Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 50

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Бадрахгэрэл даргалж, шүүгч Л.Түвшинжаргал, шүүгч Ц.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, РД:    , И  овогт Б  гийн Б  ы нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Булган сумын Б   багт оршин суух, РД:    , Б   овогт Б  ий Д  д холбогдох гэм хорын хохирол 2117600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д  ын нэхэмжлэгч Б.Б  д холбогдуулан гэм хорын хохирол 3830000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, иргэдийн төлөөлөгч А.Абушарав, нэхэмжлэгч Б.Б  , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, хариуцагч Б.Д   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д   нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Б   багийн нутаг дэвсгэрт 02-62УНЛ улсын дугаартай Mazda Atenza маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас миний эзэмшлийн    ХОҮ улсын дугаартай Тоуаtа Vitz маркийн тээврийн хэрэгсэлд 2117,600 төгрөгний хохирол учруулсан. Би Б.Д  аас засварын хөлс 250000 төгрөг, машины рам 1500000 төгрөг, Ховд аймаг явсан 70000 төгрөг, масло тос 27600 төгрөг, Ховд-Булган ирэх зардал 70000 төгрөг, бусад зардал хоол хүнс 50000 төгрөг, нийт 2117600 төгрөг нэхэмжилж байна нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Д   шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 12 сарын 14-ний өдөр цэцэрлэгээс 2 ач хүүгээ аваад гэрлүүгээ харих гээд өөрийн эзэмшлийн 02-62 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал миний өмнө саарал өнгийн машин явж байсан. Дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл гэнэт өмнүүр дараад ороод ирсэн. Тухайн үед аваар осол болоход бид 2-ын цуснаас шинжилгээ авсан. Б.Б  ы биенээс 1,9 грамм промелл этилийн спирт илэрсэн. Б.Б   замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мөн нилээн согтуу байсан. Би гэрэл дохио өгөөд гүйцэж түрүүлэх гэтэл ямарч самбаачлах боломж өгөөгүй гэнэт урдуур орж ирсэн. Ослын газрын дүгнэлтээр бид 2-ыг хоёуланг нь буруутай гэж үзсэн байсан. Рам гэж хэлээд бүтэн кабин аваад тавьчихсан байсан. Иймээс би хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Д   шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна. Б.Б   согтуугаар авто машин жолоодсон бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх

з/ тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас аюулгүйн арал, таримал зүлгээр явах, замын хаалт, хашилт, тууз, чиглүүлэх хэрэгслээр хашиж хамгаалсан буюу хориглолт тогтоосон зам талбай ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахгүй байх. Мөн дүрмийн 3.4 Жолооч дараах үүрэг хүлээнэ б/ хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэгт заасан а/ хамгаалах бүсээр тоноглогдсон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, Б  ы авто машинд сууж явсан хүмүүс бүгд хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Өмнө дүрмийн 23.8-д суудлын авто машинд болон ачааны авто машины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Мөн дүрмийн 13.2-г/ араас яваа тээврийн хэрэгсэл өөрийг нь гүйцэд түрүүлэх үйлдлээ эхэлсэн үед гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх гүйцэж түрүүлэхэд нь ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно. Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэх гэж байгаа жолооч зүүн гар тийш дохио өгч анхааруулна. 1.3-д заасан дарааллын тэмдэг гэсэн хэсгийн 3.3.в-д заасан зөвхөн зүүн гар тийш нийлэхийг урьдчилан анхааруулж давуу эрх олгох тэмдэг тэмдэглэгээ байхгүй байсан. Жолооч ард яваа тээврийн хэрэгслийг гүйцэд түрүүлэх дохио буюу саадыг тойрон гарах үйлдэл хийхээр гэрлэн дохио өгч, эсрэг урсгалд гүйцэж ирсэн тохиолдолд толиндоо харж зам чөлөөлөх, зам салахаас өмнө хөдөлгөөний эрчим хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Зам салахаас өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь бид 2 адилхан хариуцлага хүлээх боломжтой тиймээс би өөрийн 02-62 УНЛ маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 4.760.000 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага 3.830.000 төгрөг түүн дээр манай эхнэрээс авсан 550.000 төгрөг, Б  ы мөргөсөн шонгийн мөнгө 280.000 төгрөг, засвар үйлчилгээний мөнгө 100.000 төгрөг, нийт 4.760.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч Б.Б   шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Д  ын хүү Очбадрах чөлөө авах тухай даргатай ярилцаад ангидаа нэг бүтээн байгуулалтын ажил хийнэ гэж ярьсан байсан. Тухайн үед манай дарга 550000 төгрөг өгнө гэсэн аваад ир гэсэн. Манай байгууллагад байгууллагын данс гэж байхгүй учраас би няравын ажил эрхэлдэг байсан. Д.Очбадрах нь бэлэн мөнгө байхгүй гээд миний данс руу шилжүүлсэн юм. Би ямар учиртай мөнгө болохыг сайн мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед энэ хүний гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон учир өөрөө хариуцах ёстой. Б.Д   миний машины араас ирж мөргөсний улмаас шон мөргөсөн. Иймд би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б   нь хариуцагч Б.Д  д холбогдуулан гэм хорын хохиролд 2.117.600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Д   нь нэхэмжлэгч Б.Б  д холбогдуулан гэм хорын хохиролд 3.830.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 4.760.000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн талаар

Нэхэмжлэгч Б.Б   нь хариуцагч Б.Д  ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох автомашины засварын зардалд 2.117.600 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Б.Д   нь зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч Б.Б  ы замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж осол гарахад хэн аль нь буруутай эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг тодорхойлбол, хариуцагч Б.Д   нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Булган сумын Б   багийн нутаг дэвсгэрт 2018 оны 12 дугаар сарын 14-ний 17 цагийн орчимд 02-62 УНЛ улсын дугаартай Маzda Atenza маркийн авто машин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна мөн дүрмийн 23.8-д суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 15 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана дүрмийн 13.1-д жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн мөн дүрмийн 13.2 б-д урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн    ХОҮ улсын дугаартай Тоуаtа Vitz маркийн тээврийн хэрэгсэлийг мөргөж, хохирол учруулсан байх ба энэ үйлдэлд нь тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Б.Д  ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний нэхэмжлэгч Б.Б   нь иргэний нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн    ХОҮ улсын дугаартай Тоуаtа Vitz маркийн тээврийн хэрэгсэлд 1.260.000 төгрөгийн хохирол учирсан болох нь техникийн эвдрэл хохиролд үнэлгээ тогтоосон баримтаар тогтоогдсон байна.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсээс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр 185/70/13-тай дугуй, зүүн хойд керло, хойд гупер, зүүн хойд гэрэл, баруун хойд керло, баруун хойд хаалга, баруун хаалганы дээд талын рам, хропны речак, машины доод рам зэрэг эд ангиуд хагарч гэмтсэнийг тогтоосон байна.

Мөрдөгчийн тогтоолоор томилогдсон үнэ тогтоох комиссын үнэлгээгээр хохиролын хэмжээг 1.260.000 төгрөгөөр тогтоожээ.

Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо өөрийн авто машиныг Ховд аймагруу ачиж явахад гарсан зардал 220.000 төгрөг, машины рам худалдан авсан 1.500.000 төгрөг, тос масло 27.600 төгрөг, засварын хөлс 250.000 төгрөг, Ховд аймгаас Булган сумруу буцах бензин 70.000 төгрөг, бусад зардалд 50.000 төгрөг, нийт 2.117.600 төгрөг гэж тооцон нэхэмжилж байгаа гэж тайлбарлав.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн    ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ховд аймагруу явж засуулж ирсэн үйл баримтыг үгүйсгэхгүй байгаа бөгөөд харин зам тээврийн осол болсны дараа Б.Б   нь авто машинаа өөрөө унаж Ховд аймаг орсон, өөр тээврийн хэрэгсэлд ачаагүй гэж маргаж байх ба нэхэмжлэгч нь өөрийн авто машиныг Ховд аймагруу ачиж явахад гарсан зардал 220.000 төгрөг нэхэмжилжээ. Нэхэмжлэгч нь уг авто машиныг ямар тээврийн хэрэгслээр ачсан болох нь тодорхойгүй, харин    ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А-92 төрлийн 70.000 төгрөгний шатахуун хийсэн болох нь шатахуун авсан баримтуудаар тогтоогдож байх тул Булган сумаас Ховд аймаг явах, ирэх зардлыг нэг талдаа 70.000 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Мөн хариуцагч нь машины рам эвдэрсэн байхад машины кабиныг бүхэлд нь сольж, 1,500,000 төгрөгөөр үнэлсэн байна гэж маргаж, нэхэмжлэгч нь зайлшгүй солих шаардлагатай байсан тул сольсон гэж тайлбарлаж байгаа боловч техникийн эвдрэл хохиролд кабины талаар дурдаж үнэлээгүй, харин машины доод рамыг 800,000 төгрөгөөр /засварын ажлын хөлс/ үнэлсэн байх тул зөрүү 700,000 төгрөгийг нэхэмжилсэн хохиролоос хасаж тооцлоо. Түүнчлэн нэхэмжлэгч нь тос масло 27,600 төгрөгийг баримтаар нотлоогүй, бусад зардалд нэхэмжилсэн 50,000 төгрөг нь юуны зардал болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тос масло 27,600 төгрөг, бусад зардал 50,000 төгрөг, өөрийн авто машиныг Ховд аймагруу ачиж явахад гарсан зардал 220,000 төгрөгний баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг засварын хөлс 250,000 төгрөг, машины рамны үнэ 800,000 төгрөг, Булган сумаас Ховд аймагруу явсан зардал 70,000 төгрөг, буцах зардал 70,000 төгрөг, нийт 1,190,000 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.Д   нь нэхэмжлэгч Б.Б  д холбогдуулан өөрийн автомашинд сэлбэг худалдаж авах зардал 3 830 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Б.Б  ы дансруу бэлнээр шилжүүлсэн 550,000 төгрөг, зам тээврийн ослын улмаас мөргөсөн шонгийн үнэ 280,000 төгрөг, засвар үйлчилгээний мөнгө 100,000 төгрөг, нийт 4,760,000 төгрөг нэхэмжилжээ.

Б.Б   нь сөрөг нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ хариуцагч Б.Д  ын гэм буруутай болох нь шүүхээр тогтоогдсон учир өөрөө хариуцах ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Б.Д  ын эд хөрөнгөд учирсан хохирол өөрийнх нь гэм буруугийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Б   4,760,000 төгрөгийн гэм хорын хохирлыг арилгах үүрэггүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Д   нь тээврийн хэрэгсэл жолоодон гүйцэж түрүүлэх үйлдлийг гүйцэтгэхдээ бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байх, урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно гэснийг зөрчиж, өөрийнх нь хэт анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс болж гэм хор учрах шалтгаан болсон гэж үзлээ.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б  аас 4,760,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Д  ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Б.Д  аас гэм хорын хохиролд 1190000 /нэг сая нэг зуун ерэн мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б  д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 927600 /есөн зуун хорин долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Д  ын нэхэмжлэгч Б.Б  д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4760000 /дөрвөн сая долоон зуун жаран мянган/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Б.Д  аас 33110 /гучин гурван мянга нэг зуун арав/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

                  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.