Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 А.Алтансувдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2019/00426 дугаар шийдвэртэй,  Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багт оршин суух, ПЮ91101206 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Ашигновын Алтансувдын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Алтансувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлын ажлын байранд ажиллах 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,394,619 төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын Тамгын газраас, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин 5,772,597 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нийт 7,167,216 төгрөг гаргуулах тухай, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалин 1,084,728 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлаар томилогдон ажиллаж эхэлсэн.

Миний бие 2017 оны 5 дугаар сард ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадралын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Миний жирэмсний амралтын хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 26-нд дуусч ажилдаа орох хүсэлт тавихад хөдөө ажилтай явж байна гэх зэрэг элдэв шалтаг хэлж намайг ажиллуулахгүй ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй хохироож байсан учир би Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50 дугаартай шийдвэр гаргасан. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлын ажилд томилсон. Миний бие ажилд орсон үеэсээ эхлэн 2017 оныг дуустал Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас цалин авч байгаад 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас цалин авдаг болсон юм.

Иймд Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлаар ажиллаж байсан хугацааны цалин 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны цалин 1,394,619 төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Тамгын газраас, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 5,772,597 төгрөг бүгд 7,167,216 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газраас гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Ховд аймгийн Дөргөн сумын Тамгын газар нь миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн учир бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн миний дансанд миний нэхэмжилсэн цалинг шилжүүлсэн. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Мөн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,084,728 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Учир нь намайг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн бөгөөд архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтаар тус тушаалд бичвэрийн алдаа гарсан гэж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгож, дахин намайг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Ингэж дахин дахин тушаал гаргаж чөлөөлөхдөө намайг өмнө эрхэлж байсан ажлын байранд ажиллуулаагүй. Сүүлд ажлаас чөлөөлсний дараа надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгууллагын архив бичиг хэрэг дээр ажиллуулсан. Иймд одоо миний бие Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин 5,772,597 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,084,728 төгрөг, нийт 6,857,325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2015 оноос Дөргөн сумын газрын даамлын сул орон тоог нөхөхөөр сул орон тооны захиалгыг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж байсан ч уг орон тоо нөхөгдөхгүй, ажил цалгардаж байсан тул ажил хүссэн өргөдөл ирүүлсэн А.Алтансувдыг газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Дөргөн сумын газрын даамлаар түр томилон ажиллуулж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт олгосон болно. Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоол батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө сумын газрын даамлын орон тоо, цалингийн сан нь тухайн сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг байсан бөгөөд А.Алтансувдыг жирэмсний болон амаржсаны амралт авахаас өмнө Дөргөн сумын Засаг даргын тамгын газраас Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамруулж үзнэ гэсний дагуу хүргүүлсэн сул орон тооны захиалгын дагуу 2017 оны 6 дугаар сард явагдсан мэргэшлийн шалгалтын дүнд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол, Дөргөн сумын Засаг даргын саналын дагуу Б.Ганцэцэгийг томилсон.

А.Алтансувд нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусахад ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дөргөн сумын газрын даамлаар ажиллуулахгүй байгаа талаар гомдол гаргаж, 2018 оны 10 дугаар сар хүртэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны ямар нэг шийдвэр гаргах 2 сарын хугацаа өгсөн байдаг. Тус газар А.Алтансувдын хувийн байдлыг харгалзан үзээд Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэх шаардлага тавьж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар Дөргөн сумын газрын даамлаар түр томилсон. 2018 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд А.Алтансувд оролцсон боловч тэнцээгүй. Иймд тус газраас А.Алтансувдад мэдэгдэх хуудас өгч 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтаар тус тушаалын үндэслэх хэсгийн бичвэрийн алдааг илрүүлж, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар хүчингүй болгож, үндэслэх хэсгийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар засаж А.Алтансувдад гардуулсан. Мөн А.Алтансувдтай архив цахимжуулах улсын үзлэгт бэлтгэх ажилд туслуулахаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажлын байраар хангасан боловч тэрээр ажлын 5 хоног ажилаад дахин ажилдаа ирээгүй. Тус газар ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон. Иймд А.Алтансувдын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2019/00426 дугаар шийдвэрээр:”

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 6,332,095 /зургаан сая гурван зуун гучин хоёр мянга ерөн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Алтансувдад олгож, илүү нэхэмжилсэн 525,230 /таван зуун хорин таван мянга хоёр зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч А.Алтансувдын хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,394,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А.Алтансувд татгалзсан болохыг баталсугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Хариуагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх манай газраас гаргасан хавтаст хэргийн 74-76, 108-109 дугаар хуудаст авагдсан өргөдөл гомдлын бүртгэлийн хуулбар, хавтаст хэргийн 105, 77 дугаар хуудаст авагдсан бүртгэл хяналтын картын хуулбар, хавтаст хэргийн 106-107, 78-79 дүгээр хуудаст авагдсан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан 2018 оны 03 дугаар сарын 21 ний өдрийн гомдлын хуулбар, хавтаст хэргийн 80 дугаар хуудаст авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт, хавтаст хэргийн 82 дугаар хуудаст авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралтууд зэрэг нотлох баримтуудыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж заасныг зөрчиж, нэг талын гаргасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

            Нэхэмжлэгч А.Алтансувд нь хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын тамгын газар болон Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Ховд аймгийн Дөргөн сумын газрын даамлын ажлын байрны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цалин 1,394,619 төгрөгийг Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын тамгын газраас, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин 5,772,597 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нийт 7,167,216 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалин 1,084,728 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Алтансувд нь хариуцагч Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх цалин 1,394,619 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

            Харин хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “А.Алтансувд нь төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хууль журмын дагуу түүний ажлын байрыг зарлаж, шалгалтанд тэнцсэн Б.Ганцэцэгийг томилсон. А.Алтансувд нь жирэмсний амралтын хугацаа дуусахад ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж байгаагүй, тус газраас А.Алтансувдыг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаагүй” гэж тайлбарлажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Алтансувдын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журам зөрчсөн байна. Тухайлбал

            Хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас өөрийн татгалзлаа нотлохоор гаргаж өгсөн хэргийн 73-83, 105-109 дүгээр хуудаст авагдсан баримтууд нь хариуцагч байгууллагын өөрийнх нь хуулбар үнэн дардас дарсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т нийцээгүй баримтууд байна. Гэтэл шүүх дээрх баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй бөгөөд эх хувиар нь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нь өгсөн тохиолдолд шүүх үнэлэх боломжтойг тайлбарлахгүйгээр авч хэрэгт хийж шийдвэр гаргахдаа нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурджээ.

            Иймд хариуцагчийн “шүүх нэг талын гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

            Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ нотлохоор Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийхгүйгээр маргааныг шийдвэрлэсэн байна. Тухайлбал

            Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагчаас нэхэмжлэгчийг төрийн албаны шалгалтанд тэнцээгүй гэх үндэслэлээр үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзэж, тус албан тушаалд өөр хүн томилсон атлаа өөр ажлын байраар хангах эсхүл ажлаас чөлөөлөх эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан буруутай байна” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч А.Алтансувдыг жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа орох хүсэлт гаргасан гэх өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх цалинг 6,186,386 төгрөг болохыг тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч А.Алтансувдыг өөр ажилд томилсон эсхүл ажлаас чөлөөлсөн ямар нэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа ажил олгогчийн буруутай эс үйлдэхүйг тогтоосон тул энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6,186,386 төгрөгийг хариуцагчаас шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах боломжтой байна.

            Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх захиргааны хэргийн шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоож, хэргийг шийдвэрлэсэн байна.

               Иймд анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 153/ШШ2019/00426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

   

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Н.ТУЯА

  

                   ШҮҮГЧИД                                                    Б.ДАМБА

                                                                     

                                                                                                   М.НЯМБАЯР