Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 380

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Б.А нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх  хэсгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг Б.А ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нарыг оролцуулан хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэст “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүйдлийн нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж өргөдөл гаргасан боловч тус хэлтсээс хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй тул дээд шатны байгууллага болох Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой 6/04 бичгээр “Ажил олгогч хөнгөлөлтийн хувь хэмжээг тусгасан талархал хүлээн авбал ажил олгогчоороо дамжуулан энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой" гэж гомдлыг хангасан мэт “боломжтой” гэсэн хариу өгч байгаа боловч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд ажил олгогч нь "Талархал” хүлээн авсан тохиолдолд даатгуулагч хөнгөлөлт эдэлнэ гэж хуульчлаагүй, нэхэмжлэгчийн ажил олгогч байгууллага болох “Худалдаа, хөгжлийн банк” ХХК нь нийгмийн даатгалын байгууллагаас “Талархал” гэх баримт авч байгаагүй, 2016-2017 онд ч аваагүй тул гомдлыг хангаагүй гэж үзэж байна.

Нийгмийн дааггалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт нь ажилтан нэг ажил олгогчид тогтвор суурьшилтай ажиллахыг дэмжиж, хэрэв 5 жил дараалан нийгмийн даатгалын сангаас буюу улсаас тэтгэмж гаргуулаагүй, зардал  хэмнэсэн бол дараагийн жилүүдэд төлөх шимтгэлийг хөнгөлнө гэсэн үзэл баримтлалыг тусгасан байна. Гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиар эрх олгоогүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр ”...хөнгөлөлт эдлүүлэх” журам баталж, тус журамдаа ажил олгогч нь шаардлага хангавал даатгуулагч хөнгөлөлт эдэлж болно гэсэн агуулгыг тусгаж тухайн зохицуулалтыг Эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар үндэслэж Б.Аын нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж байгаа нь хууль зөрчиж байна.

Ийнхүү, “Талархал” гэх хуульд заагаагүй баримт авсан тохиолдолд “хөнгөлөлт” эдлэх боломжтой гэж хууль зүйн үндэслэлгүйгээр хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учир Шүүхэд даалгах нэхэмжлэл гаргасан болно.

Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг Б.А нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв. 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хариу тайлбартаа: “...Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх ажлыг 2012 онд зохион байгуулсан бөгөөд 2012 онд Худалдаа хөгжлийн банк ажилгүйдлийн даатгалын сангаас нийт 177898021 төгрөг, 370 хүн ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулсан байна. 

Иймд, иргэн Б.А хөнгөлөлт үзүүлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс 2011 оны 11 дүгээр сарын 24-ний 16 дугаартай  ажилгүйдлийн даатгалаас 10 хувийн хөнгөлөлт эдлэх журам шинэчлэн батлах тухай тогтоол гарсан. Үүний дагуу 2012 оноос эхлэн нийт ажил олгогч нарт 316 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Худалдаа хөгжлийн банк нь 4 төрлийн даатгалын сангаас 370 хүнд 177.898 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж нийгмийн даатгалын сангаас мөнгө гаргуулсан байсан.

Б.А хөнгөлөлт үзүүлээгүй байсан. Журамд заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Б.Аад хөнгөлөлт үзүүлэх талаар бичиг ирээгүй тул хөнгөлөлт олгоогүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас судалгааны үндсэн дээр ажилгүйдлийн даатгалаас мөнгө гаргуулаагүй ажил олгогч нарыг урамшуулж “талархал” гэсэн бичиг хүргүүлж, хөнгөлөлт үзүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Үндэсний зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд журам гарган хэрэгжүүлж байгаа. Энэ журмын дагуу ажил олгогчид 10 хувийн хөнгөлөлт үзүүлэх ажлыг хийж байгаа. Зөвхөн Б.А хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа асуудал байхгүй. Одоог хүртэл нэг ч иргэн, даатгуулагчид хөнгөлөлт үзүүлээгүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.А нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэст хандаж “ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт” эдлэх тухай хүсэлтээ гаргасан боловч хариу өгөөгүй байна.

Улмаар Б.А нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газарт “...Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хөнгөлөлтийг үзүүлэх тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэж хандахад мөн “...Таны ажил олгогч Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 ба 2 дахь хэсэгт заасан болзлыг хангаж, 2017 онд ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт эдлэх ажил олгогчийн жагсаалтад орж, “Талархал” хүлээн авбал ажил олгогчоороо дамжуулан энэ хөнгөлөлтийг эдлэх боломжтой”  гэсэн хариуг өгсөн тул тус шүүхэд хандаж “...Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг Б.А ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.А нь 2010 оны 07 дугаар сараас өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д тасралтгүй ажилласан хэмээн тайлбарлаж байх бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуульд “”даатгуулагч” гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, ... эрх бүхий этгээд” гэж тодорхойлсон даатгуулагч мөн байх ба Б.Аын төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, тэр дундаа ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа болон хэмжээний тухайд талууд маргахгүй байна. 

Харин нэхэмжлэгчээс “миний ажиллаж байгаа ажил олгогч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдаагүй гэсэн үндэслэлээр миний цалингаасаа төлж буй шимтгэлд хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж байгаа нь хууль бус” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг даатгуулагчид үзүүлж байсан тохиолдол байхгүй бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу даатгуулагчид хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт байхгүй” гэж тус тус маргажээ. 

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж бүрдүүлсэн ажилгүйдлийн даатгалын сан нь иргэнийг ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх зорилготой сан бөгөөд нийгмийн даатгалын сангийн ажилгүйдлийн даатгалын санд ажил олгогчоос гадна ажилтан нь хуульд заасан журмын дагуу өөрийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 0,02 хувьтай тэнцэх шимтгэлийг сар бүр төлж ажилгүйдлийн даатгалын санг бүрдүүлдэг байх тул ажил олгогч болон даатгуулагчийн аль аль нь хуульд заасан хөнгөлөлтийг эдлэх эрхтэй байна.

Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Б.А ажиллаж буй ажил олгогч болох “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь 2012 онд ажилгүйдлийн даатгалын сангаас 177 898 021 төгрөгийн зардал гаргуулсан  гэсэн үндэслэлээр даатгуулагч Б.Аад шимтгэлийн хөнгөлөлт 

Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч болон даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 1О хувиар хөнгөлнө” гэж заасан байх ба энэ нь тогтвор суурьшилтай ажиллаж шимтгэл төлсөн ажилтанд үзүүлэх урамшууллын арга хэмжээ бөгөөд ажилтан болон ажил олгогч хоёулаа зэрэг ажилгүйдлийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй байхыг шаардах учиргүй. 

Тодруулбал, ажил олгогч нь нэгэн зэрэг хэдэн ч хүнийг ажиллуулж болох учир ажилтнаас гадна ажил олгогч зардал гаргуулаагүй байх гэсэн шаардлагыг зэрэгцүүлэн тавих боломжгүйн зэрэгцээ хуульд “ажил олгогч болон даатгуулагч” гэж томьёолсон нь “ажил олгогч 5 жил дараалан тэтгэмж гаргуулаагүй”, “даатгуулагч 5 жил дараалан тэтгэмж гаргуулаагүй” гэсэн утгыг илэрхийлж байх тул нэхэмжлэгчийн “...болон гэдэг  холбоос үг нь ажил олгогч, даатгуулагч нарыг хамтдаа шаардлага хангасан байх, хамтатгаж ойлгоно гэсэн утга илэрхийлэхгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Мөн нийгмийн даатгалын байгууллагаас хуулийн дээрх шаардлагыг хангасан ажил олгогч болон даатгуулагчид 2012 онд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлсэн болохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 он 01 дүгээр сарын 03-ны өдрийн 6/04 албан бичигт  дурьдсан болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэхийн тулд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан журмын дагуу 5 жилийн хугацаанд зардал гаргуулаагүй ажил олгогчид “Талархал” хүргүүлээд 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар ажилтанд хөнгөлөлт үзүүлсэн баримт байхгүй”  гэсэн тайлбараас үзвэл нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг адил хувь хэмжээгээр сар бүр төлсөн ажил олгогчид хөнгөлөлт үзүүлж байгаа атлаа ажилтанд хөнгөлөлт үзүүлэхээс татгалзаж байгаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “шударга ёс, ...тэгш байдлыг хангах,...хууль дээдлэх” зарчмыг үйл ажиллагаандаа баримталж ажиллаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтан нь “нийгмийн даатгалын шимтгэл төлөх” харилцаанд “шимтгэл төлөгч”-ийн хувиар оролцож буй тэгш эрхтэй субьектүүд учраас шимтгэлийн хөнгөлөлтийг мөн адил тэнцүү эдлэх эрхтэй бөгөөд хуулиар ажил олгогч болон даатгуулагчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр зохицуулсан байхад хариуцагчаас “журмаар зохицуулаагүй” гэсэн үндэслэлээр хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсан нь буруу болжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” чиг үүрэг бүхий хэрэгжүүлэгч агентлаг болохынхоо хувьд нэхэмжлэгч Б.Аын хөдөлмөрийн хөлснөөс ажилгүйдлийн даатгалын шимтгэл хураахын зэрэгцээ Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан хөнгөлөлтийг мөн үзүүлэх үүрэгтэй.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх журам”  нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй төдийгүй, уг журмын “Нэг”-д “Энэхүү журмыг ажил олгогч болон даатгуулагчид ... шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхэд тус тус баримтална”, “Найм”-д “... ажил олгогч, даатгуулагчид үзүүлэх хөнгөлөлтийн хувийг 10 хувиар нэмэгдүүлэн тооцох...” гэж заасан байгаагаас үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Хэдийгээр иргэд, даатгуулагчид хөнгөлөлт үзүүлэхээр хуульд заасан боловч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан журмыг Чингэлтэй дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс хэрэгжүүлж байгаа” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Ажилтнаас ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөх үндэслэл нь түүний “ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байгаа байдал” байх бөгөөд шимтгэлийн хэмжээ нь түүний цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс шууд хамаарах хуулийн зохицуулалттай байна.

Түүнчлэн хууль тогтоогчийн зүгээс нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхэд тавих шаардлагыг “...даатгуулагч 5 жил дараалан ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулаагүй” гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Аын зүгээс ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж гаргуулж байгаагүйд талууд маргахгүй байх тул Б.А нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтийг үзүүлэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Аын “Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх  хэсгийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийг Б.А ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.А ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Аын ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлөх шийдвэр гаргахыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ц.МӨНХЗУЛ