Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 153

 

                                            Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, түүний өмгөөлөгч С.Цацралтуяа, Ц.Монгол, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 664 дүгээр магадлалтай, Т.Э-д холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Х” ХХК-д барилгын инженерээр ажиллаж байсан, ял шийтгэлгүй Т овогт Т-ын Э.

Т.Э нь 2021 оны 7 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд “Тоёота Приус-20” загварын 00-00 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч Д.Тний амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 664 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүний амь насыг хохироосон...” гэснийг “...хүний амь нас хохирсон...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй юм. Учир нь уг гэмт хэргийн улмаас хохирогчийн амь нас хохирсон, учирсан хор уршгийг арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолтой гэдгийг мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шатанд илэрхийлсээр байтал шүүгдэгчид хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн зарчмыг зөрчиж шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан ял шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, үүний дагуу хууль буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Анхан шатны шүүх Т.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлсөн, цаашид нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзсэн гэж дүгнэсэн хэр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас амь нас хохирогчийн ард үлдсэн бага насны 3 хүүхэд, тэдний амьдралд нөхөж баршгүй хор уршиг учирсан гэдэгт огт үнэлэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй нь тогтоогдоно. Шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүйгээс анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн ял шийтгэлийг шүүгдэгчид оногдуулалгүй ял завших боломжийг олгож, хуулийг буруу хэрэглэж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн үндэслэлдээ шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэжээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч би гэмт хэргийн улмаас бага насны 2 хүүхэд болон бие давхар хоцорч, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад 3 дахь хүүгээ төрүүлж, бие, сэтгэл санааны асар их тэвчээр гаргаж, амьдралын минь нөхцөл байдал хэзээ ч өмнөх шиг хэвийн байдалд орохгүйгээр бүх талаараа хохирч байгааг харгалзаж үзэхгүй байгаад туйлын гомдолтой байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бидэнд учирсан хор уршиг яагаад ч арилахгүй гэдэг нь тодорхой байхад оршуулгын зардал төлсөн, хойшид нэхэмжлэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн гэх үндэслэлээр хүний амь нас хохироосон этгээдэд хөнгөн шийтгэл оногдуулсан нь Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлаж, ялгамжтай хандаж байна гэж үзэхэд хүрч байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Цацралтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нөхцөл байдал, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн /...гомдол саналтай гэдгээ илэрхийлдэг/ мэдүүлгийг анхаарч үзээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Монгол хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна. Авто ослын хэрэг манай улсад өдөр тутам маш их гарч байгаа бөгөөд түгээмэл хэргийн тухайд ялын бодлого нийцээгүй гэж үзэж байна. Хохирогчийн амь нас хохирсон асуудалд хөнгөн ял шийтгэл оногдуулах нь зохихгүй ба тус хэргийн хувьд гурван хүүхэд өнчирч хоцорсон. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн” талаар гаргасан гомдлыг дэмжиж байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн зүгээс ял шийтгэл хөнгөдсөн гэж үзээд байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь сонгох санкцтай байдаг. Тухайн үед хохирогч Д.Т-ийн удирдаж байсан барилгын бригад нь улсын баяр наадмаас өмнө суурь цутгалтын ажлаа дуусгахаар шахаж ажилласан. Осол гардаг өдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 05 цагаас 11-ний өдрийн 01 цаг хүртэл тасралтгүй ажиллаж буусан байдаг. Ахалж ажиллаж байсан хохирогч Т.Э-той хамт тухайн машинд сууж Улаанбаатар хот руу явсан. Т.Эын хувьд хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон. Түүний хувьд хамт баг болж ажиллаж байсан хүнийхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж, гэмшиж явдаг. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан баримтаар нэхэмжилсэн 21,490,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн цаашид нэхэмжлэх хохирол төлбөрийг төлж барагдуулахаа байнга илэрхийлж байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган онхолдож хохирогч Д.Тний амь насыг хохироосон үйл баримтыг шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоож, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хууль зөв хэрэглэсэн, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраасаа явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сараас 5 жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан. Шүүхээс шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, нийслэлийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна гэж үзэж байх тул шүүгдэгчийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооноос гарахыг хориглох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах дүгнэлтийг гаргаж байна гэв.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх шүүгдэгч Т.Эын үйлдсэн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүний хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн Т.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих, зорчих эрхийг хязгаарлах гэсэн хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд уг ажиллагааг хэрэгжүүлэгч албан тушаалтан, байгууллагын эрх, үүрэг, эрх хэмжээг тусгайлан зохицуулсан бөгөөд энэ нь тэдгээрийн үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг тогтоож буй явдал билээ.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан, байгууллага нь хуулиар олгогдсон эрх хэмжээний дотор л эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд уг ажиллагааг зохицуулсан хуулийн заалтыг чанд сахих нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ ажиллагаа хууль ёсны байхын баталгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг тодорхойлон заасан бөгөөд уг шүүхээс хэргийг хянан хэлэлцээд ямар шийдвэр гаргахын мөн хуулийн 40.8 дугаар зүйлийн 1-д тусгайлан хуульчилжээ.

Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон тул хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрхгүй юм.

Иймд “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөх”-ийг хүссэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүхээс хангаж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжгүй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл хоёр шатны шүүх нь Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай (хэргийн 1 дэх хавтас, 148 дахь тал) шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул түүний зорчих эрхийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 663 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Нийслэлийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэснийг “...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох...” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Б.ЦОГТ