Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 100

 

Д.Э, Д.Энарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Амаржаргал /цахимаар/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зоригт /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 242 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 12 дугаар магадлалтай, Д.Э, Д.Энарт холбогдох 2139000000016 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 11ий өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 174 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, мөн хуулийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн, Д Э,

 

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Д Э,

 

Д.Э нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт оршин суух иргэн П.Түвшинжаргалын гэрийн гадаа П.Т-ай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан ойр дотны хүн болох төрсөн дүү П.Түвшинтөгсийн дэргэд ТОЗ-8 загварын галт зэвсгээр хэвлий хэсэгт нь буудан алж, амь насыг нь хохироосон,

мөн дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа дахин ТОЗ-8 загварын бууг сумлаж, хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан,

 

Д.Э, Д.Энар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчимд Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр баг “Барчийн булан” гэх газарт иргэн П.Т-ын гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч ална гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

мөн 2020 оны 12 дугаар сарын 29-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн нутаг “Барчийн булан” гэх газар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж П.Т-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан хэрүүл маргаан үүсгэсний улмаас Д.Э нь ТОЗ-8 загварын галт зэвсгээр П.Т-ын амь насыг хохироох нөхцөл байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эыг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан, хоёр ба түүнээс олон хүнийг алахыг завдсан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Э Д.Энарыг бүлэглэн, хүч хэрэглэн, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон буюу зэвсэг хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж бусдын амь нас хохироох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Эт оногдуулсан дээрх ялуудыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эт оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад,

шүүгдэгч Д.Эрхэмчухалд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 323 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эаас 12.790.074 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяад олгож, сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5, 8.8, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4803 гол төмрийн дугаартай, 146669 дугаарын замагтай “ТОЗ-8” загварын галт зэвсэг, “ТОЗ-8” загварын галт зэвсгийн 1 ширхэг сум зэргийг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эвхдэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн Д.Эын өмчлөлийн 7 тооны адуу, 20 тооны үхрийг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн Д.Эын өмгөөлөгч Д.Амаржаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Э, Д.Энарын цагдан хоригдсон 103 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Болортуяад 12.791.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Амаржаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Д.Эыг хоёр ба түүнээс олон хүн алахыг завдсан гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Э нь П.Түвшинтөгсийг буудсаны дараа дахин буугаа сумлахыг завдсан гэж шүүх дүгнэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хорих ялаар шийтгэсэн явдал нь зөвхөн хохирогчийн зохиомол мэдүүлэг болон гэрийн үүднээс олдсон сум зэрэгт тулгуурласан байдаг. Хүнийг алахыг завдах гэмт хэрэг бусад нотолгоогоор тогтоогдоогүй, нотлогдоогүй. Гэрийн үүднээс олдсон эд мөрийн баримт болох сумыг үндэслэн “хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Д.Эыг хоёр ба түүнээс олон хүн алахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зоригт хэлсэн саналдаа “... маш их гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр”, 2.2-д “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн зүйл ангиуд хамаарч байгаа” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... хэрэгт авагдсан болон шүүхээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг, шүүгдэгч Д.Энь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсон байна. Харин шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан 2 түүнээс олон хүнийг алахыг завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба шүүгдэгч нь хэнийг дахин алахыг завдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Эыг хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан гэж дүгнэсэн тохиолдолд тусад нь ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 242 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх буюу шүүгдэгч Д.Эрхэмчухалд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх болсон шалтгаан нөхцөлийг тодорхой дурдан дүгнүүлэх, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргүүдийн ямар шинжийг хангасан талаар хууль зүйн үндэслэл бүхий тодорхой дүгнэлт хийлгүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хянуулахаар гаргасан шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Амаржаргалын гомдлын дагуу Д.Э, Д.Энарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог болно.

 

Төрсөн ах, дүү Д.Э, Д.Энар нь “алдуул мал сураглах” зорилгоор 2020 оны 12 дугаар сарын 29-ний шөнө 22 цагийн үед
П.Түвшинжаргалын гэрт очсон боловч урьдын таарамжгүй явдлаас үүсэлтэй маргаанаар далимдуулан нийтийн хэв журам буюу хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг бүлэглэн зөрчиж, хутга хэрэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар тухайн хууль бус үйлдлийг таслан зогсоосон П.Т
-ын дүү П.Т руу Д.Э нь “Тоз-8” загварын галт зэвсгээр буудаж, төрсөн дүү П.Т-ийх нь дэргэд онц харгис хэрцгийгээр алсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ба анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Харин алдуул малаа хайж сураглахаар очсон нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдын үйлдлийг хоёр шатны шүүх “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд  нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж, мөн хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдлийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчихдөө бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн” хэмээн давхардуулан зүйлчилж, илт үндэслэлгүйгээр гэмт хэрэгт тооцож хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна.

 

Мөн шүүгдэгч Д.Эыг буугаа дахин сумлахаар бэлтгэж “хоёр, түүнээс олон хүнийг алахаар завдсан” хэмээн хоёр шатны шүүх хэт хийсвэр таамаглалд үндэслэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүний амь насыг санаатайгаар хохироосон нь хөдөлбөргүй нотлогдсон түүний үйлдлийг бусдын амь нас хохироох нөхцөл байдалд хүргэсэн гэж өөр гэмт хэргийн шинжид хамаатуулан зүйлчилсэн нь буруу ба шүүхийн шийдвэр таамаглалд бус нотлох баримтад тулгуурласан байх ёстой.

 

Иймд Эрүүгийн хуулийг  буруу хэрэглэсэн прокурорын болон хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөн засч шүүгдэгч Д.Эт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг,

Д.Э, Д.Энарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

мөн тэдэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4-т зааснаар ял  сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 20.16 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчилж,

хэргийн зүйлчлэл хөнгөрсөн тул Д.Эт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 15 жил хорих ялыг 13 жил болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Д.Э, Д.Энарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулыг харгалзан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Эын биечлэн эдлэх нийт хорих ялын хэмжээг 17 жилээр тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр шатны шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг дурдахын зэрэгцээ прокуророос 2 буюу түүнээс олон хүнийг  алахаар завдсан гэж шүүхэд шилжүүлсэн хэргийг төгс үйлдсэн мэтээр дүгнэн ял оногдуулж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасныг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 242 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 02ы өдрийн 12 дугаар магадлалд:

 

“Д.Эт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан,

Д.Э, Д.Энарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Д.Э, Д.Энарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг 20.16 дугаар зүйлийн 2.1 болгон өөрчилсөн заалт тус тус нэмсүгэй.”

 

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.6-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар тогтоосугай” гэснийг “Шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1-д зааснаар  4 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.1 зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 17 жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Д.Амаржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

 

                                                               ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                    Б.БАТЦЭРЭН

 

                                                           Б.ЦОГТ

 

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН