Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 109/ШШ2023/0025

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: О.Ц,

            Хариуцагч: А аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад нарын хоорондын “Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М (цахимаар), хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Ц нь Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх”-ээр маргаж байна.

2. Нэхэмжлэгч О.Ц-г Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4. дахь заалт, Засгийн газрын Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэж 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаас халсан байна.          

3. Улмаар нэхэмжлэгч О.Ц нь дээрх тушаалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

4. Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Архангай аймгийн Т сумын 3 дугаар багийн иргэн О овогтой Ц миний бие төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн тусгай болон ерөнхий шаардлагыг ханган 2013 онд Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд тангараг өргөн томилогдсон. Миний бие улсад тасралтгүй 15 жил ажиллаж байгаа болно. Ажиллах хугацаандаа байгууллага хамт олны ажилд манлайлан оролцож, байгууллагын дүрэм, журмыг мөрдөн идэвх санаачилгатай ажиллаж байсан. Гэтэл Т сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Ө нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар миний биеийг үүрэгт ажлаас халах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Учир нь уг тушаалд “удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж” гэж миний эрх зүйн байдлыг доголдуулсан шийдвэр гаргасан. Мөн Тамгын газрын даргын зүгээс тушаал гаргахдаа удирдлага болгосон хууль, журмын холбогдох заалтууд нь намайг ажлаас халах хуулийн оновчтой заалтуудыг тусгаагүй бөгөөд уг тушаал нь анх гарах үеэсээ хууль бус захиргааны акт болсон гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “ ... миний бие өөрийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн үйлдлийг ажлаас халагдах хэмжээний зөрчил гэж үзэхгүй байгаа бөгөөд, тохирох сахилгын шийтгэлийг хүлээлгээгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.                                                          

6. Нэхэмжлэгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд төрийн албанд нийт 15 жил ажиллаж байгаа. Би ажил төрлөө шулуун шударгаар гүйцэтгэдэг. Уг шийдвэрийг зөвхөн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан шийдвэр гэж бодохгүй байна. Удирдах албан тушаалтныхаа нөлөөнд автаж энэ шийдвэрийг гаргасан болов уу гэж бодож байна. Учир нь Засаг даргын Тамгын газрын дарга дээр өөрийнхөө гэм бурууг бичгээр илэрхийлж уучлалт гуйж Тамгын газрын даргатай ярилцсан. Тамгын газрын дарга надтай шал өөрөөр ярьж байсан. Шийдвэр гараагүй байхад өмнө нь уулзаж байсан. Дараа нь 2, 3 хоногийн дараа Тамгын газрын даргатай дахин уулзахад шал өөр зан гаргасан. Тийм учраас дээд албан тушаалтан нөлөөлсөн гэж ойлгож байгаа. Дарга нар хууль журмын дагуу шаардлага тавьдаг, хууль журмын дагуу шүүмжлэлийн үг хэлдэг хамт олноо төлөөлөөд болж бүтэхгүй байгаа зүйлээ илэрхийлдэг. Иймд дарга нар намайг буруугаар ойлгодог. Засаг даргын Тамгын газарт болж бүтэхгүй байгаа асуудлыг шулуун шударга хурал дээр хэлдэг. Мөн манай Тамгын газарт архидалт их болдог. Өмнө архи согтууруулах ундаа хэрэглэж алдаа дутагдал гаргаж байсан хүнд энэ шийдвэрээ гаргаад явахгүй яасан юм бэ. Ганцхан надад энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаад нь гомдолтой байгаа. Өмнө нь Тамгын газарт Засаг дарга болон Тамгын газрын дарга нь архи уудаг, албан тушаалтнууд хүртэл архи уудаг. Энэ үед уг арга хэмжээгээ аваад явж байсан бол ийм байдал үүсэхгүй байсан. 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр гаргасан үйлдэл нь гадаа мод тарьж байхад С.Ө дарга намайг нярваар дуудуулсан байсан. Тэр үед цалин мөнгөний асуудлаар санал тавьж байсан. Бусад байцаагч нар улсын төсвөөс цалинжиж байна тэгж болдоггүй юм уу гэдгийг хувиараа хэлсэн. Мөн 1 удаа хурал дээр санал тавьсан. Надад ажлаас халах шийтгэл үнэндээ хүндэтсэн. Бусад шийтгэлийг ногдуулсан бол өөрийнхөө бурууг хүлээж гэм буруугаа хүлээн зөвшөөрөх байсан. Хамгийн гол нь ажлаас халсан явдалд хэдэн ам бүл тэжээдэг хүний хувьд асар их хохиролтой байна. Түүнээс бол бусад шийтгэлийг хүлээн зөвшөөрөх байсан ...” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаал хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн тушаалд удаа дараа гэж нэхэмжлэгчийн үйлдлийг тодорхойлсон байдаг. Ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллагад ёс зүйгүй авирлаж гэж үйлдлийг нь тодорхойлсон. Захиргааны актыг бичгээр гаргаж байхынхаа хувьд Тамгын газрын дарга ямар үйлдэл ямар зөрчил хэзээнийх вэ гэдгийг тодорхой дурдах ёстой байсан гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа гэдгийг юутай холбож тайлбарлаад байгаа вэ гэдгийг тодрууллаа. Тамгын газрын дарга 2022 оны 11 дүгээр сарын зөрчлийн асуудлыг ярьж байна, мөн 3 дугаар сарын 6,7-ны өдрийн гэсэн таамаг төдий тайлбар хэлж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй, 48 дугаар зүйлийн 48.7-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсэн хуультай. Захиргааны албан тушаалтны хувьд Тамгын газрын дарга хуульд үндэслэх зарчмыг мөрдөх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.7-д заасныг үндэслэн юу гэж дүгнэх вэ гэхээр 2020 онд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хэрэгт авагдсан байгаа. 2020 оны тушаал нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй. Хоёрдугаарт 2022 оны 11 дүгээр сарын үйлдлийг сахилгын зөрчлийг тухайн үед илрүүлсэн гэж үзэж байгаа бол 2023 оны 6 дугаар сард тухайн асуудлыг давтан зөрчил гаргасан гэж үзэж тушаал гаргах үндэслэлгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаар тушаалаар хүчингүй болгосон. Хүчингүй болгосон үйлдэл нь ямар үр дагаврыг үүсгэх вэ гэхээр сахилгын шийтгэлгүйд тооцогдоно. Тэгэхээр удаа дараа зөрчил гаргасан хууль зүйн агуулга үгүйсгэгдэнэ гэж үзнэ. Мөн 3 сард гаргасан зөрчлийн талаар ярьж байна. Хариуцагчийн хувьд асуулт хариултын шатанд хэллээ. 3 сарын 8-нд амралтын өдөр байсан учраас 6,7-ны үед зөрчил гаргасан. Энэ байдлыг орлогч дарга мэдүүлэгтээ тодорхой хэлсэн гэлээ. Тэгээд яг ямар зөрчил гаргасныг тодорхойлж хэлж чадсангүй. Тэгэхээр тушаал гаргаж байгаа хүнийхээ хувьд нөхцөл байдлыг тогтоох захиргааны ерөнхий хуульд заасан үүргээ захиргааны албан тушаалтан яаж хэрэгжүүлсэн нь тодорхойгүй. Орлогч дарга ийм асуудал гаргалаа гэж хэлэхээр уг албан тушаалтан яаж хэрэгжүүлсэн нь тодорхойгүй. Зөвхөн орлогч даргын үгээр сахилгын шийтгэлийг удаа дараа гэсэн үндэслэл рүү оруулж ногдуулсан гэж үзэхээр байна. Орлогч дарга Б сүүлд өгсөн гэрчийн мэдүүлгээр энэ асуудлыг тодорхойлохдоо 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэж тодорхойлсон. 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 03 дугаар сарын 6,7-ны өдөр гэж хэлсэнтэй яаж уялдаж нийлэх юм бэ гэдгийг онцолж хэлмээр байна. 2023 оныг 2022 он гэж андуурч хэлсэн байлаа гэхэд 03 дугаар сарын 09-ний өдөр гэсэн огноог хэлдэг. Тэгэхээр хариуцагч 3 дугаар сарын 9-ний асуудал юм уу 6,7-ны өдөр гаргасан асуудал юм уу гэдгийг өөрөө мэдэхгүйгээр ёс зүйгүй авирласан, хэлэх хэлэхгүйгээр үгээр хэлсэн гэдэг. Ямар байдлаар ёс зүйгүй авирласан, хэлэх хэлэхгүй ямар үг хэлсэн гэдгийг Тамгын газрын дарга өөрөө яагаад тогтоодоггүй юм бэ. Согтуурсан гэж хэлээд байна энэ нь ажлын цагаар юм уу ажлын бус цагаар юм уу согтолтын хэмжээ нь ямар байсан хэр хэмжээнд согтуурсан энэ нь үнэн юм уу худлаа юм уу гэдгийг Тамгын газрын дарга тогтоох ёстой. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд нотлох баримтыг цуглуулах, 26 дугаар зүйлд сонсох ажиллагаа явуулах гэж заасан. 3 дугаар сарын асуудалтай холбоотой дээрх үйл ажиллагааг хийж удаа дараа гэсэн агуулга руу оруулж тайлбарлаад байна уу гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Б орлогч дарга хэлэхдээ нягтлангуудын өрөөнд энэ асуудал болсон. Тухайн үед нягтлан С байсан гэдэг. Гэрч С тийм зүйл болоогүй гэдэг тайлбарыг бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан. Мөн хэргийн 161 дүгээр хуудаснаас хойш авагдсан Н, Н нарын мэдүүлгээр хариуцагчийн хүсэлтээр оролцсон 4 гэрчийн мэдүүлэгтэй агуулга илэрхийллийн хувьд зөрчилддөг. Шүүх нотлох баримтаар үнэлэхийн тулд хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон баримт байхгүй гэж хуульчилсан. Шүүх аль гэрчийн мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэх вэ орлогч дарга Засаг дарга иргэдийн Хурлын дарга нь зарчмын хувьд хамт олны хуралд тавьсан ажил хэрэгч шүүмжлэл зэргийг хүлээж авдаггүй, хаяад явдаг. Орон нутгийн төсөвт орсон мөнгийг хувьдаа зарцуулсан юм уу гэдэг байдлаар шүүмжлэл хэлэхээр эргээд зуудаг. Тэгээд тухайн үед даруйхан Тамгын газрын дарга дээр ороод энэ хүнээ ажлаас хал гэсэн даалгавар чиглэл өгдөг. Энэ даалгавар чиглэлийг үндэслээд Тамгын дарга шийдвэр гаргасан. Тамгын дарга тайлбартаа дарга гомдол гаргасан учраас гэдэг зүйлээр тушаалын үндэслэлээ тодорхойлж болохгүй. Тэгэхээр өөрөө ямар байдлаар нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа хийсэн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тухайн зөрчлийн шинж байдал түүний анх болон давтан гаргасан үйлдлийг харгалзан дараах сахилгын шийтгэлийн тохирохыг ногдуулна. Аль сахилгын шийтгэлийг ногдуулах вэ гэдгийг тодорхой байдлаар хуульчилсан зүйл байхгүй. Зөрчлийн шинж байдлыг тухайн шийдвэр гаргах этгээд харгалзана. Мөн ямар зөрчил давтан үйлдсэнийг харгалзана. Анх буюу давтан үйлдсэн гэдгийг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5, 48.7-д заасныг харгалзан үзэж тушаалаа гаргах ёстой байсан. Шүүх энэ зүйлийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Сахилгын зөрчлийн хувьд 2023 оны 06 дугаар сарын 6-ны өдрийн гаргасан үйлдлээ нэхэмжлэгч ойлгож ухамсарлаж байгаа, огт үгүйсгэсэн зүйл байхгүй. Хариуцагч нэхэмжлэгчийг гаргасан алдаа дутагдлаа ойлгохгүй байна гэсэн байдлаар хандаж байна. Яагаад эвлэрээгүй үндэслэлээ ийм байдлаар няцаан тайлбарлаж байна. Арай хөнгөн сахилгын шийтгэлийг ногдуулах боломж байсан. Анх буюу давтан үйлдсэн гэдгийг хууль зүйн үүднээс зөв хэрэглэж халахаас өөр сахилгын шийтгэлийг ногдуулах байсан гэдэг байдлаар нэхэмжлэл гаргаж маргаж байгаа. Анх 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталсан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2-т заасан зарчмын хүрээнд тушаал шийдвэрээ гаргах үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд бичгээр гаргах захиргааны актын тухай тодорхойлсон. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т заасныг шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах гэсэн шаардлага тухайн ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалтны хувьд яригдана. Харин сүүлд захиргааны актын илэрхий алдааг засах гэсэн хуулийн боломжийн дагуу тушаалаа зассан гэдэг агуулгаар тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ тийм бол илэрхий алдааг ингэж ингэж зассугай гэсэн шинэ тушаал захиргааны шийдвэрийг Тамгын газрын дарга гаргах байдлаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаалаа хэзээ зассан байдаг юм тэр өдрийнхөө огноо дугаараар шинэ дугаар тавьж өмнөх 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 тоот тушаалын удиртгал хэсэгт дурдсан хуулийн заалтыг тэгж өөрчилсүгэй гэж тушаалыг зассан бол Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасанд хамааруулан ойлгоно. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасан хуулийн заалтыг баримталсан тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгөөгүй. Гардуулж, хүргүүлж мэдэгдсэн байх энэ үүргийг захиргааны шийдвэр гаргах албан тушаалтан өөрөө хариуцах ёстой. Өнөөдөр хэргийн материалд тэр талаар авагдсан баримт байхгүй. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан тушаалын хүрээнд актыг хүчингүй болгуулахаар маргаж байна. Тэгэхээр захиргааны албан тушаалтны хувьд төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа захиргааны шийдвэр гаргаж байгаа болохынхоо хувьд тодорхой зарчимтай байх ёстой. Ёс зүйн хэм хэмжээг дүгнэх зөвлөл ямар тохиолдолд дүгнэлт гаргадаг юм ямар тохиолдолд дүгнэлт гаргадаггүй юм бэ гэдгийг Тамгын газрын дарга өөрийнхөө үзэмжээр гаргуулахгүй гэдэг байдлаар ханддаг болох нь илэрхий ойлгомжтой боллоо гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримт гэрчийн мэдүүлэг хоорондоо агуулга цаад утга санаа илэрхийллийн хувьд зөрүүтэй байгаа. Нэхэмжлэгч ажил үүргээ хариуцлагатай, гүйцэтгэж байсан ёс зүйтэй өдөр бүр ажил хэрэгч хувцсаа өмсөөд явдаг гэдгийг гэрчүүд илэрхийлсэн. Захиргааны албан тушаалтны хувьд төрийн чиг үүргээ хэрэгжүүлж байгаагийн хувьд тодорхой зарчимтай байх ёстой гэж үзэж байна. Ёс зүйн хэм хэмжээг дүгнэх зөвлөл ямар тохиолдолд дүгнэлт гаргадаг ямар тохиолдолд гаргадаггүй юм бэ гэдгийг Тамгын газрын дарга өөрийнхөө үзэмжээр хоорондоо таарамжгүй харьцааны улмаас хэтрүүлэн хэлбэл өс хонзонгийн сэдэлтээр асуудлыг тогтоогоогүйгээр тушаал гаргаж халаад байгааг нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 4 сар 7 хоног өнгөрсөн байна. Дундаж цалин хөлс тодорхойлох журмаараа сүүлийн 3 сар бүтэн төлөгдсөн цалингаас тооцож тодорхойлдог. Ингээд тооцохоор О.Ц-н 3, 4, 5 дугаар сарын цалинг нэгтгэж 3-т хуваан дунджилж бодохоор 1,316,581 төгрөг болж байгаа. Үүнийг ажлын өдөрт ногдох цалинг 21.5-т хуваахаар 61,236 төгрөг нь 1 өдрийн цалин болж байна. Үүний дараа үндсэн цалинг 4 сараар 7 хоногийн өдөрт ажиллах цалин нь нийт 5,694,980 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгч авах ёстой юм байна. Үүнтэй холбоотой нийгмийн даатгалыг шимтгэл, хүн амын орлогын албан татварыг төлөх нөхөн бичилт хийхийг Засаг даргын Тамгын газрын даргад даалгах ёстой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй. Бас нэг зүйлийг шүүхэд хэлэхийг хүсэж байна хариуцагч тушаалын үндэслэлээ нотолж чадахгүй ямар үйл факт болсон зөрчил нь юу юм бэ гэдгийг өнөөдөр хурал дээр тайлбарлаж чадахгүй байгаа нөхцөл байдлыг шүүх харгалзаж энэ нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзвэл Б/19 тоот захирамжийг түдгэлзүүлж богино хугацаанд шинэ акт гаргахыг даалгах байдлаар ядаж шийдэж өгөөч. Ингэж шийдэх шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа гэдгийг илэрхийлье.” гэв.

 

8. Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дугаартай тушаал Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг үндэслэсэн болно. О.Ц-н удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан нь нотлох баримттай. О.Ц-д өмнө нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн тул “сануулах”-сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ үйлдлээ өөрөө хүлээн зөвшөөрч, дахин алдаа гаргахгүй ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэнэ гэсэн амлалт өгсөн байдаг. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлын цагаар архидан согтуурч, санхүү албаны даргыг хэл амаар доромжилсон. Энэ үедээ улмаар Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд албан үүрэг гүйцэтгэж байсан Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, Тамгын газрын дарга нарт зохисгүй бүдүүлэг үг хэллэг хэрэглэн ес зүйгүй үйлдэл гаргасан. Мөн архи ууж согтуурч бусдад үлгэргүй сөрөг үр дагавартай үйлдэл гаргаж байгаа нь төрийн албаны нэр хүнд, төрийн албан хаагчийн манлайлал, ёс зүйг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01/124 тоотоор хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын дагуу сонсох ажиллагааг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, Архив бичиг хэргийн эрхлэгч нарыг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд ажлаас халах тухай сонсох ажиллагаа явуулахад энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбар өгсөн. О.Ц нэхэмжлэлдээ Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны Б/19 дугаартай тушаалаар ажлаас халах шийдвэр гаргахдаа “удаа дараа архидан согтуурч, албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж” - гэж миний эрх зүйн байдлыг доголдуулсан гэсний хувьд: Хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан ёс зүйн алдаа дутагдал нь тодорхой, өөрөө хүлээн зөвшөөрсөн тухай нотлох бичиг баримттай, хэсэгчилсэн боловч ойлгогдохоор бичлэг байгаа тул түүний эрх зүйн байдлыг “доголдуулсан” гэх ямар ч үндэслэлгүй харин О.Ц нь төрийн албаны нэр хүндэд халтай, төрийн албан хаагчийн манлайллыг умартан ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийх чадамжгүй байгаад харамсаж байна. Мөн намайг ажлаас халсан тушаалын заалтууд оновчгүй, хууль бус захиргааны акт болсон гэсний хувьд: 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дугаартай тушаалд бичилтийн алдаа гаргасныг Захиргааны ерөнхий хуулийн 45-р зүйлийн 45.1 дэх хэсгийн... “Захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” - гэж заасны дагуу засаж архив бичиг хэргийн эрхлэгчээр О.Ц-д хүргүүлэн мэдэгдсэн. Харин О.Ц хүлээн авахаас татгалзсан байдаг. Энэ нь Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны Б/19 дугаартай шийдвэрийг хууль бус гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. ... Нэхэмжлэгч О.Ц-н нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь О.Ц нь өөрийн гаргасан алдаа дутагдалдаа огт дүгнэлт хийдэггүй, удаа дараа зөрчил дутагдал гаргасан. Түүнийг ямар ч зөрчил дутагдал гаргаагүй байхад нь арга хэмжээ авсан мэтээр нэхэмжлэлдээ дурдаж байна. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дугаартай тушаал шийдвэр нь зорилгодоо нийцсэн, хуульд үндэслэсэн, түүний гаргасан зөрчилд тохирсон тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

9. Хариуцагч Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шударга шүүхийн өмнө О.Ц-н нүүрийг харж байгаад тодорхой үйлдлийг нотлох баримттай хэлье. Гаргасан тайлбарыг нь харахад нэлээдгүй учир дутагдалтай зүйл байна. Засаг даргын Тамгын газар О.Ц-д тухай бүр зөрчил гаргах бүрд арга хэмжээ авч байсан бол аль хэзээний ажил төрлийн асуудал яригдах байсан. Тухай бүрд нь арга хэмжээ аваагүй өнгөрөөсөн нь сул тал болсон. Нэгдүгээрт 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хуульд нийцсэн шийдвэр гэж үзээд дараах тайлбарыг албан ёсоор шүүх хуралдаанд хэлье гэж бодож байна. О.Ц-н хувьд өмнө нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн сануулах арга хэмжээ авч сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тухайлбал 2022 оны 11 дүгээр сард Засаг даргын орлогч даргатай 3 удаа маргалдаж хэл амаар доромжилсон. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хэл амаар доромжилж үүрэг даалгаврыг биелүүлээгүй бүдүүлэг авир гаргасан байдаг. 12 дугаар сард иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргатай ажил албаны асуудлаар бас маргалдаж ажлын байрандаа ёс зүйгүй үйлдэл гаргаж бүдүүлэг үг хэрэглэсэн. Энэ мэтчилэн албан хаагч удирдлагуудын зүгээс ёс зүйн зөрчил гаргаж байна. Энэ хүн дээр яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ гэсэн гомдол удаа дараа ирж байсан. Энэ гомдлыг хүлээж авч тухайн зөрчил бүрд хариуцлага тооцоогүй нэлээн хэдэн гомдлыг өөрт нь танилцуулж сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ үйлдлээ өөрөө тухайн үедээ хүлээн зөвшөөрч дахин ийм асуудал гаргахгүй, цалин урамшууллаа бүтэн авмаар байна гэсэн. Мөн өөрөө энэ хүсэлтээ Засаг даргад ч тавьсан байсан. Засаг даргын албан тооттой, холбогдох баримтаа аваад надад дээр орж ирсэн. Тухайн үед миний өрөөнд манай 2 албан хаагч байсан. Тэр үед даргаа би ахиж алдаа зөрчил гаргахгүй муу муухай асуудлаа оны эцэст хаяад шинэ хүн болно ингэж ингэж ажиллана гэж амлалт өгсөн. Энэ зөрчил нь архи уусан үед нь гарч байсан бол дараагийн удаад ажлын цагаар архидан согтуурч санхүүгийн албаны даргыг хэл амаар доромжилсон байдаг. Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд Засаг дарга орлогч дарга бид хэд ажил яриад сууж байтал зохисгүй үйлдэл гаргаж хэл амаар доромжилсон. Өмнө нь архи уугаад гадуур явчихдаг байсан сүүлдээ ажлын цагаар архи ууж агсам согтуу тавьдаг. Зөрчил нь удаа дараа буюу ноцтой болоод байгаа нь өөртөө дүгнэлт хийхгүй байна. Хоёрдугаарт төрийн албаны удирдах удирдуулах зарчим алдагдаж бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь зохимжгүй хуульд нийцэхгүй байна. Мөн өөртөө дүгнэлт хийхгүй тэр тушаал шийдвэр чинь хүчингүй гэсэн байдлаар асуудалд хандаад байгаа. Архи ууж бүдүүлэг авирлаж байгаа нь ёс зүйн зөрчлийн хувьд нэлээн ноцтой зөрчил гэж үзэж байгаа. 2023 оны 03 дугаар сард архи ууж орлогч даргатай маргалдсан асуудал байдаг. Орлогч даргатай яагаад холбоод байна вэ гэхээр бид өглөө ажил дээрээ ирээд хоорондоо сайхан амарсан уу гэж мэндлээд тус тусынхаа ажлыг хийгээд явдаг. Удирдлагуудын хувьд энэ хүнтэй өдөр тутам удирдлагаар хангаж ажилладаг. О.Ц аж ахуйн ажлыг хариуцан ажилладаг учраас тодорхой нарийн асуудлыг сайн мэдэж байна. О.Ц нь удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж албан үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил нь албан хаагч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Үүнийг шударга шүүхийн өмнө үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Төрийн албан хаагч ямар тангарагтай байдаг билээ ийм байж болохгүй. Тайлбарыг нь сонсоод эмзэглэж суулаа. Өөрийг нь буруутгасан үйлдэлд хамт олон болоод хүмүүсийн нэр хүндэд халдаж архидалт байдаг архичид байдаг гэлээ. Манай байгууллагад очоод үзвэл архидан согтуурч ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон эрх зүйн факт байхгүй байгаа. Ажлын цагаараа ажлын байран дээр архи ууж байгаад халагдсан 2 албан хаагч бий. Түүнээс сургамж аваад өөрөө өөрийгөө засах ёстой байтал ууж дуртай үедээ доромжилж байх ёстой гэсэн үзэлтэй, цаашид ямар үйлдэл гаргахыг мэдэхгүй байна. Нэг үеэ бодвол залуучууд их ажиллаж чадварлаг боловсон хүчин орж ирсэн. Ц ахад ажил үүрэг хуваарилаад өгөхөөр архи уугаад тасраад уначихдаг дарга нарыг элдэв үгээр хэлж загнаж албан хаагчийг бүдүүлэг үг хэлээр доромжилж үүнийгээ шударга хэлдэг гэж яриад байгаа нь зохимжгүй байна. Миний өрөөнд алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч дахин ийм зүйл гаргахгүй гэж хэлээд би өмнө нь тэгээгүй зөрчлөө дахин давтаж гараагүй гэж мэлзэж байгаа нь Төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байна. Төрийн албанд чадварлаг байхаас гадна харилцаа хандлага ёс зүйг нэг номерт тавьж байгаа. Албан хаагч болоод удирдлагын зүгээс энэ хүн болохгүй байна гэсэн асуудлыг хэлж байгаа. Дараагийн асуудал О.Ц-г зөрчил гаргах бүр хариуцлага тооцож байгаагүй олон удаа өнгөрөөж байсан. Үүрэг даалгавар өгөхөөр өөрөө гардаж хийхгүй архи уусан байна гэдэг. Тэр үед сонссон ч сонсоогүй юм шиг мэдсэн ч мэдээгүй юм шиг олон удаа өнгөрөөж байсан. Сүүлдээ өөрт хэцүү байдаг юм билээ. Албан хаагч удирдлага нь орж ирээд энэ ингээд байна тэгээд байна гэдэг. Тэр болгонд нь хариуцлага тооцож байгаагүй. Тэр бүрд нь тооцохыг эрмэлздэг байсан бол аль хэдийн цагдаагийн байгууллагад хандах байсан. Гэтэл амьдрал ахуйг нь харж үзээд нүдээ аниад л явдаг байсан. Итгэл үзүүлж боломжоор хангаад байтал удаа дараа зөрчил гаргаж нөгөөх нь улам даамжирч байгууллагад ёс зүйгүй авирлаж, архидан согтуурч бусдыг хэл амаар доромжилж дараа нь намайг яасан ч яадаг юм гэсэн байр суурьтай өөртөө дүгнэлт хийхгүй байна. Цаашлаад захирах захирагдах ёсны зарчим алдагдсан, залуучуудад муу үлгэр дуурайлал үзүүлж байгаа цаашлаад төрийн албаны нэр хүндэд халтай төрийн албан хаагчийн манлайлал ёс зүйг умартсан. Үүндээ дүгнэлт хийхгүй байгаа нь харамсалтай байна. Хэн нэгнийг буруутгахгүй өөрөө тухайн үйлдлээ гаргасан гэдгээ ойлгохгүй байгаа. Энэ л намайг тэгээд байгаа гэдэг. Эхэлж өөрөө архи уусан тэр архийг хэн ч өөрийг чинь дагуулж явж уулгаагүй. Архи уучхаад ёс зүйн зөрчил гаргасан. Эхэлж архи уудаг байсан бол дараа нь агсам согтуу тавьдаг энэ нь даамжраад зодоон цохионы асуудал гарахыг үгүйсгэхгүй. Уг асуудал нь удаа дараа давтагдаж ноцтой болж байгаад асуудал байна. Энэ үйлдэл нь хууль зөрчиж байна.” гэв.

 

10. Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Б/19 дүгээр тушаал шийдвэрийг гаргах болсон үндэслэл шалтгааныг хариуцагч тодорхой тайлбарлалаа. Нэхэмжлэгч өөрөө зөрчил дутагдал гаргасан гэдгээ шүүх хуралдаанд ч илэрхийллээ мөн мэдэгдэлд хариу хүргүүлсэн сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг холбогдох баримтуудаар өөрийн гаргасан зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Түүний шүүхэд гаргасан тайлбараас харахад би ганцаараа архи уудаггүй бусдадаа арга хэмжээ авч чадаагүй байж намайг яахаараа ажлаас халдаг юм гэсэн байдлаар бусадтай барьцсан. Зөвхөн архи дарс уусан зөрчлийн асуудал яригдаагүй. Ажлын байран дээр удирдах удирдуулах ёс алдагдаж байгаа. Засаг дарга болон Засаг даргын орлогч дарга нь удирдах албан тушаалтан. Гэтэл Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд Засаг даргаа пиздагаар дуудаж гараад явсан үйлдэл нь байх ёстой зүй ёсны үйлдэл мөн үү. Энэ асуудлуудад ерөөсөө дүгнэлт хийхгүй байгаа нь харагдаж байна. Тушаал шийдвэрийн үндэслэлд удаа дараа гэж бичсэн байгаа боловч нэг удаа ч зөрчлийг гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хуулиар ажлаас халах үндэслэл болохыг үгүйсгэхгүй. Тиймээс гаргасан тушаал шийдвэр үндэслэлтэй. Зорилгодоо нийцсэн, бодитой гарсан нөхцөлд үнэн зөв дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Мөн сонсох ажиллагааны тэмдэглэлээс тодорхой харагдана. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.” гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын  2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар нэхэмжлэгч О.Ц-г Засаг даргын Тамгын газрын байгаль орчны улсын байцаагчаар 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилжээ. (1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал)

2. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар “... ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолын холбогдох заалтууд, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журмыг зөрчсөн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. (1 дэх хавтаст хэргийн 56 дахь тал)

3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7. “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.”, Монголын Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн  “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.11.-т “Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрч энэ хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэж тус тус зааснаар тус шийдвэрээр ногдуулсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байна.

 

4. Хэдий тийм боловч энэ нь Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар “... ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үндэслэлээр ногдуулсан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

5. Үүний дараа мөн нэхэмжлэгчид Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар “...Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн тул” сануулах сахилгын шийтгэл ногдуулж байжээ. (1 дэх хавтаст хэргийн 61 дэх тал)

6. 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон сонсох ажиллагааны тэмдэглэлд нэхэмжлэгч О.Ц нь: “...ямар учраас сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа юм. Засаг даргын орлогч дарга чинь намайг гүтгэсэн би чөлөө аваад явчхаад маргааш нь ажилдаа ирэхэд архи уусан гэж тэгээд нохой устгах ажил удирдамж гэхээр нь би маргасан....гээд сонсох ажиллагааг хаяж гарсан болно.”, Шийдвэрлэсэн нь: О.Ц-д Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэв.” гэж тэмдэглэжээ. (1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал)

7. Нэхэмжлэгч О.Ц-с Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад гаргасан өргөдөлдөө: “...Засаг даргын албан бичгийг харгалзан 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг олгож өгнө үү...” гэсэн агуулгатай өргөдөл гаргаж байжээ.  (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал)

8. Улмаар Архангай аймгийн Т сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 22-ны 1/172 дугаартай албан бичгээр: “...О.Ц-д 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль эрх зүйн үндэслэлгүй тул тушаалыг хүчингүй болгоно уу.” гэж хүргүүлж байжээ. (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал)

9. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаартай тушаалын 1 дэх заалтаар: “Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Ц- Засаг даргад ирүүлсэн хүсэлтийн дагуу Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/17 дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.” 2 дахь заалтаар:  “О.Ц-д гарсан зөрчил дутагдлыг дахин давтахгүй, Төрийн албаны хууль ёс зүйг чанд сахиж, албан үүргээ хариуцлагатай гүйцэтгэж ажиллахыг анхааруулсугай.” гэжээ. (1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал)

10. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар “...Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн”  үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар хүчингүй болгосон байна. (1 дэх хавтаст хэргийн 179 дэх тал)

11. Ийнхүү хүчингүй болгосон үндэслэлийг хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ О.Ц өөрөө дахин зөрчил гаргахгүй талаараа ам өчгөө өгч гуйсан, тэгээд ч оны төгсгөл болж байсантай холбоотой үр дүнгийн урамшуулал олгогдохгүй болох гээд байгаа тул энэ бүх нөхцөл байдлыг харж хүчингүй болгож өгөөч гэсний дагуу л хүчингүй болгосон. Түүний гаргасан зөрчил нь бол угтаа хэвээр үлдсэн” гэж тайлбарладаг. (2 дахь хавтаст хэргийн 9 дэх тал)

12. Нэхэмжлэгч О.Ц-с Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад гаргасан өргөдөлдөө: “...Засаг даргын албан бичгийг харгалзан 2022 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, миний жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг олгож өгнө үү.” гэсэн агуулгатай өргөдөл гаргаж байсан нь мөн тогтоогддог. (1 дэх хавтаст хэргийн 62 дахь тал)

13. Мөн гэрч Б.Б: “Жилийн эцэс болоод О.Ц нь сануулах сахилгын шийтгэл авсан байсан. Хамт олны хурлаар оруулаад энэ шийтгэлийг хүчингүй болгож өгөөч гээд ажлын хамт олонтойгоо орж ирсэн. Тэр хэдийн саналын харгалзан үзэж Тамгын даргад албан бичиг хүргүүлсэн. Энэ нь болохоор үр дүнгийн урамшуулал жилийн эцэст бодогддог тул сахилгын шийтгэл оногдуулсан хүнд өгдөггүй байсан. Ийм учраас Тамгын газрын даргад албан бичиг хүргүүлж оногдуулсан шийтгэлээ эргэн харж үр дүнгийн урамшууллыг өгөөч гэж албан бичиг хүргүүлсэн. Жилд 1 удаа жилийн эцсээр  үр дүнгийн урамшуулал өгдөг байсан бөгөөд О.Ц-н хүсэлт, хамт олных нь хүсэлтийг харгалзан албан бичиг хүргүүлсэн.” гэх мэдүүлгээр мөн дээрх нөхцөл байдал тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал)

14. Ийнхүү Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/17 дугаартай тушаалаар “...Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг удаа дараа зөрчсөн”  үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр нь хүчингүй болсон хэдий ч энэ нь тус шийдвэрээр тогтоогдсон үйл баримт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдсон үйл баримтыг мөн л үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

15. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01/124 дугаартай мэдэгдлээр: “... Сонсох ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт Засаг даргын Тамгын газарт хийх тул биечлэн оролцохыг мэдэгдье.” гэжээ. (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал)

16. Мөн нэхэмжлэгч О.Ц-с 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр сонсох ажиллагааны албан мэдэгдэлтэй холбоотойгоор хариу тайлбар, санал хүргүүлжээ. Тус тайлбар, саналд: “... О.Ц миний бие 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ажлын цагаар архи ууж ёс зүйгүй авирласан нь үнэн үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Миний бие гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, чин сэтгэлээсээ албан ёсоор уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу.” гэжээ. (1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал)

17. Улмаар 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болсон сонсох ажиллагаанд нэхэмжлэгч О.Ц биечлэн оролцсон байна. 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр болсон сонсох ажиллагааны тэмдэглэлд: О.Ц: “... Энэ бол үнэхээр миний буруу. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж ажлын цагаар архи ууж, дарга цэрэг нарынхаа өмнөөс ёс зүйгүй авир гаргаснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна.. би өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарах хүсэлтэй байна...” гэж тайлбарлаж байжээ. (Хавтаст хэргийн 54 дэх тал)

18. Гэрч Б.Б-н “... О.Ц тэр өдөр согтуу ирчхээд ажил дээр ирэхгүй алга болсон. Тэгээд бид нар Тамгын газрын даргын өрөөнд Засаг дарга, Тамгын дарга бид 3 ажил яриад Тамгын даргын өрөөнд сууж байтал О.Ц-н дуу коридорт гараад нягтлангуудын өрөөнд чанга чанга дугараад байсан. Тэгж байсан Тамгын даргын өрөөнд ороод ирсэн. Орж ирээд согтуу гэдэг нь илт мэдэгдээд та нарт гомдоод би архи уучихлаа. Бид нарт яагаад гомдсон. Тамгын дарга С.Ө согтуу хүнтэй юм ярихгүй, гар гэж хэлээд гаргасан. Тэгсэн дахиж орж ирээд зөндөө  л юм ярьсан. Элдэв янзаар ч хэлсэн. Тэр өдөр би Ц-д өмнө нь чи надад 2 удаа ажлын цагаар агсам тавьсан. Тийм учраас би чамайг бичлэг хийлээ шүү. Чи өмнө нь агсам тавихад бичлэг хийгээгүй. Чи маргааш нь би уугаагүй гээд байсан учраас би бичлэг хийлээ гэж хэлсэн. Тэгсэн тэг ээ пизда минь гэж хэлээд гараад явсан. Тэгээд ахиж орж ирээд нэг цаас барьсан. Тамгын дарга, Засаг дарга хоёртой маргаад байсан...” гэх,

19. Гэрч Б.Б-н “... 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргын өрөөнд орлогч дарга, Тамгын дарга бид 3 байхад Ц согтуу орж ирээд пизда нар минь та  нар чаддаг юм бол халаарай гэж хэлсэн. Бас Тамгын дарга руу хуулиа мэддэг юм бол халчаарай гэж байсан. Тэгээд би чамд пиздагаараа дуудуулахгүй гар гэж хэлээд Тамгын даргын өрөөнөөс гараад явсан.” гэх,

20. Гэрч Б.А-н: “... 2023 оны 6 дугаар сар, тэр өдөр согтуу орж ирсэн. Би жоохон сэтгэл дундуур байна. Миний цалинг ТЗ-7-оор олгох ёстой байсныг ТЗ-9-өөр олгож байна гэж байсан ...” гэх, Гэрч Б.А: “... Тэр өдөр би орж ирэхээр нь Ц чи архи уусан юм уу? Харьж амар гэж хэлсэн...” гэх,

21. Гэрч Ш.Б-н: “Бид хэд мод тарьж байсан. 6 дугаар сарын үед модны суулгац авч ирсэн. Эрчүүд нь замын дагуу мод тарих гээд явцгаасан. Тэгээд бид нар Тамгын газарт болсон маргаан үүссэн талаар хүнээс л сонссон би тухайн үед байхгүй байсан. Юу болсон талаар мэдэхгүй байна ...” гэх,

22. Гэрч А.Н-н: “... 2023 оны 6 дугаар сарын 6-ны өглөө бүгд ажилдаа ирсэн. Тэгээд эрчүүд мод тарина гээд бэлтгэл ажиллаа хангана өтөг, үртэс татах, нүх ухах гээд бүгд гадуур ажилтай байсан. О.Ц, Т сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын хооронд болсон үйл явдлын талаар мэдэхгүй байна. Сүүлд О.Ц ажлаас 2023 оны 6 дугаар сард Тамгын даргатай маргалдаад, ажлаас чөлөөлөгдсөн гэж сонссон. Тухайн өдөр тийм нээх ноцтой зүйл болж мэдэгдээгүй...” гэх,

23. Гэрч Б.Н-н: “... Сумын Тамгын газрын хурал хийсэн. Засаг даргын Тамгын газрын дотоод хурал дээр цалингийн талаар яриад байсан, зарим улсын байцаагч нь арай өндөр, минийх болохоор ийм бага байсан гэж, хуулийн заалт хэлээд яриад байсан. Тэгээд Тамгын дарга дээр өрөөнд ороод ярилцья гэж байсан. Би Тамгын даргын өрөөг шагайхад  О.Ц нэг  цаас барьсан Засаг дарга, орлогч дарга, Тамгын дарга гуравтай уулзаад байж байсан. Тэгэхээр нь би нөгөө цалингийн асуудлаа танилцуулж байгаа юм байх гэж бодож байсан...”    гэх мэдүүлэг зэргээр ажлын цагаар архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэх хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болсон үйл баримт дээрх баримтуудаар тогтоогдож байна.

24. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалын эх хувьд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус хуулийн зохицуулалт нь уг маргааны үйл баримтад нийцээгүй техникийн шинжтэй алдаа гаргасан байх боловч хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.”Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасны дагуу засаж Архив бичиг хэргийн эрхлэгчээр О.Ц-т хүргүүлсэн. О.Ц тушаалын бичилтийн алдааг зассан хувилбараар нийгмийн даатгалд ажилгүйдлийн тэтгэмж авах материал бүрдүүлэлтэд хавсарган өгсөн тул тус алдааг залруулсныг мэдсэн болно.” гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

25. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс тус тушаалын утга, агуулга буюу “ажлаас халсан” агуулгыг тодорхой мэдэж байсан бөгөөд энэ талаар маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.

 

26. Нөгөөтээгүүр захиргааны байгууллага өөрөө хуулийн заалтын дугаарыг буруу бичсэнийг засаж утга, агуулгыг өөрчлөхгүйгээр залруулж гаргасан эл үйл баримт нь маргаан бүхий актыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

27. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэг, Засгийн газрын төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсгийг үндэслэн, 1 дэх заалтаар “...Засаг даргын тамгын газрын Байгаль орчны мэргэжилтэн О.Ц ажлын цагаар удаа дараа архидан согтуурч албан байгууллага дээр ёс зүйгүй авирлаж, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоол төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн тул”  ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ. (1 дэх хавтаст хэргийн 65 дахь тал)

28. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. дахь хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4-т “төрийн албанаас халах;”, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэгт  “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох;” гэж заажээ.

29. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна: 48.1.4-т “төрийн албанаас халах;” гэж заасан.

30. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар баталсан Т сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын  4.8-д “Албан хаагчид, ажилтнууд төрийн захиргааны, үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээний дүрмийг баримталж ажиллана.”, 10.5-д “Ажлын байранд ажлын цагаар болон олон нийтийн болон цаг үеийн ажлын үеэр архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын цагийг тасалсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4, Төрийн албанаас халах, үйлчилгээний албан хаагчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна.” гэж заажээ. (1 дэх хавтаст хэргийн 67-71 дэх тал)

31. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1-д “Дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай:”, 1.1-д “харьяа байгууллага болон салбар, нэгжид сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцож тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнаж байх;”, 1.7-д “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ... согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, ... нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг ... хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж тус тус заажээ.

32. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч О.Ц-д “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйгүй зан авир гаргасан” үндэслэлээр урьд нь ногдуулж байсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан, эрх бүхий этгээд урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэж зөрчил гаргаж байсан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй байна.

33. Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөлийн хамтран баталсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн  “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3. Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ: 3.3.2. гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр; 3.3.4. бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө; 3.4.4. өмнө нь ижил төрлийн зөрчил гаргасны улмаас сахилгын шийтгэл хүлээж байсан; 6.1. Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэж тус заажээ.

34. Монгол  Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг нэхэмжлэгч О.Ц нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр  өргөсөн бөгөөд төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч байна. Нэхэмжлэгч О.Ц нь төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд холбогдох төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүрэгтэй.

35. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч О.Ц-д “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйгүй зан авир гаргасан” үндэслэлээр урьд нь ногдуулж байсан сахилгын шийтгэлийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дууссан, эрх бүхий этгээд урьд гаргасан тушаалаа хүчингүй болгосон үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгчийн ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэж зөрчил гаргасан, ёс зүйгүй авирласан талаарх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл болохгүй байна.

36. Дээрх үйл баримтаас харахад нэхэмжлэгчийг маргаан бүхий актаар “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйгүй зан авир гаргасан” үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актаар ажлаас халсан нь үндэслэл бүхий болжээ.

37. Тийм учраас Архангай аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан зарчимд нийцсэн, хуульд үндэслэсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн харилцааг зохицуулсан хууль, нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэмжээний агуулгад нийцсэн байна гэж дүгнэлээ.  

 

38. Дээрх үйл баримтаар актын үндэслэл болгосон “ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн, ёс зүйгүй зан авир гаргасан”  гэх үндэслэл тогтоогдсон, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг маргаан бүхий актын үндэслэл болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчмын агуулгад мөн нийцсэн байна.

39. Нэхэмжлэгчийн О.Ц-н зүгээс шүүх хуралдаан дээр: “...заавал ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахгүй байж болох байсан.” Төрийн албан тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэснийг харгалзан үзсэнгүй гэж тайлбарлан маргадаг.

40. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-т ”Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ.”, мөн хуулийн 42.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж заажээ.

 

41. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгыг маргааны үйл баримттай уялдуулан авч үзвэл хариуцагч захиргааны байгууллага хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу тодорхой үйл баримтад тулгуурлан, сонгох боломж, эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байх тул шүүхээс эл үндэслэлээр захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

42. Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч О.Ц-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчлийн шинж байдалтай нийцсэн гэж дүгнэлээ.

43. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан.

44. Иймээс нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоогоогүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул “ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

45. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                 ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус баримтлан нэхэмжлэгч О.Ц-н Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Архангай аймгийн Т сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу төлүүлэх”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1., Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1., 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА