Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1888

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02577 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний барьцаанд байршуулсан 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17/19 тоот шатахуун түгээх станцын түрээсийн гэрээг “Х” ХХК-тай байгуулж, “Х” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд байрлах шатахуун түгээх станцыг түрээслэн ажиллуулж байсан. Гэрээ байгуулахдаа түрээслэгч нь түрээслүүлэгчид 20 000 000 төгрөгийн барьцаа хөрөнгийг байршуулсан.

Түрээслэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шатахуун түгээх станцыг түрээслэхээ больж гэрээг дуусгавар болгосон. Талуудын хооронд түрээсийн төлбөрийн болон өөр ямар нэгэн тооцоо байхгүй. Гэтэл түрээслүүлэгч “Х” ХХК нь гэрээний 11.4 дэх заалтын дагуу түрээсийн барьцаа төлбөрийг ямар нэгэн шалтгаангүйгээр түрээслэгчид буцаан олголгүйгээр өдийг хүрлээ. Энэ хугацаанд түрээслэгч нь энэ талаар удаа дараа шаардаж, уулзаж хэлсэн боловч шаардлагыг биелүүлэхгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийн дагуу түрээслүүлэгч “Х” ХХК-аас түрээсийн гэрээний барьцаа болох 20 000 000 төгрөгийг гаргуулж “Г” ХХК-д олгоно уу гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Тус компани нь “Г” ХХК-тай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах шатахуун түгээх станцыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Түрээсийн гэрээгээр түрээслэгчийн эрх үүрэг, талуудын хүлээх хариуцлагыг тодорхой заасан бөгөөд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчсөний улмаас нэлээд хэмжээний хохирол учраад байна. Талуудын байгуулсан гэрээний 8.1-д зааснаар нөгөө талаас бичгээр албан ёсоор зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн эрх үүргээ ямар нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж шатахуун түгээх станцыг бусдад шилжүүлсний улмаас их хэмжээний хохирол учраад байна. Түүнчлэн гэрээний хавсралтын дагуу эд хогшил хүлээлцэх актаар 40 нэр төрлийн 40 000 000 гаруй төгрөгийн үнэтэй эд зүйл хүлээлгэж өгснөөс 8 000 000, 12 000 000 төгрөг, бүгд 20 000 000 төгрөгийн үнэтэй 2 түгээгүүр, саравчны гэрэл, гэрэлтүүлэг 4 200 00 төгрөг, дээрх эвдэрсэн зүйлийг шинээр авч суурилуулахад бүгд 27 400 000 төгрөг болж байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул эвдэрсэн түгээгүүрээ засаж ажиллагаанд оруулж албан ёсоор гэрээгээ дүгнэж төлбөр тооцооны асуудлаа шийдэх шаардлагатай байтлаа нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас 257 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н давж заалдах гомдолдоо:

… Нэхэмжлэгч “Г” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах шатахуун түгээх станцыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаагаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулан ажилласан. Түрээсийн гэрээний 5.5-д түрээслэгч нь “...чанарын байдлыг алдагдуулахгүйгээр эзэмших ашиглах эрхтэй...” 6.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсвэл зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэгтэй, 8.1-д “...нөгөө талаас бичгээр албан ёсоор зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн эрх үүргээ ямар нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчиж “Х” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн гэрээний хавсралтын дагуу эд хогшил хүлээлцэх актаар 40 нэр төрлийн эд зүйл хүлээлгэж өгснөөс 8 000 000 төгрөг, 12 000 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг шатахуун түгээгүүр, саравчны гэрэлтүүлэг зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгөөгүй тул 27 400 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Тухайлбал, цахилгаан түгээгүүрийн хий ангижруулагч, насосны голын сальник жийргүүд болон 2 түгээгүүр ажлын шаардлага хангахгүй, хурдны түгээгүүрийн хий ангижруулагч засварлах боломжгүй болсон байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж шатахуун түгээгүүр түрээслэх явцдаа тэдний буруутай үйл ажиллагааны улмаас “Х” ХХК-д хэдэн төгрөгийн хохирол учирсан, эвдэрсэн гэх түгээгүүр цаашид ажиллах боломжтой эсэхийг тогтооход техникийн тусгай мэдлэг шаардлагатай байх тул шинжээч томилуулах талаар, мөн дээрх эвдэрсэн эд зүйлийг засуулах зорилгоор засварчин дуудахад ирсэн хүнийг гэрчээр асуулгах зорилгоор тус тус хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь “Г” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас “Х” ХХК-д хэдэн төгрөгийн хохирол учирсныг тухайн үед тогтоох боломжгүй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад Бүгд найрамдах Хятад Ард улсаас шинээр түгээгүүр авч тавьсны улмаас 20 146 410 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжлэх зорилгоор сөрөг нэхэмжлэл гаргасан боловч бас л татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг эдлэх бүхий л боломжоор хангасан байх үүрэгтэй. Иймд хэргийн хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд байршуулсан 20 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн эд хөрөнгөд учруулсан хохиролд тооцно гэж татгалзжээ.

 

Зохигчид 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Шатахуун түгээх станцын түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, “Х” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад нэртэй газарт байрлах шатахуун түгээх станцыг “Г” ХХК-д түрээслүүлсэн, талууд 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

Харин түрээслүүлэгчийн дансанд байршуулсан 20 000 000 төгрөгийн барьцааг гэрээ дуусгавар болоход түрээслүүлэгч “Х” ХХК нь эргүүлэн өгөөгүй гэрээний 11.4-т заасан үүргээ зөрчсөн гэж түрээслэгч уг мөнгийг шаардсантай холбоотойгоор маргаан үүссэн байна.

 

Гэрээ дуусгавар болсны дараа нэхэмжлэгч “Г” ХХК нь түрээсийн эд хөрөнгийг актаар буцаан хүлээлгэн өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баримт хэрэгт авагдсан ба уг баримтын 4, 5-д бичигдсэн 12 000 000 төгрөг болон 8 000 000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг түгээгүүрийг дараа хүлээлцэх, уян хоолой сольж өгөх гэж тэмдэглэсэн боловч /хх-10/, тус хоёр түгээгүүрийг дараа нь баримт үйлдэлгүйгээр хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

 

Хоёр түгээгүүр нь бусад эд хөрөнгийн хамт хариуцагчийн эзэмшилд үлдсэн болох нь шатахуун түгээх станцыг ашиглаж байсан, засвар үйлчилгээ хийгээд ажиллуулахад утаа гарч байсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан нь тэмдэглэлд тусгагджээ.

 

Зохигчдын дээрх тайлбараас үзвэл түрээсийн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, харин зориулалтын дагуу ашиглаж, засварлаж, зардал гаргаж байсан тухайгаа тайлбарласан нь түрээслэгчийг түрээсийн эд хөрөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй.

 

Түүнээс гадна түгээгүүр эвдэрч ашиглах боломжгүй болсон гэх боловч гэрээ дуусгавар болсноос хойш түрээслэгчээс хохирол шаардаж байгаагүй, хариуцагч тал энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

Талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болсон бөгөөд мөн зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх тул эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдон гаргасан зардлыг нөхөн төлүүлэхээр гэрээ дуусгавар болсноос хойш зургаан сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй талаарх Иргэний хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасан хугацааг баримтална.

 

Хариуцагч нь хуульд заасан 6 сарын хугацаанд шаардлага гаргаагүй тул татгалзлыг хүлээн авах боломжгүй, барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан үндэслэл бүрдсэн байх бөгөөд барьцааны        20 000 000 төгрөгийг хуулийн мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцаалагч нь барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа уг хуулийн заалтыг баримтлаагүй байна.

 

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь барьцааны зүйлийг шаардсан шаардлагын үндэслэлд хамааралгүй тул хэрэглэвэл зохих хуулийг оновчтой зөв хэрэглээгүй гэх үндэслэлээр зөвтгөх шаардлагатай.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2019/02577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг” гэснийг “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсгийг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 682 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХТӨР

 

     ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

А.ОТГОНЦЭЦЭГ