Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/ШШ2023/0017

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

“И” ХХК болон нэр бүхий

11 компанийн нэхэмжлэлтэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК, “О” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “С” ХХК

 Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

“И” ХХК-аас “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын 1 дэх заалтыг бүхэлд нь болон 2 дахь заалтын “2.4-ийг өөрчлөн найруулсан хэсэг”-ийг хүчингүй болгуулах”

“О” ХХК-аас “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.2.15, 2.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

 “А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК,  “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “С” ХХК-иудаас “Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт нэмсэн 2.2.15 дахь заалт, мөн зүйлийн 2.3.1, 2.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан хэсэг болон “Зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийн маягтын шинэчилсэн загварыг тус тус хүчингүй болгох, Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын өөрчлөн найруулсан 3 дугаар зүйлийн 3.20 дахь хэсэг, мөн журамд нэмсэн 4 дүгээр зүйлийн 4.4.9 дэх заалт болон журмын 3.4 дэх хэсгийн факс гэсэн хэсэг, 5.1.5 дахь заалтыг хассаныг тус тус хүчингүй болгуулах” маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н”, “Б”, “Х”, “М”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д”, “Л”, “А”, “Б”, “Л”, иргэдийн төлөөлөгч “Э” нар оролцов.

 

Хэргийн индекс: 221/2023/0046/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-аас “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын 1 дэх заалтыг бүхэлд нь болон 2 дахь заалтын “2.4-ийг өөрчлөн найруулсан хэсэг”-ийг хүчингүй болгуулах”

-“О” ХХК-аас “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.2.15, 2.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах”

 “А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “С” ХХК-иудаас “Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт нэмсэн 2.2.15 дахь заалт, мөн зүйлийн 2.3.1, 2.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан хэсэг болон “Зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийн маягтын шинэчилсэн загварыг тус тус хүчингүй болгох, Гаалийн Ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын өөрчлөн найруулсан 3 дугаар зүйлийн 3.20 дахь хэсэг, мөн журамд нэмсэн 4 дүгээр зүйлийн 4.4.9 дэх заалт болон журмын 3.4 дэх хэсгийн факс гэсэн хэсэг, 5.1.5 дахь заалтыг хассаныг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч “И” ХХК, “О” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд санал авахаар тухайн байгууллагын сайтад төслийг байршуулсан тул дараах 3 үндэслэлээр Гаалийн ерөнхий газрын даргад хандан "батлахаас татгалзуулах"-аар 2022 оны 12 дугаар сарын 07-нд гомдол гаргасан:

1. Санал авах хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны хэмээн заасан ч санал авах цахим хуудас нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс нээгдсэн ...нь санал авах 30 хоногийн хугацааг зөрчиж байна.

2. "…хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" хэмээн заасан Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6.-т заасан захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг дараах байдлаар зөрчиж байна:

          2.1 Согтууруулах ундаа, тамхи худалдан авах этгээдэд хязгаарлалт тогтоосон нь хуулиас давсан хэм хэмжээ бөгөөд иргэний эрхийг шууд хязгаарлаж байна.

          2.2 Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9.-д "Импортолж болох согтууруулах ундааны жагсаалтад ороогүй согтууруулах ундааг худалдах, ...-ийг хориглоно" хэмээн заасан ба манай оруулж ирж байгаа бараа нь зохих шаардлагыг хангаж байхад "энэ, энэ этгээдэд согтууруулах ундаа худалдаж болохгүй" гэсэн нь мөн хуулиас давсан хэм хэмжээ болно.

3. Захиргааны хэм хэмжээний акт нь "хүний эрх, эрх чөлөө, өрсөлдөөнийг хязгаарласан, эдийн засаг, нийгмийн болон бусад үйл ажиллагаанд саад хориг учруулсан" шинжтэй байж болохгүй талаар Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4.-т заасан байна. Дээрх өөрчлөлтөөр “эдийн засгийн хориг саад учруулж байгаа"-аас гадна "бараа худалдан авах гэсэн зорчигчийн эрхийг хязгаарлаж" байна. Гомдлыг хянаад, хангаж шийдвэрлээгүй ба журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны А/350 дугаар тушаалаар баталсныг Хууль зүй дотоод хэргийн яам 2023 оны 01 дугаар сарын 10-ны өдөр бүртгэж, 2023 оны 01 дугаар сарын 12-ны өдөр эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд оруулсан байна. Иймд дараах үндэслэлээр тус шүүхэд шууд хандаж байна:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр хэсгийн гарчиг нь "Захиргааны актад гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх журам" гэсэн ба 92 дугаар зүйлийн гарчиг ч мөн "Захиргааны актад гомдол гаргах" гэсэн байх тул Захиргааны хэм хэмжээний актад холбогдуулан гомдол гаргах талаар хуульд тусгайлан заагаагүй байна.

2. Гаалийн ерөнхий газрын даргын тушаалыг хүчингүй болгох эрхийг аль нэг субъектэд хуулиар олгоогүй байх тул дээд шатны захиргааны байгууллага байхгүй хэмээн үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "Дэд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана" гэснийг эшилж байгаа болно.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасныг мөн үндэслэж байна.

Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны А/350 дугаар тушаалын 1 дэх заалт, 2 дах заалтын “2.4-ийг өөрчлөн найруулсан хэсэг” нь Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж байгаа тул хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна:

1. Тушаалын 1.-т ‘’Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт 2.2.15 дахь заалтыг нэмсүгэй.

2.2.15.чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа” гэсэн байна. Тухайн сонсох буюу санал авах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлага хангаагүй.

2. Тушаалын 2.-т “Журмын 2 дугаар зүйлийн 2.3.1 дэх заалт, 2.4 дэх хэсгийг

дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

2.3.1.Архины зүйлс 2 литр, дарс 2 литр шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг,

сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй.

2.4.Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа болон энэ журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй” гэсэн нь дараах байдлаар хууль бус болно:

2.1 Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан ‘’Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т “зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл” гэж зааснаас гадна зорчигчийн худалдан авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ” хэмээн заажээ. Дээрхээс үзвэл зорчигч нь 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа худалдан авсан бол хялбарчилсан бүрдүүлэлт хийгээд чөлөөт бүсээс гарч болохоор байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа болон тамхи буюу онцгой албан татвар ногдох бараа худалдан авахыг хуулиар хязгаарлаагүй байна. Тэгэхээр хуулиар хязгаарлаагүй асуудлаар хязгаарлалт тогтоож буюу хуулийн дээрх хэсгийг зөрчиж байна.

2.2 Журмын хоёрдугаар зүйл нь “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх” харилцааг зохицуулах бөгөөд 2.2-т “Дараах бараа зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй” хэмээн заасан байна. 

Тэгэхээр 2.2.15-д заасан "чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж бай зорчигч нь Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.-т заасан “зорчигч" мөн байхад яагаад түүний худалдан авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийлгэхгүй болгож байгаа хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь "гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа" хэмээн хүн болон барааг нь ялгаварлаж, хууль бус үйл ажиллагаа явуулахыг шаардаж байна.

2.3. Журамд зорчигч хэмээн нэрлэсэн бол Чөлөөт бусын тухай хуульд заасан зорчигчийн эрхийг хүн эдлэх л ёстой ч эдлүүлэхгүйгээр ялгаварлан гадуурхаж байна. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6.-д заасан захиргааны хэм хэмжээний актад тавигддаг "хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэсэн шаардлагыг зөрчиж байна.

3. Монгол Улс нь Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын Конвенцод 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэгдэн орсноор дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил уг акт үйлчлэх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан. Уг конвенцын тусгай хавсралтын практик зөвлөмжид зорчигчоос импортын гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрсөн тамхи, дарс, архи болон үнэртэй ус/сүрчгийн тоо хэмжээ нь дор дурдсан хэмжээнээс багагүй байна:

(а) 200 ширхэг янжуур тамхи, эсхүл 50 ширхэг сигар, эсхүл 250 гр тамхи, эсхүл эдгээр төрлийн бүтээгдэхүүний набор, нийт жин нь 250 гр-аас хэтрээгүй байх;

(b) 2 л дарс, эсхүл 1 л архи;

(с) 1/4 л үнэртэй ус болон 50 гр сүрчиг

Гэвч дээр заасан тамхи болон согтууруулах ундаанд хамаарах журмыг тодорхой нэг насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлаж болох бөгөөд хилээр байнга нэвтэрдэг хүмүүст эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа хүмүүст хамааруулахгүй байж, эсхүл тэдэнд зөвхөн бага тоо хэмжээгээр хязгаар тогтоож болно гэжээ. Худалдан авалтыг насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хязгаарлаж болохоос өөр бусад байдлаар бүхэлд нь шууд хязгаарлаж болохгүй байна.

4. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-т зааснаар "... тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаа"-д тооцогддог. Тэгэхээр Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар чөлөөт бүсэд хязгаарлалт тогтоох нь хуульд нийцэхгүй.

5. Чөлөөт бүсийн зорилгын талаар Чөлөөт бүсийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т "тухайн бүсэд хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр экспорт, импортыг дэмжих, ...аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татах, …бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх" хэмээн заасан.  Иймд төрийн бодлогыг дэмжиж, татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зорилгоор холбогдох зөвшөөрөл авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөхөөр нэмэлт хөрөнгө оруулж, шинээр барилга байгууламж барьсан. Гэтэл худалдан авагчийг хууль бусаар буюу захиргааны аргаар цоолж, тухайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг царцааж, төрийн бодлогын эсрэг үйл ажиллагааг захиргааны байгууллага хийснийг яам хянаж үзэхгүйгээр, Захиргааны хэм хэмжээний актад оруулсан нэмэлтийг бүртгэсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл төрөөс хөрөнгө оруулалтыг дэмж эсрэгээрээ бизнесийг нь боомилж, хөрөнгө оруулагчийг хохироож байна.

6. Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаал нь Гаалийн тухай хуулийн 79 дугаар зүйлийн 79.6.4. /зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх/ 230 дугаар зүйлийн 230.1. /Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах тов байгууллагын дарга батална/-ийг тус тус эш татсан байна. Хуулийн заалт болон хэсгээс үзвэл "эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх"-ийг дарга тогтоох болохоос нэвтрүүлэхгүй байхыг тогтоох эрх олгогдоогүй байна. Тэгэхээр хуулиар тогтоогоогүй асуудлаар хориглолт тогтоожээ гэдэг нь мөн батлагдаж байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4.4.-т "эдийн засаг ...ийн үйл ажиллагаанд саад хориг учруулсан зохицуулалт агуулж байгаа эсэх"-ийг яам хянаж үзэх үүрэгтэй байна. Гэтэл уг чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл тушаалд нэрлэн заасан бараа бүтээгдэхүүн худалдан авагчийг хүчээр цөөлж буюу багасгаж байгаа шийдвэр нь худалдаанд шууд саад болж, эдийн засгийн хориг саад учруулж байна.

8. Гомдол гаргасны дараа гомдлын 1-т заасан хугацааг баримталж, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл санал авсан ба найруулгын хувьд засвар оруулсан нь шийдвэр гаргах ажиллагаа анхнаасаа алдаатай байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Иймд манай компани нь дэлгүүр ажиллуулж, орлого олдог тул худалдан авагчийг хүчээр цөөрүүлсэн уг шийдвэрээс шалтгаалж Монгол Улсын Үндсэн хуульд заасан "хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах эрх" маань зөрчигдөж байх тул түүнийг сэргээлгэхээр тус шүүхэд хандсан ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.-т заасан шийдвэр гаргуулах хүсэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага болох Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын 1 дэх заалтыг бүхэлд нь болон 2 дахь заалтын "2.4.-ийг өөрчлөн найруулсан хэсэг"-ийг хүчингүй болгож өгнө үү“ гэжээ.

3. Нэхэмжлэгч “А” ХХК-иудаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. “Гаалийн ерөнхий газрын дарга өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар A/350, A/351 тоот захиргааны хэм хэмжээний акт батлан гаргасан тухайд:

"Захиргааны Ерөнхий хуульд зааснаар Улсын Их Хурлаас баталсан хуулиар захиргааны хэм хэмжээний акт батлах эрхийг тусгайлан нэр зааж олгосон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх бүхий этгээд батлан гаргах эрхтэй байдаг. Гэвч Гаалийн ерөнхий газрын даргад Чөлөөт бүсийн асуудлаар захиргааны хэм хэмжээний акт батлах буюу журамд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх хуулиар олгогдоогүй байна. Тодруулбал:

1. Гаалийн ерөнхий газрын даргын эрх хэмжээг Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлээр тодорхойлсон. Тус зүйлийн 271.1.2 дахь заалтад "гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах" бүрэн эрхтэй гэж зохицуулсан. Гаалийн тухай хуулиар "зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх", "чөлөөт бүсийн горим"-ын асуудлыг зохицуулахдаа чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар бүхий бараанд татвар ногдуулах асуудлаар хэм хэмжээний акт батлах асуудлыг зохицуулаагүй буюу Гаалийн ерөнхий газрын даргад энэ эрх олгогдоогүй байна. Тодруулбал, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6.4, 79.6.5 дахь заалт нь гаалийн тусгай горимын төрөл байхаар хуульчлагдсан. Энэ нь Гаалийн ерөнхий газрын даргад захиргааны хэм хэмжээний акт батлах бүрэн эрхийг олгоогүй, зөвхөн гаалийн тусгай горимын төрлийг хуульчилсан байна. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 231 дүгээр зүйлд чөлөөт бүсийн горимын нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.2 дахь хэсэгт "Чөлөөт бүсийн төрөл, тавигдах шаардлага, татварын асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулна" гэснийг Гаалийн ерөнхий газрын дарга харгалзан үзээгүй байна.

2. Чөлөөт бүсэд бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах, татварын тусгай дэглэм тогтоох асуудал гагцхүү Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулагдаж, мөн хуулиар эрх олгосон этгээд энэ тухай захиргааны хэм хэмжээний акт батлах эрхтэй. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "Чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулах”-аар, Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно" гэж тус тус заасан. Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирж буй согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулах асуудлаар хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоох эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн аль ч байгууллага, албан тушаалтанд олгоогүй.

3. Чөлөөт бүсийн тухай хуулиар тухайлан гааль, татварын тусгай дэглэм тогтоож зохицуулаагүй тохиолдолд чөлөөт бүсээс гаалийн хилээр нэвтрэх онцгой албан татвар ногдох бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах эсэх нь Монголын Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаар Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх болно. Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга нь үйл ажиллагааны журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, чөлөөт бүсэд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ өөрт нь хуулиар олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Чөлөөт бүсийн тухай, Гаалийн тухай Татварын Ерөнхий хуулийг тус тус ноцтой зөрчсөн байна. Иймд Гаалийн ерөнхий газрын дарга нь өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны хэм хэмжээний акт баталсан буюу Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хуулиар тусгайлан эрх олгогдсон Захиргааны байгууллагаас..." гэх зохицуулалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Тусгайлан эрх олгосон хуулийн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан тухайд: Гаалийн ерөнхий газрын дарга нь 2022 оны А/350 болон А/351 тоот тушаалуудыг батлан гаргахдаа Гаалийн тухай хуулийг үндэслэжээ. Гэвч Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг ноцтой зөрчсөн байна. Тодруулбал:

1. Гаалийн тухай хуулийг тусгайлан эрх олгосон, чөлөөт бүсийн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль гэж үзэхгүй. Гаалийн тухай хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1.1-т "гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих", 271 дүгээр зүйлийн 271.1.1-т "гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах", мөн зүйлийн 271.1.2-т "гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах" гэсэн тушаалын үндэслэл болгосон заалтуудаас аль нь ч чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, зорчигчдод хориглолт, хязгаарлалт тогтоох үндэслэл болохгүй. Мөн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын асуудал, түүний талаар захиргааны хэм хэмжээний акт батлах эрх хэмжээг тодорхойлсон утга агуулаагүй байна. Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга нь Гаалийн тухай хуульд заасан гаалийн тусгай горимын төрлийг буруу тайлбарлан, хэрэглэж хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй шийдвэр гаргасан. Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж, тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагыг хангахгүй байна.

2. Гаалийн тухай хуулийн зорилго нь "Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх, гаалийн хяналт хэрэгжүүлэх журам, гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагыг тогтоох, гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлох, тэдгээрийн шийдвэрт иргэнээс гомдол гаргах, түүнийг гаалийн байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан буюу гол зорилго нь нэг талаас гаалийн бүрдүүлэлт хийж хяналт хэрэгжүүлэх, нөгөө талаас гаалийн байгууллагын тогтолцоо, гаалийн байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг тодорхойлоход чиглэжээ. Харин 2022 оны А/350 болон А/351 тоот тушаал нь чөлөөт бүсээс гаалийн хил руу оруулах архины зүйлс, тамхинд татвар ногдуулах зорилготой нь илэрхий байх тул захиргааны хэм хэмжээний актын агуулга, зорилго нь үндэслэл болж буй хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй байна. Тухайлбал, Гаалийн Ерөнхий газрын дарга нь хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хууль хэрэглээний хаалтын зарчмын хүрээнд тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан хууль тогтоомжийг зөрчихгүй, хориглоогүй асуудлаар хориглосон, хязгаарласан зохицуулалт оруулахгүй, хуулийн зохицуулалтыг давсан хэм хэмжээ тогтоохгүй байх ёстой. Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга нь 2022 оны А/350, А/351 тоот тушаалуудаар холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн байна.

Гурав. Хууль болон дээд эрэмбийн эрх зүйн актад нийцээгүй тухайд:

1. Гаалийн ерөнхий газрын даргын А/350 тоот тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын нэмэлт, өөрчлөлтүүд дээд эрэмбийн хэм хэмжээнд нийцээгүй байна. Тодруулбал:

а. Журмын 2 дугаар зүйлийн нэмэлт 2.2.15-т "чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа" зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй гэсэн нь тодорхойгүй байна.

b. Журмын 2 дугаар зүйлийн 2.3.1-т оруулсан өөрчлөлт "Архины зүйлс 2 литр, дарс 2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй" гэсэн нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтаар "зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэхэд тус хууль үйлчлэхгүй" гэсэн дээд эрэмбийн хэм хэмжээнд нийцээгүй, харгалзан үзээгүй зохицуулалт гэж үзэж байна.

с. Журмын 2 дугаар зүйлийн 2.4-т оруулсан өөрчлөлт "Энэ журмын 2.3.1- д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа болон энэ журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй." гэсэн нь Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт "Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно" гэснийг зөрчиж, чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орох зорчигчийг эрх зүйн байдлыг дордуулж, чөлөөт бүсийн үндсэн зорилго, үйл ажиллагааг алдагдуулсан. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно" гэснийг зөрчсөн.

2. Гаалийн ерөнхий газрын даргын А/351 тоот тушаалаар батлагдсан "Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам"-ын нэмэлт өөрчлөлтүүд хуульд нийцээгүй. Үүнд:

а. Журмын 3 дугаар зүйлийн 3.20-т оруулсан өөрчлөлт болох "Худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн болон бусад бичиг баримтыг үндэслэн чөлөөт бүсэд байх хугацаанд барааны өмчлөх эрхийг шилжүүлж болно. Өмчлөх эрхийг шилжүүлсэн барааг өөр горимд байршуулах гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ мэдүүлгийн Илгээгч/Экспортлогч хүснэгтэд бараа өмчлөх эрхийг шилжүүлж байгаа хуулийн этгээд, иргэний нэр. Хүлээн авагч/Импортлогч хүснэгтэд өмчлөх эрхийг олж авч байгаа хуулийн этгээд, иргэний нэрийг бичнэ" гэж заасан нь эрх зүйн үндэслэлгүй.

Тодруулбал, Өмчлөх эрхийг шилжүүлж болохоор зохицуулсан ч түүнийг заавал гаалийн мэдүүлгийн маягтад тусгах нь Иргэний хууль, Чөлөөт бүсийн хууль тогтоомжид нийцэхгүй, бодлого, төлөвлөлттэй уялдахгүй байна. Иргэний хуульд өмчлөх эрх шилжүүлэх асуудлыг нарийвчлан тусгасан байхад Гаалийн Ерөнхий газрын дарга өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлж, чөлөөт бүсэд хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхэд холбогдох баримтуудыг үндэслэн шилжсэнд тооцох журам баталсан үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эзэмшилд шилжүүлснээр өмчлөх эрх шилжихээр зохицуулсан байхад заавал гаалийн мэдүүлэгт тусгаж өмчлөх эрхээ шилжүүлснийг баталгаажуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан иргэний шударгаар өмчлөх үндсэн эрхийг ноцтой зөрчсөн байна. Өмчлөгч өөрийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ ноёрхлын бүрэн эрхийг эдэлж, захиран зарцуулах боломжтой, түүнд хуульд заасан хязгаарлалтаас өөр төрлийг хориг, хязгаарлалт тогтоох боломжгүй байдаг. Өдгөө манай улсад өмчлөх эрхийг шилжүүлэх асуудал нь онол, практикийн үүднээс хөдлөх эд хөрөнгийн хувьд эзэмшил шилжсэнээр өөрчлөгдсөнд тооцдог. Гэтэл нэгэнт тогтсон зохицуулалтыг өөрчилж, хуулиар олгогдоогүй асуудлаар буюу өмчлөх эрх шилжсэнийг баталгаажуулах зохицуулалт оруулсан Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэр нь илэрхий алдаатай, хууль бус байна.

b. Журмын 4 дүгээр зүйлд нэмсэн 4.4.9-т "Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 28.2, 28.5 дахь хэсэгт заасныг мөрдөж, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтыг бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд олгох" гэх өөрчлөлт Захиргааны Ерөнхий хууль болон Татварын Ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал, Татварын цахим төлбөрийн баримтын асуудал нь Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрх хэмжээ, чиг үүрэг байдаг. Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд цахим төлбөрийн баримтын асуудлыг эрхлэх бүрэн эрх хуулиар олгогдоогүй байна. Тус нэмэлт, өөрчлөлтийн зохицуулалтын агуулга нь Татварын Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Гаалийн Ерөнхий газрын дарга өөрт хуулиар олгогдоогүй асуудлаар захиргааны хэм хэмжээний актын нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлд бүхэлд нь нийцээгүй байна.

с. Журмын 5 дугаар зүйлийн 5.1.5-д "Энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт нэгээс илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулна" гэснийг хассан нь Чөлөөт бүсийн үндсэн зорилгод нийцээгүй. Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам батлах эрх хэмжээг Гаалийн ерөнхий газрын дарга хэрэгжүүлсэн байна.

Дөрөв. Бусад этгээдийн оролцоо, шийдвэр гаргах бүрэн эрхийг хязгаарласан хоёрдмол хэм хэмжээ тогтоосон тухайд: Эдийн засаг, хөгжлийн яамны албан ёсны цахим хуудас /http://med.gov.mn/post/124399/-ны "Санал авч байна" буланд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасан чөлөөт бүсийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журмыг батлах"-аар чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хүрээнд "Чөлөөт бүсэд мөрдөх нийтлэг журам", "Чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдах журам", "Чөлөөт бүсэд тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрөл олгох журам"-ын төслүүдийг боловсруулж, олон нийтээс санал авахаар байршуулсан. Уг журмын төслүүдийн агуулга нь маргаан бүхий Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 тоот тушаалаар холбогдох журмуудын нэмэлт, өөрчлөлтөөс ялгаатай байдлаар зохицуулагдсан. Гагцхүү Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд нь өөрт хуулиар олгогдсон бүрэн эрх хүрээнд чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүргээ хэрэгжүүлсэн байна. Гэвч Гаалийн ерөнхий газрын дарга нь дээрх журмын төслүүдтэй давхцуулан өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4 дэх заалтыг зөрчсөн байна. Аливаа захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны Ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д тус тус зааснаар хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын нэмэлт, өөрчлөлтүүд нь хуулиас давсан хэм хэмжээ тогтоож, хуулиар эрх олгогдоогүй асуудлаар чөлөөт бүсийн үйл ажиллагааны зорилго, үндсэн чиг үүргийг алдагдуулсан байна.

Тав. Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх процессын шаардлагыг зөрчсөн тухайд: Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын нэмэлт, өөрчлөлтүүдэд Захиргааны Ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал авсан эсэх нь тодорхойгүй буюу Эдийн засаг, хөгжлийн яам болон Татварын Ерөнхий газраас санал аваагүй байна. Дээр дурдсан захиргааны хэм хэмжээний актуудын хууль бус нэмэлт, өөрчлөлтүүд нь Захиргааны Ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт заасан нөлөөллийн шинжилгээ хийгээгүй байна. Тухайлбал, Захиргааны Ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагаа ойлгохоор заасан. Маргаан бүхий журмын нэмэлт, өөрчлөлт нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон зорчигчдод ямар эрх зүй, эдийн засгийн үр дагавар үүсгэх талаар судлаагүй байна. Дурдсан эрх зүйн хэм хэмжээг зөрчиж бүртгүүлсэн маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын нэмэлт, өөрчлөлт нь Захиргааны Ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.5 дахь хэсэг заасан "Бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд Бүртгүүлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байна" гэснийг зөрчиж, захиргааны хэм хэмжээний актын нэмэлт, өөрчлөлтийг зохих журмын дагуу процессын шаардлага хангаж боловсруулан баталж, мөрдүүлээгүй гэж үзэж байна.

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд болон Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дугаар тушаалаар "Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам"-д оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д", “Л” нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““И” ХХК, “О” ХХК-ийн Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын 1 дэх заалтыг бүхэлд нь болон "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.2.15, 2.4-ийг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т "Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална", 79 дүгээр зүйлийн 79.6.4-д "зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх", 79 дүгээр зүйлийн 79.7-т "Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам, горимын код, тухайн горимын дагуу шаардах мэдээлэл, бичиг баримтын жагсаалтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална", 230 дугаар зүйлийн 230.1-д "Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална", 271 дүгээр зүйлийн 271.1.2-д “гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах" гэж тус тус заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Журам батлах тухай" А/223 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-д Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/350 тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл энэхүү Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаал нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

1. Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т "Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"- д нийтэлнэ" гэж заасны дагуу захиргааны хэм хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулахдаа шинээр захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулахтай адил материалыг бүрдүүлэн ажилласан. Тухайлбал Гаалийн ерөнхий газар болон, харьяа гаалийн газар хороодоос гаргах захиргааны шийдвэр хувийн хэрэг хөтлөх, бүртгэх, хадгалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/218 дугаар тушаалаар "Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам", Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан. "Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал Батлах тухай аргачлалын дагуу нөлөөллийн шинжилгээ хийж захиргааны хам хэмжээний актын төслийг боловсруулан гаалийн байгууллагын customs.gov.mn цахим хуудсанд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд байршуулсан.

Энэ хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд олон нийтээс давхардсан тоогоор нийт 80 саналыг хүлээн авсан. Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 13, 18-ны өдөр хэлэлцүүлэг хийж, сонсох ажиллагаа явуулсан. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэл болохгүй. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй гэж үзсэн. Үүний тод жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/158 дугаар албан бичгээр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4511 дугаарт бүртгэгдсэн болохыг Гаалийн ерөнхий газрын даргад мэдэгдсэн үйлдэл юм. Өнөөдрийн байдлаар Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаал Захиргааны хэм хэмжээний актын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай эмхэтгэлийн 321-326 дугаар хуудсанд нийтлэгдэж, мөн оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Монгол шуудангаар түгээгдсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. 67.2 дахь хэсэгт заасны дагуу гаалийн байгууллага тушаалын хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаалаар 2.2.15 дахь хэсэгт заасан "Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа" гэж нэмэлт орсон нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааг зөөж өгснөөс бус худалдаж авах эрхийг нь хязгаарлаагүй, нэхэмжлэлд дурдсан "согтууруулах ундаа болон тамхи буюу онцгой албан татвар ногдох бараа худалдан авахыг хуулиар хязгаарласан зүйлгүй, татварын асуудлаар нэг ч үг үсэг дурдагдаагүй. Аж ахуй нэгж, иргэнийг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах, чөлөөт бүсээс бараа, авах чөлөөт бүр руу бараа оруулах эрхийг хязгаарласан эрх зүйн зохицуулалт байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Захиргааны ерөнхий хуульд Тайлбар: Гадагш чиглэсэн" гэж иргэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шаардахыг нэмсэн. Өөрөөр хэлбэл Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаал нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч “И” ХХК, “О” ХХК буюу хуулийн этгээдүүд нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн нь эсрэгээрээ бизнесийг нь боомилж, хөрөнгө оруулагчийг хохироож байна" гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

3. “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд архи согтууруулах ундаа, тамхинд илүү ач холбогдол өгсөн байна. "О" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь чухам ямар байгууллага, ямар албан тушаалтны ямар шийдвэрт маргаж буй нь энгийн нүдээр үл ойлгогдохоор байна. Учир нь "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.2.15, 2.4-ийг тус тус хүчингүй болгуулах гэж тодорхойлсон нь шүүхийг болон хариуцагчийн үл ойшоосон агуулгатай байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд архи согтууруулах ундаа, тамхинд илүү ач холбогдол өгчээ. Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т "Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх", 16 дугаар зүйлийн 16.2-т "Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь баталж болно", 16.3-т "Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй". Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Жагсаалт батлах тухай" 105 дугаар тогтоолоор чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт"-д барааны ангиллын кодоор заахдаа архи согтууруулах ундаа, тамхины төрлийн бүтээгдэхүүний зүйлийг заагаагүй. Бусад улсуудад Чөлөөт бүсийг экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дамжих гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор чөлөөт бусад шинэ үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх бодлого баримталж байна. Гэтэл манайд Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх аж ахуйн нэгжүүд зөвхөн согтууруулах ундаа худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаа нь гаалийн болон бусад албан татвар төлөгдөөгүй, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундааг их хэмжээгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулах нөхцөлийг бүрдүүлж байсан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 тушаалаар Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2 дугаар зүйлд оруулсан 2.2.15, 2.4 дэх заалтууд нь зөвхөн зорчигчийн гаалийн болон бусад татвар төлөгдөөгүй согтууруулах ундааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад хязгаарлалт оруулсан зохицуулалт бөгөөд чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хориглосон хязгаарласан, зөвшөөрлийг нь түдгэлзүүлж зогсоох зэрэг ямар ч заалт тусгагдаагүй. Цаашид чөлөөт бүсэд худалдан борлуулах согтууруулах ундааг, импортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд чөлөөт бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийлгэж, тухайн бараанд ногдуулсан гаалийн болон бусад татварыг төлж, барагдуулан гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл чөлөөт бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах, чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах эрх зүйн зохицуулалтууд нээлттэй байгаа юм. Иймд “И” ХХК, “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Д”, “Л” нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

““А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК, “О” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт нэмсэн 2.2.15 дахь заалтыг, 2.3.1, 2.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан хэсэг болон “зорчигчийн мэдүүлэг”-ийн маягтын шинэчилсэн маягтын шинэчилсэн загварыг тус тус хүчингүй болгуулах, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын өөрчлөн найруулсан 3 дугаар зүйлийн 3.20 дахь хэсэг, мөн журамд нэмсэн 4 дүгээр зүйлийн 4.4.9 дэх заалт болон журмын 3.4 дэх факс гэсэн хэсэг, 5.1.5 дахь заалтыг хассаныг тус тус  хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т "Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална", 79 дүгээр зүйлийн 79.6.4-д "зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх", 79 дүгээр зүйлийн 79.7-т "Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам, горимын код, тухайн горимын дагуу шаардах мэдээлэл, бичиг баримтын жагсаалтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална", 230 дугаар зүйлийн 230.1-д "Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална", 271 дүгээр зүйлийн 271.1.2-д “гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах" гэж тус тус заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн "Журам батлах тухай" А/223 дугаар тушаалын Нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-д Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" А/350 тушаалаар нэмэлт, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дугаар тушаалуудаар тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл энэхүү Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дугаар тушаал нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлагдсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

1. Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т "Захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан болон хүчингүй болсонд тооцсон тохиолдолд уг шийдвэрийг энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан улсын нэгдсэн бүртгэлд хөдөлгөөн хийж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"- д нийтэлнэ" гэж заасны дагуу захиргааны хэм хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулахдаа шинээр захиргааны хэм хэмжээний актын төсөл боловсруулахтай адил материалыг бүрдүүлэн ажилласан. Тухайлбал Гаалийн ерөнхий газар болон, харьяа гаалийн газар хороодоос гаргах захиргааны шийдвэр хувийн хэрэг хөтлөх, бүртгэх, хадгалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/218 дугаар тушаалаар "Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам", Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар батлагдсан. "Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал Батлах тухай аргачлалын дагуу нөлөөллийн шинжилгээ хийж захиргааны хам хэмжээний актын төслийг боловсруулан гаалийн байгууллагын customs.gov.mn цахим хуудсанд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд байршуулсан.

Энэ хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд олон нийтээс давхардсан тоогоор нийт 80 саналыг хүлээн авсан. Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 13, 18-ны өдөр хэлэлцүүлэг хийж, сонсох ажиллагаа явуулсан. Энэхүү үйлдэл нь нэхэмжлэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэл болохгүй. Учир нь Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй гэж үзсэн. Үүний тод жишээ нь А/350 дугаар тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/158 дугаар албан бичгээр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4511 дугаарт бүртгэгдсэн болохыг Гаалийн ерөнхий газрын даргад мэдэгдсэн үйлдэл юм.

2. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаалаар 2.2.15 дахь хэсэгт заасан "Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа" гэж нэмэлт орсон нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааг зөөж өгснөөс бус худалдаж авах эрхийг нь хязгаарлаагүй, нэхэмжлэлд дурдсан "согтууруулах ундаа болон тамхи буюу онцгой албан татвар ногдох бараа худалдан авахыг хуулиар хязгаарласан зүйлгүй, татварын асуудлаар нэг ч үг үсэг дурдагдаагүй. Аж ахуй нэгж, иргэнийг чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах, чөлөөт бүсээс бараа, авах чөлөөт бүр руу бараа оруулах эрхийг хязгаарласан эрх зүйн зохицуулалт байхгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар Захиргааны ерөнхий хуульд Тайлбар: Гадагш чиглэсэн" гэж иргэн, …эрх зүйн үр дагавар үүсгэсэн шаардахыг нэмсэн. Өөрөөр хэлбэл Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаал нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч “О” ХХК буюу хуулийн этгээд нь төрөөс хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн нь эсрэгээрээ бизнесийг нь боомилж, хөрөнгө оруулагчийг хохироож байна" гэж маргаж байгаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй.

3. Чөлөөт бүсийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т "Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх", 16 дугаар зүйлийн 16.2-т "Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалтыг Засгийн газар тухай бүр нь баталж болно", 16.3-т "Энэ хуулийн 10.2, 16.1.4-т заасан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараанд онцгой албан татвар ногдох бараа, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн хамаарахгүй". Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн "Жагсаалт батлах тухай" 105 дугаар тогтоолоор чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зорчигчийн худалдаж авсан 3 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааны нэр төрлийн жагсаалт"-д барааны ангиллын кодоор заахдаа архи согтууруулах ундаа, тамхины төрлийн бүтээгдэхүүний зүйлийг заагаагүй. Бусад улсуудад Чөлөөт бүсийг экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжих гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, шинэ технологи нэвтрүүлэх зорилгоор чөлөөт бусад шинэ үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх бодлого баримталж байна. Гэтэл манайд Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх аж ахуйн нэгжүүд зөвхөн согтууруулах ундаа худалдах үйл ажиллагаа эрхэлж байгаа нь гаалийн болон бусад албан татвар төлөгдөөгүй, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундааг их хэмжээгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулах нөхцөлийг бүрдүүлж байсан.

Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 тушаалаар Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2 дугаар зүйлд оруулсан 2.2.15, 2.4 дэх заалтууд нь зөвхөн зорчигчийн гаалийн болон бусад татвар төлөгдөөгүй согтууруулах ундааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад хязгаарлалт оруулсан зохицуулалт бөгөөд чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хориглосон хязгаарласан, зөвшөөрлийг нь түдгэлзүүлж зогсоох зэрэг ямар ч заалт тусгагдаагүй. Цаашид чөлөөт бүсэд худалдан борлуулах согтууруулах ундааг, импортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд чөлөөт бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийлгэж, тухайн бараанд ногдуулсан гаалийн болон бусад татварыг төлж, барагдуулан гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл чөлөөт бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах, чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах эрх зүйн зохицуулалтууд нээлттэй байгаа юм. Иймд ““А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК, “О” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч “Э”-аас гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: “Гаалийн ерөнхий газрын гаргасан тушаалыг зөв гэж үзэж байна. Монгол Улсын хэмжээнд архи, тамхины хэрэглээ маш муу нөлөө үзүүлж байна. Эрүүл мэнд болоод амьдрал ахуйг дордуулдаг учраас хязгаарлах нь зөв гэж үзэж байна. Гаалийн ерөнхий газрын даргын А/350, А/351 дүгээр тушаалаар зорчигчийн эрх зөрчигдөөгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

1. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

1.1. Нэхэмжлэгч “И” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалын 1 дэх заалтыг бүхэлд нь болон 2 дахь заалтын “2.4-ийг өөрчлөн найруулсан хэсэг”-ийг хүчингүй болгуулах,

1.2 “О” ХХК-аас “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2.15, 2.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

1.3. “А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК, “С” ХХК-иудаасГаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2 дахь хэсэгт нэмсэн 2.2.15 дахь заалт, мөн зүйлийн 2.3.1, 2.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан хэсэг болон “Зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийн маягтын шинэчилсэн загварыг тус тус хүчингүй болгуулах,

мөн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын өөрчлөн найруулсан 3.20 дахь хэсэг, мөн журамд нэмсэн 4.4.9 дэх заалт болон журмын 3.4 дэх хэсгийн “факс” гэсэн хэсэг, 5.1.5 дахь заалтыг хассаныг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

1.4. Нэхэмжлэгч нар нь шаардлагаа дээрх байдлаар ялгамжтай тодорхойлсон боловч агуулга нь Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг хүчингүй болгуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан байх тул нэгтгэж дүгнэлт өгөв.

2. Маргаан бүхий тушаалуудын агуулга:

2.1. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/350 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам[1]”-д 2.2.15 дахь заалт нэмж, 2.3.1 дэх заалт болон 2.4 дэх хэсгийг тус тус өөрчлөн найруулжээ.

Ингэснээр мөн 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.2-д “Дараах бараа зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй:” гэсэн хэсэгт

“2.2.15.чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа” гэсэн заалт нэмэгдсэн,

2.3-д “Зорчигч нь энэ журмын 2.1-д заасан бараанаас гадна дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ:” гэсэн хэсгийн “2.3.1. Архи, дарс тус бүр 2 литр, пиво 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй.” гэснийг “2.3.1. Архины зүйлс 2 литр, дарс 2 литр, шар айраг 3 литр, янжуур 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй.” гэж,

2.4-д “Энэ журмын 2.3.1-д заасан бараа 18 насанд хүрээгүй болон хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй” гэснийг “2.4. Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа болон энэ журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй” гэж тус тус өөрчлөгдөж, мөн тушаалаар “Зорчигчийн гаалийн мэдүүлэг”-ийн маягтын загварыг хавсралтаар шинэчлэн баталсан байна.

2.2. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/351 дугаар тушаалаар “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын 3 дугаар зүйлийн 3.20 дахь хэсгийг өөрчилж, 3.4 дэх хэсгээс “факс” гэснийг болон 5.1.5 дахь заалтыг тус тус хасаж, 4.4.9 дэх заалтыг нэмж тус тус өөрчилжээ.

Ингэснээр мөн даргын 2019 оны А/282 дугаар тушаалаар баталсан  “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын 3.20-д “Чөлөөт бүсэд оруулсан барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахад өмчлөх эрхийг шилжүүлж гаалийн бүрдүүлэлт хийж болно” гэснийг “3.20.Худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт болон бусад бичиг баримтыг үндэслэн чөлөөт бүсэд байх хугацаанд барааны өмчлөх эрхийг шилжүүлж болно. Өмчлөх эрхийг шилжүүлсэн барааг өөр горимд байршуулах гаалийн бүрдүүлэлт хийлгэхдээ мэдүүлгийн Илгээгч/Экспортлогч хүснэгтэд бараа өмчлөх эрхийг шилжүүлж байгаа хуулийн этгээд, иргэний нэр, Хүлээн авагч/Импортлогч хүснэгтэд өмчлөх эрх олж авч байгаа  хуулийн этгээд, иргэний нэрийг бичнэ.” гэж өөрчилсөн,

харин 3.4-д “Мэдүүлэгч 3.2, 3.3 дахь хэсэгт заасан бичиг баримтыг цахим шуудан, факс болон гаалийн байгууллагын мэдээллийн сүлжээгээр дамжуулан гаалийн байгууллагад ирүүлж болно” гэж заасны “факс” гэснийг хассан,

мөн уг журамд Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны А/102 дугаар тушаалаар “5.1.5. энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” -ын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт нэгээс илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулна” гэж нэмсэн заалт хасагдаж, 

харин “4.4.9. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 28.2, 28.5 дахь хэсэгт заасныг мөрдөж, борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтыг бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд олгох.” гэсэн заалт нэмэгджээ.

3. Нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн тайлбарын тухайд:

3.1. Нэхэмжлэгч “И” ХХК болон “О” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...  хуулиар тогтоогоогүй асуудлаар хориглолт тогтоож буюу Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн, нэмэлт, өөрчлөлт оруулсан. ... тушаалд нэрлэн заасан бараа бүтээгдэхүүн худалдан авагчийг хүчээр цөөлж буюу багасгаж байгаа шийдвэр нь худалдаанд шууд саад болж, эдийн засгийн хориг саад учруулж байна. ... Согтууруулах ундаа болон тамхи худалдан авах этгээдийг ийнхүү хязгаарласнаар худалдан авагчийн тоо эрс багасаж, дэлгүүрийн орлого эрс буурч байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заасан “эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх” зөрчигдөөд байгаа...” гэжээ.

3.2. “А” ХХК болон бусад нэр бүхий 9 компани нэхэмжлэлийн үндэслэлээ “... хариуцагч нь тусгайлан эрх олгосон хуулийн үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан, эдгээр тушаал нь хууль болон дээд эрэмбийн эрх зүйн актад нийцээгүй, бусад этгээдийн оролцоо шийдвэр гаргах бүрэн эрхийг хязгаарласан хоёрдмол хэм хэмжээ тогтоосон, захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх процессын шаардлагыг зөрчсөн ...” гэж тодорхойлсон байна.

3.3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа “... журмын дээрх заалтууд нь зөвхөн зорчигчийн гаалийн болон бусад татвар төлөгдөөгүй согтууруулах ундааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад хязгаарлалт оруулсан зохицуулалт бөгөөд чөлөөт бүсэд согтууруулах ундаа худалдан борлуулах зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан, зөвшөөрлийг нь түдгэлзүүлж зогсоох зэрэг ямар ч заалт тусгагдаагүй. ... нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Цаашид чөлөөт бүсэд худалдан борлуулах согтууруулах ундааг, импортын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд чөлөөт бүсээс дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийлгэж, тухайн бараанд ногдуулсан гаалийн болон бусад татварыг төлж, барагдуулан гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл чөлөөт бүсийн горимд байршуулсан гадаадын барааг хилийн чанадад буцаан гаргах, чөлөөт бүсээс чөлөөт бүсэд оруулах, чөлөөт бүсээс гаалийн баталгаат агуулахад оруулах эрх зүйн зохицуулалтууд нээлттэй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4. Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалуудаар дээрх журамд нэмэлт өөрчлөлт оруулсан үндэслэл, шаардлага болон баримталсан хуулийн заалтууд:

4.1. Дараах хуулийн заалтуудыг маргаан бүхий тушаалд үндэслэжээ:

Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “Гаалийн мэдүүлгийн маягтын загвар, түүнийг нөхөн бичих, шалгах зааврыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”,

79 дүгээр зүйлийн 79.6-д “Тусгай горим дараахь төрөлтэй байна: ... 79.6.4.Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх;” гэж,

79.7-д “Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хэрэгжүүлэх журам, горимын код, тухайн горимын дагуу шаардах мэдээлэл, бичиг баримтын жагсаалтыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”,

230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална”,

2681 дугаар зүйлийн 2681..1.1-д Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага “гаалийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангуулах”,

2691 дүгээр зүйлийн 2691.1.1-д Гаалийн байгууллага нь “гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих”,

2701 дугаар зүйлийн 2701.1.4-д Гаалийн байгууллага “хуульд заасан бусад эрх”,

2711 дүгээр зүйлийн 2711.1.1-д Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь “гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах”,

2711.1.2-д “гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах” бүрэн эрхтэй гэж тус тус заасан.

4.2. Хэргийн үйл баримт буюу журамд нэмэлт өөрчлөлт оруулах болсон үндэслэл шаардлагын талаар:

4.2.1. Хэрэгт авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ-2/296 дугаар албан бичгийн дагуу / 4-р хавтасны 27 дугаар хуудас/ Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаар тушаалаар “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ын 5.1 дэх хэсэгт “5.1.5. энэ журмын 5.1.1-д зааснаас гадна Гаалийн ерөнхий газрын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт нэгээс илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн  нутаг дэвсгэрт оруулна” гэсэн нэмэлт оруулжээ.

4.2.2. Эдийн засгийн хөгжлийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1101 дүгээр албан бичгээр Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зарим бараа, бүтээгдэхүүн худалдаалах зохицуулалтын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тэмдэглэлийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад танилцуулга /хэргийн 29-33/ хүргүүлжээ. 

Уг танилцуулгад “Замын-Үүд болон Алтанбулаг чөлөөт бүсээс 2020 онд 530,2 мянган литр, 2021 онд 1,16 сая литр, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 3,2 сая литр татвар ногдох орлого бүхий архи, согтууруулах ундаа татан авсны зөвхөн 4,5 хувьд нь гаалийн болон бусад татвар төлж бүрдүүлэлт хийсэн” талаар дурдаад согтууруулах ундааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулж худалдан борлуулахад зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй байдлаар зохицуулснаар татвар хураамжийг хууль тогтоомжийн дагуу төлөхөөр байгаа талаар саналыг хүргүүлсэн байна.

4.2.3. Мөн Гаалийн ерөнхий газрын танилцуулга (хэргийн 30-32 хуудас)-аас үзвэл дээрх чиглэл болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхтэй холбогдуулан чөлөөт бүсээс зорчигч гаалийн болон бусад татваргүй согтууруулах ундааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахыг зогсоох зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.

4.3. Дээрхээс үзвэл 2020 оны 102 дугаар тушаалаар дээрх журамд нэмэлт оруулсны улмаас чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа гаалийн нутаг дэвсгэрт оруулах тоо хэмжээ 2 жилийн дотор 4 дахин буюу зөвхөн 2022 оны 1 сараас 9 сар хүртэлх хугацаанд 3.2 сая литр болж эрс өссөн байх бөгөөд үүнийг зөвхөн зорчигч хувийн хэрэглээнд ашигласан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд үүнийг зохицуулах нийгмийн хэрэгцээ шаардлага бий болсон нь дээрх тоон мэдээлэл, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэлийн материаллаг хуулийн шаардлага зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

5.1. Нэхэмжлэгч “чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирж буй архи, согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулах асуудлаар хуулийн хэм хэмжээ давсан зохицуулалт бий болгосон, Татварын ерөнхий хуулийн 4.1.2, Гаалийн тухай хуулийн 2.3., 231.2-т чөлөөт бүсийн горим, татварын асуудлыг Чөлөөт бүсийн хуулиар зохицуулахаар заасан байхад Гаалийн ерөнхий газрын дарга хуулиар бүрэн эрх олгоогүй байхад хэм хэмжээ тогтоосон акт баталж, татвар тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д заасныг зөрчсөн гэжээ.  

5.2. Тушаалд баримталсан энэ хэсгийн 4.1-д заасан Гаалийн тухай хуулийн заалтуудад Гаалийн ерөнхий газрын даргад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлах талаар эрх олгосон бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д “Гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн жагсаалт, тоо хэмжээг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж тусгайлан заасны дагуу Монгол Улс 2006 онд нэгдэн орсон Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай олон улсын конвенц (цаашид Киотогийн Конвенц гэх)[2]-ийг харгалзан үзэх үүрэг хүлээсэн байна.

5.2.1. Уг Киотогийн конвенцын Тусгай хавсралт J заавар, Зорчигч. 1 дүгээр бүлгийн “6.1. Тамхины төрлийн бараа, дарс, архи болон сүрчиг” гэсэн хэсгийн Практик зөвлөмж 16-д:

“Зорчигчийн гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрсөн тамхи, дарс, архи болон үнэртэй усны тоо хэмжээ нь дор дурдсанаас багагүй байна: ... b/ 2 л дарс, эсхүл 1 л архи ... . Гэвч дээр заасан тамхи согтууруулах ундаанд хамаарах журмыг тодорхой нэг насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлаж болох бөгөөд хилээр байнга нэвтэрдэг хүмүүст, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа хүмүүст хамааруулахгүй байж, эсхүл тэдэнд зөвхөн бага тоо хэмжээгээр хязгаар тогтоож болно. Энэхүү хөнгөлөлттэй журмыг мөрдөхдөө тэдгээр бүтээгдэхүүнийг тухайн зорчигч, эсхүл түүнийг дагалдан яваа гэр бүлийн гишүүд хувьдаа ашиглаж дуусах зорилготой байх, эсхүл тэдгээрийг тухайн улсад бэлэг болгон захиран зарцуулах зорилготой байх ...” гэж заажээ. 

5.2.2. Үүнээс үзвэл Монгол Улсад үүссэн чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зорчиж буй зорчигчийн хувийн хэрэглээний зориулалтаар татваргүй худалдан авсан атлаа тухайн зориулалтаар ашиглахгүй худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулах зорилгоор “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” болон “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д “24 цагийн дотор хилээр гараад орж ирэх болон чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирэх зорчигчид хамааруулахгүй” байхаар зохицуулж журмуудад нэмэлт өөрчлөлт оруулсан нь дээрх конвенцыг зөрчөөгүй байна.

5.2.3. Мөн урьд нь хэрэгжиж байсан журамд “18 нас” гэж байсныг “21 нас” гэж өөрчилсөн нь дээрх конвенц болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21.1.1-д “21 насанд хүрээгүй этгээдэд согтууруулах ундааны зүйл худалдахыг хориглох”-оор заасанд нийцжээ.

5.2.4. Нэхэмжлэлийн үндэслэл болгосон Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “чөлөөт бүсэд мөрдөгдөх татварын тусгай дэглэмийг Чөлөөт бүсийн тухай хуулиар тогтоож, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг татварын холбогдох хуулиар зохицуулах” гэж,  Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-д “Монгол Улсын чөлөөт бүсэд энэ хуульд зааснаас өөрөөр тогтоож болно.”, 231 дүгээр зүйлийн 231.2-т “Чөлөөт бүсийн төрөл, тавигдах шаардлага, татварын асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан.

Гэтэл Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “"чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм" гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;” ойлгохоор,

 16 дугаар зүйлийн 16.1-д “Чөлөөт бүсэд татварын дараах хөнгөлөлт, чөлөөлөлт үйлчилнэ: ... 16.1.4.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.4-т зааснаас гадна зорчигчийн худалдаж авсан 3.0 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй барааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” гэж тус тус зохицуулжээ.

5.2.5. Эдгээр хуулийн зохицуулалтаас үзвэл чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зорчих зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг татвараас чөлөөлөхөөр Чөлөөт бүсийн тухай хуулийн 16.1.4-т заасан нь чөлөөт бүсийн зорилго, татварын тусгай дэглэмтэй холбоотой гэж үзэхгүй, харин  Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-д “Гаалийн нутаг дэвсгэрт оруулах дараахь барааг гаалийн татвараас чөлөөлнө: ... 38.1.4. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл” гэж заасны дагуу бүх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн болон холбогдох татвараас чөлөөлдөгтэй холбоотой тухайн заалтад тусгагдсан гэж үзэхээр байна.

5.2.6. Харин зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлээс гадна дээрх хуулийн 16.1.4-т зааснаар 3 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй барааг татвараас чөлөөлөхөөр заасан нь чөлөөт бүсийн тусгай дэглэмд хамаарна гэж ойлгохоор байна. Учир нь тодорхой зорилго, хязгаартай байдаг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн худалдаа, үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд хөгжүүлэх зорилгоор татвараас чөлөөлөх хуулийн агуулга байх боломжгүй юм.

5.2.7. Өөрөөр хэлбэл аливаа татварын хөнгөлөлт чөлөөлөлт нь тухайн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого байдаг бөгөөд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг татвараас чөлөөлөхөөр Чөлөөт бүсийн хуульд заасан явдал нь чөлөөт бүсэд тухайн эд зүйлийн худалдааг өргөжүүлэх, түүний дотор онцгой албан татвар ногдох барааны худалдааг дэмжих, чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулахыг дэмжих зорилгогүй, зөвхөн аль ч зорчигчийн хувийн хэрэглээнд зориулагдсан эд зүйлийг дээр дурдсан Киотогийн конвенци, Гаалийн тухай хуулийн дагуу үзүүлдэг татварын чөлөөлөлт бөгөөд архи, тамхины тухайд тодорхой хязгаарлалтыг тогтоож болох сонгох эрхийг мөн Конвенцын дагуу хэрэгжүүлсэн байх тул Гаалийн ерөнхий газрын даргыг хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар буюу чөлөөт бүсийн хуулиар нарийвчлан зохицуулсан асуудлаар хэм хэмжээний акт баталсан, хуулиар тогтоогоогүй татварыг тогтоосон гэж үзэхгүй, энэ талаарх Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан шаардлагыг хангаагүй гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

5.3. Нэхэмжлэлд  “хуулиар тогтоогоогүй асуудлаар хориглолт тогтоосон буюу Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөлөхөөр заасан архи, тамхинд татвар ногдуулах зорилготой нь илэрхий. ... нарийвчлан зохицуулсан хуулийг зөрчихгүй, хуулиар хориглоогүй асуудлыг хориглохгүй байх талаар заасан Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасныг зөрчсөн гэх боловч дээр дурдсанаар чөлөөт бүсийн онцлогоос шалтгаалсан чөлөөлөлт биш, Киотогийн концвенцид зааснаар байнга зорчдог зорчигчийн тухайд архи, тамхийг хувийн хэрэглээний эд зүйлд хамааруулахгүй байж болохоор заасанд нийцсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасан шаардлагыг хангасан.

5.4. “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д оруулсан 3.20 дахь заалтаар өмчлөх эрхийг шилжүүлж болохоор тусгасан ч заавал гаалийн мэдүүлгийн маягтад тусгаж өмчлөх эрхээ баталгаажуулах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний шударгаар өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэх боловч тухайн заалтын агуулга нь өмчлөх эрх шилжүүлэхийг хориглосон агуулгагүй, гагцхүү шилжүүлсэн тохиолдолд мэдүүлэгт “хүлээн авагч” болон “шилжүүлсэн” иргэний нэрийг тусгахаар өөрчилснийг тухайн тушаалд баримталсан Гаалийн тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

5.5. Нэхэмжлэгч нь мөн журмын 4.4.9-д чөлөөт бүсэд борлуулалт хийх тухай бүр цахим төлбөрийн баримтыг бараа худалдан авсан үйлчлүүлэгчдэд олгохоор өөрчлөлт оруулсан асуудал нь Татварын ерөнхий газрын эрх хэмжээ, чиг үүрэг тул Татварын ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн гэх боловч

5.5.1. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын гаалийн хууль тогтоомж нь Yндсэн хууль,Татварын ерөнхий хууль,энэ хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай, Хилийн боомтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Чөлөөт бүсийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Чөлөөт бүсэд нэвтрүүлж байгаа бараанд эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг тавина” гэж заасан, мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж, борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж зааснаас үзвэл “чөлөөт бүс” нь татварын тусгай дэглэмийн тухайд гадна орших нутаг дэвсгэрийн хэсэг боловч аливаа ажил гүйлгээний талаарх мэдээллийг бүртгэлжүүлэхээр зохицуулсан тухайн хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх тул хариуцагчийг Татварын ерөнхий газрын эрх хэмжээ, чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

6. Нэхэмжлэлийн “Захиргааны хэм хэмжээний акт боловсруулах, батлах, хэрэгжүүлэх процессын шаардлагыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

6.1. Эдийн засаг, хөгжлийн яам болон Татварын ерөнхий газрын саналыг аваагүй, нөлөөллийн шинжилгээ хийгээгүй, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид хэрхэн нөлөөлөх талаар үр дагаврыг тооцоогүй, судалгаа хийгээгүй Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 61.4, 61.5-т заасныг зөрчсөн гэжээ.

6.2. Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр оруулах журмын дээрх байдлаар өөрчлөлт оруулахад Татварын ерөнхий газраас санал авах шаардлагагүй, мөн Эдийн засаг хөгжлийн сайдын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/1101 дүгээр албан бичгээр хүргүүлсэн танилцуулгад “Замын-Үүд болон Алтанбулаг чөлөөт бүсээс 2020 онд 530,2 мянган литр, 2021 онд 1,16 сая литр, 2022 оны 09 дүгээр сарын байдлаар 3,2 сая литр татвар ногдох орлого бүхий архи, согтууруулах ундаа татан авсны зөвхөн 4,5 хувьд нь гаалийн болон бусад татвар төлж бүрдүүлэлт хийсэн” талаар дурдаад согтууруулах ундааг чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт оруулж худалдан борлуулахад зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй байдлаар зохицуулснаар татвар хураамжийг хууль тогтоомжийн дагуу төлөхөөр байгаа талаар санал ирүүлсэн байх тул энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

6.3. Хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газрын даргын А/350, А/351 дүгээр тушаалаар журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нөлөөллийн шинжилгээ хийсэн танилцуулгаар нөлөөллийн шинжилгээ хийсэн, мөн Гаалийн ерөнхий газраас дээрх журмуудын төсөлд иргэн, аж ахуйн нэгжээс санал авч байгаатай холбогдуулан санал авсан баримт (167-224 дүгээр хуудаст), гаалийн байгууллагын customs.gov.mn цахим хуудаст 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийн хооронд олон нийтээс давхардсан тоогоор нийт 80 санал гаргасан, Алтанбулаг, Замын-Үүд чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 13, 18-ны өдөр хэлэлцүүлэг хийж, сонсох ажиллагаа явуулсан, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл, хөрөнгө оруулагчдын санал, сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл  (4 дүгээр хавтасны 47-86 дугаар хуудаст)-д дурдсан баримтаар судалгаа тооцоо хийсэн, аж ахуйн нэгжүүдийн саналыг авсан байна.

6.4. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн  6-1/75 дугаар лавлагааны хуудаснаас үзвэл  маргаан бүхий А/350, А/351 дүгээр тушаалаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг захиргааны хэм хэмжээний актуудыг улсын нэгдсэн бүртгэлд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.5-д “Бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байна” гэж заасныг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

6.5. Энэ хэсгийн 5.2-д зааснаар чөлөөт бүсийн тусгай дэглэм, онцлогт хамаарахгүй Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд Киотогийн конвенци, Монгол Улсын хуулийг хэрэгжүүлж, тодорхой хязгаарлалтыг оруулсан нь чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгч аж ахуй нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд чиглээгүй байна.

6.6. Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл иргэдээс гаргасан саналыг заавал тусгахыг захиргааны байгууллагад үүрэг болгоогүй байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан процессын журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

7. Иймд дээрх үндэслэлүүдээр Гаалийн ерөнхий газрын дарга нь Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам, Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журамд маргаан бүхий тушаалуудаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хууль зөрчөөгүй, хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд захиргааны хэм хэмжээний актад тавигдах хууль зүйн болон процессын шаардлагыг хангаж, нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн, тухайн заалтуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгч компаниудаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 55 дугаар зүйлийн 55.5, 79 дүгээр зүйлийн 79.6, 79.7, 230 дугаар зүйлийн 230.1, 2681 дугаар зүйлийн 2681..1.1, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1, 2701 дугаар зүйлийн 2701.1.4, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2, Чөлөөт бүсийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6, 61 дүгээр зүйлийн 61.2, 61.4, 61.5-д заасныг тус тус баримтлан “Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350 дугаар тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-д оруулсан нэмэлт өөрчлөлт болон А/351 дугаар тушаалаар “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д нэмэлт өөрчлөлт тус тус оруулсныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “И” ХХК болон нэр бүхий 11 компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, “О” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, “А” ХХК, “А” ХХК, “А” ХХК, “Б” ХХК, “Б” ХХК, “П” ХХК, “Т” ХХК, “Т” ХХК, “Э” ХХК-иудын (хамт) улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг, “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

 

[1] Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл 2019.12.20-№37-д нийтлэгдсэн.

[2] Төрийн мэдээлэл 2017.03.28 Тусгай дугаар №12-т нийтлэгдсэн.