Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/00296

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 22

181/ШШ2024/00296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................... оршин суух, Х.Б /Регистрийн дугаар: ....5/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:..................... давхарт байрлах, О ГХОХХК /Регистрийн дугаар: ..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэгдэл хөлс 2.950.366 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пү., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э., Б.Х., хариуцагчийн өмгөөлөгч С.Б., З.С.р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Б нь О ГХОХХК-д холбогдуулан 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын нэмэгдэл хөлс 2.950.366 төгрөг гаргуулахаар шаардсан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон: Үүнд:

Нэхэмжлэгч Х.Б нь О ГХОХХК-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу тус уурхайд тэсэлгээчнээр ажиллаж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 14 хоног кампус дээр ажиллаж, 14 хоног амарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж мөн хуулийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дах хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заасан. Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дундажаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодож, О ГХОХХК-аас 2.950.366 төгрөгийг шаардаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2 дугаар зүйлд заасны дагуу Х.Б ы илүү цагийн сүүлийн 3 сарын хөлсийг 2023 оны 9 дүгээр сарын 4.044.061 төгрөг, 10 дугаар сарын 9.116.063 төгрөг, 11 дүгээр сарын 4.823.062 төгрөгнөөс, нэг цагийн хөлсийг тооцоход 35.123 төгрөг, 168 цагийн илүү цагийн хөлс 2.950.366 төгрөг байна.

Хариуцагч нэг сард 168 цаг ажиллах ёстой, түүнээс илүү гарсан тохиолдолд илүү цагийн хөлсийг олгох ёстой гэж тайлбарладаг. Хэрэгт баримтаар ирүүлсэн өөрийн байгууллагын Цалин хөлсний журамдаа хууль зөрчиж ингэж заасан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн хувьд сард ажиллах хугацаа 14 хоног, нэг өдрийн ээлжийн үргэлжлэх хугацаа 8 цаг байна гэж зохицуулсан. Үүнээс уртын ээлжийн хуваариар ажиллаж байгаа ажилтнуудын хувьд нэг сард ажиллах фонд цаг 112 цаг байна. Харин шаардлагатай бол өдөрт 12 цаг хүртэл ажиллуулахаар заасан.

Мөн Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заавал 168 цаг байх ёстой гэж заагаагүй. Уртын ээлжийн хуваарийг энгийн ажлын хуваарьтай харьцуулах үндэсгүй. Уртын ээлжээр уурхайд ажиллаж байгаа хүмүүс хэвийн бус нөхцөлд, гэр бүлээсээ хол тусгаарлагдаж кампуст байрлаж, тухайн байгууллагын тогтоосон хатуу дэг журмын доор тасралтгүй ажилладгаараа онцлогтой. Тийм учраас хуулиар 14 хоног ажиллаж, 14 хоног амраахаар заасан.

Мөн хариуцагч уртын ээлжийн ажилтны илүү цагийг хуулийн дагуу амрах ёстой 14 хоногт нь багтаан нөхөн амрааж байгаа гэж хэлдэг. Дээрх тайлбар мөн үндэслэлгүй, уртын ээлжийн ажилтны нэг сарын ажлын фонд цаг 112 цаг байхаар, амралтын хоног 14 байхаар хуулиар тогтоосон тул илүү цагийг нөхөн амраасан гэж үзэхгүй.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд хууль батлагдсанаар ажилтнуудын шаардах эрх нь үүссэн боловч ажил олгогчийн болон ажилтны төлөөлөл хоорондоо маргаан үүсгэхгүй гэж тохиролцсон хамтын гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн ажилчдыг төөрөгдөлд оруулах, мөн тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комистоо хандаж эрх ашгаа хамгаалуулах гэсэн ажилтны эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон. Тийм учраас цалин хөлсийг бууруулж тооцон олгож байгаа байдал үргэлжилсэн шинжтэй давтагдсаар яваа тул Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацаагаараа тооцож зөвхөн сүүлийн гурван сарын тухайд шаардсан. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй.

Иймээс О " ГХОХХК-иас илүү цагийн нэмэгдэл хөлс 2.950.366 төгрөгийг гаргуулж Х.Б д олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гаргасан тайлбартаа:

Нэг. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын талаар:

-Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийн 92 дугаар зүйлээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болохоор анх удаа хуульчилсан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхаар, ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх байхаар зохицуулсан.

-О ХХК-аас Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаар албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Тодруулга авахаар хүсэлт гаргасан. Тус яамнаас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 6/3391 Тодруулгад хариу хүргүүлэх тухай албан бичгээр "... Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92.4-т заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно гэсэн хариуг ирүүлсэн болно.

-Түүнчлэн хөдөлмөрийн эрх зүй судлаач, Доктор, профессор Б.У Уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд дээрхи тооцоолсон ёсоор хэдийгээр 14 хоногийн турш 168 цаг ажилласан үүнээс 56 цаг нь илүү цаг гэж тооцогдож байгаа ч гэсэн ээлжийн ажлын хоног дуусмагц үргэлжлүүлээд 14 хоногийн турш буюу 336 цаг амарч байгаа тул илүү ажилласан цагийг нөхөн амарсан гэж тооцож болно. Иймд 109 дүгээр зүйлээр илүү цагийн хөлсийг нэмэгдүүлж олгох шаардлагагүй, ердийн журмаар цалин хөлсийг тооцож олгох нь зүйтэй... гэсэн хууль зүйн дүгнэлтийг ирүүлсэн болно.

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний 16 дугаар магадлалд тэмдэглэгдсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд А.А гийн тайлбарт Уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын ээлжийг нэмэгдүүлэхтэй холбоотой шинээр ээлж зохион байгуулах, ажилтныг сургаж бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгааг урьдчилан анхааруулж байсан. Гэсэн хэдий ч уртын ээлжийн ажиллах хугацаа урт байх нь ажилтны гэр бүлийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, ажил амьдралын тэнцвэр алдагдаж байгаа тул цалин буурах хэдий ч уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зарчмын зөрүүтэй саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн саналаар дэмжин Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлд тусгагдсан гэж тайлбарласан байсан.

Мөн тус магадлалаар Үндсэн хуулийн цэц Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж хуульчлан уул уурхай, олборлох салбар болон уг салбарт үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах ажилтны хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд тусгах асуудал болох ажил, амралтын цагийг хуулиар тусгайлан тогтоож, энэ талаар талууд харилцан тохиролцох боломжийг хөндсөн гэж үзэхээр байна. Энэхүү зохицуулалтыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд судлан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн.

-Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы тэмдэглэлд Улсын Их Хурлын гишүүд дараах санал, тайлбарыг хийсэн байна.

Х.Болорчулуун ... Мэдээж энэ 14 хоног ажиллахад сард ажиллах хөдөлмөрийн цаг илүү гарна гэж үндсэндээ байхгүй, бараг 8 цагаар ажиллавал 9 цагаар дутагдана. 10-12 цаг ажиллахад болно гэж өөрсдөө ярьдаг

М.О ... Хэрэв ажил, амралтын горимын хуулиар 14, 14 болгон тогтоовол ажилчдын одоо авч байгаа хөдөлмөрийн хөлс 35 хүртэл хувиар буурах болно. Ажилчдын цалин ажилласан цаг илүү цагаар тооцогддог учраас энэ тооцоолол гарсан гэж байна,

С.Чинзориг ... Уурхайчид, ажилчид өөрсдөө 14, 14 гээд байгаа юм. Гэхдээ гол нь цалин хөлс чинь үндсэн цалин, нэмэгдэл хөлснөөс бүрддэг. Нэмэгдэл хөлс чинь илүү цаг нь орж явдаг л даа. Өөрсдөө энэ цалин хөлс буурахыг зөвшөөрч байгаа бол 14, 14 гээд явчихад болохгүй юм байхгүй. Бидний тооцоогоор бол 14, 14 болгочихвол 20, 10-аасаа илүү цагт жилийн 4, 5 болох юм байна лээ. Энэ хэмжээгээр нэмэгдэл хөлс нь, илүү цагийн хөлс буурах юм байна,

Х.Ганбаатар 14, 14 хоног ажиллана гэхээр чинь 14 хоногт 12 цаг ажиллахаар нэг ээлжинд 168 цаг л ажиллаж байгаа байхгүй юу, уурхайчин. Бага ажиллаж байна, сайн байна. Тэгвэл ердийн ажил хийж, Хөдөлмөрийн хуулиар ажиллаж байгаа хүн чинь нэг сард 21.2 өдөр буюу 172 цаг ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ хүнээс бага ажиллачхаад, тэгээд уурхайчин хүн бол өндөр цалин авна, цалин нэмэх гэдэг тийм үзэл бодлоор хандаж байгаа явдал дэмий юм гэж хэлэхийг хүссэн юм ...

Үүнээс дүгнэхэд, Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт буюу 92 дугаар зүйлийн 92.18, 92.3 болон 92.4 дэх хэсэг нь илүү цагаар ажилласныг нөхөн амраах хэлбэрээр зохицуулсан тусгай зохицуулалт болох нь тодорхой байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн Уртын ээлжийн зохицуулалтын үр дагаврын талаар:

Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон нь хууль тогтоомжид нийцэхгүйн зэрэгцээ дараах сөрөг үр дагаварт хүргэх юм.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3-т Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх... гэж заасантай үл нийцнэ.

- Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

- Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

-Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.

Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлсний албан ёсны судалгааг үндэслэл болговол 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч О ХХК-ийн хувьд ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталсан ба үүний ( үр дүнд ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа хэдий ч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, харин ч өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.

-Хөдөлмөрийн тухай хуулийн илүү цаг тооцох тухай зохицуулалтад системийн үүднээс хандвал (1) Хөдөлмөрийн тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан илүү цаг тооцох тухай зохицуулалтад уртын ээлжийг хамруулаагүй байна, (2) хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т 14 хоног ажиллаж, 14 хоног амрах зохицуулалтыг оруулахдаа ажил, амралтын харьцаа 1:3 байх шинжлэх ухааны үндэслэлийг баримталсан байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд иргэд хандсан бөгөөд мэтгэлцээний явцад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас ирүүлсэн тайлбарт уртын ээлжийн хугацааг 14 хоног ажиллаж, 14 хоног амрах болгосноор илүү цаг гарахгүй болсонтой холбоотойгоор ажилтны сарын цалин хөлс дунджаар 20-30 орчим хувиар буурах, ажил олгогчид ажлын хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой, шинээр ээлж нэмэгдүүлэх, ажилтныг сургаж, бэлтгэх зэрэг санхүүгийн асуудал үүсэх нөлөөлөл байгаа болохыг урьдчилан анхааруулж байсан... гэсэн байдаг.

Үүнээс үзэхэд (1) Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжийн зохицуулалт /14:14/ тэр дундаа уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллах нь хууль тогтоомжид нийцсэн, (2) уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажилласан тохиолдолд илүү цаг тооцохгүй байхаар хуульд зохицуулсан, (3) хэрэв илүү цаг байгаа гэж үзвэл дээр дурдсанаар 6 сард 105 хоног, жилд 210 хоног амрах, үүний үр дүнд байгууллага ажилтангүй болох, ажилтан цалин хөлсний орлогогүй болох үр дагавартай байна.

Гурав. Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хийж авч хэрэгжүүлсэн арга хэмжээ:

-Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд О ГХОХХК-ийн ХН-Г 1.1: Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно гэж заасан. Мөн НR-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг Цалин хөлсний журамд заасны дагуу олгоно гэж заасан байдаг.

-Түүнчлэн уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/НR дугаар албан бичгээр О ГХОХХК-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.

О ХХК-ийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр мэдээллийг хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотой мэдээллийг хүргэж байсан болно.

Дөрөв. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар:

-Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар ажилтан нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй байна.

-Нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа бол үүнийгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч эл хугацааг хэтрүүлсэний зэрэгцээ нэхэмжлэл гаргасан асуудлаараа урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаагүй байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэв.

 

3.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, нэхэмжлэлийн тооцоолол, О компанийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гаргасан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн илүү цагийн тухай гомдол, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн, мөн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гомдол буцаах тухай хариунууд, компанийн маргаан таслах зөвлөлд гаргасан 2 дугаар сарын 17-ны өдрийн гомдол, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг ирүүлжээ. /1хх 5-8, 2хх 60-61, 69-72, 111-117/

Хариуцагчаас баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн цагийн бүртгэл, цалингийн дэлгэрэнгүй мэдээлэл, Гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/6006 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт, ажлаас гарах хүсэлт, тус компанийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тодруулга хүссэн 1472/ны тоот албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 тоот хариу, професор Б.У ийн гаргасан хууль зүйн дүгнэлт, Монголын уул уурхайн Үндэсний ассоциацийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/244 тоот албан бичиг, тус компанийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд хандсан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/412 тоот албан бичиг, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлал, Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/366 тоот албан бичиг хуулбараар ирүүлжээ.

/1хх 16-20, 98, 105, 107-128, 2хх 96-97, 119, 152-173/

Шүүхийн журмаар: нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 181/ШЗ2023/16446 дугаар шүүгчийн захирамжаар О ГХОХХК-аас ирүүлсэн Хөдөлмөрийн гэрээ, 2022-2025 оны Хамтын гэрээ, 2005 оны Хөдөлмөрийн дотоод журам, 2022 оны 9, 10, 11 саруудын цагийн бүртгэл,

Хариуцагчийн хүсэлтээр 181/ШЗ2023/18254 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2-3в/6742 тоот хариу, Монгол Улсын Их хурлын Тамгын газраас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ТГ-02/1509 тоот хариу, түүний хавсралтаар Хөдөлмөрийн тухай хуулийн хувийн хэргээс холбогдох баримтууд, Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний 01/2303 тоот хариу, түүний хавсралтууд, зохигчдын хүсэлтээр хийсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 181/ШЗ2023/21445 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас баримтаар ирүүлсэн 2021 онд баталсан Цалин хөлсний журам, Ажлын цагийн тухай журам, 2023 онд баталсан Хөдөлмөрийн дотоод журам,

Хариуцагчийн хүсэлтээр 181/ШЗ2024/00266 дугаар захирамжийн дагуу ирүүлсэн Сүхбаатар дүүргийн гурван талт хорооны баримт, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргийг бүрдүүлжээ.

/1хх 46-96, 108-110, 146-249, 2хх 1-56, 73-84, 86-93, 131-151, 182-193/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Х.Б нь О ГХОХХК-д холбогдуулан нэмэгдэл хөлс 2.950.366 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Хөдөлмөрийн тухай хуулиар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /8цаг*14хоног/ тул түүнээс илүү гарсан 56 цаг /нэг өдөрт 4 цаг илүү*14 хоног/-т нэмэгдэл хөлсийг олгоогүй, түүнчлэн тус байгууллага өөрийн дотоод журмаараа нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлсийг олгохоор хуулиас давсан, хуульд нийцээгүй зохицуулалт хийсэн тул 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн нэмэгдэл хөлс гаргуулна гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ердийн ажилтан нэг өдөрт 8 цаг, сард 168 цаг ажиллах тул уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох урьдач нөхцөл хангагдаагүй гэж тайлбарлав. Түүнчлэн тус байгууллагын Цалин хөлсний журам, Ажлын цагийн тухай журмыг шинэчлэн батлагдсан хууль болоод Дундаж цалин хөлс тодорхойлох журам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дугаар албан бичиг, Профессор Б.У ийн Хууль зүйн дүгнэлт зэргийг үндэслэсэн, хууль зөрчөөгүй гэж тайлбарлав.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж, мөн зүйлийн 92.3Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж, мөн зүйлийн 92.4Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно гэж заажээ.

Зохигчид Хөдөлмөрийн тухай хуульд шинээр зохицуулсан уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны хувьд нэг өдөрт ажиллавал зохих ердийн ажлын цаг 8 эсхүл 12 цаг алин болох, Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2, 87 дугаар зүйлийн 87.3, 92 дугаар зүйлийн 92.3-т заасан зохицуулалтуудыг хэрхэн хэрэглэх, ажилтны нэг сард ажиллавал зохих дундаж цаг хэд болох /8*14=112 эсхүл 12*14=168/, түүнээс хамаарч илүү цагаар ажилласан гэж үзэх эсэхэд, түүнчлэн нөхөн амраасан гэж үзэх эсэхэд тус тус маргасан.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон.

4.1.Талуудын хооронд байгуулсан 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтоос үзвэл: нэхэмжлэгч Х.Б тус компанийн ил уурхайн үйл ажиллагаааны нэгжид тэсэлгээчин-ээр ажиллахаар, ажлын нөхцөл хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн 3.3 зэрэг-т хамаарахаар, өдөрт ажиллах цагийг 8 цаг+ажлын шаардлагаар уурхайн талбарт байхаар, Захиргаа ажилтанд сард 890,06 ам доллартай тэнцэх хэмжээний үндсэн цалинг олгохоор, бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал зэргийг хууль болон тус байгууллагын журмаар зохицуулахаар гэрээний гол нөхцлүүдийг тохирчээ. /1хх 47-60, 120-127/

4.2.Нэхэмжлэгч Х.Б д 2022 оны 8 дугаар сард 3.545.118 төгрөг, 09 дүгээр сард 4.044.861 төгрөг, 10 дугаар сард 9.116.063 төгрөг, 11 дүгээр сард 4.823.062 төгрөгийн цалин хөлс олгосон болох нь түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон. /1хх 6/

4.3.Хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор тус компани гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72/21 тоот тушаалаар Ажлын цагийн тухай журам, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 69/21 тоот тушаалаар

Цалин хөлсний журам, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/44 тоот тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам-ыг тус тус шинэчлэн баталж, мөн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажилтны төлөөлөл болох Үйлдвэрчний эвлэлийн хороотой 2022-2025 оны хооронд дагаж мөрдөх Хамтын гэрээг тус тус байгуулжээ. /1хх 81-93, 2хх 130-137, 138-143, 144-150/

4.4.Нэхэмжлэгч нэмэгдэл хөлс шаардсан тул түүний цалин хөлсөд юу юу багтсныг хариуцагчаас ирүүлсэн баримт, зохигчдын тайлбараар задалбал нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнд:

-үндсэн цалин /хөдөлмөрийн гэрээний 3.а/,

-хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдэл /Цалин хөлсний журмын 14.1.2.в, Ажлын байрны тодорхойлолтын 1.8, энэ нэмэгдлийг хоног тутамд нэг цаг-аар илүү цагт шилжүүлэх замаар тооцож олгохоор журамласан/,

-уртын ээлжийн нэмэгдэл 13 хувиар /Хуулийн 92.8, Хамтын гэрээний 2.16.а, Цалин хөлсний журмын 14.5.1 буюу хуучин нэршлээр хээрийн нэмэгдэл/,

-илүү цагийн хөлс /Хуулийн 92.3+92.6 хамарсан/ зэрэг багтдаг болох нь тогтоогдож байна.

4.5.а/Нэхэмжлэгч 2022.08.25-ны өдрөөс 2022.09.24-ний өдрийн хооронд 17 өдөрт, хоногт 12 цагаар нийт 204 /17*12/ цаг ажилласан. Үүнээс ажил олгогч илүү цагийг 53 цагаар тооцохдоо 36 /204ц-168ц/ цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-д зааснаар олгосон. /1хх 108, 113/

Харин үлдэх 17 цаг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэг болоод тус байгууллагын Ажлын цагийн тухай журмын 10.1.1, 10.1.2.2, 10.1.3, Цалин хөлсний журмын 14.6.1, 14.6.3-т заасны дагуу тооцон олгосон хөлс гэдэгт маргаагүй. Өөрөөр хэлбэл уртын ээлжийн ажилтны ажилдаа ирэх, буцах цагийг ажилласан хугацаа-нд тооцохоор хуульд заасан. Түүний дагуу тус байгууллагын дээрх журмын зохицуулалтуудаар ийнхүү ажилд хүргэх, буцаах хугацаанд ногдох олговрыг үндсэн цалингаас тооцох ба энэхүү хугацааг уртын ээлжийн ажиллах ажлын өдрийн цагт оруулж тооцохгүй байхаар журамлаж, улмаар нэхэмжлэгчийн хувьд түүний ажилласан өдөр тутамд нэг цагаар тооцож /17өдөр*1 цаг/ хөлс олгосон. /1хх 108, 113, 114, 2хх 134, 141/

б/ 2022.09.25-ны өдрөөс 2022.10.24-ний хооронд 8 өдөрт, хоногт 12 цагаар, нийт 96 цаг ажилласан, үүнээс ажил олгогч дээр дурдснаар ажилдаа ирэх, буцах цагийн хугацааг ажилласан 8 хоногт 8 цагаар /8х*1цаг/ илүү цагт бодож олгосон. Энэ хугацаанд нэхэмжлэгч ээлжийн амралтаа хэсэгчилж эдэлсэн гэж зохигчид тайлбарласан. /1хх 109, 115,116, 2хх 134, 141/

в/2022.10.25-ны өдрөөс 2022.11.24-ний өдрийн хооронд 14 өдөрт, хоногт 12 цагаар, нийт 168 цаг ажилласан, үүнээс мөн адил ажилдаа ирэх буцах цагийг хоногт нэг цагаар тооцох замаар илүү цагийн хөлсийг 14 цагаар /14х*1цаг/ тооцож олгосон. /1хх 110, 117, 2хх 134, 141/

Дээрхээс үзвэл талуудын маргааны зүйл болсон илүү цагийн нэмэгдэл хөлс-өөс гадна уртын ээлжийн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан ирэх буцах хугацааг ажилласан цагт тооцох, 92.8-д заасан уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг ажил олгогч өөрийн байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тодорхой хэмжээнд зохицуулж, хэрэглэж байна. Ажил олгогчийн баталсан журмаар нэмэгдэл-ийг ажилтны ажилласан хугацаанд хамааруулж олгохоор заасан, түүний дагуу нэхэмжлэгчид уртын ээлжийн нэмэгдэл болоод хөдөлмөрийн нөхцлийн нэмэгдэл-ийг тооцохдоо зөвхөн уурхайд ажилласан хугацаанд тооцон олгосон. Түүнээс гадна нэмэгдэл-ийг нэмэгдэл хөлс-д шилжүүлэн тооцох замаар журамлаж, түүнийг баримтлан хөлсийг олгож байгаа явдал ажилтны авбал зохих цалин хөлсийг бууруулах, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл болжээ. Гэвч нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй.

5.Шүүх хууль тогтоогчийн анхны үзэл санаа, хуулийн үзэл баримтлал, хэрэгжилтийн онцлогт ач холбогдол өгөх замаар хуулийн тухайлсан хэм хэмжээнд үгчилсэн, хэл зүйн тайлбар хийхээс илүүтэйгээр системийн тайлбар өгөх замаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн хувийн хэргээс үзвэл хөдөлмөрийн харилцаанд олон талт хэлбэр бий болж байгаатай уялдуулан хуульд ажилтны ажлын цагийн горимыг тухайн ажлын онцлог, байршил, давтамж зэргээс шалтгаалан өөр өөрөөр тогтоожээ.

5.1.Хуулийн томьёоллоос харвал ердийн ажилтны ажлын цаг буюу нэг ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг гэсэн зохицуулалт үндсэн хэлбэр болох нь хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2-т зааснаар илэрхийлэгдэнэ.

Үүнд ажилтан ээлжээр ажилласан, эсхүл ажлын цагийг нэгтгэн бодсон /улирлын шинжтэй идэвхижиж явагддаг ажил үйлчилгээний төрөл, авто зам, барилга байгууламж, ургац хураалт, хадлан тэжээл зэрэг хамаарна/ эсэхээс үл хамаарч аль ч тохиолдолд суурь зарчим болгож хэрэглэх учиртай нь Хуулийн 87 дугаар зүйлийн 87.2-д заасан нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 87.3-т заасан ......ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно, 90 дүгээр зүйлийн 90.2-т заасан нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй гэж заасан томьёоллоор илэрхийлэгдэж байна.

5.2.Харин уртын ээлжийн тухайд хууль тогтоогч анхнаасаа бусад ээлжийн ажлаас илүүтэйгээр онцгойлж зөвхөн уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт байнгын шинжтэй гэрээсээ хол алслагдмал байдлаар ажилладаг онцлогийг харгалзаж тусгайлан өөрөөр хуульчилжээ. Энэ талаар анх хуулийн төслийн үзэл баримтлалын 2.6-д уул уурхай, ашигт малтмал олборлолтын салбарт гэрээсээ алслагдмал газар тогтмол хугацаанд ажил үүрэг гүйцэтгэх ажилтны ажил, амралтын цагийн дээд, доод хэмжээг хуульчлах гэж, хуулийн танилцуулгын 8-д уул уурхай, ... ажилтны ажил, амралтын цагийг тусгайлан зохицуулахаар хуулийн төсөлд тусгав гэж зааснаар илэрхийлэгдэж байна. /1хх 149 ар,151 ар/ Иймд уртын ээлж агуулгын хувьд ээлжийн ажлын тусгайлсан нэг төрөл гэж үзэхээр байна.

5.3.Хуулийн 92.3-т энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаас харвал уртын ээлжийн ажилтны хувьд мөн адил 87 дугаар зүйлийн 87.1-д заасан нэг өдрийн ажлын цагийн үргэлжлэл 8 цаг гэсэн зохицуулалт үндсэн ажиллавал зохих ажлын цагийн зохицуулалт хэвээр байна. Иймд эндээс харвал хуулиар 14 хоног ажиллахаар заасан тул уртын ээлжийн ажилтны нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг /өдөрт 8 цаг *14 хоног/ байна.

Иймд Хуулийн 87, 92 дугаар зүйлийн зохицуулалтууд тус тусдаа бие даасан ойлголт, Хуулиар уртын ээлжийн ажилтны ердийн ажиллах цаг 12 байхаар тухайн салбарын онцлогоос хамаарч зохицуулсан тул хуулийн 87 дугаар зүйлд хамаарахгүй тухай хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

5.4.Мөн илүү цагтай холбоотойгоор тус байгууллагын Ажлын цагийн тухай журмын 8.1.7, 8.1.8, 9.2.3-д заасан Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх, Цалин хөлсний журмын 14.1.2а-д уртын ээлжийн ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх тухай зохицуулалтууд Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.

Үүнээс гадна ажил олгогч хуулийн энэ зохицуулалтыг ойлгож, шинэ хууль үйлчилж эхэлсний дараа 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа нэхэмжлэгчийн өдөрт ажиллах цагийг 8 цаг+ ажлын шаардлагаар байхаар тусгажээ. /1хх 120, 124/

6.Хууль тогтоогч ийнхүү уртын ээлжийн ажил амралтын хязгаарыг 14, 14 байхаар /50:50/ тогтоохдоо нийгмийн анхдагч суурь давхрага болох гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хэрэгцээ шаардлага /гэрлэлт цуцлах зэрэг/, хүний хөдөлмөрлөх чадвар чадамжтай уялдуулж дараалан олон хоногийн турш ажилласнаар гарч болзошгүй эрсдэл /осол аваар зэрэг/-ээс сэргийлэх, мөн ажил, амралтын зохист нормыг мөрдөөгүй, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд удаан хугацаанд ажиллахад хүний дундаж наслалтад нөлөөлөх зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэх замаар практикт хэрэгжиж байсан 20,10 эсхүл 28,14 гэх мэт өөр өөрөөр хэрэглэгддэг ажил, амралтын цагийн горимыг нэг мөр болгож тогтоох зорилгыг агуулжээ.

6.1.Харин ажиллах өдрийн тоог 14 болгож багасгахтай холбоотойгоор ажилтны цалин хөлс буурах талаар хуулийн төслийг батлах явцад хөндөгдсөн, хэлэлцэгдсэн боловч уртын ээлжийн ажилтанд илүү цагийн хөлс огт олгогдохгүй, ажлын цагийн горим 168 цагаар тооцох агуулгаар шийдвэрлэсэн байдал Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, байнгын хорооны хуралдааны тэмдэглэлүүдээр тогтоогдоогүй. Харин эсрэгээрээ хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсгийг ахалсан, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил сардаа бараг 806 цаг гарч байсныг 14, 14 ажиллахад нэг сарын илүү цагийн тооцоо 200 цаг болно, өөрөөр хэлбэл илүү цаг нь 4 дахин буугаад цалин хөлсөд нөлөөлөх нь ... гэх зэргээр тэмдэглэлд тусгагджээ. /1хх 198 ар тал/

6.2.Мөн анхны өргөн барьсан хуулийн төслийн 71.3-т жасаагаар ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй, нэг сард ажиллах илүү цаг 72-с илүүгүй байна. Жасаагаар ажиллах ажилтны илүү цагийг энэ хуулийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу тооцно гэж байсныг хуулийг эцэслэн батлахдаа 92.3.Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. Гэж өөрчилжээ.

6.3.Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад О ГХОХХК-иас төсөлтэй холбоотойгоор долоон өөрчлөлт оруулах санал ирүүлснийг хүлээн авах бололцоогүй гэж шийдвэрлэсэн талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоос 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлд тусгагджээ. Тэдгээр саналын нэг нь: Уртын ээлжийн болон ээлжийн ажил гэдгийг тодорхой болгох, уртын ээлжээр ажиллуулах тохиолдолд ажлын цагийг нэгтгэн бодох замаар илүү цагийг тооцох, ердийн ажлын өдрийн цагаас илүү гарсан цагийг илүү цагаар тооцох зэргийг тодорхой болгох санал ирүүлсэн. Энэ хуулийн төслөөр ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлахаар заасан. Тэр нарийвчилсан техникийн зохицуулалт учраас түүгээрээ явчихна гэж саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа хуралдаанд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсан байна. /2хх 13-14/

6.4.Шинэчлэн батлагдсан Хөдөлмөрийн тухай хуультай уялдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/192 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цагийг нэгтгэн бодох журам-д мөн адил ажилтны ердийн ажлын цагийн үргэлжлэл болох 8 цагаас илүү гарсан цагийг хэтрүүлэн ажилласан нийт цагт тооцохоор журамлажээ.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6-д "Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж заасан нь хариуцагч уртын ээлжийн ажилтны сард ажиллавал зохих цагийг 168 цаг хэмээн өөрийн дотоод журмуудаар зохицуулах үндэслэлийг бүрдүүлжээ. Дээрх журам өөрөө агуулгын хувьд улсын хэмжээнд ажиллаж байгаа төрийн, хувийн хэвшлийн нийт ажилтанд дундаж цалин хөлсийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Харин уртын ээлжийн ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 87 дугаар зүйлийн 87.2, 84 дүгээр зүйлийн 84.2-т зааснаар ажиллавал зохих цагийг нэг сарын 112 цаг /14*8цаг/ байхаар агуулгаар нь тогтоочихсон тул энэ тохиолдолд журмыг бус харин хуулийн хэм хэмжээг хэрэглэх учиртай.

7.Хариуцагч татгалзлын нэг үндэслэлээ амрах 14 хоногт нь нөхөн шингээх байдлаар илүү цагийг нөхөн амраасан гэж тайлбарласан.

Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх дээд хязгаар 14 хоног, амрах доод хязгаар 14 хоног байхаар хуулиар тухайлан заасан. Дээр дурдсанчлан гэрээсээ алслагдмал газарт тогтмол хугацаанд кэмпэд байршиж ажилладаг, ийнхүү ажиллах явцдаа дараалсан хоёр өдрийн хоорондох амралтын цагаа ердийн ажилтантай адил өөрийн үзэмжээр зарцуулах эрх хязгаарлагдмал /кэмпээс гарах, харих боломжгүй зэргээр тухайн байгууллагын журам, дүрмээр олон төрлийн эрхийн хязгаарлалт тавигддаг/ онцлогийг харгалзаж хууль тогтоогч тусгайлан зохицуулсан тул хуулиар тогтоож өгсөн амрах хоногт нь шингээх замаар илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх учиргүй. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д дээрх хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа тэнцүү байхаар зааснаас үзсэн ч нөхөн амраасан гэж үзэх учиргүй.

Мөн хууль тогтоогч ийнхүү 14, 14 хоногоор ажиллах горимыг хуульчлан заахдаа илүү цагийг нөхөн шингээх агуулгаар хэлэлцсэн байдал хэрэгт авагдсан хуулийн хувийн хэргээс ирүүлсэн баримтаар тогтоогдоогүй. Харин ч эсрэгээрээ орон нутгийн зарим жижиг уурхай 7,7 хоногоор ажилладаг онцлогтойг харгалзаж хуулийн 92.5-д заалтыг төсөлд нэмэх замаар ажил гүйцэтгэх хугацаа, амрах хугацаа адил тэнцүү байх зарчим баримталсан талаар тэмдэглэлд тусгагдсан. /2хх 5/

8.Нэхэмжлэгч 2022 оны 9 сард 168 цаг, 10 сард 176 цаг, 11 сард 168 цаг ажилласан, нийт илүү цаг 168 цаг, нэг цагийн дундаж хөлс 35.123 төгрөг гэж тайлбарлаж 2.950.366 төгрөг шаардсан.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч 2022 оны 9 дүгээр сард нийт 204 цаг үүнээс 56 цаг /168 цагаас илүү хэсгийг тооцож олгосон/, 10 дугаар сард 96 цаг /илүү цаг байхгүй/, 11 дүгээр сард 168 цаг үүнээс 56 цаг /168-112/ тус тус илүү ажилласан хөлсийг тооцон олгоогүй байдал тогтоогдсон. Хэрэгт ирүүлсэн цалингийн задаргаагаар: хариуцагч тухайн саруудад илүү цагийн хөлсийг тооцохдоо нэг цагийн хөлсийг 9 дүгээр сард 45.563 төгрөг, 10 дугаар сард 51.864 төгрөг, 11 дүгээр сард 42.491 төгрөгөөр тооцсон байх тул шүүх дээрх зарчмын дагуу тооцох нь зүйтэй.

56 цаг * нэг цаг 45,563 төгрөг*1,5 = 3.827.292 төгрөг

56 цаг * нэг цаг 42.491 төгрөг *1,5 = 3.569.244 төгрөг, нийт 7.396.536 төгрөг байна. Гэвч нэхэмжлэгч илүү цагийн нэмэгдэл хөлс 2.950.366 төгрөг гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэв.

9.Хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх журмын тухайд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлсийг нөхөн олгуулах тухай гомдлоо анх тус компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан. Дахин 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр О ГХОХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гарсныг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гомдлыг буцаасан. Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гомдлоо гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар тэмдэглэлээр дуусгавар болгосон. Улмаар анх 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлээ гаргасныг тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2023/08879 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дахин энэ нэхэмжлэлээ 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

Түүнд 2022 оны 11 дүгээр сарын сүүлийн цалин хөлс олгосон 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан 90 хоногийн хугацаа-г тоолж эхлэх тул дээр дурдснаар холбогдох газруудад тухай бүрт гомдлоо гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. /1хх 7-8, 2хх 69-84, 111-117/

Хариуцагчаас урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн гэж үзэхгүй, өгсөн өргөдлүүд цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж тайлбарласан. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн гомдлоо гаргахдаа бичсэн огноо зөрүүтэй, хандсан байгууллагын нэршлээ буруу бичсэн байдал тогтоогдсон ч ийнхүү техникийн алдаа гаргасан явдал тухайн илүү цаг-тай холбоотой гомдлоо урьдчилан шийдвэрлүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Мөн дүүргийн гурван талт хорооны хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тэмдэглэлийг гардуулсан баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн авсан талаар баталгаажуулж гарын үсэг зурснаас харин хүлээн авсан огноо тавигдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан ... тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /2хх 181-184/

Түүнчлэн Хамтын гэрээний 2.13-д Уртын ээлжийн ажилтны ажил гүйцэтгэх 14 хоногт өдөрт 8 цагаас илүү ажилласан илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох эсэх асуудлыг Монгол Улсын Дээд шүүх энэхүү асуудлаар тайлбар гаргах хүртэлх хугацаанд Талууд хэлэлцэхгүй ба уг асуудлаар ҮЭХ-ны зүгээс аливаа хамтын болон иргэний маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй байхаар Талууд харилцан тохиролцов гэж заасан тул дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 92 дугаар зүйлийн 92.3-т зааснаар О ГХОХХК-иас нэмэгдэл хөлс 2.950.366 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63.156 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 63.156 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ