Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батсайханы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШШ2019/00003 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД: ПБ87111918, Их шар овогт Баатарсүрэнгийн Батсайханы нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД: ПБ63071972, Баакаа овогт Бүлээхэний Дамиранжавт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн  өмгөөлөгч  Б.Хосбаяр, хариуцагч Б.Дамиранжав, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,117,600 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлүүгээ харьж явах замд иргэн Б.Дамиранжав миний машины араас ирж мөргөж миний машинд хохирол учруулсан. Би машинаа Ховд аймагт аваачиж засуулж, янзлуулсан нийт 2,117,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би 2018 оны 12 сарын 14-ний өдөр цэцэрлэгээс 2 ач хүүгээ аваад гэрлүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн 02-62 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал миний өмнө саарал өнгийн машин явж байсан. Дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл гэнэт өмнүүр дараад ороод ирсэн. Б.Батсайхан замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мөн нилээн согтуу байсан. Би гэрэл дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл ямарч самбаачлах боломж өгөөгүй гэнэт урдуур орж ирсэн. Ослын газрын дүгнэлтээр бид 2-ыг хоёуланг нь буруутай гэж үзсэн байсан. Хүн тээвэрлэхдээ зориулалтын суудалд суудлын бүс зүүсэн хүн тээвэрлэх ёстой байдаг боловч бид 2 энэ дүрмийг аль аль нь зөрчсөн суудлын бүс зүүгээгүйн улмаас Б.Батсайханы эхнэр гэмтэл авсан. Мөн гүйцэж түрүүлэх үйлдэл эхэлсэн тохиолдолд гүйцэгдэж байгаа машин саад болохгүй байх ёстой байдаг. Энэ дүрмийг Б.Батсайхан зөрчсөн. Би Б.Батсайханы эхнэрийн эмчилгээний зардалыг төлсөн. Мөн гэрлийн шонг Б.Батсайхан мөргөсөн боловч би 280.000 төгрөг төлж хохиролгүй болгосон. Хүний эрүүл мэнд эрхэм гэдэг утгаар би эрүүл мэндийн хохирлыг ямар нэгэн маргаангүй төлсөн. Бид 2 адилхан л дүрэм зөрчсөн учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Дамиранжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Б.Батсайхан согтуугаар авто машин жолоодсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам талбай ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахгүй байх. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ б/ хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэгт заасан а/ хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, Батсайханы авто машинд сууж явсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Өмнө дүрмийн 23.8-д суудлын авто машинд болон ачааны авто машины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Мөн дүрмийн 13.2-г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэд түрүүлэх үйлдлээ эхэлсэн үед гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх гүйцэж түрүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна. 1.3-д заасан дарааллын тэмдэг гэсэн хэсгийн 3.3.в-д заасан зөвхөн зүүн гар тийш нийлэхийг урьдчилан анхааруулж давуу эрх олгох тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан.

Жолооч ард яваа тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх дохио буюу саадыг тойрон гарах үйлдэл хийхээр гэрлэн дохио өгч, эсрэг урсгалд гүйцэж ирсэн тохиолдолд толиндоо харж зам чөлөөлөх, зам салахаас өмнө хөдөлгөөний эрчим хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Зам салахаас өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь бид 2 адилхан хариуцлага хүлээх боломжтой тиймээс би өөрийн 02-62 УБД маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 3,830,000 төгрөгийг Б.Батсайханаас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Би тухайн үед гэрэл дохио өгөөд дүрмийн дагуу эргэсэн. Б.Дамиранжавын буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол болсон гэж үзэж байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

                Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШШ2019/00003 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Дамиранжаваас гэм хорын хохиролд 1 662 235 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга хоёр зуун гучин таван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Батсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 455 365 /дөрвөн зуун тавин таван мянга гурван зуун жаран таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Дамиранжавын нэхэмжлэгч Б.Батсайханд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 3 830 000 /гурван сая найман зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Б.Дамиранжаваас 41546 /дөчин нэгэн мянга таван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын утга: Б.Батсайхан  хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шүүхийн тогтоолоор 1703781 төгрөгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангахгүй болжээ.

Нэхэмжлэгч Б.Батсайхан нь хариуцагч Б.Дамиранжавт холбогдуулан гэм хорын хохирол 2,117,600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Дамиранжав нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч Б.Батсайханы замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл байсан” гэж тайлбарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “өөрийн 80х07 ХОҮ улсын дугаартай автомашинд учирсан хохирол 3,830,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Батсайханаас гаргуулахаар” сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Б.Батсайхан эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Тухайлбал:

Нэхэмжлэгч Б.Батсайхан нь “өөрийн авто машиныг Ховд аймаг руу ачиж явахад гарсан зардал 220,000 төгрөг, машины рам худалдан авсан 1,500,000 төгрөг, тос масло 27,600 төгрөг, засварын хөлс 250,000 төгрөг, Ховд аймгаас буцах бензин 70,000 төгрөг, бусад зардал 50,000 төгрөг нийт 2,117,600 төгрөг”-ийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэтэл шүүх машины рамны мөнгө шилжүүлсэн банкны хуулга, шатахуун түгээх станцын төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар үнэлж 1,662,235 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ. Учир нь нэхэмжлэгч Б.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тос масло 27,600 төгрөг, буцах бензин 70,000 төгрөг нийт 97,600 төгрөгийн бензин тосны мөнгө нэхэмжилсэн байхад шүүх шатахуун түгээх станцуудын баримтуудаар 162,235 төгрөгийн бензин тосны мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас илүү мөнгө гаргасан байна. Өөрөөр хэлбэл шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах байжээ.

Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон нотлох баримт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэж бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн байна. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд шүүхийн тогтоол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан “Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ” 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт заасан “Шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн дээр дурдсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 154/ШШ2019/00003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                                                Б.ДАМБА

                                                                     

                                                                                            М.НЯМБАЯР