ төлж чадахгүй учраас аав ээжийнхээ тэтгэврийн зээлийг хүртэл авч төлж байсан, мөн найз нөхдөөсөө зээлж байсан. П.******* гэж хүнд би үнэнээ хэлж байсан, ахаа би унтаж чадахгүй байна надад өвчин намдаах тариа аваад өгөөч гэхэд надад мөнгө байхгүй гээд өнгөрч байсан, би ломбарданд юмаа тавчихлаа авч чадахгүй байна гээд энэ хүнд үнэнээ хэлээд гуйж байсан, та нар сэтгэл гаргаач гэж хэлсэн, энэ хүмүүст ямар ч сэтгэл байхгүй. Өнөөдрийг хүртэл 400 хоногийн хугацаанд намайг уучлаарай гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Чамайг ална, гүйцээчихдэг байждээ гэдэг. Хохирогчийг хамгаалдаг газар байдаг бол миний хамаатан садан, ойр дотны нэг хүнд аливаа зүйл тохиолдвол эдгээр хүмүүс хамааралтай шүү. Хохирогчийг хамгаалах талаас нь авч үзээч гэж хэлмээр байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан үеийн арилжааны банкинд төлж байсан зээл намайг өвчтэй гээд чөлөө өгөхгүй учраас миний энэхүү зээлийг төлүүлж өгөхийг хүсч байна. 2013 онд дахиад тусдаа 70.0 сая төгрөгийн зээл авсан байдаг. Энэ зээлээ төлж чадахгүйн улмаас өөрийн 1 ширхэг 2 өрөө байр, 150 м2 үйлчилгээний байраа одоогийн байдлаар банкинд хураалгасан байна. Үлдэгдэл 11.0 сая төгрөгөнд нь миний 1 өрөө орон сууцыг хураана гэсэн маш их эрсдэлтэй байна. Эдгээр хүмүүст туйлын их гомдолтой байна. Эдгээр хүмүүст ямар ч хүн чанар байхгүй одоог хүртэл миний дүү яаж байна бие нь гайгүй юу гэж асууж байгаагүй эдгээр хүмүүс нь хот хоорондын тээвэрт байнга явдаг, намайг нэг удаа миний дүү энэ машинд суугаад яв бие хаагаа үзүүлэх үү яах уу гэж хэлж байгаагүй, Х.******* гэдэг хүн тааралдахаараа чам шиг муу бандийг тухайн үед нь алчихдаг байж гэж заналхийлдэг, би маш их айдастай байна. Нэг зүйлийг тодруулан хэлэхэд эдгээр хүмүүс машинруу чулуу шидсэн, өшиглөсөн гэж тэр чулуу шидэж байгааг харсан хүн байгаа юм уу? шидсэн чулуу машинд ямар гэмтэл учруулсан юм бэ? гэрчлэх нотлох баримт байна уу? машиныхаа хаалган дээр нэг гутлын мөр гаргасан байсан тэгээд түүнийхээ зургийг авсан байдаг. Тэр нь тухайн үед миний өмсч явсан ботинкний мөр биш, арзгар ултай гутлын мөр байдаг гэдгийг нэмж хэлмээр байна гэв. Шүүгдэгч П.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Ц.ын ярьж байгаа зүйлд арай их хэтрүүлэг орсон байна. Миний дүү бас ингэж их улайрч болохгүй. Миний зүгээс чамд гэмтэл учруулаагүй шүү, чиний хэлж ярьж байгаа зүйл үнэхээрийн үндэслэлгүй байна. Хамгийн гол нь чи яагаад өөртэй чинь зодолдоод гэмтэл учруулсан хүмүүсээ нуугаад хэлэхгүй байгаа юм бэ? намайг явж байхад Г. гэдэг хүн чинь өрөөсөн гартаа гутлаа барьчихсан, нөгөө гартаа чулуу барчихсан хүн хүн рүү дайраад явж байсан зөндөө юм байгаа. Энэ бүгдийг чи ерөөсөө хэлэхгүй байгаа шүү. Өнөөдөр намайг гэмт хэрэгтэн болгосон хүн бол мөрдөн байцаагч н.Мөнхнайрамдал шүү Мөрдөн байцаагч чиний төлөө асар их зүйл хийсэн шүү? Энэ хэргийн бодит үнэнийг олоод өгөөч гэж тэр хүнд бид нар бичгээр гомдол гаргаж өгч байсан, амаараа ч хэлж байсан. Маргааш өглөө нь танайд яваад очиход чи хэнтэй юунаас болоод зодолдсон юм бэ? гэхэд чи зодолдсон хүнээ мэдэхгүй байна гээд байж байсан. Сүүлд нь бодож байсан жинхэнэ хэргийн эзэд эдний гэрт ирчихсэн үүдэн дээр чинь хүлээгээд байж байсан, тэгэхэд нь би хэлдэг байж, эздийг нь үнэхээр олох байх гэж бодож байсан үнэхээр олж чадсангүй. Өнөөдөр яагаад намайг энэ хэрэгт хамааруулаад байгаа гэхээр Х.*******т өс санасанаараа гэж чи сая ярилаа шүү дээ гэв. Шүүгдэгч П.*******ын өмгөөлөгч Ж. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ давж заалдсан гомдолд хохиролыг бүрэн гаргаж өгсөнгүй гэжээ. Хэргийг үйлдэхдээ эдгээр хүмүүс нь бүлэглэсэн юм гэж байна. Анхан шатны шүүх хуралд ч гэсэн тэгж хэлж байсан, хохирогч Ц.ын шинжээчийн дүгнэлт дээр яримаар зүйлүүд байна. Анх Говь-Алтай аймагт гарсан шинжээчийн дүгнэлтэнд ...торлог ховхоролт гэж гарсан тэгэхэд нь энэ чинь торлог ховхоролт биш гээд шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргахад, хараа бууралтаараа 2 дахь шинжээчийн дүгнэлт гараад ирдэг, тэр шинжээчийн дүгнэлтэнд торлог нь ховхороогүй гээд маш тодорхой бичсэн байсан. 3 дахь шинжээчийн дүгнэлтээс ...төвийн гаралтай сохоролт... гэж гарч ирсэн, төвийн гаралтай сохоролт хаанаасаа гараад ирэв гээд бичиг баримтыг нь үздэг 1 дүгээр эмнэлэг, Грандмеад эмнэлэгт үзүүлсэн, өөр нүдний эмч нараар ч үзүүлээд явсан энэ дээр чинь энэ хүний нүдийг сохорсон гэсэн ганц ч үг байхгүй байна. Та нар чинь юмаа үздэггүй юм уу, уншиж чаддаг юм бол бүх юмыг чинь Монголоор бичсэн байна, бүх юм нь тунгалаг байна, эрүүл байна, ганц тэр онош гэдэг дээр нь төвийн гаралтай сохорсон гэдгийг бичсэн байна. Тэр онош дээр юуг үндэслэн сохорсон гэж үзээд байна гэж бүх эмч нар хэлдэг юм байна лээ. Миний хувьд миний үйлчлүүлэгч П.*******ыг сэтгэл гаргаагүй гэж байна. Сэтгэл гаргасан П.******* нь чамайг Улаанбаатар хотод дагуулж очоод эмнэлэгээр дагуулж үзүүлээд явж байхад энэ хүний нүд сохороогүй л байна гэж П.******* болон түүний эхнэр н.Мядагбадам нарт эмч нар хэлж байсан, би үүнийг гайхаад байгаа юм. Үнэхээр сохорсон байсан юм бол ...төвын гаралтай сохорсон.. гээд гараад ирсэн юм бол тэрнээс хойш ямар эмчилгээ хийлгэсэн юм бэ? Манай аймагт гадаадаас эмч нар ирэхэд үзүүлэх гэхэд би үзүүлсэн намайг хараа орохгүй гэсэн гэж хэлж байсан.Тэр хараа орохгүй гэсэн бичиг чинь хаана байгаа юм бэ? Энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр шинжээчийн дүгнэлтийг би анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Анхан шатны шүүх хурал дээр ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан. Энэ хүний нүд өнөөдөр хараагүй болсон байсан бол нөгөө нүдний харааг салгах үйл ажиллагаа хийгдэх ёстой, байг гэхэд тэр хараагүй болсон нүд чинь ширгэлт үүснэ ямар нэг байдлаар хонхойх юм уу? тийм байдал үүснэ, чи өнөөдөр ажлаа хийгээд л явж байгаа бас ингэж болохгүй байх эдгээр шүүгдэгч нар нь нийлж зодоод би газар дээрээ ухаан алдаад ухаангүй болсон гэж байна. Эдгээр холбогдож байгаа хүмүүсийг явсны ард чиний найзууд чамайг тэр хавиар хайсан байдаг. Шүүх хуралд гэрчээр орсон Г. ...чамайг хайсан, хохирогч Ц.ыг олдохгүй байхаар нь бид нар явсан гэж мэдүүлсэн. Д. гэдэг гэрч хэдий үед чиний өрөөсөн гутлыг хаанаас нь сугалж аваад, чиний өрөөсөн гутлыг бариад ар гэрт чинь очоод явж байдаг юм бэ? ах дүүс чинь чамайг ирээд авахад нэг гутлыг чинь Д. бариад явдаг нэг гутал чинь хажууд чинь хэвтэж байсан байдаг. Тэгээд н.Мядагбадам, П.******* 2 танайд очоод н.Мядагбадам асуусан байдаг энэ бичлэг нь хүртэл байгаа, харин мөрдөн байцаагч н.Мөнхнайрамдал энэ бичлэгийг аваагүй болохоос биш чиний яриа байж байгаа та нарыг явахад би 2 гуталтайгаа зогсч байсан шүү дээ, би балай хүн байсан юм уу? та нарыг явахад би хөл нүцгэн зогсч байдаг юм уу? гэдэг чиний яриа хүртэл байж байдаг. Энэ асуудал дээр би маш их эргэлзэж байгаа, энэ хүний нүдний гэмтэл дээр эргэлзэж байгаа түүнээс энэ хүнийг бүлэглэж зодсон байна уу? энэ гэмтлийг тэр хүн хаана авчээ хэн хэдүүд хаана энэ хүнд гэмтэл учруулчихваа гэдэг маш эргэлзээтэй гэрч нарын мэдүүлэг бий. Мөн шинжээчийн дүгнэлт 3 өөр янзаар гарсан. Тийм учраас хэргийг үнэн зөв шийдсэн гэж үзэхгүй байна. Найз нар нь хайгаад олоогүй байдаг, өөрийнх нь мэдүүлгээр тэр чигтээ ухаан алдсан тэгээд маргааш нь эмнэлэг дээр сэрсэн зүйл яригдаад байдаг. Хохирогч тухайн үед хэнд зодуулсан гэдгээ мэдэхгүй байсан, эх сурвалжаа зааж өгч чадахгүй байсан. Энэ нь хохирлын асуудал дээр ч гэсэн энэ хүн өнөөдөр банкны зээлийн асуудал яриад байх шиг байна, тийм хохирол учирсан бол эрүүл мэндийн асуудлаа ярина биз, банкны зээлийн асуудал чинь өөр шүү дээ. Ц.аа энэ зодоон болохоос өмнө банкны зээлийн өр төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад байж байсан шүү дээ. Түүнээс энэ хэргээс болоод банкны өр зээлээ төлж чадахаа болчихсон асуудал биш шүү дээ. Иргэний хэрэг дээр чинь би өмгөөлөгчөөр явж байсан хүний хувьд маш тодорхой мэдэж байна. Ийм байдлаар арай хэтрүүлэн ярьж болохгүй байх, гэрч Д.ын мэдүүлэг П.*******ын тухайд мөрдөн байцаагчаас татгалзах тухай хүсэлтийг прокурорт ч гэсэн гаргаж байсан, мөрдөн байцаалтын шатанд ч гэсэн гаргаж байсан хүсэлтийг маань хуулийн дагуу авч шийдвэрлэж байгаагүй. Шинжээчийн дүгнэлт маш эргэлзээтэй байхад П.*******ыг гэм буруутайд тооцсон нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж гэм буруутайд тооцоод ял оноосон байгаа нь өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Шүүгдэгч Х.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ерөөсөө Ц.ыг заналхийж байсан удаа нэг ч байхгүй. Яагаад ингээд худал яриад байгаа юм бэ? Манай дүүтэй 10 хэдэн жилийн өмнө зодолдож байсан гэж байна, үүний талаар надад мэдэх юм байхгүй. Би та нарын машинд суухгүй. 3-тай уулзаад байсан зүйл байхгүй, энэ удаад шууд л намайг гүтгэчихлээ.Таарсан газраа ална гэж заналхийлсэн гэж. Цагдаа дээр өгсөн өргөдөл нь миний нэр дээр байсан, би маргааш нь П.*******ыг дагуулаад очсон, яагаад миний нэр дээр байгаа юм бэ? энэ хүмүүсийг чинь би танихгүй хохирогч таньдагаараа таны нэрээр өгсөн гэсэн, хэн цохьсоноо мэдэхгүй гээд хохирогч Ц. гэртээ хэвтэж байсан. Өнөөдөр яагаад ингээд худлаа яриад байна, сайн ойлгохгүй байна. Тухайн үед би тендерийн машин барьж байсан, миний дүү суугаад Улаанбаатар яв гэсэн, үгүй би жижиг тэргээр явна, автобусанд суухгүй гээд жижиг тэргэнд суусан. Би хохирогч Ц.ыг зодсон асуудал байхгүй, намайг биеэ авч явах чадваргүй байсан гэж ярьж байна. Энэ хүн нь өөрөө бааранд тасарчихсан, таарсан хүн болгонтойгоо муудалцаад яваад байсан гэж чамайг бааранд байсан хүмүүс ярьдаг юм байна лээ гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ залуутай бааранд муудалцаж байгаагүй. Баарны хажууд нэг залуутай муудалцаж байхаар хажуугаар нь цагдаа болоод харьж амарцгаа залуусаа гээд өнгөртөл танихгүй залуу шууд намайг чи пизда минь хэн бэ? гээд шууд намайг өшиглөж, баарны гадаа хүмүүстэй муудалцаж байсан. нарын сууж байсан машин руу чулуу шидээд байсан. нар автобусын тендерийн нэг ноймрын суудлаар хохирогч Ц.ыг Улаанбаатар хот руу авч явъя гэхэд үгүй би жижиг тэргээр явна, та нарын унаад суухгүй гэсэн тэр жижиг тэргээрээ явсан ч юм уу үгүй ч юм уу? мэдэхгүй. Энэ хүний банкны өр зээл бидэнд хамаагүй, бид нар чамайг зодож нүдсэн асуудал ерөөсөө байхгүй. Бүгдээрээ нэг нутаг усны хүмүүс гэв. Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бааранд 5-уулаа орсон, гэтэл энэ залуугийн ширээнийхэн тараад энэ нэг залуутай сууж байсан. Тухайн зодоон болж байхад би байгаагүй, хүнийг хилс хэргээр гүтгэж байгаад гомдолтой байна. Энэ хэргээс болж би нэлээд хохирч байна тээврийн компанид үндсэн жолооч байсан ажлаа алдсан, сая тээвэрт явах байсан мөрдөн байцаалт гээд явж чадаагүй. Би 27.000.000 сая төгрөгийн зээлтэй байсан, энэ хэргээс болоод автобусаа 21.000.000 сая төгрөгөөр шугамтай нь зараад байна. Би хүн зодоогүй, хүнийг хилс хэргээр гүтгэж байгаад гомдолтой байна гэв. Шүүгдэгч Х.*******, Б.*******, Б.******* нарын өмгөөлөгч Д.э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.*******, Б.*******, Б.******* нарын цагаатсан этгээдүүдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Говь-алтай аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжин ирэхэд анх өмгөөлөгчөөр оролцож байсан. Ингэж оролцож эхэлсэн үеэсээ эхлэн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлтээ гаргаж байсан энэ хүсэлтэд юу байсан юм бэ? гэхээр мөрдөн байцаагч болон прокурорын үйл ажиллагаанд хууль бус зүйл байгааг тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан. Гэвч Говь-алтай аймгийн анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэгээ зарлаад гаргасан хүсэлтийг хэлэлцэлгүй орхисон, Завхан аймгийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээ хийлгүйгээр шүүх хуралдаанаа товлосон байсан. нар анхнаасаа мөрдөн байцаалтын шатанд буцаалгая гэсэн байр суурьтай байсан, тогтоолгох зүйл байна гэж ярьж байсан, яагаад тэгсэн юм бэ? гэхээр мөрдөн байцаалтанд шалгагдаж байхад хохирогчийн нүд хөхөрсөн байсан, үүнийг Цагдаагийн газрын хүмүүс харж байсан гэрчтэй зүйл гэж манай үйлчүүлэгч нараас удаа, дараалан хэлж байсан. Тэгээд мөрдөн байцаагчдаа хэлэхээр тэр хүний хувийн асуудал хамаагүй гэж хэлээд хүлээж аваагүй байсан. Мөрдөн байцаагч амаар гаргаж байсан хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ хүн шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хэлэхдээ миний 02 сарын өмнө авсан гэмтэл эдгэхгүй хөхрөөд байж байдаг гэж тайлбарлаж байсан. Өнөөдөр бид хуульчид хүнд учирсан болоод ямар нэгэн гэмтлээс болоод хавдар хэд хоногт арилж дуусдаг, тэр хөхрөл нь хэзээ арилах талаар бид нар бүгд мэднэ. Тэгэхэд 02 сарын дараа миний нүдний хөхрөл заримдаа гарч ирээд, заримдаа зүгээр болдгийм гэдэг байдлаар тайлбарлаж байсан. нар анхан шатны шүүх хуралдаанд үнэхээр хохирогчийг оролцуулах хүсэлттэй байсан. Гэвч энэ хүн өөрөө шүүх хуралдаанд ирээгүй бид нар анхнаас шинжээчийн дүгнэлттэй санал нийлээгүй, одоо ч нийлэхгүй байна. Миний зүгээс хэрвээ миний хүмүүс цагаадаагүй ямар нэгэн байдлаар ял авсан бол давж заалдах гомдол гаргах байсан. Гэвч миний хүмүүс цагаадсан учраас гомдол гаргаагүй. Хэрвээ эдгээр хүмүүсийг бүлэглэсэн гэсэн гэм буруугийн асуудлыг ярих гэж байгаа бол шинжээчийн дүгнэлтийг нарийвчлан тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний хувьд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний 3 үйлчүүлэгч 3-уулаа холбогдолгүй болсон тул гомдол гаргаагүй. Хохирогч тухайн үедээ архи ууж ухаанаа алдсан учраас асуусан асуултыг иш татан ярьдаг.Тухайн зодоон болох үед гэрч Д. гэдэг хүн тэнд байгаагүй юм. Миний нутаг телевизийн шинэ байрны үүдэн дээр сууж байсан юм. Хэрвээ өнөөдөр бид Говь-Алтай аймагт байсан бол хэргийн газрын үзлэг хийж, хэргийн газарт очоод үзэхэд хэрэг маргаан болсон гээд байгаа газраас хэдий хол зайтай бэ? гэдэг нь тогтоогдох боломжтой. Тэр орилоод хашгираад явж байсан хүн, яахаараа тэнд очоод зодолдож байсан тухай яаж мэдэх вэ, энд сууж байгаа 4 залуу намайг тал талаас өшиглөж зодсон. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан зулгаралтын талаар шинжээчээс тодруулах шаардлагатай. Эдгээр 4 залууг 4-н талаас нь өшиглөхөд ийм хэмжээний гэмтэл учрах уу? гэдгийг бас л шинжээчээс асууж үүнийг нарийвчлан тогтоох шаардлагатай. Тэр зулгаралтууд ямар хүчин зүйлээс үүсэх вэ? гэдгийг бас л асуух шаардлагатай. Тэгж байж энэ хэргийг өнөөдөр мөрдөн байцаалтанд буцаалгаад нөхцөл байдлыг тогтоолгоё, тогтоолгосны эцэст дараа дараагийн асуудлаа эхнээс дахин хүсэлтээ өгөөд хууль журмынх нь дагуу явуулъя гэсэн хүсэлтийг гаргаж байна. Энэ хүмүүст зодуулснаас болоод хохирогч Ц. банкны өр зээлтэй болсон гэсэн, үнэхээрийн өр зээлэнд орсон юм уу гэдгийг шалгуулъя. Ийм учраас хэргийг мөрдөн байцаалтад буцаалгахаар анхан шатны шүүхэд нь шилжүүлж өгөөч гэсэн саналтай байна гэв. Прокурор Х.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Говь-алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.*******аа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3.1 дүгээр зүйлийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн 11.1 дэх хэсэгт заасан П.*******, Х.*******, Б.*******, Б.******* нарт холбогдох 201607000148 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Гэрч Д.ын мэдүүлгээр машинд байсан 4 хүн бууж ирээд хохирогч Ц.ыг голдоо оруулаад зодоод байсан, гэрч Г.ын мэдүүлгээр цуг явж байсан найзыгаа зодууллаа гээд дайраад байсан юм гэсэн мэдүүлэг өгсөн. Тэгэхээр Х.******* Б.*******, Б.******* нар нь бүлэглэж хохирогч Ц.ыг зодож хохирол учруулсан гэдэг нь харагдаж байгаа учраас давж заалдах шатны шүүх энэ байдлыг харж үзээсэй гэж хүсч байна. Хохирлын тухайд хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан хохирлын тооцоо 3.110.947 төгрөгийн хохирол учирсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохиролыг гаргаж өгнө үү гэж хүсч байна. Өөр тайлбарлаж хэлэх зүйл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.*******, Х.*******, Б.*******, Б.******* нар бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт байрлах “Миний нутаг” телевизийн гадна талын машины зогсоол дээр хохирогч Ц. шүүгдэгч П.*******ын машин руу цохисоноос машинд байсан П.******* гарч ирэн “машин руу чулуу шидлээ” гэсэн шалтгаанаар түүнийг өшиглөн газарт унагаан бүлэглэн зодсон гэж ГовьАлтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 694 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогч Ц.ын бие махбодид хүнд гэмтлийн зэрэг тогтоогдож байна гэжээ. Уг шинжээчийн дүгнэлтээр “...хохирогч Ц.ын биед төвийн гаралтай нүдний хараагүйдэл, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, этмойд хөндийн болон духны хөндийн цус хуралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун шагай, нуруу, хүзүү өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх боловч баруун нүдний ухархайн цөмөрсөн хугарал, зулгаралтууд зэрэг нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахаас, хэргийг шүүх үндэслэлтэй шийдвэрлэхэд ач холбогдолтой байхад энэ талаар дээрх шинжээчийн дүгнэлтэд юу ч тусгагдаагүй, дүгнэлт гаргаагүй байх бөгөөд уг зулгаралт гэмтлүүд хэний ямар үйлдлээс учирсаныг тогтоогоогүй, түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна. Мөн анхан шатны шүүх урьдчилан хэлэлцүүлэг хийж шүүх хуралдааныг дахин товлож шинжээч эмч нарыг оролцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 07/4142 тоотоор Шүүх эмнэлэгийн шинжилгээний газрын дарга А.Амгаланболд нь П.*******т холбогдох эрүүгийн хэрэгт шинжээч эмч С. цахимаар оролцуулах хүсэлтэй байна гэсэн байхад шинжээч эмч С. оролцуулалгүй шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчихөд хүргэсэн байна. Шүүгдэгч Х.*******, Б.*******, Б.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж дүгнэсэн боловч энэ талаарх үндэслэлээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь хэрэгт авагдсан ямар, ямар баримтуудаар үгүйсгэгдэж байгаа талаараа дүгнэлт хийхгүйгээр шууд л тухай гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нотлогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Ц.ын өмгөөлөгч Б.ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхэд нь дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Ц.ын өмгөөлөгч Б.ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч П.*******т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ