Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1889

 

О.О , О.A нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01821 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.О , О.A нарын хариуцагч “Ч”  ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 32 000 000 төгрөг гаргуулж, түрээсийн байрны түлхүүрийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн О.О  түүний охин О.A нар 2015 оноос эхлэн “Ч” ХХК-д өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо сөүлийн гудамж, 61 дүгээр байрны 26 тоот, 55 м.кв талбайтай, Ү-2203000213 улсын бүртгэлтэй, мөн байрны 27 тоот, 46 м.кв талбайтай, Ү-2203001106 улсын бүртгэлтэй байруудыг үйлчилгээний зориулалтаар “Ч”  ХХК-д түрээслүүлж ирсэн. Талууд 2015 онд түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч “Ч”  ХХК-ийн захирал Ч.Ц-ын хүсэлт, гуйлтаар түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулан багасгаж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг шинэчилж, сар бүрийн түрээсийн төлбөрийг 6 000 000 төгрөг, мөн зуны улиралд ашиглах гадна талбайн түрээсийн төлбөрийг 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад сар бүр 2 000 000 төгрөг байхаар тохиролцож гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан.

Түрээслүүлэгч талаас 2017 оны 11 дүгээр сараас түрээсийн хугацааг сунгах боломжгүй гэсэн мэдэгдлийг түрээслэгч “Ч”  ХХК-д удаа дараа өгөхөд “Ч”  ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээ цуцлах боломжгүй байна, түрээсийн гэрээг гурван жилийн хугацаагаар сунгах санал ирүүлэхэд нь түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийг бага зэрэг нэмэгдүүлэх саналыг хүлээж авсан атлаа гэрээ хийхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар 2018 оны 7 дугаар сар дуустал төлбөрөө төлж ирсэн бөгөөд 8 дугаар сараас нь төлбөрөө төлөхөө больсон. “Ч”  ХХК-ийн захирал Ч.Ц-тай удаа дараа ярихад утсаа авахгүй байсан.

Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр О.О  миний таньдаг хүн танай байрыг хүмүүс буулгаж байна гэсэн мэдээллээр ирэхэд 6-7 хүн түрээсийн байрны дотор гадна талбайг нурааж байсан. Тэдгээр хүмүүсээс яагаад нурааж байгаа талаар асуухад Ч.Цогтбаяр захирал мэднэ гэж хэлсэн. Тухайн үед цагдаад дуудлага өгөхөд тэд бүгд зугтаасан. “Ч”  ХХК нь бидний байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж ашиг олж, хоолоо залгуулчихаад байрнаас гарсан талаараа огт мэдэгдээгүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тэр бүү хэл дотор гадна талбайг эвдэж сүйтгэсэн, одоо байрны дотор талыг ямар байдалтай болсныг бид мэдэхгүй, байрны түлхүүрийг ч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. “Ч”  ХХК-ийн захирал Ч.Ц-аас түрээсийн байрны түлхүүр өгөхийг утсаар удаа дараа шаардаж, түүний 88880987 дугаартай утсанд нь мессэж бичихэд хүнээр явууллаа гээд удаа дараа худал хэлж тоглоом тохуу хийж доромжилж байна. Бид уг байрыг анх түрээслэхдээ л байрандаа засвар, өөрчлөлтийг хийж Нийслэлийн хот байгуулалт газрын харилцааны газраас зохих зөвшөөрлийг авч орон сууцны зориулалтыг өөрчлөн тохижуулсан засварын ажлыг хүлээн авах комисс 269/01 тоот акт үйлдэж хүлээж авсан тул бид тухайн байрыг бусдад түрээслүүлэхдээ дахин зөвшөөрөл авах шаардлагагүй. Иймд түрээслэгч “Ч”  ХХК-аас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт 30 000 000 төгрөг, зуны 4 сарын 2 000 000 төгрөг, түрээсийн төлбөрт нийт 32 000 000 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрны түлхүүрийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ч”  ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээнүүдийн дагуу Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх сөүлийн гудамжинд байршилтай 61 дүгээр байшинд Зоогийн газар, паб, лоунжны чиглэлээр ажиллаж ирсэн.

2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд манай түрээсэлж байсан газар нь газарт орсон. “Э” ХХК бидэнд мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгсний дараа сөүлийн гудамжинд байршилтай 61 дүгээр байрны хагасын оруулаад хашаа хатгасан тул бид 2018 оны 10 дугаар сарын сүүл хүртэл ажилласан бөгөөд 11 дүгээр сараас ажиллаагүй, нэхэмжлэгч нарын байранд бид өөрсдөө засвар хийж орсон, 2015 оноос хойш гадна талын талбайд зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байгаа, мөн татвар төлсөн байх ёстой, түрээслүүлэгч нар татвар төлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв татвар төлж байсан баримт, өргөтгөлийн зөвшөөрөл байсан бол бид түрээсээ бүрэн төлнө. Бид 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрсдийн тохижуулсан эд зүйлээ буулгаж авсан. Энэ хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2015 онд 49 500 000 төгрөг, 2016 онд 94 000 000 төгрөг, 2017 онд 80 000 000 төгрөг, 2018 онд 48 000 000 төгрөг, нийт 271 500 000 төгрөг төлсөн.

Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо сөүлийн гудамж 61 дүгээр байшин нь Төв шуудангийн чанх урд байрлалтай орон сууцны зориулалттайгаар 1950 оны үед баригдсан L хэлбэртэй хуучны барилга бөгөөд энэ байшинг нураан шинэ барилга барих зориулалтаар 2016 оноос “Э” ХХК худалдан авч эхэлсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сард “S” ресторантай залгаа хэсгийг Нийслэлийн Захирагчийн албаны шийдвэрийн дагуу бүрэн буулган манай байгууллагыг үйлчилгээ явуулах боломжгүй болгосон тул бид үйл ажиллагаагаа зогсоосон. Иргэн О.О  нь энэ байдлыг сайн мэдэж байсан боловч гэрээний гол нөхцөл болох үйлчилгээ явуулах боломж нөхцөлийг огт хангаж өгөөгүй. О.О  Нийтийн эзэмшлийн талбайг бидэнд түрээсэлж 2015 оноос 2018 оны хооронд 31 500 000 төгрөгийн ашиг олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Бид дээрх үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон үйл явдал, түрээсийн гэрээгүй болсон, нийтийн эзэмшлийн талбайд төлөх ёсгүй төлбөрийг төлж ирсэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийсний үндсэн дээр 2018 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 32 000 000 төгрөгийг гаргуулах, байрны түлхүүр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: .Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар “Ч”  ХХК-аас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 32 000 000 /гучин хоёр сая/ төгрөгийг уг байрны түлхүүрийн хамт гаргуулж О.О , О.A нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О , О.A нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ч”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 388 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Ц давж заалдах гомдолдоо:

… Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Манай компани нь сөүлийн гудамж 61 дүгээр байрны 26, 27 тоотыг нийтийн хоолны зориулалтаар 2015 оноос эхлэн 2018 оны 8 дугаар сар хүртэл ашиглахдаа иргэн О.О д нийтдээ 280 354 000.007 төгрөг төлж ажилласан бөгөөд энэ дүнгийн 29 000 000.007 төгрөгийг тус 26, 27 тоот байрны гадна талбайг ашигласны төлбөрт төлсөн.

Бид 2015 оноос 2018 оны хооронд түрээс төлж ажиллахдаа хууль эрх зүйн мэдлэг дутмагаас иргэн О.О д эрх бүхий байгууллага болох нийслэлийн газрын албанаас олгодог нийтийн эзэмшлийн талбайг эзэмших ашиглахад олгодог гэрчилгээ, тухайн газрыг эзэмших ашиглах гэрээ зэрэг баримт бичиг хууль ёсны эрх байгаа эсэхийг үзэлгүйгээр түрээсийн гэрээ байгуулан ажиллаж иргэн О.О д хууль бусаар хөрөнгөжих бололцоо олгож иржээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ энэ талаар анхааралгүй орхигдуулж нийтийн эзэмшлийн талбайг ашиглахтай холбогдох маргааныг захиргааны байгууллагаас тодруулга авсны үндсэн дээр Захиргааны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой журмыг зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                    ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч О.О , О.A нар нь хариуцагч Ч ХХК-аас  түрээсийн гэрээний үүрэгт 32 000 000 төгрөгийг, түрээсийн байрны түлхүүрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч О.О , О.A нар нь хариуцагч “Ч”  ХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, өмчлөх эрхийн Ү-2203000213 улсын бүртгэлийн дугаартай Сөүлийн гудамж, 61 дүгээр байрны 26 тоот 55 м.кв болон 27 тоот 46 м.кв талбай бүхий байруудыг үйлчилгээний зориулалтаар сарын 6 000 000 төгрөгөөр, зуны улиралд гадна талбайг ашигласны хөлсийг сар бүр 2 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцож, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, гэрээний хугацаа дууссанаас хойш хөлслөгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийг бүрэн төлсөн үйл баримтын тухайд талууд маргаагүй.

 

            Түрээсийн байрны орчны газар буюу S ресторантай залгаа хэсгийг Нийслэлийн Захирагчийн албаны шийдвэрийн дагуу чөлөөлж, үйлчилгээ явуулах боломжгүй болгосон тул 2018 оны 10 дугаар сарын сүүл хүртэл ажиллаад 11 сараас үйл ажиллагаагаа зогсоосон гэж хариуцагч тайлбарласан боловч түрээсийн байрыг суллаж, түлхүүрийг түрээслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрч байна.

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн ба мөн зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журмыг нэгэн адил үйлчилнэ.

 

            Зохигчдын тайлбар, хэргийн нөхцөл байдлаас үзвэл гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч “Ч”  ХХК нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байсан, хөлслүүлэгч татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзнэ.

 

            Түүнчлэн 2018 оны 11 дүгээр сараас ашиглах боломжгүй болсон гэж хариуцагч тайлбарласан боловч тэрээр эд хөрөнгийг хөлслүүлэгчид хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдож байна.

 

Иймд хөлслөгч нь эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан гэж үзэх бөгөөд хөлслүүлэгч  хожимдуулсан хугацааны турш буюу 2018 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх 5 сарын хугацааны гэрээний төлбөр 30 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй талаар дүгнэж шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.

 

            Талууд орон сууцны орчны буюу түрээсийн байрны гаднах талбайг зуны улиралд ашиглахаар тохижуулж, хөлсийг 2 000 000 төгрөгөөр тогтоон, хөлслөгч нь уг төлбөрийг гэрээний хугацаанд маргаангүйгээр төлж байсан, улмаар 2018 оны 10 дугаар сарыг дуустал үйл ажиллагаа явуулснаа хариуцагч тайлбарласан тул орон сууцны гаднах нийтийн эзэмшлийн талбайг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг олох зориулалтаар түрээсэлсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг хүлээн авах боломжгүй, 2018 оны 7 дугаар сараас хойших нэг сарын хугацааны төлбөр 2 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2019/01821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ