Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 00477

 

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 153/ШШ2019/00477

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6-10 тоотод оршин суух, ...... регистрийн дугаартай, Цагаантугийнхан овогт Б-ы О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд дахь салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох, Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Цагаантугийнх овогт Загдсүрэнгийн Батсайхан нь ээж Хартолгой овогтой Мөнхцэцэгтэй 1987 онд гэр бүл болсон. Бидний ээж Х.Мөнхцэцэг нь 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод бид аавын хамт амьдардаг байсан. Аав З.Батсайхан нь амьд сэрүүн байхдаа 2014 онд Ш.Бямбажав гэх хүнд дээрх хаягт байрлах хашааны газар, хувийн орон сууцыг 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгон Капитал банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. 2017 онд Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын зөвшөөрөл олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан болно.

Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэглээний өмчлөлийн газар, Y-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцны хамтран өмчлөгч нь Батсайханы Оь юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь одоог хүртэл Капитал банкны барьцаалбарт байгаа.

Иймд Капитал банкны Ш.Бямбажавын /РД:ПЮ55123064/-ын нэр дээр олгогдсон зээлийн барьцаанаас Ховд аймгмйн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Бямбажав нь З.Батсайханы өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр барьцаанд тавьж Капитал банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа бөгөөд одоо 37 сая гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 20 сая төгрөгийн үлдэгдэлтэй болсны дараа уг үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь Монгол банкны Ховд дахь салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.Оь нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.От Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дүгээр зүйлд зааснаар итгэмжлэл олгосон /хх-3/ байх тул Б.О нь тус хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Б.Оийг төлөөлөх бүрэн эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...миний аав З.Батсайхан нь иргэн Ш.Бямбажавт 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгож, нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг банкны зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. 2017 онд үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын зөвшөөрөл олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул банк нь зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх ёстой гэж, хариуцагчийн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа иргэн Ш.Бямбажав нь З.Батсайханы өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр барьцаанд тавьж Капитал банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа тул үл хөдлөх хөрөнгийг банкны барьцаанаас чөлөөлөх боломжгүй гэж тайлбарлалаа.

Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн лавлагаанаас үзэхэд /хх-5, 6/ Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний газар нь иргэн З.Батсайхан, Б.Оь нарын өмчлөлийнх, Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууц нь иргэн З.Батсайхан, Л.Мэндсайхан, Б.Оь нарын өмчлөлийн хөрөнгө болох нь нотлогдож байна.

Иргэн З.Батсайхан нь 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Ш.Бямбажавт 3 жилийн хугацаанд Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг банкны барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл /хх-63, 64/ олгосон байна. Тус итгэмжлэлд Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон орон сууцны өмчлөгч болох З.Батсайхан, Л.Мэндсайхан нар гарын үсэг зурсан байх бөгөөд харин өмчлөгчийн нэг болох Б.Оийн өмнөөс З.Батсайхан гарын үсэг зурсан байна.

Тус итгэмжлэл хийгдсэн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн нэг болох ПЮ98011606 тоот регистрийн дугаартай Батсайханы Оь нь 16 нас, 2 сар 17 хоногтой /хх-63, 64/ байсан байна. Тухайн үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох Б.Оь нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар бүрэн бус чадамжтай байсан байх бөгөөд түүний хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх/-ийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэхээр заасан байдаг. Зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэлийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй боловч тус итгэмжлэлд Б.Оийг төлөөлөн түүний эцэг З.Батсайхан гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн байна.

Гэхдээ зохигчид 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн З.Батсайханаас Ш.Бямбажавт олгосон үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавихыг зөвшөөрсөн

Дээрх итгэмжлэлээр Ш.Бямбажав нь Капитал банктай 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 2014/141 дугаартай зээлийн гэрээ /хх-32-34/ байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг авч, барьцаа хөрөнгөд Ховд аймгийн Жаргалант сумын 10-р баг, Тахилт 6 гудамжны 10 тоотод байрлах Г-1617002102 улсын бүртгэлийн дугаар бүхий 3465 мкв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон Ү-1617000774 улсын бүртгэлийн дугаар бүхий 46 мкв хувийн орон сууцыг тавьж, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Барьцааны гэрээ /хх-51-52/ байгуулсан байх бөгөөд эдгээр гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан байна. Мөн барьцаа хөрөнгүүдийг Ш.Бямбажав нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрөлтэйгээр итгэмжлэлийн хугацааны дотор банкны барьцаанд тавьсан байна. Ингэснээр тухайн зээлийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч биелүүлж чадахгүй тохиолдолд зээлдэгчээс барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар зээлийн барьцаа болно.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог бөгөөд зээлийн гэрээ байгуулагдсанаар талуудын хооронд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д заасан эрх үүрэг үүснэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч З.Батсайхан, Х.Мөнхцэцэг нар нь эхнэр нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/-аар, З.Батсайхан, Х.Мөнхцэцэг нар нь нас барсан болох нь хэрэгт авагдсан нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /хх-8, 9/-аар тус тус нотлогдож байна. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг банкны барьцаанд тавьж зээл авсан зээлдэгч Ш.Бямбажав нь нас барсан болох нь шүүх хуралдаанд өгсөн зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Капитал банк нь зээлдэгч Ш.Бямбажавт холбогдуулан зээлийн төлбөрийг төлөх талаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, эвлэрлийн гэрээ байгуулан /хх-30-31/ Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан 276 дугаартай шүүгчийн захирамж /хх-27-29/ 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гарсан байна. Улмаар тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 256 дугаартай Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай /хх-26/ шүүгчийн захирамжийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-25/-аар нотлогдож байна. Эдгээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас өнөөдрийн байдлаар биелэгдээгүй байгаа болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ...зээлдэгч Ш.Бямбажав нь нас барсан тул албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээгүй байгаа. Одоо хамтран зээлдэгч н.Дулмаад холбогдуулан нэхэмжлэл гаргах гэж байгаа... гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байхаар заасан байдаг. Иймд З.Батсайханаас иргэн Ш.Бямбажавт олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь барьцаалагч болно. Барьцаалагчийн барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болох учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д зааснаар төлөөлөгчийн эрх хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болсон тул үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанд тавих эрх дууссан... гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь барьцаагаар хангагдах үүргийг бүрэн биелүүлсний дараа барьцаалагч нь барьцаалбарыг чөлөөлж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн шүүх хуралдаанд гаргасан ...манай ааваас олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан тул банк нь банкны барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлж өгөх ёстой... гэсэн тайлбар мөн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд дахь салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оийн нэхэмжлэлтэй, Монгол банкны Ховд дахь салбарын Капитал банкны эрх хүлээн авагчид холбогдох Капитал банкны Ховд салбарын зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА