Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 221/MA2017/0586

 

 

 

 

Б.Анандын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Анандын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийдвэрээр: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Анандын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Анандын ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ”Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дарааллан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлнө” гэж заасан байдаг. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3.7-д заасан эрхийнхээ хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолооор баталсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын хүрээнд ажил олгогчдод шимтгэлийн хөнгөлөлт олгож байна. Энэхүү журмаар ажил олгогч Худалдаа хөгжлийн банк нь тэтгэмжийн даатгалын сангаас тэтгэмж авсан учраас иргэн Б.Анандыг дээрх хөнгөлөлтөнд хамруулах боломжгүй байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Ананд нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба шүүх дээрх шаардлагыг зөвтгөж “ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Анандын ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгаж” шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал,

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д “Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 1О хувиар хөнгөлнө” гэж заасныг ажил олгогч болон даатгуулагчид тус тусад нь хөнгөлөлт үзүүлэх урьдчилсан нөхцөл болзол гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.Ананд нь 2010 оны 7 дугаар сараас хойш нийгмийн даатгалын санд тасралтгүй ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн, энэ хугацаанд  ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авч байгаагүй тул дээрх болзлыг хангасан гэж үзнэ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Анандын ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахаас татгалзсан үндэслэлээ “ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг даатгуулагчид төлж байсан тохиолдол байхгүй, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлагдсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу ажил олгогчдод хөнгөлөлт үзүүлдэг, даатгуулагчид хөнгөлөлт олгох зохицуулалт байхгүй” гэж тайлбарласан байх боловч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор батлагдсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-аар гагцхүү ажил олгогчид бус даатгуулагч болон ажил олгогчид хэн алинд нь болзол хангасан тохиолдолд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан агуулгатай байна.

Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр сар бүр төлж буй ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалын шимтгэлийн харилцаанд шимтгэл төлөгчийн хувиар оролцох тэгш эрхтэй субьектүүд бөгөөд уг шимтгэлийг адил хувь хэмжээгээр төлсөн ажил олгогчид хөнгөлөлт үзүүлж байгаа атлаа ажилтанд хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

                 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

                 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                  ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

                  ШҮҮГЧ                                                               О.НОМУУЛИН