Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00426

 

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 153/ШШ2019/00426

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                              

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Д сумын Ө багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Боржигон овогт А-ын Аын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Д

Хариуцагч: Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох Ховд аймгийн Д сумын газрын даамлын ажлын байранд ажиллах 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,394,619 төгрөгийг Ховд аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газраас, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин 5,772,597 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нийт 7,167,216 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,084,728 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар Ховд аймгийн Д сумын газрын даамлаар томилогдон ажиллаж эхэлсэн. Миний бие 2017 оны 5 дугаар сард ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Дөлбадралын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан. Миний жирэмсний амралтын хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 26-нд дуусч ажилдаа орох хүсэлт тавихад хөдөө ажилтай явж байна гэх зэрэг элдэв шалтаг хэлж намайг ажиллуулахгүй ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй хохироож байсан учир би Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх миний гаргасан нэхэмжлэлийг хянан үзээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 50 дугаартай шийдвэр гаргасан. Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар Ховд аймгийн Д сумын газрын даамлын ажилд томилсон. Миний бие ажилд орсон үеэсээ эхлэн 2017 оныг дуустал Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас цалин авч байгаад 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас цалин авдаг болсон юм.

Иймд Ховд аймгийн Д сумын газрын даамлаар ажиллаж байсан хугацааны цалин 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацааны цалин 1,394,619 төгрөгийг Ховд аймгийн Д сумын Тамгын газраас, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны цалин 5,772,597 төгрөг бүгд 7,167,216 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газраас гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан. Намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Ховд аймгийн Д сумын Тамгын газар нь миний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн учир бид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Мөн миний дансанд миний нэхэмжилсэн цалинг шилжүүлсэн. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Мөн Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,084,728 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Учир нь намайг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн бөгөөд архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтаар тус тушаалд бичвэрийн алдаа гарсан гэж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгож, дахин намайг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Ингэж дахин дахин тушаал гаргаж чөлөөлөхдөө намайг өмнө эрхэлж байсан ажлын байранд ажиллуулаагүй. Сүүлд ажлаас чөлөөлсний дараа надтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж байгууллагын архив бичиг хэрэг дээр ажиллуулсан. Иймд одоо миний бие Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин 5,772,597 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,084,728 төгрөг, нийт 6,857,325 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Баярсүх 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарууддаа: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу 2015 оноос Д сумын газрын даамлын сул орон тоог нөхөхөөр сул орон тооны захиалгыг төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хүргүүлж байсан ч уг орон тоо нөхөгдөхгүй, ажил цалгардаж байсан тул ажил хүссэн өргөдөл ирүүлсэн А.Аыг газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Д сумын газрын даамлаар түр томилон ажиллуулж байсан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралт олгосон болно. Засгийн газрын 2017 оны 253 дугаар тогтоол батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнө сумын газрын даамлын орон тоо, цалингийн сан нь тухайн сумын Засаг даргын тамгын газарт харьяалагддаг байсан бөгөөд А.Аыг жирэмсний болон амаржсаны амралт авахаас өмнө Д сумын Засаг даргын тамгын газраас Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамруулж үзнэ гэсний дагуу хүргүүлсэн сул орон тооны захиалгын дагуу 2017 оны 6 дугаар сард явагдсан мэргэшлийн шалгалтын дүнд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаартай Төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоол, Д сумын Засаг даргын саналын дагуу Б.Ганцэцэгийг томилсон.

А.А нь жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусахад ажилдаа эргэн орох хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Д сумын газрын даамлаар ажиллуулахгүй байгаа талаар гомдол гаргаж, 2018 оны 10 дугаар сар хүртэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны ямар нэг шийдвэр гаргах 2 сарын хугацаа өгсөн байдаг. Тус газар А.Аын хувийн байдлыг харгалзан үзээд Төрийн албаны мэргэшлийн шалгалтанд тэнцэх шаардлага тавьж, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/75 дугаартай тушаалаар Д сумын газрын даамлаар түр томилсон. 2018 оны 12 дугаар сард зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд А.А оролцсон боловч тэнцээгүй. Иймд тус газраас А.Аад мэдэгдэх хуудас өгч 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтаар тус тушаалын үндэслэх хэсгийн бичвэрийн алдааг илрүүлж, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар хүчингүй болгож, үндэслэх хэсгийг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар засаж А.Аад гардуулсан. Мөн А.Атай архив цахимжуулах улсын үзлэгт бэлтгэх ажилд туслуулахаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажлын байраар хангасан боловч тэрээр ажлын 5 хоног ажилаад дахин ажилдаа ирээгүй. Тус газар ажилласан хугацааны цалин хөлсийг олгосон. Иймд А.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Ховд аймгийн Д сумын Засаг даргын тамгын газар болон Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Ховд аймгийн Д сумын газрын даамлын ажлын байрны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,394,619 төгрөгийг Ховд аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газраас, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин 5,772,597 төгрөгийг Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас нийт 7,167,216 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,084,728 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...миний жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дуусч ажилдаа орох хүсэлт тавихад намайг ажиллуулаагүй, мөн намайг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн бөгөөд тус тушаалд бичвэрийн алдаа гарсан гэж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар өмнөх тушаалаа хүчингүй болгож, дахин намайг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Ингэж дахин дахин тушаал гаргаж чөлөөлөхдөө намайг өмнө эрхэлж байсан ажлын байранд ажиллуулаагүй тул намайг ажиллуулаагүй хугацааны цалинг өгөх ёстой гэж тайлбарлалаа.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаан болон шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч А.А нь Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тушаалаар Ховд аймгийн Д сумын газрын даамлын ажилд түр томилогдон ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний амралт авч, улмаар жирэмсний амралтын хугацаа дуусахад Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас түүнийг өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн ажиллуулаагүй гэх үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/75 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийдвэр /хх-8-12/, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбар /хх-30-31/-аар нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.Аын Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Д сумын газрын даамлын албан тушаалд ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолох, Д сумын газрын даамлаар үргэлжлүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дахин шинэ акт гаргах хүртэл А.Аыг Д сумын газрын даамлын албан тушаалд ажиллуулахгүй байгаа захиргааны актыг 2 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.А нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр жирэмсний болон амаржсаны амралт авсан байх бөгөөд энэхүү хугацааг дуусахад ажил олгогч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, эрхэлж байсан ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, цалин хөлс олгоогүй байгаа үйлдлийг нь ажлаас халсантай адилтган үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн ажил олгогч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн заалтыг болон ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

Улмаар Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь ажилтан А.Аыг Ховд аймгийн Д сумын газрын даамлын ажлаас 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/10 дугаартай тушаалаар чөлөөлсөн атлаа 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай А.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажилтан А.Аыг 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай А.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал /хх-90/, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай Тушаал хүчингүй болгох тухай тушаал /хх-91/, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Б/10 дугаартай А.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-93/-аар нотлогдож байна.

Энэхүү тушаалын талаар хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Б.Баярсүх шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...А.А нь төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцээгүй тул түүнд мэдэгдэх хуудас өгч, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн бөгөөд архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийсэн дотоод хяналтаар тус тушаалын бичвэрийн алдааг илрүүлсэн тул 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай тушаалаар хүчингүй болгож, 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар зассан гэжээ.

Ажил олгогчийн тушаал нь эрхийн акт болохын хувьд хууль, дүрэм журмын заалтыг зөв хэрэглэх ёстой бөгөөд буруу хэрэглэн ажилтныг ажлаас чөлөөлж, бичвэрийн алдаа гаргасан энэ хугацаандаа ажилтанг эрхэлж буй ажлыг нь гүйцэтгүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн хариуцлагыг ажил олгогч өөрөө хариуцах ёстой.

Иймд хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь ажилтан А.Аыг ажлаас чөлөөлсөн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс дахин тушаалаа засаж гаргасан өдөр болох 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд ажилтан А.Аыг өмнө эрхэлж байсан ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байх тул 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны болон 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулах нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа өөрөө баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбарын үндэслэлийн талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч А.Аад олгох цалин хөлстэй тэнцэх олговорыг тооцохдоо түүний нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-89/-ийг үндэслэсэн тооцлоо. Үүнд:

Нэг. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд 2017 оны 6 дугаар сараас эхлэн мөн оны 12 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бичилт хийгдсэн байх тул 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалинг 2017 оны 3,4,5 дугаар сарын цалингийн дундажаар тооцвол:464,873+464,873+465,491 = 1,395,237 төгрөг,

-нэг сарын дундаж цалинг тооцоход 1,395,237 : 3 = 465,079 төгрөг,

-нэг өдрийн цалинг тооцоход 465,079 : 21,5 = 21,632 төгрөг,

-2018 оны 1 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүртэлх 11 сар 8 өдөрт ногдох цалинг тооцоход: (465,079 х 11)+(21,632 х 8)=5,288,925 төгрөг,

Хоёр. 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс дахин тушаалыг засаж гаргасан өдөр болох 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны цалинг тооцохдоо ажилтан А.Аын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн 2019 оны 1,2,3 дугаар сарын цалингаар тооцоход:

-616,803+611,803+614,803 = 1,843,409 төгрөг

-нэг сарын дундаж цалинг тооцоход 1,843,409:3=614,470 төгрөг

-нэг өдрийн цалинг тооцоход 614,470 : 21,5 = 28,580 төгрөг

-1 сар 15 өдөрт ногдох цалинг тооцоход (614,470 х 1)+(28,580 х 15)=1,043,170 төгрөг,

Гурав. Нийт 5,288,925 + 1,043,170 = 6,332,095 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч А.Аад олгож, илүү нэхэмжилсэн цалин 525,230 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гадна Ховд аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,394,619 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.А, хариуцагч Ховд аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамгарав нар нь эвлэрч, эвлэрийн гэрээ /хх-64/ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч А.А нь энэхүү нэхэмжлэлээсээ татгалзсан /хх-95/ тул нэхэмжлэгчийн татгалзалыг батлаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,332,095 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 116,263 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Аад олгох нь зүйтэй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаад шүүх хуралдааны товыг мэдэгдэж 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зуруулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүхээс Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас асуухад тус байгууллагын бичиг хэргийн ажилтан нь С.Баярмаа нь өвчтэй учир шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа нь өвчний улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэв. Ингэхдээ хариуцагчийн төлөөлөгчөөс тус хэргийн нэхэмжлэлтэй холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд шүүхэд ирүүлсэн тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болно.

Хавтаст хэргийн 7 дугаар хуудаст авагдсан нэхэмжлэгч А.Аын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нь хэрэгт давхацан авагдсан, хавтаст хэргийн 73 дугаар хуудаст авагдсан Ховд аймгийн Д сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1/193 дугаартай албан бичгийн хуулбар, хавтаст хэргийн 74-76, 108-109 дугаар хуудаст авагдсан Өргөдөл гомдлын бүртгэлийн хуулбар, хавтаст хэргийн 105, 77 дүгээр хуудаст авагдсан Бүртгэл хяналтын картын хуулбар, хавтаст хэргийн 106-107, 78-79 дугаар хуудаст авагдсан Ховд аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газарт гаргасан 2018.03.21 гэх гомдлын хуулбар, хавтаст хэргийн 80 дугаар хуудаст авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/65 дугаартай Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралт /хх-81/ , хавтаст хэргийн 82 дугаар хуудаст авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/186 дугаартай Аймгуудын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай тушаалын хуулбар, түүний хавсралтууд /хх-83/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул эдгээр материалуудыг хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Харин хавтаст хэргийн 110 дугаар хуудаст авагдсан 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай Хөлсөөр ажиллах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 111 дугаар хуудаст авагдсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 112, 114 дугаар хуудаст авагдсан Гэрээт ажилтан А.Аын цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 113 дугаар хуудаст авагдсан 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөрийн хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд нь хэрэгт ач холбогдолгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн шаардлагаас хойшх хугацааны ажилтан А.Аын цалингийн материал байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй материал байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 6,332,095 /зургаан сая гурван зуун гучин хоёр мянга ерөн тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Аад олгож, илүү нэхэмжилсэн 525,230 /таван зуун хорин таван мянга хоёр зуун гуч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч А.Аын хариуцагч Ховд аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин 1,394,619 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А.А татгалзсан болохыг баталсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,500 /нэг зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамж 116,263 /нэг зуун арван зургаан мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Аад олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МАРИНА