Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 842

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00513/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум, ..дугаар багт байрлах ГБДС нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух М.О /РД:.. /

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод оршин суух Д.Б /РД:../ нарт холбогдох,

 

“Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, З.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГБны Дархан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.О, Д.Б нар нь 2017 оны 06 сарын 21-ний өдөр .... тоот ХЭДСангийн зээлийн гэрээ, .... тоот зээлийн гэрээ, .... тоот Ипотекийн гэрээг ГБ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр ГБ нь М.О, Д.Б нарт .... тоот зээлийн гэрээгээр 6,400,000 төгрөгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийг жилийн 8,4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар, .... тоот зээлийн гэрээгээр 9,600,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, .... тоот Зээлийн гэрээгээр 32,...,000 төгрөгийн Орон сууцны зээлийн жилийн 19,56 хувийн хүүтэйгээр 174 сарын хугацаатайгаар зээлүүлсэн болно.

2019 оны 05 сарын 13-ны өдрийн ... тоот нэхэмжлэлээр М.О, Д.Б нараас .... тоот зээлийн гэрээний дагуу нийт 3,190,428.87 төгрөгийг, .... тоот зээлийн гэрээний дагуу 7,432,670.79 төгрөгийг, .... тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32,137,196.40 төгрөг, үндсэн хүү 9,995,784.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,128.40 төгрөг, нийт 42,271,408.99 төгрөг, нийт52,854,508 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлт гаргасан. Зээлдэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 05 сарын 20-ны өдөр .... тоот зээлийг 3,156,357.9 төгрөгөөр, .... тоот зээлийг 7,474,535.46 төгрөгөөр бүрэн төлж барагдуулсан. .... тоот зээлийн гэрээний зөрчил бүрэн арилаагүй хэвээр үлдсэн. Зээлийн гэрээний 3.1 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар М.О, Д.Б нар нь гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу зээл төлөх үүрэгтэй. Гэтэл гэрээний 2.5, 2.6, 4.1, 4.2, 4.4.1, 4.6  дахь заалтуудыг ноцтой зөрчсөн тул 4.4.1-т заасан үндэслэлээр банк өөрийн санаачилгаар .... тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байгаа.

Хариуцагч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2019 оны 05 сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 05 сарын 31-ний өдөр 3,600,000 төгрөг, 2019 оны 06 сарын 05-ны өдөр 30,000 төгрөг тус тус төлсөн бөгөөд энэхүү төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, зээлийн төлбөр гэсэн дарааллаар зээлийн төлбөрт тооцож хассан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад зээлийн үндсэн төлбөр 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод   байрлах 2 өрөө орон сууцнаас гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа 3 зээлийн гэрээний дагуу төлбөр нэхэмжилж байсан бол бизнесийн   2 зээлийг хариуцагч нар бүрэн төлж дуусгавар болгосон тул одоо зөвхөн орон сууцны зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа болно” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь төлсөн төлбөрийг банк нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүнээс хасаад үндсэн төлбөрөөс хасалт хийхгүй байна. Энэ нь банк орон сууц худалдан авах зээлээр далимдуулж, мөнгө хүүлэлтийн ажиллагаа явуулж байна гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн ГБ байгуулсан зээлийн гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Анх ГБ нь өөрийн хөрөнгөөс зээл олгохдоо явцын дунд 8 хувийн зээлд хамруулж өгнө гэж тохирчихоод одоог хүртэл хамруулаагүй, намайг одоог хүртэл өндөр хүүтэй зээл төлүүлж хохироож байна. Иймд ГБ ны гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй юм.

Хариуцагч нарын зүгээс амьдралын хүндрэлтэй байдалд ороод зээлээ төлж чадахгүй нөхцөл байдлын улмаас хугацаа хэтэрсэн зүйл байгаа. Гэхдээ зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй байхад хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлах үндэслэлгүй. Нөгөө талаар Иргэний хуульд зааснаар зээлийн төлбөрийг тооцож авахдаа эхлээд үндсэн зээл, дараа нь зээлийн хүү гэсэн дараалал байгаа. Гэтэл Банк нь гэрээндээ  нэмэгдүүлсэн хүү, хүүг эхэлж тооцож авна гэсэн хэт нэг талын эрхийн хангасан заалтаар үндсэн зээлээс маш бага хасалт хийж байгаа нь хууль зөрчиж байна. Гэрээнээс илүү Иргэний хуулийн заалтыг баримтлах ёстой.

Банк анх нэхэмжлэл гаргахдаа 42,271,408.99 төгрөг орон сууцны зээлийн дагуу нэхэмжилж байсан. Гэтэл одоо 40,582,277.56 төгрөг нэхэмжилж байна. Банкны нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж үзэж байна. Учир нь зээлийн бодолт нь их, бага янз бүрээр гараад байгаа бөгөөд үүнийг нарийн тооцоо хийж тооцох шаардлагатай. 2019 оны 05 сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа түүнээс хойш зээлийн хүүг зогсоогоогүй байна.2019 оны 05 сарын 31-ний өдөр төлсөн 3,600,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөрөөс хасаагүй байгааг зөвшөөрөхгүй.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Орон сууцны зээлийн гэрээг үргэлжлүүлж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГБ ны Дархан салбар нь хариуцагч Д.Б, М.О нарт холбогдуулан 2017 оны 06 сарын 21-ний өдрийн .... дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч ГБ ны Дархан салбар нь 2019 оны 05 сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2017 оны 06 сарын 21-ний өдрийн .... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,190,428.87 төгрөг, .... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 7,432,670.79 төгрөг, .... тоот Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт нийт 42,271,408.99 төгрөг, бүгд 52,854,508.65 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд 2019 оны 07 сарын 17-ны өдрийн .., 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ..дугаартай албан бичгүүдээр болон шүүх хуралдаан дээр 2017 оны 06 сарын 21-ний өдрийн ...., .... тоот зээлийн гэрээний үүргийг тус тус бүрэн төлж барагдуулсан, .... тоот Орон сууцны зээлийн гэрээний үүрэгт 3.730,000 төгрөгийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодорхойлж, .... тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт үндсэн зээл 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод байрлах, 38,67 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан болно.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  зээлийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг банк тооцож авахдаа үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар бус эхэлж хүүг тооцож авсан нь үндэслэлгүй, мөн Орон сууцны зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул хугацаанаас нь өмнө банк гэрээг цуцлахыг шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч ГБ нь хариуцагч М.О, Д.Б нартай 2017 оны 06 сарын 21-ний өдөр .... дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулж, 32,...,000 төгрөгийг жилийн 19,56 хувийн хүүтэй, 174 сарын хугацаатай, Орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, мөн өдрийн Ипотекийн гэрээгээр М.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод байрлах, 38,67 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан  болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байгаа бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно. 

 

Талуудын байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 4.4.1-д: “Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна” гэж заажээ.

 

Хариуцагч М.О, Д.Б нар нь зээлийн гэрээний 3.1.2-т заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрөө Хавсралт-1-д заасан графикийн дагуу гэрээний 2.1.7-д заасан харилцах дансаар дамжуулан төлөх үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн муу ангилалд шилжсэн байгаа болох нь хэрэгт авагдсан 2018 оны 10 сарын 11-ний өдрийн мэдэгдэл, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн зээл төлөх тухай мэдэгдэл, 2019 оны 03 сарын 28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2018 оны 06 сарын 28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2017 оны 09 сараас 2019 оны 05 сарын 28-ны өдрийг хүртэл зээлийн төлөлт огт хийгдээгүй, 2019 оны 05 сарын 28-31-ний хооронд нийт 3,730,000 төгрөг төлөөд, зээлийн зөрчил арилаагүй, одоо 492 хоногийн хэтрэлттэй, графикт 9,272,153.39 төгрөгийн зээлийн зөрчилтэй байна” гэсэн тайлбар, 2019 оны 06 сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “...өнөөдрийн байдлаар М.Оийн нэр дээр ГБ ны 31,846,751.60 төгрөгийн урт хугацаат орон сууцны муу зээл бүртгэгдсэн байна” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Мөн дээр дурдсан мэдэгдлүүдээр төлбөр төлөх хугацаа зааж, тухайн хугацаанд төлөөгүй тохиолдолд шүүхэд хандаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг мэдэгдэж байсан байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д: “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

Хариуцагч нар нь хэрэгт авагдсан мэдэгдлүүдэд заасан хугацаанд зээлийн төлбөрөө төлөөгүй байгаа нь энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.4.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч ГБ нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э хариуцагч нараас төлсөн төлбөрийг эхэлж нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүд суутгаад үлдсэн хэсгийг үндсэн зээлээс хасаж байгаа нь хууль зөрчиж байна гэж маргаж байгаа боловч талуудын байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 4.1-д: “Банк тухайн нөхцөлд өөрөөр шийдсэнээс бусад тохиолдолд энэхүү гэрээний дагуу зээлдэгчийн хүлээсэн үүрэг нь эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллаар гүйцэтгэнэ” гэж тохирсон байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т: “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан бөгөөд энэхүү зохицуулалт нь гэрээний хугацаа дууссаны дараа төлсөн төлбөрийн үүргийн дараалал юм.

 

Зохигчдын байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хувьд гэрээний хугацаа дуусаагүй бөгөөд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь гаргуулахаар шаардлага гаргасан тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэх дарааллын талаар маргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э нь шүүх хуралдаан дээр банкны нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн тооцоолол тодорхойгүй, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээс өөрчлөгдөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан боловч энэхүү татгалзлын үндэслэлээ тодорхойлоогүй, нэхэмжлэлийн үнийн дүн түүний тооцооллоор хэрхэн зөрүүтэй байгаа талаар мэтгэлцээгүй байна.

 Нөгөө талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхтэй. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан бөгөөд энэхүү дүгнэлтийн талаар талууд маргаагүй болно.

 

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөг гаргуулж ГБ ны Дархан салбарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байх тул хариуцагч М.О, Д.Б нарын зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйлийг  шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ГБДС нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан хэмжээнд буюу 2017 оны 06 сарын 21-ний өдрийн .... дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-тэй холбоотой шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн тул хэрэгт авагдсан бусад гэрээтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан ГБ, М.О, Д.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 06 сарын 21-ний өдрийн .... дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч М.О, Д.Б нараас зээлийн үндсэн төлбөрт 31,846,751.60 төгрөг, зээлийн хүү 8,706,583.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,942.19 төгрөг, нийт 40,582,277.56 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБны Дархан салбарт олгосугай.  

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг, .. дугаар хороолол, .. дугаар байрны .. тоотод байрлах, 38,67 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О, Д.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 360,861 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ГБ ны Дархан салбарт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.ОЮУНЦЭЦЭГ