Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0587

 

 

 

 

 

 

С.Баяржаргалын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч С.Баяржаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Баяржаргалын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 498 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасныг баримтлан “Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч С.Баяржаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:  “...Миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Хүний нөөцийн хөгжил, эмнэлэгийн мэргэжилтэний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд хэвээр хадгалагдаж үлдсэн нь дараах байдлаар харагддаг. Би 2012 оны 05 дугаар сараас хойш нийслэлийн Эрүүл мэндийн газрын болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудын “хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах албан тушаалтны үүргийг гүйцэтгэж байсан. Гэтэл намайг ажлаа хүлээлгэн өгөөгүй байхад буюу 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/123 дугаар тушаал гарч Б.Одгэрэлд дээрх ажлыг шууд шилжүүлсэн байдаг. Миний бие ажиллаж байх хугацаандаа жилдээ 6-7 удаа захиргааны болон иргэний хэргийн шүүхэд байгууллагыг төлөөлж бүх шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Энэ захиргааны хэрэгт ч гэсэн Б.Одгэрэл байгууллагыг төлөөлөн оролцож байгаагаас үзэхэд байгууллагыг хууль, шүүхийн өмнө төлөөлөх бүрэн эрх түүний ажлын байранд шилжсэн болох нь харагдаж байна. Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг өөрийн болон харьяа байгууллагуудад зохион байгуулах, хэрэгжилтийг хангуулах, тайлагнах ажлыг миний бие гүйцэтгэж байсан бөгөөд харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү чиг үүргийг одоо хэн нэгэн албан тушаалтан хэрэгжүүлэх шаардлага байхгүй болсон мэтээр шүүх хуралдаанд тайлбарласан. Гэвч Нийслэлийн эрүүл мэндийн газрын хэмжээнд хэн нэгэн мэргэжилтэн дээрх ажил үүргийн хуваарийг заавал шилжүүлэн авч үргэлжлүүлэн ажиллахгүйгээр Нийслэлийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй. Миний бие Нийслэлийн Эрүүл мэндийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтэний ёс зүйн салбар хорооны орлогч даргаар ажиллаж байсан, одоо Б.Одгэрэл гүйцэтгэж байгаа. Түүнчлэн хариуцагчийн зүгээс миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн талаар шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй, хариу тайлбараараа үгүйсгэж чадаагүй байтал анхан шатны шүүх “нэхэмжлэгчийн эрхэлж байсан хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний орон тоо хасагдсан нь болон уг албан тушаалын чиг үүрэг хэвээр үлдээгүй болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ”, мөн хуулийн 34.2 дахь хэсэгт “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ” гэсэн заалтыг илтэд зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 603 дугаар захирамжаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын орон тооны дээд хязгаарыг 53 орон тоогоор баталсан. Харин Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/786 дугаар захирамжаар 50 болгож бууруулсан. Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар нэр бүхий 5 ажилтанг орон тооны цомхотголооор ажлаас чөлөөлснөөр газрын дарга нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “Чиглэл хүргүүлэх тухай” 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 03/3062 дугаар албан бичигт дурдсан “Гадаад харилцаа, ...Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, ......Газрын даргын туслах...” гэсэн орон тоог тусгайлан батлахгүй байх талаар чиглэл өгсөөр байтал тус газрын даргын “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” 2016 оны А/111 дүгээр тушаалын хавсралтын “Захиргаа, төлөвлөлт хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс” гэсэн хэсэгт “гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоотой ажиллахаар баталж өгсөн атлаа “хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоон дээр ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч болох иргэн миний хууль ёсны эрх, ашгийг хөндсөн, хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д  “...аливаа захиргааны байгууллага нь шийдвэр гаргахдаа .... дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх ....” хуулийн заалтыг зөрчсөн. Гэтэл шүүх төрийн байгууллагын гаргасан илтэд хууль бус шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй байна гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болжээ. Анхан шатны шүүх мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсэгт заасанчлан “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн...” гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байгаа болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Баяржаргал нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан баталгаагаар хангагдаж урьд эрхэлж байсан ажлын байрны тодрхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.

Маргаан бүхий тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасантай нийцсэн, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт  хийжээ. Тодруулбал,

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д “дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрснөөр үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох” гэж зааснаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага нь батлагдсан төсөв, бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох эрхтэй, тухайн байгууллагын чиг үүрэг, зорилгод нийцүүлэн ямар албан тушаал бий болгох, ямар зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, эдгээр чиг үүргүүд хоорондоо давхцахгүй байхаар хуваарилан тогтоох нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал болно.

         Нэхэмжлэгч нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Бүтэц, орон тоо, үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн батлах тухай” А/111 дүгээр тушаалтай маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул  “А/111 дүгээр тушаалын хавсралтын “Захиргаа, төлөвлөлт хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс” гэсэн хэсэгт “гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоотой ажиллахаар баталж өгсөн атлаа “хууль эрх зүй, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн” гэсэн орон тоон дээр ажиллаж байсан миний хууль ёсны эрх, ашгийг хөндсөн, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан” гэх нэхэмжлэгчийн гомдолд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтний албан тушаалын чиг үүрэгт хадгалагдан үлдсэн нь нотлогдоогүй төдийгүй уг ажлын байр бүтцийн өөрчлөлт хийгдэхээс өмнө байсан тул хариуцагч нь нэхэмжлэгч С.Баяржаргалыг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээхгүй.

Хүний нөөцийн хөгжил, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцсан мэргэжилтэн нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэж байсан байгууллагыг хууль, шүүхийн өмнө төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтэний ёс зүйн салбар хорооны орлогч даргаар ажиллаж байгааг Хууль эрх зүй, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг шилжсэн, хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэл болж чадахгүй.

Иймд нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн албан хаагчийн баталгаагаар хангагдах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй бөгөөд тэрээр хуулийн 27.2.4-т заасан тэтгэлэг авах баталгаагаар хангагдсан, мөн зүйл хэсэгт заасан бусад баталгаагаар хангаагүйтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа үндэслээгүй тул дүгнэлт өгөөгүйг дурьдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан “хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн” тухай гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 498 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА

                  ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН