Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 423

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.М 

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга    

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот захирамж нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... О.М миний бие Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаад Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. 

О.М миний бие Төрийн албанд 24 жил тасралтгүй ажилласнаас сүүлийн 11 жил удирдах албан тушаал эрхэлж байсан, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын хувьд шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагч юмаа. 

Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/19 тоот тушаал нь үндэслэлгүйн дээр Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд хамрагддаггүй, Төрийн албаны тухай хуулиар сонгон шалгаруулалтаар томилогддог, төрийн жинхэнэ албан хаагчийн албан тушаал бөгөөд улс төрөөс ангид байдаг. 

Гэтэл Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот тушаалаар “Бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт” нэрийдлээр үндэслэлгүйгээр улс төрийн шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. 

Хуульд заасан төрийн албан хаагчийн ёс зүйг сахин, төрд чин үнэнчээр зүтгэж байтал 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Налайх дүүргийн Засаг дарга Ч.Р нь “бүтэц орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт нэрийдлээр үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн тул Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, мөн актыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.М Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажлыг гүйцэтгэж байх явцад 2016 оны 11 дүгээр сарын 17 оны өдрийн Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалын агуулгыг харахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ажил олгогч буюу ажилтан өөрөө хүсэлт гаргаагүй. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан бүтцийн өөрчлөлт орсон гэдэг үндэслэлээр ажлаас халагдсан. Тамгын газрын даргын албан тушаал бүтцийн өөрчлөлтөд ороогүй. 2013, 2016 оны бүтцээр Тамгын газрын даргын албан тушаал хэвээрээ байгаа. Иймд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тул Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү гэж хүсэж байна. Үүнтэй холбоотойгоор ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Засаг даргад даалгаж өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй, Тамгын газрын даргын албан тушаал бүтцийн өөрчлөлтөд ороогүй гэх хоёр үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ. 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.М нь дүүргийн Засаг дарга би тантай цаашид хамтарч ажиллахгүй, харин надад 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож өгвөл өөр гомдол, санал байхгүй гэсэн өргөдөл бичиж өгөөд, ажлаа хүлээлгэж өгсөн. Түүний хүсэлтээр тэтгэмжийн хэмжээн хуульд зааснаас дээгүүр буюу 5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4- дэх заалтад 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр тэтгэмж олгох дээд хэмжээг 3 сарын цалинтай тэнцэх хэмжээтэй байхаар заасан. 

Тэрбээр тэтгэмжээ бүрэн хэмжээгээр нь цалингийн дансандаа оруулж авсан байна. Харин ажил хүлээлцэх явцад О.М нь Засаг даргад гаргасан өргөдлөө сэм авч амжсан. Өргөдөл бичиж өгснийг гэрчлэх ажилтнууд бий. 

Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.М нь томилогдсон цагаасаа Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар давхар ажилласан байсан байдаг. Мөн сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийг сонгох Сонгуулийн хороонд ажиллаж байгаад илт нэг намыг дэмжиж байсан. 

Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд Ардчилсан намын гишүүдийг цуглуулж намын хурлыг сэм хийдэг байсан. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаалд томилогдохдоо намын гишүүнээс түдгэлзэж, энэ тухайгаа захиргааны байгууллагад мэдэгдэх ёстой байдаг боловч намын түдгэлзсэн өргөдөл байхгүйн дээр намын үйл ажиллагаанд илт оролцдог байсан. 

Иймд иргэн О.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээж зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч төрийн албан хаагч хэдий ч Ардчилсан намын дүүргийн дарга байсан. Сонгуулийн хороонд Ардчилсан намыг төлөөлж оролцож байсан. О.М өөрөө Засаг даргатай уулзан би та бүгдтэй ажиллахгүй, та нар ч надтай ажиллахгүй нь ойлгомжтой. Тиймээс надад 6 сарын тэтгэмж өгөхийг санал болгосон. Үүний дагуу 5 сарын тэтгэмж аван ажлаас халагдсан. Энэ нь юугаар нотлогдох вэ гэхээр өргөдөл өгсөн байдаг. Өгсөн өргөдлийг ажил хүлээлцэх үед хүний нөөцийн ажилтан харсан байдаг. Сүүлд өргөдөл нь алга болсон байсан. Өргөдөл алга болсны дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Өдий насны хүн ёс зүйтэй, шударга байх ёстой. Өөрийн гараар өргөдөл бичин өгсөн байж шүүхэд өргөдөл гаргаагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус байна. Өргөдөл өгснийг нь би өөрийн нүдээр харсан. Дараа нь ийм асуудал гарна гэж таамагласан бол зургийг нь дарах байсан. Даанч зургийг нь муу санаалж аваагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж байна. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б/19 тоот захирамж гарсан. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийслэлд өргөдөл өгсөн байдаг. Уг өргөдлийн хариуг Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 15/17 тоотоор харьяаллын бус гэж буцаасан байдаг. 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариу өгөөгүй бол шүүхэд хандах боломжтой байсан. Уг хугацааг хэтрүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариу авсны дараа шүүхэд хандсан нь Захиргааны хуулийг зөрчиж байна. Эрх нь зөрчигдсөнийг мэдсэн бол 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Хуулийн хугацаа хэтэрсэн, эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж өргөдөл, гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.М нь “Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/19 тоот захирамж нь хууль бус бөгөөд түүнийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийхийг дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байна. 

Дээрх хуулийн заалтууд нь байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, орон тоо нь хасагдсан тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалтууд бөгөөд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоо хасагдаагүй болох нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамж, Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/317 дугаар захирамж гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.  

Иймд Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын орон тоо хасагдаагүй байтал Налайх дүүргийн Засаг даргын “О.М-ийг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” дугаар Б/19 тоот захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан заалтыг үндэслэсэн нь буруу байх бөгөөд уг захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй захирамж байна гэж шүүх дүгнэв. 

Мөн Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/19 тоот захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэсэн байх ба нэхэмжлэгчийг өөрийнх нь хүсэлтээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан байгууллага татан буугдах, бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөх, орон тоо хасагдахтай холбоотой заалтуудыг давхар үндэслэх шаардлагагүй бөгөөд Засаг даргын дугаар Б/19 тоот захирамжаас үзэхэд үндэслэсэн заалтууд нь хоорондын зөрчилтэй, уялдаа холбоогүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана”, 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж тус тус заасан байна. 

Дээрхээс хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/19 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасан захиргааны актыг гаргах шалтгаан болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж буй нь тодорхойгүй, ойлгомжгүй, үндэслэсэн заалтууд нь хоорондын зөрчилтэй захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй захиргааны акт байна.

Мөн Налайх дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/19 тоот захирамжийг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэсэн нь буруу байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан ба Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд төрийн  жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байх тул төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлах нь зүйтэй.  

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Тамгын газрын даргаар ажиллаж байсан О.М нь томилогдсон цагаасаа Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын даргаар давхар ажиллаж .... мөн сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчийг сонгох Сонгуулийн хороонд ажиллаж байгаад илт нэг намыг дэмжиж .... Тамгын газрын хурлын зааланд намын хурлыг сэм хийдэг..." гэж тайлбарлаж буй боловч энэ шалтгаан, үндэслэлийг Налайх дүүргийн Засаг даргын дугаар Б/19 тоот захирамжид заагаагүй ба хариуцагч нь  2016 оны Б/19 захирамжид заагаагүй үндэслэлээр маргаж байгаа тул хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг эрх эдэлнэ”, 14.1.5-д “өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг шүүх болон холбогдох бусад байгууллагаар хамгаалуулах” гэж заасан ба маргаан бүхий Засаг даргын захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. 

Иймд Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “О.М-ийг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” дугаар Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, О.М-ийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 

Шүүх Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “О.Мийг ажил, албан тушаалаас чөлөөлөх тухай” дугаар Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар зохих хууль, журмын дагуу тооцож олгохыг Налайх дүүргийн Засаг даргад  даалгах нь зүйтэй байна.

О.М-ийг ажиллаж байсан хугацааны цалингийн картын дагуу тооцон үзэхэд нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг үндсэн болон нэмэгдэл цалинг оруулан 1,121,544 ( нэг сая нэг зуун хорин нэгэн мянга таван зуун дөчин дөрөв) төгрөгөөр тооцож, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан буюу хүчинтэй болсон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх нийт 7,850,813 ( долоон сая, найман зуун тавин мянга, найман зуун арван гурав) төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Мийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Налайх дүүргийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар Б/19 тоот захирамжийг хүчингүй болгож, О.М-ийг урьд эрхэлж байсан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан О.М-т 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 7,850,813 ( долоон сая, найман зуун тавин мянга, найман зуун арван гурав) төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг зохих журмын дагуу тооцож, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг Налайх дүүргийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.Б