Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101

 

Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Г.Очирын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00727/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн 820 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.М-д  холбогдох

"Худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл болох 3.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Г.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Очироос:

Д.Д- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж мах, ааруул, борцны ченж гэх Г.М-д 260 кг үхрийн борц худалдсан. 1 кг борцоо 35.000 төгрөгөөр тооцож нийт 9.000.000 төгрөгөөр худалдахаар торхирсон. Нийт үнийн дүнгийн 6.000.000 төгрөгийг тухайн өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгөхөөр болж гэрээ байгуулсан. Гэтэл одоог хүртэл борцны үнийн үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөхгүй байна. Хариуцагч Г.М- нь тухайн өдөр манай гэрт ирж, борцыг бүгдийг нь асгаж байгаад үзэж, шалгаад шуудайнд хийж аваад явсан. Гэтэл одоо чанарын шаардлага хангахгүй борц байсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Бид борцоо зарахдаа Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинэжилгээг хийлгэсэн. Үлдэгдэл мөнгөө хариуцагчаас шаардаж утас руу нь залгахад авдаггүй, ээж нь өмнөөс нь ярьж мөнгийг өгөхгүй гэсэн. Иймд 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.М- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.Д- гэх хүнээс 260 кг үхрийн борцыг 6.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг нь 9.000.000 төгрөг болох боломжтой гэж үзээж 3.000.000 төгрөгийг нь дараа өгөхөөр тохиролцсон. Гэвч уг борц нь ихэнхдээ хальс болж хатсан байсан учир борлогдоогүй. Ялгаж байж хэдэн кг-ийг арай гэж зарахад би өөрийн авсан үнэ болох 6.000.000 төгрөгөө ч авч чадаагүй. Ийм учраас Д.Даваабаатар гэдэг хүнрүү залгаж энэ борцоо ав, би мөнгөө буцааж авъя, шаардлага хангахгүй байна гэсэн боловч аваагүй, утсаа ч авахаа больсон. Ингээд би  шаталтад орж, борцыг нь хаячихсан. Иймд 3.000.000 төгрөгийг өгөх боломжгүй хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.М- нь Д.Даваабаатараас борц худалдан авсан нь үнэн бөгөөд борцны үнэ 6.000.000 төгрөгийг төлсөн. Борцны хувьд чанарын шаардлага хангахгүй, хальс ихтэй байсан тул нийт 5 шуудай борцыг зарж чадаагүй. Д.Даваабаатар нь Хөвсгөл аймагт байдаг учраас борцыг буцаан өгөх боломжгүй байсан. Мөн 260 кг борц өгсөн гэж байгаа боловч холоос тээвэрлэж ирэхээр хорогдол их гарах ёстой түүнийг тооцоогүй, ийм хэмжээний борцыг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн 820 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.М-өөс 3.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д-аас улсны тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-өөс улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-ад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Г.М- миний бие 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр борц зарна гэсэн зарын дагуу утсаар ярьж Д.Даваабаатар гэж хүнээс 260 кг үхрийн борцыг 1 кг-ыг 35.000 төгрөгөөр бодож 9.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч бэлэн байсан 6.000.000 төгрөгөө өгч 3.000.000 төгрөгийг нь дараа нь өгөхөөр тохирсон. Борц тухайн үед үнэтэй байсан учир ашиг харж цааш зарж борлуулахаар худалдан авсан. Энэ байдлыг Д.Даваабаатар луу хэлж борцоо ав зарим нь шаардлага хангахгүй байна гэхэд авахгүй утсаа ч авахаа больсон. Би өөрийн шатсан учраа хэлсэн ч шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн шүүх энэ бодит байдлыг минь ойлголгүй 3.000.000 төгрөг өгөхөөр тохирсон гарын үсэг дээр үндэслэн надаар төлүүлэхээр шийдвэрлэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй бодит байдлыг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очир нь хариуцагч Г.М-д холбогдуулж, худалдсан борцны үнийн үлдэгдэл 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа уг худалдсан борц нь чанарын шаардлага хангахгүй, ихэвчлэн хальс байснаас худалдаж ашиг олж чадаагүй, алдагдалд орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, эд хөрөнгийн доголдлын талаар хариуцагч Г.М- шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч Г.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хянаж, болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зөв гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримт, болсон үйл баримтаас дүгнэвэл талууд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод “Борц зээлээр өгөх тухай” гэрээ хийж, 260 кг борцыг 1 кг борцыг 35.000 төгрөгөөр үнэлж нийт 9.000.000 төгрөгөөр худалдсан бөгөөд хариуцагч Г.М-өөс 6.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцож, “батламж” нэртэй баримт үйлдэж харилцан гарын үсэг зурцгааж баталгаажуулсан болох нь хэргийн 3 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байна.

Түүнчлэн худалдсан борцны дагавар баримт болох Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн лабораторийн “Шинжилгээний дүнгийн хуудас”,  Мал эмнэлэг-ариун цэврийн “Гарал үүслийн гэрчилгээ”, нэхэмжлэгч Д.Д-ын эхнэр Г.Даваасүрэнгийн эзэмшдэг ХААН банк дахь 5902163034 тоот дансанд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөг шилжүүлсэн талаарх тус банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.

Дээрх баримтуудыг дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Д.Д- нь хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй,эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Г.М-д гэрээний дагуу 260 кг борцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч Г.М- борцны үнэд 6.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч Г.М- гэрээний дагуу үлдэгдэл 3.000.000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үндэслэлээ чанарын шаардлага хангаагүй борц байсан буюу биет байдлын доголдолтой хөрөнгө байсан гэж тайлбарлаж  байгаа болно.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж зааснаар хариуцагч Г.М- худалдан авсан борцны  чанарын талаар мэдэх боломжтой байсан бөгөөд  энэ талаар худалдагч талд гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан байна.

Хариуцагч Г.М-ий шүүхэд гаргасан “...Би уг нь таван төгрөгийн ашиг харж худалдан аваад цааш нь зарахаар болсон...” гэсэн тайлбар, гэрч С.Өлзийтогтохын “...тухайн борцыг Сайншанд, Замын-Үүдийн хүнсний дэлгүүрүүдэд зарсан...” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд хариуцагч Г.М- эд хөрөнгийг хүлээн авах үедээ биет байдлын доголдлыг шалгаж авах үүргээ биелүүлээгүй  байна.

Энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь түүний худалдагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Хариуцагч Г.М- гэрээнд заасны дагуу худалдан авсан борцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байна.

Иймд хариуцагч Г.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн надаас борц худалдан авч байгаа хүмүүс шилж, ялгаж авсаар хальс ихтэй байна гээд авахаа больсон, шүүх бодит байдлыг ойлгоогүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Г.М- болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 04-ний өдрийн  820 дугаар  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г.М-өөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

              

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                                    С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                       Л.АМАРСАНАА