Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2577

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2019/02577

    Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “ГК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “ХТ” ХХК холбогдох

Түрээсийн гэрээний барьцаанд байршуулсан 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ГК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17/19 тоот “Шатахуун түгээх станцын түрээсийн гэрээ”-г “ХТ” ХХК-тай байгуулж, “ХТ” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хаданд байрлах шатахуун түгээх станцыг түрээслэн ажиллуулж байсан. Гэрээ байгуулахдаа түрээслэгч нь түрээслүүлэгчид 20,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгийг байршуулсан.

Түрээслэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс шатахуун түгээх станцыг түрээслэхээ больж гэрээг дуусгавар болгосон. Талуудын хооронд түрээсийн төлбөрийн болон өөр ямар нэгэн тооцоо байхгүй. Гэтэл түрээслүүлэгч “ХТ” ХХК нь гэрээний 11.4 дэх заалтын дагуу түрээсийн барьцаа төлбөрийг ямар нэгэн шалтгаангүйгээр түрээслэгчид буцаан олголгүйгээр өдийг хүрлээ. Энэ хугацаанд түрээслэгч нь энэ талаар удаа дараа шаардаж, уулзаж хэлсэн боловч шаардлагыг биелүүлэхгүй байна.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцлийн дагуу түрээслүүлэгч “ХТ” ХХК-иас түрээсийн гэрээний барьцаа болох 20,000,000 төгрөгийг гаргуулж “ГК” ХХК-д олгоно уу гэв.

 

Хариуцагч “ХТ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тус компани нь “ГК” ХХК-тай Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах шатахуун түгээх станцыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан ажилласан.

Түрээсийн гэрээгээр түрээслэгчийн эрх үүрэг, талуудын хүлээх хариуцлагыг тодорхой заасан бөгөөд дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ноцтой зөрчсөний улмаас нэлээд хэмжээний хохирол учраад байна.

Талуудын байгуулсан гэрээний 8.1-д нөгөө талаас бичгээр албан ёсоор зөвшөөрөл аваагүй тохиолдолд гэрээний дагуу хүлээсэн эрх үүргээ ямар нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж шатахуун түгээх станцыг бусдад шилжүүлсний улмаас их хэмжээний хохирол учраад бйана.

Түүнчлэн гэрээний хавсралтын дагуу эд хогшил хүлээлцэх актаар 40 нэр төрлийн 40 сая гаруй төгрөгийн үнэтэй эд зүйл хүлээлгэж өгснөөс 8 сая, 12 сая төгрөг, бүгд 20 сая төгрөгийн үнтэй 2 түгээгүүр, саравчны гэрэл, гэрэлтүүлэг 4,200,00 төгрөг, дээрх эвдэрсэн зүйлийг шинээр авч суурилуулахад бүгд 27,400,000 төгрөг болж байна.

Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн тул эвдэрсэн түгээгүүрээ засаж ажиллагаанд оруулж албан ёсоор гэрээгээ дүгнэж төлбөр тооцооны асуудлаа шийдэх шаардлагатай байтлаа нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ГК” ХХК нь хариуцагч “ХТ” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд байршуулсан 20,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17/19 дугаартай “Шатахуун түгээх станцын түрээсийн гэрээ”-г байгуулж, түрээслэгч “ГК” ХХК нь түрээслүүлэгч “ХТ” ХХК-ийн, Өмноговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад нэртэй газар байрлах шатахуун түгээх станцыг гэрээ байгуулсан өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түрээслэх, гэрээний 11.4-т зааснаар түрээслэгч нь 20,000,000 төгрөгийг түрээслүүлэгч талд байршуулж, гэрээ дуусгавар болох үед барьцааг түрээслэгчид эргүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” 153 дугаар зүйлийн 153.1.-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, 153.3.-т “Барьцаа үүсэх үед тодорхойлж болох ирээдүйд бий болох, болзол тавьсан шаардлагыг, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг хангахад барьцааг хэрэглэж болно.” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Түрээслэгч тал нь дээрх түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгчээс нийт 40 нэр төрлийн эд зүйлсийг хүлээн авч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, гэрээг мөн өдрөөр дуусгавар болгосон байх бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нийт 42 нэр төрлийн эд хогшлыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгч акт үйлдсэн байна.

Түрээслүүлэгч нь дээр дурдсан 42 нэр төрлийн эд хогшлыг хүлээн авахдаа 8,000,000 төгрөгийн, 12,000,000 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг түгээгүүрийг “Дараа хүлээлцэх”, 12,000,000 төгрөгийн үнэтэй түгээгүүрийг “уян хоолой сольж өгөх” гэж тус тус тэмдэглэсэн байх ба эдгээр түгээгүүрүүдийг хэвийн бус хэмээн түрээслэгчийн байршуулсан барьцаа хөрөнгийг буцаан өгөхөөс татгалзжээ.

Гэвч түрээслүүлэгч “ХТ” ХХК нь гэрээг дуусгавар болгосон 2017 оны 11 дүгээр сараас хойш түрээслэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх хоёр түгээгүүрийн талаар аливаа шаардлага гаргаагүй, түрээслэгч тал үйл ажиллагаа явуулахаа больсноос хойш хоёр түгээгүүрүүд эвдэрсэн, эсхүл засагдсан, солигдсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээ дуусгавар болсон тухайн цаг хугацаанд дээрх хоёр шатахуун түгээгүүрүүд эвдрэлтэй байсан, улмаар барьцаа хөрөнгийг буцаан олгохоос татгалзах үндэслэлтэй байсан гэж үзэх нөхцөл байдал нотлогдож тогтоогдсонгүй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч “ХТ” ХХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “ГК” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ХТ” ХХК-иас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ГК” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Б.УНДРАА