Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 531

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Х.Б, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 945 дугаар магадлалтай, Х.Б-д холбогдох 1802002840175 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй З овогт Х-гийн Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, 3.4-т зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ...3 дахь хэсгийн 3.4-т зааснаар...” гэж шийдвэрлэсэн техникийн шинжтэй алдааг хасаж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнсэн харгалзсан хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй” гэж залруулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг гаргасан эсэргүүцэлдээ “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор нь яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргахад түүнийг яллагдагчаар татсан зүйл анги нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль заалтад хамаарч байгаа болох, түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт заасан ялыг хэрхэн хуульд зааснаас доогуур хөнгөрүүлэх боломжтой болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журам, ач холбогдлын талаар танилцуулсан байхыг шаардсан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт хяналт тавихдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, хэрэв дээрх нөхцөл байдал тогтоогдож байвал хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлэхийг заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх Х.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг зарлаж улмаар хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шүүгдэгчээс дахин лавлан нягталсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байна. Прокуророос энэ зүйлд заагаагүй тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр яллагдагчид танилцуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай зөрчилдсөн байна” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шүүх шууд ялтай холбон ойлгож байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Х.Б-гээс давж заалдах гомдол гаргасан нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж,... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэх боломж давж заалдах шатны шүүхэд байсан. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй талаар хуульчилсан заалт огт байхгүй байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ “хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлсэн тохиолдолд шүүгдэгч нь давж заалдах эрхгүй” талаар гомдол гаргасан шүүгдэгч Х.Б-д анхааруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. Учир нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан. Прокурор хэрэгт хяналт тавихдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаж, дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулсан байна. Яллагдагч мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журамтай танилцаж, оногдуулах ял, хүлээх хариуцлагыг ойлгон ухамсарласны эцэст өөрөө бичгээр хүсэлт гаргаж өгснөөр прокурор энэ талаар зөвхөн санал гаргаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх прокурорын гаргасан саналын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэжээ. Яллагдагчийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ тохирсон ял болон албадлагын арга хэмжээг сонгох эрх байхгүй, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ талаар хүсэлт гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хүндэдсэн, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээж авч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэхийн ач холбогдол, энэ хуулийн үзэл баримтлал алдагдахад хүрч, энэ хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналаа яллагдагч Х.Б-д танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-г Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Х.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж тодорхой заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн 5.2, 7.2 дугаар зүйлд тус тус тодорхойлон тогтоосон ял, албадлагын арга хэмжээний төрлийн аль алинд нь хамаарахгүй, энэ хуульд тусгайлан зохицуулсан тэнсэх саналыг прокурор яллагдагчид танилцуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Х.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “торгох ял шийтгэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 376 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 945 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН