Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00477 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6-10 тоотод оршин суух, ПЮ98041606 регистрийн дугаартай, Цагаантугийнхан овогт Батсайханы Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд дахь салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Оюунтунгалаг түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Миний аав Цагаантугийнх овогт Загдсүрэнгийн Батсайхан нь ээж Хартолгой овогтой Мөнхцэцэгтэй 1987 онд гэр бүл болсон. Бидний ээж Х.Мөнхцэцэг нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод бид аавын хамт амьдардаг байсан. Аав З.Батсайхан нь амьд сэрүүн байхдаа 2014 онд Ш.Бямбажав гэх хүнд дээрх хаягт байрлах хашааны газар, хувийн орон сууцыг 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгон Капитал банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. 2017 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын зөвшөөрөл олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан болно.

Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэглээний өмчлөлийн газар, Y-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцны хамтран өмчлөгч нь Батсайханы Оюундарь юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь одоог хүртэл Капитал банкны барьцаалбарт байгаа.

Иймд Капитал банкны Ш.Бямбажавын /РД:ПЮ55123064/-ын нэр дээр олгогдсон зээлийн барьцаанаас Ховд аймгмйн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбар: Иргэн Ш.Бямбажав нь З.Батсайханы өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр барьцаанд тавьж Капитал банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа бөгөөд одоо 37 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсны дараа уг үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00477 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд дахь салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ. 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 108 дугаар зүйлийн 108.2-т дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Оюундарь нь өмчөө бусдын эзэмшлээс шаардах эрхтэй юм. З.Батсайханаас иргэн Ш.Бямбажавт олгосон итгэмжлэлээр 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 3 жилийн хугацаатайгаар үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах эрхийг олгосон байна. Харин итгэмжлэлийн хугацаанд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн эрхийг олгоогүй байна. Зээлдүүлэгч болон зээлдэгч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд З.Батсайхан нь барьцаалуулахаар итгэмжлэл олгосон эд хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангахаар ямар нэгэн үүрэг хүлээхээр зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь Монгол банкны Ховд салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ховд Капитал банкны эрх хүлээн авагч Г.Эрдэнэхишиг нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “барьцаа хөрөнгийг зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээр барьцаалсан. Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан учраас чөлөөлөх боломжгүй. Харин зээл төлөгдөж дууссан тохиолдолд чөлөөлөх боломжтой” гэж тайлбарлажээ.

             Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иргэн Ш.Бямбажав нь 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Капитал банкны Ховд салбараас 50,000,000 төгрөгийн бизнесийн зээл авахад нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б.Батсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6 дугаар гудамжид байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцын хамт банкны барьцаанд тавих бүрэн эрхийг 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Ш.Бямбажавт олгосон байна. Энэхүү итгэмжлэлийн дагуу Капитал банкны Ховд салбар иргэн Ш.Бямбажавт 50,000,000 төгрөгийн зээл олгохдоо нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б.Батсайханы Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6 дугаар гудамжид байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцны хамт банкны барьцаанд авч зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл олгосон байна.

            Иргэн Ш.Бямбажавын уг зээл бүрэн төлөгдөж дуусаагүй, нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б.Батсайхан, иргэн Ш.Бямбажав нар нас барсан үйл баримт хэрэгт авагджээ.

Капитал банкны Ховд салбарын эрх хүлээн авагч Г.Эрдэнэхишиг нь “иргэн Ш.Бямбажавын зээлийн үлдэгдлийг хамтран зээлдэгч Г.Дулмаагаас нэхэмжлэхээр төлөвлөж байгаа талаараа” тайлбарласан бол нэхэмжлэгч Б.Оюундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан тул гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцны хамт банкны барьцаанаас чөлөөлөх ёстой” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Б.Оюундарийн эцэг Б.Батсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6 дугаар гудамжид байрлах гэр бүлийн хэрэгцээний газрыг хувийн орон сууцын хамт банкны барьцаанд тавих бүрэн эрхийг иргэн Ш.Бямбажавт олгосон итгэмжлэлийн 3 жилийн хугацаа дууссан нь барьцааны гэрээ дуусгавар болох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдах үүргийг бүрэн биелүүлэх хүртэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар иргэн Ш.Бямбажав нь банкны зээлийг бүрэн төлж дуусах хүртэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд зээлийн тодорхой хувийг төлснөөр барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2019/00477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                      Б.ДАМБА

                                                                     

                                                                                                     М.НЯМБАЯР