Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/MA2017/0594

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

О.Манарбекийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 423 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Манарбекийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 423 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Манарбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн  Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, О.Манарбекийг урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 7,850,813 (долоон сая найман зуун тавин мянга найман зуун арван гурав) төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.Манарбек нь дүүргийн Засаг даргад цаашид би тантай хамтарч ажиллахгүй, харин надад 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож өгвөл өөр гомдол, санал байхгүй гэсэн өргөдөл бичиж өгөөд, ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд түүний хүсэлтээр тэтгэмжийн хэмжээг хуульд зааснаас дээгүүр буюу 5 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг хариуцагч олгосон. Тэрбээр тэтгэмжээ бүрэн хэмжээгээр нь цалингийн дансандаа оруулж авсан. Харин О.Манарбек нь Засаг даргын захирамж гарсны дараа өөрийн ажлаа шинээр томилогдсон Б.Алтангэрэлд хүлээлцэх үедээ Засаг даргад гаргасан “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай” өргөдлөө сэм авч, улмаар огт өргөдөл гаргаж өгөөгүй мэтээр шүүхэд хандан Төрийн албан хаагчийн ёс зүйгүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “өргөдөл өгөөгүй” гэдэг боловч тухайн өргөдлийг өгсөн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Учир нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр М.Баатарцогт, Б.Эрдэнэцогт, Б.Ариунхүслэн, Б.Жавзансүрэн нар гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэвч шүүх шийдвэртээ гэрчийн мэдүүлгийг тусгаагүй нь хэрэгт ач холбогдолгүй мэт үзсэнтэй холбоотой байх гэж нэхэмжлэгч тал үзэж байгаа. Мөн нөгөө талаас шүүх хэргийг тал бүрээс үнэн бодитой шийдвэрлээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

           Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Манарбекийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Дээрх захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “бүтэц, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийдлээр улс төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн,  ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй” гэх үндэслэлээр “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг  хүчингүй болгож  урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл  гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. Тодруулбал,

           Маргаан бүхий захиргааны актад баримталсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан бөгөөд төрийн байгууллага татан буугдаагүй, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын  орон тоо хасагдаагүй болох нь нотлогдсон, энэ талаар хариуцагч үгүйсгэсэн тайлбар гаргаагүй.

           Түүнчлэн, төрийн жинхэнэ албан хаагч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасныг баримтлах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаа байх ба хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд О.Манарбекийг “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх үйл баримтыг гэрчүүдийн мэдүүлэг хангалттай нотолж чадахгүй байна.

            Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасан захиргааны актыг гаргах шалтгаан болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй, үндэслэсэн заалтууд нь хоорондын зөрчилтэй, захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй  гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

          Харин хариуцагч нь шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтыг биелүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохдоо маргаан бүхий захирамжаар олгосон тэтгэлэгээ суутган тооцох болон нэхэмжлэгчээс эгүүлэн шаардах эрхтэйг дурьдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                                            

                                 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАТБААТАР  

                                     ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР     

                                     ШҮҮГЧ                                                       О.НОМУУЛИН