Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 98

 

З.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00755/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийдвэртэй,

            Нэхэмжлэгч З.Ш-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б-т холбогдох

"Гэм хорын хохирол 2,599,615 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч О.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч З.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ урсгал сөрөн миний унаж явсан машиныг мөргөн осол гаргасан. Ослын улмаас баруун гарын шуу хэсэг хугарч акттай байсан. Миний нэг сарын цалин маань 1.074.050 төгрөг, 01 сар 23 хоногийн цалин 2.599.615 төгрөг, мөн 12 сарын цалин дээр 11 дүгээр сарын шагнал цалин ордог. Өвчтэй байсан хугацааны буюу 01 сар 23 хоногийн цалин 2.599.615 төгрөгийг хариуцагч О.Б-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б- шүүхэд гаргасан тайлбартаа:

З.Ш-ын үндсэн цалин хэдэн төгрөг авдаг болох нь тодорхойгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх баримтаар 1 сард цалингаа бүтэн авсан байж болохоор байна. Тэгэхээр зөвхөн 2018 оны 12 дугаар сард акттай байсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  10 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч О.Б-аас 901.106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ш-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.698.509 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 26.176 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрж шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Б- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолтой маргахгүй. харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2017 оны 11 сарын 20-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, 2019 оны 9 сарын 17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ нь 2018 оны 12, 2019 оны 01 сарын дутуу авсан гэх цалин хөлсний маргааны үйл явдалтай холбогдолгүй шинэчлэн байгуулсан байх ба үндсэн цалингийн талаар “батлагдсан орон тооны төсөвт тусгагдсан цалин хөлс” гэж тодорхойлсон хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин болон, 13 дахь сарын цалинг тодорхойлох боломжгүй байна. Гэтэл З.Ш- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...миний нэг сарын цалин маань 1.074.050 төгрөг, 01 сар 23 хоногийн цалин 2.599.615 төгрөг, мөн 12 сарын цалин дээр 11 дүгээр сарын шагнал цалин ордог, өвчтэй байсан хугацааны буюу 01 сар 23 хоногийн цалин 2.599.615 төгрөгийг гаргуулна гэсэн. Хариуцагч О.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...З.Ш-ын үндсэн цалин хэдэн төгрөг болох нь тодорхой бус, нийгмийн даатгалын дэвтэр нотлох баримтаас үзэхэд 2019 оны 1-ээс 6 сар хүртэл цалингаа бүтэн авсан гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг. Анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй зөвхөн Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны нэг дүгээр ангийн санхүүгийн тодорхойлолтыг үндэслэн нэхэмжлэгч З.Ш-ыг  2018 оны 12 дугаар сарын цалин 1.689.796 төгрөгөөс 1.230.962 төгрөг 2019 оны 1 дүгээр сарын цалин 3.061.340 төгрөгөөс 1.368.300 төгрөг, нийт 2.599.152 төгрөгийн цалин хөлс дутуу авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн санхүүгийн тодорхойлолт нотлох баримтын эх сурвалжгүй баталгаагүй баримтаар шүүхийн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үнэн зөв, эргэлзээгүй байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн чадвар хэд хоног алдсан хугацааны “лист”-эмнэлгийн магадлагаа баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч О.Б-аас 901.106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ш-т олгож шийдвэрлэсэн 918 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.Ш- нь хариуцагч О.Б-т холбогдуулан “...О.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл   жолоодож явах үедээ урсгал сөрөн миний  унаж  явсан машиныг мөргөн осол гаргасан, ослын улмаас баруун гарын шуу хэсэг хугарч акттай байсан, миний 1 сарын цалин  1.074.050 төгрөг, 1 сар 23 хоногийн цалин  2.599.615  төгрөг, мөн  12 сарын  цалин дээр  11 дүгээр сарын шагналт цалин ордог, 2.599.615 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг,

Хариуцагч “...үндсэн цалин хэдэн төгрөг авдаг нь тодорхойгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх баримтаар 1 сард цалингаа бүтэн  авсан байж болохоор байна, тэгэхээр  2018 оны 12 сард акттай байсан гэж үзэхээр байна, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019\ШТ\213 дугаартай шийтгэх тогтоолоор  О.Б- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 10.12 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж 34-37 ДАР улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.Ш-ын эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол  учруулсан  гэм буруутай  нь  тогтоогджээ.

З.Ш- ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд  хөдөлмөрийн чадвараа  алдсанаас дутуу авсан  цалин хөлс  2.599.615 төгрөг гаргуулах шаардлагыг нотолсон баримтаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар \хэргийн 30 дугаар тал\ Дохиолол холбооны 1-р ангийн  тодорхойлолт \хэргийн  3, 32 дугаар тал\ -г ирүүлсэн  байна.

Дээрх тодорхойлолтод З.Ш-ын үндсэн цалин 976.400 төгрөг, бусад орлого нийлээд 2018 оны 12 дугаар сард 1689.796 төгрөгийн цалин авахаас 458.934 төгрөг, 2019 оны 01 дүгээр сард  үндсэн цалин 976.400 төгрөг, бусад орлого нийлээд  3.061.340 төгрөг авахаас 1.693.040 төгрөг авсан гэжээ.

Нэхэмжлэгч З.Ш- байгууллагын санхүүгийн баримтад үндэслэж  хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д нийцсэн бөгөөд хариуцагч О.Б- бусдын  эрүүл мэндэд учруулсан  гэм хорыг арилгах үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж нэхэмжлэлийн  шаардлагын зарим буюу 901.106 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар   шийдвэрлэснийг буруутгах үндэслэл байхгүй байна.

Учир нь хариуцагч О.Б- нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  гаргасан тайлбар татгалзалдаа З.Ш-ын үндсэн цалин тодорхойгүй гэжээ.  Гэтэл З.Ш-ын үндсэн цалин  болон бусад орлогыг санхүүгийн баримтад  бүрэн  зөв тооцсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь нотлох баримтаар  нотлогдсон гэж үзнэ.

Хариуцагч О.Б- анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийг  нотлох баримтаар үнэлээгүй зөвхөн Улаанбаатар Төмөр замын Дохиолол холбооны 1-р ангийн тодорхойлолтыг үндэслэн...” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй,  ...санхүүгийн тодорхойлолт нотлох баримтын эх сурвалжгүй баталгаагүй баримтаар шүүхийн шийдвэр  гаргасан...”  гэжээ.

Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан  хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зохицуулдаг, талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулдаг, хэрэгт авагдсан  хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалингийн талаар тусгаагүй нь З.Ш-ыг гэм хорын хохирол нэхэмжлэхэд саад болохгүй, байгууллагын санхүүгийн тодорхойлолт нь  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн хүрээнд гаргасан байдаг тул  түүнийг  хуулийн үндэслэл бүхий баримт гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн  давж заалдах журмаар гаргасан  гомдлыг  хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 918 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч О.Б-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн  116.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  26.200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ