Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2019/01821

 

2019 оны 09 сарын 17 өдөр    Дугаар 181/ШШ2019/01821   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: О.О,

            Нэхэмжлэгч: О.А нарын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ч ХХК -д холбогдох,

            түрээсийн гэрээний үүрэгт 32.000.000 төгрөг гаргуулж, түрээсийн байрны түлхүүрийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч Н.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Иргэн О.О түүний охин О.А нар 2015 оноос эхлэн Ч ХХК-нд өөрсдийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо Сөүлийн гудамж, 61 дүгээр байрны 26 тоот, 55 м.кв талбайтай, Ү-2203000213 улсын бүртгэлтэй, мөн байрны 27 тоот, 46 м.кв талбайтай, Ү-2203001106 улсын бүртгэлтэй байруудыг үйлчилгээний зориулалтаар Ч ХХК-д түрээслүүлж ирсэн.

            Талууд 2015 онд түрээсийн гэрээ байгуулсан. Түрээслэгч Ч ХХК-ийн захирал Ч.Цогтбаярын хүсэлт, гуйлтаар түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулан багасгаж 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг шинэчилж, сар бүрийн түрээсийн төлбөрийг 6.000.000 төгрөг, мөн зуны улиралд ашиглах гадна талбайн түрээсийн төлбөрийг 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудад сар бүр 2.000.000 төгрөг байхаар тохиролцож гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм.

            Түрээслүүлэгч талаас 2017 оны 11 дүгээр сараас түрээсийн хугацааг сунгах боломжгүй гэсэн мэдэгдлийг түрээслэгч Ч ХХК-д удаа дараа өгөхөд Ч ХХК-ийн зүгээс түрээсийн гэрээ цуцлах боломжгүй байна, түрээсийн гэрээг гурван жилийн хугацаагаар сунгах санал ирүүлэхэд нь түрээслүүлэгч талаас түрээсийн төлбөрийг бага зэрэг нэмэгдүүлэх саналыг хүлээж авсан атлаа гэрээ хийхгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар 2018 оны 7 дугаар сар дуустал төлбөрөө төлж ирсэн бөгөөд 8 дугаар сараас нь төлбөрөө төлөхөө больсон. Ч ХХК-ийн захирал Цогтбаяртай удаа дараа утсаар ярихад утасаа авахгүй байсан.

            Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Оюумаа миний таньдаг хүн танай байрыг хүмүүс буулгаж байна гэсэн мэдээллээр ирэхэд 6-7 хүн түрээсийн байрны дотор гадна талбайг нурааж байсан. Тэдгээр хүмүүсээс яагаад нурааж байгаа талаар асуухад Цогтбаяр захирал мэднэ гэж хэлсэн.

            Тухайн үед цагдаад дуудлага өгөхөд тэд бүгд зугтаасан. Ч ХХК нь бидний байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж ашиг олж, хоолоо залгуулчихаад байрнаас гарсан талаараа огт мэдэгдээгүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, тэр бүү хэл дотор гадна талбайг эвдэж сүйтгэсэн, одоо байрны дотор талыг ямар байдалтай болсоныг бид мэдэхгүй, байрны түлхүүрийг ч өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй биднийг хохироож байна.

            Ч ХХК-ийн захирал Цогтбаяраас түрээсийн байрны түлхүүр өгөхийг утсаар удаа дараа шаардаж, түүний 88880987 дугаартай утсанд нь мессеж бичихэд хүнээр явууллаа гээд удаа дараа худал хэлж тоглоом тохуу хийж доромжилж байна.

            Бид уг байрыг анх түрээслэхдээ л байрандаа засвар, өөрчлөлтийг хийж Нийслэлийн хот байгуулалт газрын харилцааны газраас зохих зөвшөөрлийг авч орон сууцны зориулалтыг өөрчлөн тохижуулсан засварын ажлыг хүлээн авах комисс 269/01 тоот акт үйлдэж хүлээж авсан тул бид тухайн байрыг бусдад түрээслүүлэхдээ дахин зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

            Иймд түрээслэгч Ч ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртгэлх 5 сарын түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөг, зуны 4 сарын 2.000.000.төгрөг, түрээсийн төлбөрт нийт 32.000.000 төгрөгийг гаргуулж, түрээсийн байрны түлхүүрийг гаргуулан өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Ч ХХК-нь 2015 оны 6 дугаар сарын 04, 2015 оны 10 дугаар сарын 01, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд нэхэмжлэгч нартай түрээсийн гэрээ байгуулсан.

            Түрээсийн гэрээнүүдийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Сөүлийн гудамжинд байршилтай 61 дүгээр байшинд Зоогийн газар, паб, лоунжны чиглэлээр ажиллаж ирсэн.

            2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд манай түрээслэж байсан газар нь газарт орсон. Эко констракшн бидэнд мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгсөний дараа 61 дүгээр байрны хагасын оруулаад хашаа хатгасан тул бид 2018 оны 10 дугаар сарын сүүл хүртэл ажилласан бөгөөд 11 дүгээр сараас ажиллаагүй, нэхэмжлэгч нарын байранд бид өөрсдөө засвар хийж орсон, 2015 оноос хойш гадна талын талбайд зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байгаа, мөн татвар төлсөн байх ёстой, түрээслүүлэгч нар татвар төлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв татвар төлж байсан баримт, өргөтгөлийн зөвшөөрөл байсан бол бид түрээсээ бүрэн төлнө. Бид 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрсдийн тохижуулсан эд зүйлээ буулгаж авсан.

            Энэ хугацаанд гэрээний үүргээ бүрэн биелүүлж 2015 онд 49.500.000 төгрөг, 2016 онд 94.000.000 төгрөг, 2017 онд 80.000.000 төгрөг, 2018 онд 48 .000.000 төгрөг, нийт 271.500.000 төгрөг төлсөн.

            Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Сөүлийн гудамж дахь 61 дүгээр байшин нь Төв Шуудангийн чанх урд байрлалтай орон сууцны зориулалттайгаар 1950 оны үед баригдсан L хэлбэртэй хуучны барилга бөгөөд энэ байшинг нураан шинэ барилга барих зориулалтаар 2016 оноос Эко констракшн компани худалдан авч эхэлсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сард STREET-61 ресторантай залгаа хэсгийг Нийслэлийн Захирагчийн албаны шийдвэрийн дагуу бүрэн буулган манай байгууллагыг үйлчилгээ явуулах болмжгүй болгосон тул бид үйл ажиллагаагаа зогсоосон.

            Иргэн О.Онь энэ байдлыг сайн мэдэж байсан боловч гэрээний гол нөхцөл болох үйлчилгээ явуулах боломж нөхцөлийг огт хангаж өгөөгүй.

            Бид дээрхи байрыг огт ашиглах боломжгүй рестораны үйлчилгээ явуулах нөхцөлгүй болсоныг мэдэгдэж өөрсдийн хөрөнгөөр хйисэн салгаж болох эд зүйлсээ авсаныг эд хөрөнгө сүйтгэн гэж байгаа нь үнэнд нийцэхгүй байна.

            Бидний ойлгосноор орон сууцны барилгын гадна талбайг нийтийн эзэмшлийн талбай гэсэн ойлголтод хамруулдаг бөгөөд түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг олох зориулалтаар эзэмшиж, ашиглах хориотой байдаг.

            Гэтэл иргэн О.ОНийтийн эзэмшлийн талбайг бидэнд түрээслэж 2015-2018 оны хооронд 31.500.000 төгрөгийн ашиг олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Бид дээрхи үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон үйл явдал, түрээсийн гэрээгүй болсон, нийтийн эзэмшлийн талбайп төлөх ёсгүй төлбөрийг төлж ирсэн нөхцөл байдалдаа дүгнэлт хийсний үндсэн дээр 2018 оны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 32,0 сая төгрөгийг гаргуулах, байрны түлхүүр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

            Нэхэмжпэгч нар нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 32.000.000 төгрөгийг, түрээсийн байрны түлхүүрийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Хариуцагч Ч ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч О.Оюумаа, О.Анартай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай түрээсийн гэрээ байгуулжээ./хх-ийн 7-9, 99-103-р хуудас/

            Талууд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 7-р хуудас/

            Дээрх Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч О.О, О.А нар нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Сөүлийн гудамж 61 дүгээр байрны 26 тоот хаягт байрлах 55 м.кв талбайг, 27 тоот хаягт байрлах 46 м.кв талбайг гаднах талбай /террас/-н хамт тус тус шилжүүлэх, түрээслэгч Ч ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болох түрээсийн байрны талбайд сарын 6.000.000 төгрөг, гаднах талбайг /террасыг/ 5-9 сарын хооронд сар бүр 2.000.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх-ийн 7-9, 24-26, 99-103-р хуудас/

            Нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Сөүлийн гудамж 61 дүгээр байрны 26, 27 тоотыг сургалт үйлчилгээ явуулахаар төлөвлөж, уг барилгын 1 дүгээр давхрыг нийтэд нь үйлчилгээ болгон зориулалтыг нь өөрчлөх зургийн дагуу хаалга гаргаж, задгай террас хийхээр Нийслэлийн хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнгээр зураг, ерөнхий төлөвлөгөө батлуулж уг төлөвлөгөөний дагуу түрээсийн байр болон гаднах талбайг тохижуулан 2001 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 269/01 дугаартай актаар комиссын бүрэлдэхүүн хүлээн авчээ./хх-ийн 135, 137-140-р хуудас/

            Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн

318.5.-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж,

296 дугаар зүйлийн 296.1.-т Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний хугацаа дуусахад түрээслүүлэгч /хөлслүүлэгч/ Түрээсийн гэрээний саналыг хүрүүлэхэд хариу өгөлгүйгээр түрээслэгч /хөлслөгч/ уг эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашиглаж түрээсийн төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл төлсөн байх тул гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасан гэж үзнэ. /хх-ийн 21, 50-52, 55-95, 114-118-р хуудас/

            Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна./хх-ийн 10-23-р хуудас/

            Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2.-т Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж;

            289.1.5.-д гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж,

295.1.-т Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж,

326.2.-т Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж,

295.4.-т Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

Дээрх бүхнээс дүгнэхэд түрээлүүлэгч О.О, О.А нар нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 5 сарын түрээсийн төлбөрт 30.000.000 төгрөг, гадна талбай /террас/-г зуны 4 сарын 2.000.000.төгрөг, түрээсийн төлбөрт нийт 32.000.000 төгрөгийг, түрээсийн байрны түлхүүрийн хамт шаардах эрхтэй, түрээслэгч Ч ХХК нь мөн хугацааны түрээсийн төлбөрт 32.000.000 төгрөгийг төлж, түрээсийн байрны түлхүүрийг буцааж өгөх үүрэгтэй байна.

            Хариуцагч Ч ХХК- нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Сөүлийн гудамж 61 дүгээр байрны 26, 27 тоотыг задгай террас /гаднах талбай/-ын хамт ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 32.000.000 төгрөгийг төлөөгүй, уг байрны түлхүүрийг буцааж өгөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7-9, 24-26, 99-103, 135, 137-140-р хуудас/

            Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашигласны хөлс 32.000.000 төгрөгийг төлөхгүй, түлхүүрийг өгөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

            Иймд хариуцагч Ч ХХК-иас Түрээсийн гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Сөүлийн гудамж 61 дүгээр байрны 26, 27 тоотыг задгай террас /гаднах талбай/-ын хамт ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 32.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох үндэстэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                               ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх хэсэгт зааснаар Ч ХХК-иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг уг байрны түлхүүрийн хамт гаргуулж О.О, О.А нарт олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.О, О.А нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 388.150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

            4 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО

 

: