Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 97

 

“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00513/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 12-ны өдрийн 842 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.О-,

Д.Б- нарт холбогдох

"Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 31.846.751,60 төгрөг, зээлийн хүү 8.706.583,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.942,19 төгрөг, нийт 40.582.277,56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн М.О-, Д.Б- нар нь 2017 оны 06 сарын 21-ний өдөр ЗГ4305111704 тоот ХЭДСангийн зээлийн гэрээ, ЗГ4305111705 тоот зээлийн гэрээ, ЗГ4305111706 тоот Ипотекийн гэрээг Голомт банктай байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр Голомт банк нь М.О-, Д.Б- нарт ЗГ4305111704 тоот зээлийн гэрээгээр 6.400.000 төгрөгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг жилийн 8,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, ЗГ4305111705 тоот зээлийн гэрээгээр 9.600.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, ЗГ4305111706 тоот Зээлийн гэрээгээр 32.478.000 төгрөгийн Орон сууцны зээлийн жилийн 19,56 хувийн хүүтэйгээр 174 сарын хугацаатайгаар зээлүүлсэн болно. 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 478 тоот нэхэмжлэлээр М.О-, Д.Б- нараас ЗГ4305111704 тоот зээлийн гэрээний дагуу нийт 3.190.428,87 төгрөгийг, ЗГ4305111705 тоот зээлийн гэрээний дагуу 7.432.670,79 төгрөгийг, ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32.137.196,40 төгрөг, үндсэн хүү 9.995.784,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24.128,40 төгрөг, нийт 42.271.408,99 төгрөг, нийт 52.854.508 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 05 сарын 20-ны өдөр ЗГ4305111704 тоот 3ЭЭЛИЙГ 3.156.357,9 төгрөгөөр, ЗГ4305111705 тоот зээлийг 7.474.535,46 төгрөгөөр бүрэн төлж барагдуулсан. ЗГ4305111706 тоот зээлийн гэрээний зөрчил бүрэн арилаагүй хэвээр үлдсэн. Зээлийн гэрээний 3.1 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар М.О-, Д.Б- нар нь гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний 2.5, 2.6, 4.1, 4 2, 4.4.1, 4.6 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн тул 4.4.1-т заасан үндэслэлээр банк өөрийн санаачилгаар ЗГ4305111706 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 05 сарын 28-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-ний өдөр 3.600.000 төгрөг, 2019 оны 06 сарын 05-ны өдөр 30.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд энэхүү төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн төлбөр гэсэн дарааллаар зээлийн төлбөрт тооцож хассан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад зээлийн үндсэн төлбөр 31.846.751,60 төгрөг, зээлийн хүү 8.706.583,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.942,19 төгрөг, нийт 40.582.277,56 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 17 дугаар байрны 19 тоотод байрлах 2 өрөө орон сууцнаас гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа 3 зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байсан бол бизнесийн 2 зээлийг хариуцагч нар бүрэн төлж дуусгавар болгосон тул одоо зөвхөн орон сууцны зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа болно гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь төлсөн төлбөрийг банк нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүнээс хасаад үндсэн төлбөрөөс хасалт хийхгүй байна. Энэ нь банк орон сууц худалдан авах зээлээр далимдуулж, мөнгө хүүлэлтийн ажиллагаа явуулж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн Голомт банктай байгуулсан зээлийн гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Анх Голомт банк нь өөрийн хөрөнгөөс зээл олгохдоо явцын дунд 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж тохирчхоод одоог хүртэл хамруулаагүй, намайг одоог хүртэл өндөр хүүтэй зээл төлүүлж хохироож байна. Иймд Голомт банкны гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нарын зүгээс амьдралын хүндрэлтэй байдалд ороод зээлээ төлж чадахгүй нөхцөл байдлын улмаас хугацаа хэтэрсэн зүйл байгаа. Гэхдээ зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй. Нөгөө талаар Иргэний хуульд зааснаар зээлийн төлбөрийг тооцож авахдаа эхлээд үндсэн зээл, дараа нь зээлийн хүү гэсэн дараалал байгаа. Гэтэл Банк нь гэрээндээ нэмэгдүүлсэн хүү, хүүг эхэлж тооцож авна гэсэн хэт нэг талын эрхийн хангасан заалтаар үндсэн зээлээс маш бага хасалт хийж байгаа нь хууль зөрчиж байна. Гэрээнээс илүү Иргэний хуулийн заалтыг баримтлах ёстой. Банк анх нэхэмжлэл гаргахдаа 42.271.408,99 төгрөг орон сууцны зээлийн дагуу нэхэмжилж байсан. Гэтэл одоо 40.582.277,56 төгрөг нэхэмжилж байна. Банкны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь зээлийн бодолт нь их, бага янз бүрээр гараад байгаа бөгөөд үүнийг нарийн тооцоо хийж тооцох шаардлагатай. 2019 оны 05 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа түүнээс хойш зээлийн хүүг зогсоогоогүй байна. 2019 оны 05 сарын 31-ний өдөр төлсөн 3.600.000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаагүй байгааг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орон сууцны зээлийн гэрээг үргэлжлүүлж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 12-ны өдрийн 842 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1,451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Голомт банк, М.О-, Д.Б- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ4305111706 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч М.О-, Д.Б- нараас зээлийн үндсэн төлбөрт 31.846.751,60 төгрөг, зээлийн хүү 8.706.583,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.942,19 төгрөг, нийт 40.582.277,56 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2003019941 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 17 дугаар байрны 19 тоотод байрлах, 38,67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422.222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О-, Д.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 360.861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг баримталж нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анх Голомт банктай 74 сарын хугацаатай зээлийн болон барьцааны гэрээг байгуулах үед Голомт банк ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж тухайн үед банкны зээлийн сарын хүүгээр зээл олгосон бөгөөд зээл авсанаас хойш энэ байдлыг банкинд удаа дараа хэлж сануулсан боловч одоог хүртэл 8 хувийн зээлд оруулалгүй. Зээлийг төлж чадаагүй байдал гарч байсан ба зээлийн үлдэгдлээс 10.198.722 төгрөг төлсөн байхад үүнийг үндсэн зээлээс хасалгүй хүү торгуулиас хасаж тоолон, их хэмжээний зээлтэй үлдээн биднийг хохироож байгаа тул туйлын гомдолтой байна. Банкны зүгээс 8 хувийн зээлд удахгүй хамруулна гэж биднийг хуурч мэхлэн өндөр хүүтэй зээл олгосноор бид илтэд хохирч байна. Голомт банкинд 3 төрлийн зээлийн үлдэгдэлтэй байсан ба дээрх зээлээс эхний удаа 5.863.000 төгрөг төлөөд 38.938.000 төгрөг үлдсэн ба үүнээс мөн дахин 10.198.722 төгрөг төлсөн байхад дахиад л хүү торгууль нэмж нийт 40.582.227 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Голомт банк зээлэнд төлсөн мөнгийг зээлээс хасаж тооцолгүй хүү торгууль тооцон дээрх үлдэгдлийг гаргаж байгаа ба мөн 2019 оны 09 сарын 09 өдрийг хүртэл буюу шүүх хурал болох хүртэлх хугацаанд хүү торгуулийг тооцож дээрх мөнгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэв.

ХЯНАВАЛ:

            Шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаанаас үүссэн маргаантай  хэргийг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хангасан байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг  хангах  хууль зүйн үндэслэлгүй байна.

            Голомт банк ХХК-иас М.О-, Д.Б- нар 2017 оны 06 дугаар сарын 21-ний  өдрийн  ЗГ4305111704 тоот  зээл болон ипотекийн гэрээгээр  6.400.000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, жилийн 8,4 хувийн хүүтэй, ЗГ4305111705 тоот зээл болон ипотекийн гэрээгээр  9.600.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 27,6 хувийн хүүтэй, ЗГ4305111706 тоот зээл  болон ипотекийн  гэрээгээр  32.478.000 төгрөгийг 174 сарын хугацаатай, жилийн  19.56 хувийн  хүүтэй  зээлж, үүргийн гүйцэтгэлд  эргэн төлөх графикт хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээлийн хүүг  үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохирч мөнгийг авсан байна.

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь банк, зээлийн үйл ажиллагаа  эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох болон үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргын талаарх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна.

            Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардаж, барьцааны хөрөнгөөс  үүргийн гүйцэтгэлийг хангуулах  нэхэмжлэл   гаргасан.

            2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 24 сараар буюу 2 жилийн хугацаатай  байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн болон хөрөнгө оруулалтын  гэрээний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, Орон сууцны зээлийн гэрээний хугацаа 2031 оны 12 дугаар сарын 05-ны  өдөр дуусах  бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн, хөрөнгө оруулалтын зээлийг  тус тус төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон харин орон сууцны гэрээний үүргийн зөрчил арилаагүй үндэслэлээр гэрээ цуцалж, зээлийн үндсэн төлбөр 31.846.751 төгрөг, хүү 8.706.583 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28.942 төгрөг, нийт 40.582.277 төгрөг  гаргуулахаар  шаардсан  шаардлагаасаа  татгалзаагүй  байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө: “...төлсөн төлбөрийг банк нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүнээс хасаад үндсэн төлбөрөөс хасалт хийхгүй байна,  банк өөрийн хөрөнгөөс зээл олгохдоо явцын дунд 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж тохирчоод  одоог хүртэл хамруулаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа үүнээс хойшх зээлийн хүүг зогсоогоогүй, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 3.600.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаагүй  байгааг зөвшөөрөхгүй... гэж  тайлбар гаргажээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   6 дугаар зүйлийн  6.2-т зохигчид хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг  нотлох буюу үгүйсгэх замаар  мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах,  гаргах өгөх үүргийг зохигчид хүлээх ёстой байхаар тус тус зохицуулсан ба  үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч үгүйсгэсэн тооцооллыг ирүүлж  чадаагүй  байна.

            Орон сууцны зээлийн гэрээний 4.1-д “...энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүрэг нь  эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллаар гүйцэтгэгдэнэ” гэж тохиролцсон байх тул энэ дарааллын дагуу төлбөрийг хувиаарилсныг буруутгах  үндэслэлгүй.

             Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон  бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн нь гэрээний  хугацаа дуусгавар  болсоноос  хойш төлсөн төлбөрийг энэ дараалалын дагуу гүйцэтгэх тухай ойлголт болно.

            Дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн тайлбар, давж заалдах журмаар гаргасан гомдол өөр баримтаар нотлогдоогүй бөгөөд Голомт банк ХХК,М.О-, Д.Б-той  байгуулсан  гэрээнд ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж  тохиролцоогүй тийм  үүрэг хүлээгээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол  үндэслэлгүй гэж үзэв.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 842 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн  162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  360.861 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                             ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                 С.ЭНХЖАРГАЛ