Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 02 өдөр                                2022/ДШМ/12                          Хэрлэн сум

 

Д.Э-, Д.Эр-

нарт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2022/0012

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Г.Болормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.Батбаатар /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З- /цахимаар/,

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/

Шүүгдэгч Д.Э-, Д.Эр- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал, Д.Ганхуяг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 он 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлоор Д.Э-, Д.Эр- нарт холбогдох эрүүгийн 2139000000016 дугаартай 3 хавтас 698 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Б” гэх газарт оршин суух П.Т-ын гэрийн гадаа П.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ойр дотны хүн болох төрсөн дүү П.Т-ийн дэргэд “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж сэтгэл санааны зовуурь шаналалд оруулан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон,

- 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Б” гэх газарт П.Т-ыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алсны дараа дахин “ТОЗ-8” маркийн буугаа сумлахаар бэлдэж, дахин хүн алахыг завдсан,

Шүүгдэгч Д.Э-, Д.Эр- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Б” гэх газарт П.Т-ын гэрийн хаалгыг эвдэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

- 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Барчийн булан” гэх газар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Т-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсний улмаас Д.Э- нь “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр П.Тү-ын амь насыг хохироох нөхцөл байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь хэсэг, 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э-г онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан, хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Э- Д.Эр- нарыг бүлэглэн, хүч хэрэглэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Эр-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 15 жилийн  хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эр-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эр-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Д.Эр-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ын цагдан хоригдсон 323 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-аас 12.790.074 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д олгож, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4803 гол төмрийн дугаартай, 146669 дугаарын замагтай “ТОЗ-8” маркийн галт зэвсэг, “ТОЗ-8” маркийн галт зэвсгийн 1 ширхэг сум зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн Д.Э-ын өмчлөлийн 7 тооны адуу, 20 тооны үхрийг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1, 2 дахь заалтууд буюу Д.Эр-, Д.Э- нар нь зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж бусдын амь насыг хохирох нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан, мөн Д.Э-ын хоёр ба түүнээс олон хүн алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн: Д.Э-, Д.Эр- нар нь бүлэглэн бусдын орон байранд зөвшөөрөлгүй нэвтэрсний дараа хохирогч П.Т-ын гэр бүлийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хэрүүл маргаан үүсгэж зэвсэг буюу хутга, буу хэрэглэн амгалан тайван байдал алдагдуулж улмаар хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж шүүх дүгнэсэн. Гэтэл тухайн гэмт хэрэг гарсан өдөр Б.Э нь хохирогч П.Т-ын гэрийн хаалганы түгжээг эвдэн орсны дараа буюу араас нь Д.Эр- орсон. Энэ талаар хохирогч П.Т- мэдүүлэг дээрээ дурдсан байдаг. Хохирогч П.Т- руу Д.Э- “ална” гэж заналхийлж гутлын түрийнээсээ хутга гаргах үед Д.Эр- хутгыг нь булаан авсан байдаг ба энэ талаар хохирогч болон Д.Э-, Д.Эр- нарын мэдүүлэг байдаг. Д.Эр-ын гаргаж байгаа дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 1.1, 1.2 1.3, 1.4-т заасан зөрчлийн шинжийг агуулж байна. Д.Эр- “П.Тү- “намайг буудчихлаа ш дээ” гээд гэр рүү гүйгээд орох үед Д.Эр- нь Д.Э- дээр очоод “та хүн алчхаж байгаа юм биш үү”  гэхэд гэрээс П.Т- гарч ирээд Д.Э-ын бууг авах гэж ноцолдсон. Гэтэл гэрээс П.Түв- гарч ирэхээр нь намайг зодох гэж байна гэж айгаад би ахаас булааж авсан хутгаа гаргаж ирээд “ойртвол ална шүү” гээд хутгаа барьсан. Тэгтэл П.Түв- хүрзний ишээр намайг цохисон...” гэж мэдүүлдэг. Д.Эр-, Д.Э- нарын гаргаж байгаа дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийн 1.1, 1.2 1.3, 1.4-т заасан хэрүүл маргаан үүсгэж, бусдын амар тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүхээс Д.Э-, Д.Эр- нарыг зэвсэг хэрэглэн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, улмаар хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Э-т хутга байсныг Д.Эр- булаан авсан байдаг. Д.Эр-ын үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжгүй байна. Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн гол шинж нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байдаг.

Мөн Д.Э-ыг хүнийг алахыг завдсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Д.Э- нь П.Түв-ийг буудсаны дараа дахин буугаа сумлахыг завдсан гэж шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэж хорих ялаар шийтгэсэн явдал нь зөвхөн хохирогчийн гүтгэлэг, зохиомол мэдүүлэг болон эд мөрийн баримт болох гэрийн үүднээс олдсон сум зэрэгт тулгуурласан буюу хүнийг алахыг завдах гэмт хэрэг бусад нотолгоогоор тогтоогдоогүй, нотлогдоогүй. Гэрийн үүднээс олдсон эд мөрийн баримт болох сумыг үндэслэн “хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж болохгүй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгийг шинжлэн судлахад яллах болон өмгөөлөх талын аль нь мэтгэлцээнд ялсан гэдэг нь тодорхой харагдана.  

Гэм буруугүйд тооцох: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, 1.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн шинжгүй” тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус хуульчилсан.

Эцэст нь Д.Э-ын хохирол төлсөн бодит байдал болон хохирол төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй зэргийг шүүх зориуд орхигдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Д.Э-т анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, Д.Эр-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Д.Эр- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Э- Д.Эр- нар нь хүн алчхаад зүйл ангиа хөнгөрүүлэх, цагаатгах асуудал яриад явж байгаад харамсаж байна.  Тухайн хэрэг болсноос хойш талийгаач манай дүүгийн маань 8 настай охин татаж унадаг өвчтэй болоод хотод сэтгэцийн эмчид үзүүлээд явж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчид хэлэхэд цаана нь үлдэж байгаа үр дагаврыг бодож тунгаах хэрэгтэй, бид адилхан л  үр хүүхэдтэй хүмүүс. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  “Анхан шатны шүүхээс Д.Э- Д.Эр- нарын үйлдлүүдийг зөв зүйлчилсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр биеэ авч яваа байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрдөггүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тохирох ялыг оноосон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн прокурорын  газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Д.Э-ын үйлдлийг хоёр буюу түүнээс дээш хүний амь насыг хохироохыг завдсан гэдгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй гэх тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Э-, Д.Эр- нар нь нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн төрлийн гэмт хэргийг үйлдсэн. Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасан байдаг. Шүүгдэгч Д.Э-ын сэтгэл санааны зовуурь шаналалд оруулан онц харгис хэрцгий аргаар хүний амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар, П.Тү-ыг буудаж алсны дараа буугаа сумлахаар бэлдэж, дахин хүн алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн. Учир нь Д.Э- нь П.Т-тай муудалцах зорилготой гэрт нь очсон байдаг ба  гэрт нь ирээд П.Тү-тай таарамжгүй харилцаа үүсгэснээс П.Тү-ыг муудан алж, дараа нь дахин буугаа сумлахыг завдсан болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон тул давхар зүйлчилсэн. Мөн нийтийн хэв журмыг зэвсэг хэрэглэн бүлэглэн зөрчиж олон хүний амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэснээс хүний амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон учраас зүйлчлэл зөв гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.Э- нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Б” гэх газарт оршин суух П.Т-ын гэрийн гадаа П.Тү-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ойр дотны хүн болох төрсөн дүү П.Түв-ийн дэргэд “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж сэтгэл санааны зовиур шаналалд оруулан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон,

- 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн “Б” гэх газарт П.Тү-ыг “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж алсны дараа дахин “ТОЗ-8” маркийн буугаа сумлахаар бэлдэж, дахин хүн алахыг завдсан,

Шүүгдэгч Д.Э-, Д.Эр- нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 22 цагийн орчимд “Б” гэх газарт П.Т-ын гэрийн хаалгыг эвдэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

- 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Б” гэх газар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Т-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсний улмаас Д.Э- нь “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр П.Тү-ын амь насыг хохироох нөхцөл байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-7/,

Хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байх үед ...манай гэрийн гадаа машин хаазалж сигнал дарж хүн “Хөөе” гэж хашхирах шиг болсон. Би босоод гэрлээ асаах гэтэл хаалга татсан. Тэгээд дахин нэг татаж манай гэрийн дотор хаалганы түгжээг мулт татчихсан. Гэрэл асаахад Э , Э нар нь “утсаар хов зөөсөн” гэх утгатай зүйл яриад орж ирсэн. ...Э нь “Чиний тэр утсаар ярьснаас болж миний амьдрал орвонгоороо эргээд байна” гэхэд хажуунаас Э- нь “Энэнтэй олон юм яриад байх юм байхгүй шууд алчихъя” гээд баруун гараа гутлынхаа түрий рүү гараа хийгээд нэг хүрэн хуйтай юм цухуйлгахаар нь би хутга гаргаж байна гэж айсан. Эр- нь илүү дутуу хөдөлгөөн хийх хэрэггүй шүү гэж хэлсэн. Тэгсэн энэ үеэр манай эхнэр хүүхдүүд сэрж, хүүхдүүд маань уйлж орилж эхэлсэн. ...Тэгсэн гаднаас манай хоёр дүү болох Тү- Т- 2 ороод ирсэн... “та хоёр яагаад байгаа юм, шөнө орой хүн унтуулж амруулахгүй, яагаад айлгаж дарамтлаад байгаа юм” гэхэд Э- нь ямар нэгэн хариу үг хэлэлгүй гэрээс гараад явсан. Тэгсэн талийгаач дүү маань Эр-ыг гар гэж гэрээс хөөгөөд хойноос нь өөрсдөө хамт гарсан. Тэгээд гадаа гараад маргалдаад байх шиг байсан. ...намайг гарч очиход талийгаач дүү Т- “цагдаа дууд” гэж хэлэхээр нь буцаж гэр рүүгээ ороод утасныхаа сүлжээг оруулах гээд ноцолдож байхад гэрийн гадаа буун дуу тас хийсэн.

Тэгэхээр нь би гарах гэтэл өөдөөс талийгаач дүү Т- “Э- намайг буудчихлаа” гээд гэдэснийхээ баруун хэвлий хэсгийг дараад гүйж орж ирээд гэрийн хойд талд байсан орыг налаад суусан. Тэгсэн араас нь Тү- “Э- ах ахиад буудах гэж байна” гээд гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалга руу харахад онгорхой байсан хаалганы цаана Э- ирчихсэн гэрийн гэрлийн тусгалд буугаа цэнэглэх гэж байгаа бололтой бууны замгийг хойш татаж сум хийх гэж байхаар нь би гүйж очоод баруун гараараа бууных нь үзүүр хэсгээс бариад зүүн гараараа хойш татсан байсан замагны урд нь хуруугаараа тээглүүлж барьж авсан. Тэгээд бид хоёр буу булаацалдаж гэрийн үүднээс холдоод нэлээн ноцолдсон. Тэгж ноцолдож байхдаа би гэрийн үүд рүү харахад гэрийн үүдэнд Эр- нь өргөн иртэй богинохон бололтой хутгыг баруун гартаа барьчихсан “гарч ирвэл ална шүү” гээд зогсож байсан. Ингээд Э-тай буугаа булаацалдаж байхдаа дахин гэрийн хаалга руу харахад Эр- байхгүй, гэрээс Тү- гарч ирээд Э- бид хоёр дээр ирээд хажуунаас буу булаацалдсан. Тэгэхээр нь би бууг булаацалдахаа болиод гэр рүү ороход манай талийгаач дүү элгээ тэвэрсэн ор налж суусан хэвээрээ байхаар нь сууж байсан газарт нь хэвтүүлсэн. Ингээд би хажуугаар нь гадаа байгаа Тү- Э- нарыг яаж байгаа бол гээд онгорхой байсан хаалгаар харахад тэр хоёр машины гэрлийн тусгалд буугаа  булаацалдаж ноцолдсон хэвээрээ харин Эр- нь машин руугаа суугаад машинаа асаагаад дайрах гэж байгаа үйлдэл гаргаж урагшаа нэг ухасхийн хойшоо ухарсан. Эр- нь энэ үйлдлээ 1 л удаа хийсэн. Тэр үед Тү- Э-тай буу булаацалдахаа болиод гэр рүү гүйж орж ирээд хаалгаа хааж дотроос нь татахад гаднаас нь Э- нь онгойлгох гээд байгаа бололтой хэд хэдэн удаа татаад байх шиг байсан. Тэгсэн Тү- хаалгаа сул хаяад талийгаачийн дэргэд ирэхэд Э- хаалгаар шагайхаар нь би “та нар хүн алчихлаа ш дээ” гэж хэлэхэд тэгвэл түргэнээ дуудахгүй юу гээд цаашаа  яваад машиндаа суугаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /1хх 45-48/,

Гэрч П.Түв-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах Тү-н гэрийн гадна машин очиж байгаа харагдсан. Тэгснээ удалгүй Т- ахын гадаа хүн хашхираад байсан. Тэгэхээр нь Т- ах бид хоёр очсон. Бид хоёрыг очиход Тү ах нүцгэн хойд талын орон дээр суучихсан, наад талд нь Эр-, хажууд нь Э- зогсож байсан. Т- ахын эхнэр хүүхдүүд нь уйлж байсан. “Ахыг яагаад та нар дарамтлаад байгаа юм бэ” гэж намайг хэлэхэд Э- гараад явсан. Э- гэрийн гадаа гутлын түрийгээ ухаж байгаад хутга гаргаж ирээд, гараад ир гээд байсан. Тэгтэл гэрт байсан Эр- гэрээс гарсан, араас нь Т- ах бид хоёр гарсан. Э- хутга гаргаж ирээд шаана гээд байсан, тэгэхээр нь би гэрийн зүүн урд талд байсан хүрзийг барьж авсан. Би Э-ыг хүрзээр нэг удаа цохисон. Э- цаашаа явсан. Би тэгэхээр нь Эр-ыг чи муу бацаан яагаад давраад байгаа юм гээд гараараа шанаа хэсэгт цохисон юм. Т- ах цагдаад дуудлага өгнө гэж хэлэхэд Эр- чи цагдаагаа дууд гэж хэлсэн. Тэгээд Эр- Т- ах хоёр маргалдаад зогсож байтал Э- машиныхаа цаагуур ороод алга болсон. Тэгээд буцаад машин тойроод гараад ирэхдээ Э- буу бариад гараад ирсэн. Тэгээд шууд Т- ах руу чиглүүлээд буудсан. Т- ах бид хоёр Тү ахын гэрт цувралдаад орсон. Т- ах Тү ахын гэрийн хойд орыг түшээд сууж байгаад хэвтээд өгсөн. Тэгээд байж байтал Э- гэрийн үүдэнд буугаа бариад хүрээд ирсэн. Тү ах бууг бариад ноцолдсон. Тэр хоёрыг ноцолдож байхад Эр- гэрийн үүдэнд хутга барьчихсан зогсоод намайг гараад ир ална гүйцээнэ гээд байсан. Тэгээд Эр- машин руугаа явсан. Би гүйж очоод Э-ын буун дээрээс барьж авсан. Тү ах гэр рүүгээ гүйж орсон. Эр- машиндаа суучхаад намайг хаашаа хөдлөх гэнэ тэр зүгт машинаа хөдөлгөөд байсан. Би Эр-д чи ахыгаа дайрвал дайр гэж хэлсэн, би тэгээд бууг тавиад гүйж Тү ахын гэрт ороод гэрийн хаалгыг хаасан. Тэгсэн чинь Э- хаалга татаад онгойлгосон. Бид Э-т та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлэхэд та нар эмнэлэг дуудаач гэж хэлчхээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1хх 56/,

Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 23 цагийн орчим би гэртээ нөхөр Тү, хүү Ц, С, Н нарын хамт унтаж амарч байсан. Гэрийн гадаа машин ирэхэд сэрсэн, тэгээд Ж хаалгаа гэж хэлсэн. Ж гэж манай нөхөр Т-г хэлж байгаа юм. Хаалганы түгжээ эвдэж, татаж хаалга онгойлгоод Э-, Эр- хоёр гэрт орж ирсэн. Э- орж ирээд хутгална гээд гутлын түрийгээ ухаад байсан. Би нөхрөө хувцсаа өмсөөд зугт гэж хэлэхэд Э-, Эр- хоёр манай нөхрийг хөдөлбөл ална шүү гээд манай нөхрийг хөдөлгөхгүй байсан. Тэгээд байж байтал манай нөхрийн дүү Т-, Т хоёр гэрт орж ирээд “яагаад айл унтуулахгүй байгаа юм, яагаад хүн дарамтлаад байгаа юм” гэж хэлэхэд Э- гэрээс гарсан. Тэгээд араас нь Эр- гарсан, араас нь Т-, Т- хоёр гарсан. Гадаа гараад буудна хутгална гээд хашхиралдаад байсан. Би хүүхдүүдээ аргадаад гэртээ байсан. Манай нөхөр гэрээс гарч ороод утсаар дуудлага өгөх гэсэн гар утас сүлжээгүй байсан. Т- гаднаас орж ирэхдээ намайг буудчихлаа гээд ёолоод ганцаараа орж ирээд гэрийн хойд талд ор түшээд суусан. Тэгээд байж байтал Э- ах гэрийн үүдэнд буу гаргаж ирсэн, манай нөхөр бууг нь авах гэж булаацалдсан. Гэрийн гадуур дуу чимээ болоод байсан. Т- гэрт орж ирсэн байсан, буцаад гарах гэсэн чинь Эр- нь гаргахгүй үүдэнд байгаад байсан. Би тэгээд хаалгаар шагайгаад Э- ахаа та одоо яваач, та нар хүн буудчихлаа, одоо үхлээ ш дээ яах вэ гэж хэлсэн. Эр- машиндаа ороод суусан байсан. Э- нь түргэн дуудаач гэж хэлчхээд машиндаа суугаад баруун урд зүгт явсан...” гэх мэдүүлэг /1хх 62/,

Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 00 цагийн орчим манай гэрт О багийн засаг дарга А гэдэг хүн ирж бууны хэрэг гарлаа гэж хэлсэн... Хэрэг болсон газар очиход Т- гэрт байсан, үзлэг хийхэд хүүхэн хараа гэрлийн урвалгүй, захын судсанд хүчилтөрөгчийн хэмжээ, зүрхний цохилтын хэмжээ орж ирэхгүй байсан. Хувцсыг сөхөж үзэхэд баруун хавирганы нуман доор буудагдсан шархтай, нас барсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх 65/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай “...Амь хохирогч П.Тү-ын цогцост хэвлийн баруун хажуу хэсэгт суганы өмнөд шугамаар хүйснээс дээш 3см зайд эдийн дутагдал бүхий сумны орсон нүхний шарх, хэвлийн хөндий, /хэвлийн хөндийд 325 мл цусархаг шингэн агууламж/ 12 хуруу гэдэс, нарийн гэдэсний гялтанд нэвтэрсэн шарх баруун бөөр орчмын өөхөн эд, гэдэсний чацархайд цус хуралт хэвлийн зүүн хажуу хэсгийн дотор булчинт давхаргад сумны хошууны шаантаглалт, цус хуралт, хэвлийн зүүн хажуугийн хэсэгт суганы арын шугамаар хүйснээс дээш 5см зайд арьсны эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн хошуут сумны буудалтын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...баруунаас зүүн, ташуу үйлдэгдсэн байх боломжтой байна... Дээрх хэвлийн баруун хажуу хэсэгт эдийн дутагдал бүхий сумны орсон нүхний шарх нь ойрын зайнаас /2-6 метр/ буудлага хийсэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1хх 94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 242 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сангийн 4803 дугаартай, замаг 14669 дугаартай буу нь 5.6х15 мм-н калибртай 1955 онд хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалтаар үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын буу байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгийн эд анги бүрэн бүтэн байна. Уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой байна...” гэх дүгнэлт /1хх 107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 243 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн сангийн 4803 дугаартай,  замаг 14669 дугаартай буугаар буудагдсан байна...” гэх дүгнэлт, /1хх 117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 244 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 4803 дугаартай, замаг 14669 дугаартай ТОЗ-8 загварын буугаар буудагдсан байна...” гэх дүгнэлт, /1хх 164/, 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 дугаартай: “...Амь хохирогч нь гэмтэл авснаас хойш ойролцоогоор 2-4 цагийн дараа нас барсан байх боломжтой байна. Амь хохирогч П.Тү- нь галт зэвсгийн нэг удаагийн хошуут сумны үйлчлэлийн дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, /2хх 84/,

Яллагдагчаар Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Т-н гэрийн гадаа ирж зогсоход нь би түрүүлж буугаад Т-н гэрийн хаалгыг татахад дотроосоо цоожтой байсан. Тэгэхээр нь би дахин хүчтэй татахад гэрийн хаалганы цоож нь эвдэрч онгойсон. Ингээд гэрт ороход Т- нь гэрийнхээ хойд талын орон дээр эхнэр хүүхдийн хамтаар, баруун талын орон дээр хоёр хүүхэд нь унтаж байсан. Гэр дотор гэрэл нь асаалттай байсан. Би гэрт нь ороод Т-д хандаж "Чи намайг агсам согтуу тавьсан гэж хүнд худлаа ярьж хов зөөсөн байна” гэж жаахан агсрахад Т- нь “би хүнд чамайг агсам тавьсан гэж яриагүй” гэхээр нь би “чи манай талийгаач дүү Э-н эхнэр Н-д намайг ирж агсам согтуу тавьсан. 2 үхрийг чинь өгөөгүй” мэтээр ярьсан байна гээд уурандаа дайрч давшилсан. Тэр үед хамт явж байсан манай дүү Эр- гэрт хойноос ороод ирсэн байсан. Би тэгж дайрч давшлахдаа "ална" гэж хэлээд айлгах гээд баруун хөлийнхөө гутлын түрийнд хийсэн байсан хутгаа гаргаж ирэхээр ухахад Эр- хажуунаас хориглож миний хутгыг булаагаад авсан. Энэ  үед Т-ын дүү нар болох Т-, Тү- нар орж ирсэн. Тэгсэн тэр хоёрын нэг нь "айл гэр амраахгүй яацгаагаад байгаа юм бэ” гэхээр нь би айгаад ямар нэгэн юм хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгээд би гэрээс гарч машиныхаа дэргэд очиж зогсоход хойноос Эр- Т-, Тү- нарт хөөгдсөөр гараад ирсэн. Тэгэхээр нь зодоон болвол айлгая гэж бодоод машиныхаа араас өдөр авч хийсэн байсан бууг аваад бууны бөгсөнд байх сумны хуйнаас 1 ширхэг сум гаргаж бууныхаа гол төмөрт хийж цэнэглээд гараад ирэхэд Т- над руу ойртож ирэхээр нь би гохоо дарчихсан. Уг нь би айлгах гэж хажуугаар нь буудсан боловч оночихсон байсан. Ингээд би хэсэг зуур шоконд орж гэрийнх нь үүдэнд зогссон. Тэгж байтал Эр- ирээд "та хүн буудчихлаа ш дээ яаж байгаа юм бэ” гэсэн. Ингээд л би юу болсноо мэдээгүй. Нэг мэдэхэд би Т-тай буугаа булаацалдаад зогсож байсан. Тэгсэн Т- бид хоёр дээр Т- нь ирээд буу булаацалдахад Т- нь бид хоёрыг орхиод явсан. Тэгээд би буугаа өгөхгүй гэж ноцолдож байхад Эр- машиныхаа гэрлийг Тү- бид хоёр руу тусгахад Тү- нь гэр рүүгээ гүйгээд орсон. Ингээд би нээрээ хүн буудчихсан юм болов уу? Буудсан бол яаж байгаа юм бол гээд мэдэх гээд гэр рүү орох гэтэл оруулахгүй байсан. Тэгээд хаалгаа онгойлгоход нь харахад зуухны хойд талд Т- нь дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс намайг чи хүн алчихлаа ш дээ гэхээр нь би түргэн дууд гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх 213-214/,

Яллагдагч Д.Эр-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Э- ах бид 2 гэрийн гадаа очиход Жагаа ахынх унтаагүй бололтой гэрэлтэй байсан. Тэгсэн  Э- ах машинаас буугаад гэр рүү орохоор явсан. Ингээд би хойноос нь удалгүй ороход Т- ах гэрийнхээ зүүн талаас хойд талд байх ор руу очиж байсан. Тэр орон дээр нь Т-ын хүүхэд нь унтаж байсан. Харин гэрийн баруун талын орон дээр эхнэр нь сэрчихсэн 2 хүүхдийнхээ хамтаар хэвтэж байсан. Э- ах тухайн үед Т- ах руу “худлаа ярилаа, ална” гэж дайрахдаа баруун талын гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирэх гэж байхаар нь би хажуунаас орж булааж аваад өөрийнхөө гутлын түрийнд хийсэн юм. Энэ явдлыг болж байхад Т- ахын хүүхдүүд нь сэрж уйлалдаж эхэлсэн. Тэгсэн энэ үед гаднаас Т- ахын дүү нар болох Тү-, Т- нар орж ирсэн. Тэгсэн нэг нь “Яагаад айл унтуулж амруулахгүй хүүхэд уйлуулаад байгаа юм бэ” гэхэд Э- ах юм хэлэлгүй зөрөөд гараад явсан. Тэгсэн Т- нь намайг гэрээс гар гэж хөөгөөд намайг гэрээс гаргахдаа Т- ахынхаа хамт хойноос гарч ирсэн. Тү- нь намайг “Чи муу давраад байгаарай нусан буу минь, чи хэзээ ийм болчихсон юм, чаддаг юм бол надтай зодолдчих” гээд намайг мангасдсан. Тэгэхээр нь би айгаад ухарсаар байгаад машины дэргэд ирсэн. Тэгсэн намайг Тү-тэй маргалдаж байхад Т- нь ирээд мөн л над руу дайрч давшлаад байсан. Т- нь над руу “Чи муу наанаа зогсож бай, чам шиг юм над руу асах болоогүй шүү” гэж хэлж байгаад буцаад эргээд явахад буун дуу тас хийсэн. Тэгсэн Т- нь “Намайг буудчихлаа ш дээ” гээд л гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн Тү- нь хойноос нь гүйгээд орсон. Тэгэхээр нь Э- ах дээр очиж “юу болоод буу муу болов оо, та хүн алчхаж байгаа юм биш үү” гэхэд Э- ах юм хэлэлгүй дахин буутайгаа Т- ахын гэрийн үүдэнд ирсэн. Би тухайн үед буун дуу сонсоод нэлээн пайнаганд орсон. Тэгсэн Т- ах Э- ах 2 буу булаацалдаж ноцолдоод эхэлсэн. Гэрээс Тү- нь гарч ирэх гэхээр нь би ахаас булааж авсан хутгаа гутлынхаа түрийнээс гаргаж ирээд “Ойртвол ална шүү” гээд гартаа хутгаа барьсан. Тэгсэн Тү- нь гэрээсээ гарч ирээгүй, тэгсэн хаанаас ч юм хүрз авчихсан гартаа хүрз бариад хүрзээр миний толгойн тус газар руу цохих гэхээр нь би зүүн гараараа хааж тохойн хэсэгтээ 2 удаа цохиулсан, тухайн үед намайг чанга цохиогүй юм шиг байсан. Ингээд би буцаад машин дээрээ ирж машиндаа суусан. Тэгсэн Тү- нь хүрзээ хаяад Э- ах Т- ах 2 дээр очиж Э- ахын буунаас булаацалдаж эхэлсэн. Тэгсэн удалгүй Т- ах салаад гэр рүүгээ орсон. Харин Э- ах, Тү- 2 буугаа булаацалдаад үлдсэн. Тэгэхээр нь машиныхаа гэрлийг тэр 2 руу тусгахаар урагш хөдөлгөөд буцаагаад ухарч гэрлээ тусгасан. Тэгсэн Тү- нь гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгсэн хойноос нь ах очиж байгаа бололтой байсан. Тэгээд удалгүй ирээд “Явъя” гэхээр нь би машинаа асаагаад хөдлөөд Т- ахын гэрийн үүднээс бүтэн эргэж өөрсдийн гэрийн зүг хөдлөөд явсан. Би тухайн үед Э- ахад “Та хүн алчихлаа ш дээ” гэхэд “харин тийм ээ ах нь хүн буудчихлаа” гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх 206-208/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Э-ын П.Тү-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ойр дотны хүн болох төрсөн дүү П.Түв-ийн дэргэд “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр хэвлий хэсэгт нь нэг удаа буудаж сэтгэл санааны зовуурь шаналалд оруулан онц харгис хэрцгий аргаар амь насыг нь хохироосон, “ТОЗ-8” маркийн буугаа сумлахаар бэлдэж дахин хүн алахыг завдсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Д.Э-, Д.Эр- нарын  П.Т-ын гэрийн хаалгыг эвдэн зөвшөөрөлгүйгээр орон байранд нь нэвтэрч “ална” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Т-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсэн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

            Анхан шатны шүүхээс Д.Э-ыг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан, хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6 дахь заалтад заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Э- Д.Эр- нарыг бүлэглэн, хүч хэрэглэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Э-, Д.Эр- нарт хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын тухайд: Танхайрах зөрчил нь үйлдэгдсэн арга, орон зай болон бусад шинжээрээ олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгтэй төстэй боловч нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэдэг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргээс үр дагавар, нийгмийн хор аюулаараа бага байдгаараа ялгагдана.

Гэрч Г.О-н: “...Хаалганы түгжээ эвдэж, татаж хаалга онгойлгоод Э-, Эр- хоёр гэрт орж ирсэн. Э- орж ирээд хутгална гээд гутлын түрийгээ ухаад байсан. Би нөхрөө хувцсаа өмсөөд зугт гэж хэлэхэд Э-, Эр- хоёр манай нөхрийг хөдөлбөл ална шүү гээд манай нөхрийг хөдөлгөхгүй байсан...” /х-1-62/,

Гэрч П.Т-ын: “...Эр- эхэлж хөнжлийг хуу татсан, Э- алчихъя гээд түрийнээсээ хуйтай зүйл цухуйлгасан...” гэх /1хх 45-48/ мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Э-, Эр- нар нь гэмт хэрэг хамтран үйлдэхдээ санаа зорилго, санаа бодол үйл хөдлөлөөрөө нэгдсэн бөгөөд тэдний гүйцэтгэж байгаа үүрэг, үйлдэл харилцан холбоотой нь тогтоогдож байх тул зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзлээ.

Гэрч П.Т-ын: “...би гарах гэтэл өөдөөс талийгаач дүү Т- “Э- намайг буудчихлаа” гээд гэдэснийхээ баруун хэвлий хэсгийг дараад гүйж орж ирээд гэрийн хойд талд байсан орыг налаад суусан. Тэгсэн араас нь П.Түв- Э- ах ахиад буудах гэж байна” гээд гүйгээд ороод ирсэн. Тэгэхээр нь би хаалга руу харахад онгорхой байсан хаалганы цаана Э- ирчихсэн гэрийн гэрлийн тусгалд буугаа цэнэглэх гэж байгаа бололтой бууны замгийг хойш татаж сум хийх гэж байхаар нь би гүйж очоод баруун гараараа бууных нь үзүүр хэсгээс бариад зүүн гараараа хойш татсан байсан замагны урд нь хуруугаараа тээглүүлж барьж авсан. Тэгээд бид хоёр буу булаацалдаж гэрийн үүднээс холдоод нэлээн ноцолдсон. Тэгж ноцолдож байхдаа би гэрийн үүд рүү харахад гэрийн үүдэнд Эр- нь өргөн иртэй богинохон бололтой хутгыг баруун гартаа барьчихсан “гарч ирвэл ална шүү” гээд зогсож байсан...” /1хх 45-48/,

Гэрч П.Түв-ийн: “...Тэгээд байж байтал Э- гэрийн үүдэнд буугаа бариад хүрээд ирсэн. Т- ах бууг бариад ноцолдсон. Тэр хоёрыг ноцолдож байхад Эр- гэрийн үүдэнд хутга барьчихсан зогсоод намайг гараад ир ална гүйцээнэ гээд байсан...” /1хх 56/,  

Яллагдагч Д.Эр-ын: "...Тэгэхээр нь Э- ах дээр очиж “юу болоод буу муу болов оо, та хүн алчхаж байгаа юм биш үү” гэхэд Э- ах юм хэлэлгүй дахин буутайгаа Т- ахын гэрийн үүдэнд ирсэн. Би тухайн үед буун дуу сонсоод нэлээн пайнаганд орсон. Тэгсэн Т- ах Э- ах 2 буу булаацалдаж ноцолдоод эхэлсэн...” /1хх 207/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-7/ зэргээр Д.Э- нь П.Түв-ийг буудсаны дараа дахин буугаа сумлаж хүнийг алахыг завдсан нь тогтоогдсон бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан “шүүгдэгч нарын зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай”  гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Д.Э- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяад 12.791.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 он 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/242 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-, Д.Эр- нарын цагдан хоригдсон 103 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Шүүгдэгч Д.Э- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б-д 12.791.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Г.БОЛОРМАА

                                                               

                                                                                              Б.ДЭНСМАА