Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/35

 

 

 

 

 

 

  2022             01              04                                        2022/ДШМ/35

                                               

Т.Э-од холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Монгол, С.Цацралтуяа,

шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,  

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/2721 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлээр Т.Эод холбогдох 2103001840222 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Т овгийн Т-ын Э, 1996 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “***” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт Увс аймгийн Улаангом сум, 7 дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:/;

 

            Шүүгдэгч Т.Э нь 2021 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд “Тоёота Приус-20” маркийн 12-54 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Д.Тэлмэний амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Эод холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Прокурор Д.Оюунчимэгээс шүүхийн хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 8 дугаар сарын 24, 30-ны өдрийн 5/5973, 14-30/1925 дугаартай албан бичиг хавсралтын хамт 2 хуудас, Транс банкны 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн /309 дугаартай албан бичиг 2 хуудас, Чингис хаан банкны 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн албан бичиг 2 хуудас, шүүгдэгч Т.Эын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга 12 хуудас материалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, эдгээр нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т яллах дүгнэлтийн хавсралтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгана гэж заасныг зөрчиж байна. Прокурор яллах дүгнэлтдээ хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг маш тодорхой ойлгомжтой байдлаар нарийвчлан тооцож, эцсийн байдлаар тусгаж хэргийн оролцогчдод танилцуулан яллах дүгнэлтийг үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй орхигдуулсан байна. Гэм буруугийн шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын хувийн байдлаас дүгнэлт хийхэд эрүүл мэндийн хувьд байнгын чичирхийлэлттэй доош харж суусан, уйлсан байдалтай сэтгэл зүйн хувьд тайван бус тогтворгүй байсан учраас түргэн тусламжийн эмнэлгийг дуудаж хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн эдгээр нөхцөл байдлыг дүгнэвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх чадамжтай эсэхийг шалган тогтоох шаардлагатай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Монголоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулан сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах зэрэг хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гаргасан бөгөөд прокуророос 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр уг хүсэлтийг хангахаас татгалзсан тухай тогтоол гарган хариу мэдэгдэх хуудсыг явуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нт 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хавтаст хэргийг танилцуулахаар утсаар мэдэгдэхэд өмгөөлөгч ковид-19 өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа, өмгөөлөгчийн хамт хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаж өгнө үү гэх, өмгөөлөгч Ц.Монгол “эмнэлэгт хэвтэж байна, прокурорт хүсэлт гаргасан хариу ирээгүй, хэргийн материалтай танилцана” гэх, хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нт хавтаст хэргийн материалтай танилцана уу гэхэд “Би 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр ковид-19 тусаад эмнэлэгт хэвтэж байна” гэх /хх 27/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хавтаст хэрэгтэй танилцах боломжгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан нь харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтаст хэрэгт хавсаргана”, мөн хуулийн 32.3-т прокуророос хянавал зохих асуудалд “оролцогчийг хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангасан эсэх, хавтаст хэргийн материалтай танилцаад оролцогчоос гаргасан хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн эсэх”-ийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчид хавтаст хэргийн материал танилцуулаагүй, хэргийг шүүхэд шилжиж байгаа талаар мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэснийг тус тус зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”, 1.3-т заасан “Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүд байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж, хэргийг прокурорт очтол Т.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг бичсэн эсэргүүцэлдээ: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь Т.Эод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “Хэргийн оролцогчдын эрхийг хангаагүй байна. Хэргийг хохирогчид танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Энэ ажиллагааг хийж байж шүүх хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн нэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шийдвэрийг шүүх хурлын танхимаас гаргасан боловч шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч танилцахад Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг шинээр нэмж хоёр, гурав дахь заалтын утгыг давхардуулж 3 заалт бүхий захирамж ирүүлсэн байх ба дээрх шийдвэрийг шүүх хуралдааны танхимд гаргаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдааныг “Монгол Улсын сүлд, далбаа байрлуулсан танхимд явуулна”, мөн хуулийн 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана”, 36.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Захирамжийн 1 дэх заалтын талаар:

Даргалагч шүүгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө талуудад шинээр гаргаж өгөх баримт сэлт, санал, хүсэлт байгаа эсэх талаар тодруулсны дагуу прокурорын зүгээс яллагдагч Т.Эын Үл хөдлөх хөрөнгийн газраас ирүүлсэн албан бичиг, банкны харилцах дансны орлого, зарлагын талаарх мэдээллийг зохих байгууллагуудаас гаргуулан авсан албан тоот бүхий баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Учир нь энэ нь зөвхөн хохирогчийн нэхэмжилж байгаа гэм хорын хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой яллагдагчийн орлого, зарлагын талаарх мэдээлэл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т яллах дүгнэлтийн хавсралтад “хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгана гэж заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тусгасан болно. Тухайлбал, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан /баримттай/ бодит хохирлыг тогтоож, энэ тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 212 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх заалтад “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н нь оршуулгын зардалд 18.470.000 төгрөг гарсан, мөн талийгаач Д.Тэлмэнгийн олох байсан цалин, орлого, ногдол ашгийг цаашид нэхэмжилэх” талаар тусгаж өгсөн болно. Мөн хуулийн 36.8 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана: 1.7 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл”-ийг тусгахаар заасан. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцсны эцэст, хохирол, хор уршгийг гаргуулах, зарим хэсгийн хэрэгсэхгүй болгох, хохирлын баримтыг нотлох баримтаар үнэлэх, хүчингүй болгох, иргэний нэхэмжлэлийг нээлттэй үлдээх асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэхээр зохицуулсан юм. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Ариунболд нь 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн 2103001840222 дугаартай хэргийн мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзээд, хэргийн оролцогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарт хавтаст хэргийн материалтай танилцахыг гар утсаар мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл үйлдсэн байна. Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын 99004393 дугаартай гар утас руу захидал илгээж, өмгөөлөгч Ц.Монголын 99116035 дугаартай гар утас руу биечлэн ярьж, 2021 оны 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд ирж танилцах боломж олгосон байх ба мөрдөгч хэргийн оролцогч нарт мэдэгдсэнээс хойш 2 хоногийн дараа буюу хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр прокурорт шилжүүлжээ. Түүнчлэн хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарт хавтаст хэргийн материалтай ирж танилцахыг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мэдэгдэж, энэ тухай тэмдэглэлд: Э.Н нь “...ковид туссан байгаа, би мөрдөн байцаагч дээр хэрэг байхад өмгөөлөгчтэйгээ хамт танилцах гээд очоогүй, манай өмгөөлөгч ковид тусаад эмнэлэгт хэвтэж байсан” гэж, өмгөөлөгч Ц.Монгол нь “...та нар миний гаргасан хүсэлтийг шийдээгүй, мөн би хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлэхийг зөвшөөрөхгүй” гэсэн талаар тус тус дурьдсан байна. Өмгөөлөгч Ц.Монголын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын сэтгэцийн байдалд дүгнэлт хийлгүүлэх, сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, үйлдвэрлэлийн ослын акт гаргуулах” гэсэн утга бүхий хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус прокурорын газарт ирүүлснийг хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хангахаас татгалзаж шийдвэрлэн, мөн өдөр хариу мэдэгдсэн байна. Хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нь 2021 оы 9 дүгээр сарын 10-ны өдөр 212 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, түүнийг яллагдагч Т.Эод гардуулсан байх ба өмгөөлөгч Ц.Монголын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ. /Гомдлыг 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 1/1170 дугаартай албан бичгээр хүргүүлсэн боловч хавтаст хэрэгт хавсаргаагүй байв/ Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж үүрэг хүлээх чадвартай эсэхийг шалган тогтоох тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл мөн хуулийн 27.1 дүгээр зүйлд зааснаар шүүх, прокурор, мөрдөгч нь гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох зорилгоор шийдвэр гаргаж, шинжилгээ хийлгэж болно гэсэн байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүх хуралдааны танхимд шүүгч хэргийн оролцогчийг хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй гэсэн нэг заалтаар хэргийг буцааж шийдвэрлэснийг шүүх хуралдааны бичлэгээс харсан байх. Яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хүлээн авснаас хойш буюу хэргийг шүүхэд шилжүүлэх хугацааг 1 удаа сунгасан. Мөн 28 хоногийн дараа буюу шүүхэд шилжүүлэх тухай тогтоолыг гаргасан. Энэ хугацаанд шүүгдэгч Т.Э, өмгөөлөгчийн хамт болон хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа нарт энэ талаар танилцуулж, гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүхийн “Баримт 4” буюу “Хэргийн материал танилцуулсан тухай Т.Эод холбогдох хэргийн материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.24 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 2.9 дэх заалт, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.8 дахь заалт, 9.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн оролцогч нарт танилцуулав.” гэх шүүгчийн туслах Д.Сарантуяагийн тэмдэглэл байдаг. Үүнд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр танилцаж, гарын үсгээ зурсан байсан. Иймд эсэргүүцлээ дэмжин оролцож байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжаар зөрчлүүдийг маш тодорхой заасан тул хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх ёстой хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Бид нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас явуулсан албан бичгийн дагуу бусад байгууллагаас ирүүлсэн нотлох баримтын заримыг нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Учир нь, нотлох баримт цуглуулах шатандаа хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн зөрчил үйлдсэн. Мөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Учир нь, прокурорт гомдол өгсөн байхад прокурор миний гомдлын хариуг өгсөн. Ерөнхий прокурорт гаргасан гомдлыг шалгаж байх хугацаанд хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бага насны 3 хүүхэдтэй бөгөөд одоо 3 сартай жирэмсэн. Энэ хүмүүсийн эрхийг ноцтой зөрчсөн. Хуулийн этгээдийг хариуцагчаар татаагүй, ослын акт гаргаагүй, сэтгэл зүйн байдлын талаар эмнэлгийн дүгнэлт гаргах асуудлыг шийдвэрлээгүй. Шүүх хуралдаан болтол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бие нь муудаж, ухаан алдаж байсан. Иргэний хохирлын асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд хэргийг прокурорт буцааж нотлох баримтуудын дагуу тооцоо бодож, хохирлыг тодорхойлох шаардлагатай. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нын өмгөөлөгч С.Цацралтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хуульд заасны дагуу хэрэгт нотолбол зохих асуудлууд болох хохирол, хор уршиг, хэр хэмжээг тогтоолгох үүднээс өмгөөлөгч Ц.Монголын гаргасан хүсэлтүүдийг хяналтын прокурор хангахгүй шийдвэрлэсэн байсан. Уг тогтоолд гомдол гаргасныг хэрхэн шийдвэрлэсэн талаарх асуудал шийдвэрлэгдээгүй байхад хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Прокурорын эсэргүүцэлд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Ц.Монгол нарт хэргийн материал танилцуулах гэсэн талаар дурдагдсан байна. Миний бие хэрэгт хохирогч анхны мэдүүлэг өгөхөөс эхлээд өмгөөлөгчөөр оролцсон. Процессын явцад үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор мөрдөгч Ариунболд, уг хэрэгт хяналт тавьж байсан прокурор Оюун-Эрдэнэ нартай утсаар холбогдож өмгөөлөгч Ц.Монголын гаргасан хүсэлтүүд шийдвэрлэгдээгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны гарсан. Шүүхийн танхимд дурдагдаагүй асуудлууд шүүгчийн захирамжид бичигдсэн зүйл байхгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүгдэгч Т.Эын өмгөөлөгч Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь, улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн явцад Улсын бүртгэлийн газрын албан бичиг, банкны харилцах дансны орлого, зарлагын баримт зэргийг гаргаж өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.5 дахь заалтад заасныг зөрчөөгүй. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Тээврийн прокурорын газраас Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Т.Эод холбогдох хэргийг хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалт хууль зүйн үндэслэлтэй байна.

Тээврийн прокурорын газраас Т.Эыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Д.Тэлмэний амь нас хохирсон гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ Т.Эыг ямар осол гаргасан талаар гэмт хэргийн агуулгыг тусгаагүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, “Холбоо чандмань констракшн” ХХК-ийн дүрэм /1хх 235/-ээс үзэхэд амь хохирогч Д.Тэлмэн нь тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч байна. “Түү мандал” ХХК, “Холбоо чандмань констракшн” ХХК нарын хооронд 02/21 дугаартай тусгай мэргэжлийн ажил туслан гүйцэтгэх гэрээ /1хх 209/-г  2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд байгуулж, “Түү мандал” ХХК-ийн захиалгаар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт баригдаж байгаа Ган хадат аялал жуулчлалын цогцолборын амралтын төв байрны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг хохирогч Д.Тэлмэн, шүүгдэгч Т.Э нар хамтран гүйцэтгэж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ хэрэгт холбогдох иргэн, аж ахуйн нэгжийг иргэний хариуцагчаар татаж, шаардлагатай ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзэв.  

Түүнчлэн яллах дүгнэлтийн хавсралт /2хх 35/-ын 4 дэх заалтад “...талийгаач Д.Тэлмэнгийн олох байсан цалин, орлого, ногдол ашгийг нэхэмжилж байгаа” гэж тусгасан нь ямар нотлох баримтад үндэслэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоогоогүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын талаархи мэдээллийг нарийвчлан тусгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан талийгаач Д.Тэлмэний олох байсан орлого, ногдол ашиг болон хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлуудыг тус тус шалгаж тогтоох нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаан /Ковид-19/-тай байхад нь хэргийн материалтай танилцуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлж, тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн байх тул энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай.

Харин шүүгчийн захирамжид заасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээх чадамжтай эсэхийг шалган тогтоох ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэв.

Цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох тодорхой ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЗ/2721 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Эрдэнэчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 31 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

                    ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ