Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00451

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2019/00451

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин суух, Хиргэс овогт Ш-ын У /.../-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч-ы нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 153/2019/00370/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Ш.Угийн ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтрийн дагуу тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ш.У нь 1980 онд 8 дугаар анги төгссөн гэж эгч нь хэлсэн. Ш.У 1978-1979 онд хичээл завсардаж хөдөө байж байгаад 1980 онд Батдэлгэр багштай ангийг төгсөөд илгээлтээр гарсан учраас Ш.Уг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Бог мал маллаж байсан гэхдээ ямаа голдуу маллаж байсан. Зарим нэг онд эхнэртэйгээ хамт ногоо тарьж байсан гэхдээ малтайгаа байсан....Гэрч Л.Лхагвасүрэн надтай хамт н.Батдэлгэр багштай 8 дугаар анги төгссөн гэж хэлсэн. Эгч нь манай дүү хичээл их завсарддаг багш нараар их хайлгадаг 6 дугаар ангиас хойш хичээлд их суугаагүй хүүхэд байгаа гэж хэлсэн. Бид нар тракторын жолоочийн курсэд суулгах гээд хүчээр хичээлд нь хоёр сар суулгаж 1980 онд 8 дугаар анги төгсгөсөн. Бичиг үсэг мэдэхгүй шалгалт өгч чадаагүй учраас тракторын курсэд сураагүй гэж хэлсэн....Ш.Уг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлттэй байна....Өөр ажил хийж байгаагүй. Эхнэртэйгээ хамт ногоочин хийж байсан байх....Мөн гэж бодож байна. Өөр Ш овогтой У гэдэг нэртэй хүн байгаагүй санагдаж байна....Ш.У малчин хийж байсан учраас малчнаар ажилласан жилийг нь тогтоолгоно....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Угийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ш.У нь 1986 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ногоочноор ажиллаж байсан нь тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгээр хуулбарлан авсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 61 дүгээр тал/

Мөн нэхэмжлэгч Ш.Угийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ....Эхнэртэйгээ хамт ногоочин хийж байсан байх.... Мөн гэж бодож байна. Өөр Ш овогтой У гэдэг нэртэй хүн байгаагүй санагдаж байна.... гэх тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Ш.У нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг тус тус дуустал малчнаар тасралтгүй ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг нь тодруулан асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулсан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Түүнчлэн Г.Лхагвасүрэнгийн ....Би 1987 онд сумандаа ирж ажиллаж эхэлсэн. Намайг 1987 оны 9 сард Мянгад суманд ажиллахаар ирэхэд Ш.У нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан. Тэгээд нэгдэл тартал малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/ нь хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаартай Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалын хуулбараар үгүйсгэгдэж байх бөгөөд гэрч Г.Лхагвасүрэнгийн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан өөр бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Ш.Угийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Дараах баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Үүнд:

1-рт. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чы шүүх хуралдаанд гаргасан ....Гэрч Г.Лхагвасүрэн надтай хамт н.Батдэлгэр багштай 8 дугаар анги төгссөн гэж хэлсэн. Эгч нь манай дүү хичээл их завсарддаг багш нараар их хайлгадаг 6 дугаар ангиас хойш хичээлд их суугаагүй хүүхэд байгаа гэж хэлсэн. Бид нар тракторын жолоочийн курсэд суулгах гээд хүчээр хичээлд нь хоёр сар суулгаж 1980 онд 8 дугаар анги төгсгөсөн. Бичиг үсэг мэдэхгүй шалгалт өгч чадаагүй учраас тракторын курсэд сураагүй гэж хэлсэн.... гэх тайлбар, Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 69 дугаартай албан бичиг зэргээс гэрч Ш.Гэрэлчы тус шүүхэд өгсөн ....Ш.У нь 7 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 4 дүгээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 3 жилийн цэргийн алба хаасан.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/, гэрч Д.Баянтөрийн шүүх хуралдаанд өгсөн ....Ш.У нь 1979 онд 7 дугаар ангиасаа илгээлтээр сургуулиас гарсан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад бог мал малладаг байсан.... гэх /хх-ийн 97-100 дугаар тал/ мэдүүлгүүд нь зөрсөн, дээрх гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээтэй.

2-рт. Гэрч П.Лхагвадоржийн шүүх хуралдаанд өгсөн ....Ш.У нь 1979 онд 7-р анги төгсөөд эхийн хамт мал маллаж байсан. Эх нь мал дээр байсан. Шагдар хөгшин сумын төв дээр талх хийдэг байсан. Эх, эгч нарын хамт хөдөө мал маллаж байсан. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад намайг цэрэгт яваад ирэн иртэл байж байгаад нэгдэл тартал ажилласан.... гэх мэдүүлэг нь /хх-ийн 97-100 дугаар тал/ нэхэмжлэгч нь 1980 онд 8 дугаар анги төгссөн байхад 1979 онд 7 дугаар анги төгссөн гэж мэдүүлсэн нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчийг Давшилт нэгдлийн Баянбулаг буюу 2 дугаар бригадад ажиллаж байсан гэж гэрчилсэн бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй.

3-рт. Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд авагдсан иргэн Д.Баянтөр, П.Лхагвадорж нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 6-7 хуудсанд авагдсан нэхэмжлэгч Ш.Угийн нэр бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон хавтаст хэргийн 32-43 дугаар хуудсанд авагдсан Хөдөлмөрийн дэвтрийн 2 дугаар хуудсанд 03, 1981, 1, 5, Үйлдвэр Тариа ногоочин гэх бичвэрийг хөх өнгийн зүйлээр бичсэн, хөдөлмөрийн дэвтрийн 3 дугаар хуудсанд бригадад малчнаар, Нэгдлийн даргын 1981-1-5ны өдрийн 1 тоот тушаалаар гэх бичвэрийг ягаан өнгийн зүйлээр бичсэн, мөн уг бичвэрүүдийн бичгийн хэв нь өөр, нэхэмжлэгч 8 дугаар анги төгссөн байхад 7 дугаар анги төгссөн гэж бичсэн зэрэг нь хөдөлмөрийн дэвтрийг үнэлэхэд эргэлзээтэй.

4-рт. Хавтаст хэргийн 57-60, 62-65 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдалтай хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хиргэс овогт Ш-ын У /.../-ийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         С.ОЮУНЖАРГАЛ