Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0219/З |
Дугаар | 169 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 169
П.Н, Ж.И, Ж.Т нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн
ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ү-2201021578 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Я.Н-ийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г-ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Г” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 251 тоотод байрлах Ү-2201021578 дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т, П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0046 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К,
Гуравдагч этгээд: Ж.П, гуравдагч этгээд Г.М, Н.Д, М.Д, М.А нарын өмгөөлөгч Б.Б, “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ү-2201021578 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Я.Н-ийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г-ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Г” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны 251 тоотод байрлах Ү-2201021578 дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т, П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэгч П.Н, Ж.И, Ж.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0046 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, шүүх хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглээгүй, хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх зарчим зөрчигдөж, хууль ёсны бус шийдвэр гарсан гэж үзэж дараах үндэслэл бүхий гомдлоо гаргаж байна.
4. Шүүх хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглээгүй тухайд. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ “...2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын худалдах, худалдан авах гэрээг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэхдээ ... улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалтад заасан “...өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна” гэсэн хуулиар үүрэг болгосон процесс ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хөндөгдсөн тухай хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүй юм.
5. Мөн Я.Н-с гуравдагч этгээд “М” ХХК, “Г” банк, Д нарт мөн 3 удаа өмчлөх эрх шилжүүлэн бүртгэхдээ бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “эрхийн улсын бүртгэлийг хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөнийг буруутгаагүйг шүүх мөн хэрэглэх ёстой хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзнэ.
6. Учир нь, маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрх Я.Н-с гуравдагч этгээд Г-д, Г-ээс Д нарт 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шилжихдээ уг үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөх эрх шилжсэнтэй холбоотой маргаан бүхий шүүхийн шийдвэр 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарсан бөгөөд үүнийг бүртгэлийн байгууллага мэдсэн юм. Энэ тохиолдолд бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6, 14.1, 14.1.5, 14.1.9 дэх заалтуудын дагуу уг маргаантай эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой дараа дараагийн бүртгэлүүдийг зогсоож, бүртгэл хийхээс татгалзах үүрэгтэй юм.
7. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага дээрх маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой шилжүүлэх хийхдээ хуулийн дээрх заалтуудыг ноцтой зөрчиж хийсэн тул маргаан бүхий эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой бүртгэлүүд хүчингүй гэж үзэх үндэстэй тул шүүх энэ талаарх хуулийн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.
8. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн Ж.П-д олгосон итгэмжлэл, түүний гарын үсэг хуурамч эсэхийг шалгах үүрэг бүртгэлийн байгууллагад олгогдоогүй гэж дүгнэж байгаа нь шүүх хуулийн хэм хэмжээг буруу тайлбарласан гэж үзнэ.
9. Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт мэдүүлэг хүлээн авах журмыг журамласан төдий 3.6 дахь заалтад “гэрээг бүртгүүлэхээр мэдүүлж буй тохиолдолд өмчлөгч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг улсын бүртгэгч шалгаж, гарын үсэг зуруулан иргэний үнэмлэхийн хуулбарлуулан авч хавсаргана” гэж журамласан байхад шүүх ямар ч хууль, дүрэмд үндэслэхгүйгээр дүгнэлт хийснийг Дээд шүүх анхааралдаа авахыг хүсч байна.
10. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
12. Учир нь, анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэсэн хуулийн хугацааг зөрчжээ...” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь, харин давж заалдах шатны шүүх “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.
13. Түүнчлэн, нэхэмжлэгч нараас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1592 дугаар шийдвэрээр Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн тул улсын бүртгэлийн өөрчлөлтүүдийг хүчингүй болгуулж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэхийг даалгуулахаар маргасан байхад анхан шатны шүүх “бүртгэл хууль зөрчөөгүй тул өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны, улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх хязгаарлагдсан, зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж буй нь буруу байна. Учир нь, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Ж.П-с Я.Н-д шилжүүлсэн 2010 оны бүртгэл нь тухайн үедээ хууль ёсны байсан байж болох ч /хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн, бүрдүүлсэн баримт болох итгэмжлэл болон гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг хариуцагч захиргааны байгууллага мэдээгүй, мэдэх боломжгүй тул/ хожим нь шүүхийн шийдвэрээр тухайн бүртгэлийн үндэслэл болсон “орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус”-д тооцогдсон байхад буюу хууль ёсны гэж байсан бүртгэл нь хууль бус болсон гэж шаардаж байхад “бүртгэл хууль ёсны хэвээр байна” гэсэн агуулгаар дүгнэж байгаа нь үндэслэлгүй.[1]
14. Гэхдээ нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1592 дугаар шийдвэрийг гарснаас хойш түүнийг үндэслэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхээ сэргээлгэх талаар улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй, харин хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан /зөрчигдсөн эрхээ хамгаалуулах өөр арга замыг сонгосон/, энэ цаг хугацаанд маргаан бүхий орон сууцны бүртгэл нь гуравдагч этгээд нарын хооронд хэд хэдэн удаа дамжин шилжиж өмнөх өмчлөгч нарын эрх нь дуусгавар болж, шинэ өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан[2] байхад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу маргаан бүхий анхны бүртгэл хийгдсэнээс хойш 10 жил, дээр дурдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарснаас хойш 5 жилийн дараа шүүхэд хандаж байгаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар; 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж; Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус журамласан,[3] гэтэл маргаан бүхий 2010 оны бүртгэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шийдвэрийг захиргаа биш шүүхээс гаргасан тул захиргаанаас мэдэгдэх тухай ойлголт байхгүй, харин нэхэмжлэгч нар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагч захиргааны байгууллагад хандах эрхтэй байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн гомдолд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 7/350 дугаар албан бичгээр хариу өгснийг “урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж үзэхгүй.
16. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгад дүгнэлт өгөх шаардлагагүй.
17. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/МА2018/0046 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан П.Н, Ж.И, Ж.Т нарын “Ү-2201021578 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Я.Н-ийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г-ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Г” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгуулж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 251 тоотод байрлах Ү-2201021578 дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т, П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611184132 тоот дансанд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
[1]Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжтой байдаг.
[2] Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно.
[3] Маргаан бүхий бүртгэлийн тухайд 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор.