Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Уртнасангийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00451 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин суух, Хиргэс овогт Шагдарын Уртнасангийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Ш.Уртнасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Уртнасангийн ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтрийн дагуу тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.Уртнасан нь 1980 онд 8 дугаар анги төгссөн гэж эгч нь хэлсэн. Ш.Уртнасан 1978-1979 онд хичээл завсардаж хөдөө байж байгаад 1980 онд Батдэлгэр багштай ангийг төгсөөд илгээлтээр гарсан учраас Ш.Уртнасанг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Бог мал маллаж байсан гэхдээ ямаа голдуу маллаж байсан.

Зарим нэг онд эхнэртэйгээ хамт ногоо тарьж байсан гэхдээ малтайгаа байсан. Гэрч Л.Лхагвасүрэн надтай хамт н.Батдэлгэр багштай 8 дугаар анги төгссөн гэж хэлсэн. Эгч нь манай дүү хичээл их завсарддаг багш нараар их хайлгадаг 6 дугаар ангиас хойш хичээлд их суугаагүй хүүхэд байгаа гэж хэлсэн. Бид нар тракторын жолоочийн курсэд суулгах гээд хүчээр хичээлд нь хоёр сар суулгаж 1980 онд 8 дугаар анги төгсгөсөн. Бичиг үсэг мэдэхгүй шалгалт өгч чадаагүй учраас тракторын курсэд сураагүй гэж хэлсэн. Ш.Уртнасанг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00451 дугаар шийдвэрээр: “

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хиргэс овогт Шагдарын Уртнасан /ПЗ64090217/-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж шийдвэрлэжээ.

 

            Хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Ш.Уртнасаныг ногоочин байсан гэдгийг зөвшөөрөхгүй нэгдлийн дарга нэгдлийн гишүүддээ түр тушаал гаргаж ажиллуулдаг байсан. Малчид малаа маллан ногоо тарьдаг олон хүн байсан ногоо тарих ажил жилд 1-2 сарын хугацаа шаарддаг түр ажил юм. 1990-1989 оныг дуустал ээж, дүү, эхнэртэйгээ мал маллаж байсан тэр үеийн тухайн баг үйлдвэр бригадын 70 дугаар данс шатсан тул баримт олдохгүй хохироход хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Хүсэлт гаргагч Ш.Уртнасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулуун нь “Ш.Уртнасанг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

            Шүүх Ш.Уртнасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чулууны дээрх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

            О.Чулуун нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Ш.Уртнасангийн 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсарган өгч, гэрчээр Г.Лхагвасүрэн, Ш.Гэрэлчулуун нарыг асуулгасан” байна.

            Шүүх Ш.Уртнасангийн Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг шаардан авч, хэрэгт хавсаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцсэн байна.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх шаардан авсан Хөдөө аж ахуйн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь” шүүх үнэлэх боломжгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргаагүй тул шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах зорилгоор архивын тасагт үзлэг явуулсан байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой тул шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байна.

Энэхүү үзлэгээр Ш.Уртнасанг 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ногоочноор томилон ажиллуулж байсан Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдлийн дарга Х.Загджавын тушаалаас өөр нотлох баримт олдоогүй тул малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй бөгөөд ийм хүсэлтийг хянан шийдвэрлэхэд “бодит байдлын” зарчим хэрэгждэг тул, нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг шүүх өөрийн санаачилгаар хийсэн боловч “малчнаар ажиллаж байсан” үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2019/00451 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                                    Б.ДАМБА

                                  

          М.НЯМБАЯР