Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 918

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2019/00755/и

   Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .........  аймаг, .......... сум, ........ баг, ...... ......... байр ..... тоотод оршин суух ....... овогт З.Ш- /РД:.............. /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...............  аймаг, ..........  сум, ..........  баг, ..........  хороолол, ....  байрны ....... тоотод оршин суух ........ овогт О.Б- /РД: ................... /-т холбогдох

 

“Гэм хорын хохирол 2,599,615 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Ш-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, иргэдийн төлөөлөгч С.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ урсгал сөрөн миний унаж явсан машиныг мөргөн осол гаргасан. Ослын улмаас баруун гарын шуу хэсэг хугарч акттай байсан. Миний нэг сарын цалин маань 1,074,050 төгрөг, 01 сар 23 хоногийн цалин 2,599,615 төгрөг, мөн 12 сарын цалин дээр 11 дүгээр сарын шагнал цалин ордог. Өвчтэй байсан хугацааны буюу 01 сар 23 хоногийн цалин 2,599,615 төгрөгийг хариуцагч О.Б-аас гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч О.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: З.Ш-ын үндсэн цалин хэдэн төгрөг авдаг болох нь тодорхойгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2019 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сар хүртэлх баримтаар 1 сард цалингаа бүтэн авсан байж болохоор байна. Тэгэхээр зөвхөн 2018 оны 12 дугаар сард акттай байсан гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ш- нь хариуцагч О.Б-т холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 2,599,615 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “хариуцагч О.Б-ын хууль бус үйлдлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, дутуу авсан цалин хөлс 2,599,615 төгрөгийг шаардаж байна” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч О.Б- нь хууль бус үйлдлээр З.Ш-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөхөөр тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа алдаж, улмаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1,698,056 төгрөг авсан болох нь Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 1 дүгээр ангийн тодорхойлолт /хх 3/-оор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсөө гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

Хэрэгт авагдсан З.Ш-ын Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй байх боловч Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 1 дүгээр ангийн санхүүгийн тодорхойлолтоор З.Ш- нь 2018 оны 12 дугаар сарын цалин 1.689,796 төгрөгөөс 1,230,962 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын цалин 3,061,340 төгрөгөөс 1,368,300 төгрөг, нийт 2,599,162 төгрөгийн цалин хөлс дутуу авсан болох нь тогтоогдож байна.

Иймд хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 2,599,162 төгрөгөөс түүнд олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 1,698,056 төгрөгийг хасаж, үлдэх 901,106 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,698,509 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч О.Б-аас 901,106 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ш-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,698,509 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч О.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 26,176 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Д.НЯМБАЗАР

                                                                        Д.ОЮУНДАРЬ