Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 820

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00727/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, .. дүгээр баг, Тээл гэх газар оршин суух Д.Д/РД: ../-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, .. дугаар баг, Үндсэн тосгоны .. дүгээр брак, ..тоотод оршин суух Г.М /РД: /-д холбогдох,

 

"Худалдах, худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл болох 3,000,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, гэрч С.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д нь 2019 оны 04 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод ирж, мах, ааруул, борцны ченж гэх Г.М 260 кг үхрийн борц худалдсан. 1 кг борцоо 35,000 төгрөгөөр тооцож, нийт 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. Нийт үнийн дүнгийн 6,000,000 төгрөгийг тухайн өдөр төлсөн бөгөөд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2019 оны 04 сарын 26-ны өдөр өгөхөөр болж, гэрээ байгуулсан. Гэтэл одоог хүртэл борцны үнийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд Г.М 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Г.М нь тухайн өдөр манай гэрт ирж, борцыг бүгдийг нь асгаж байгаад үзэж, шалгаад шуудайнд хийж аваад явсан. Гэтэл одоо чанарын шаардлага хангахгүй борц байсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Бид борцоо зарахдаа Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээг хийлгэсэн. Үлдэгдэл мөнгөө хариуцагчаас шаардаж, түүний утасруу залгахад утсаа авдаггүй, ээж гэх хүн өмнөөс нь ярьж, үхсэн малын махаар хийсэн борц байна гээд хэл амаар доромжилж, мөнгийг өгөхгүй гэсэн. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргаад байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

     

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Д гэх хүнээс 260 кг үхрийн борцыг 6,000,000 төгрөгөөр худалдан авсан. Уг нь 9,000,000 төгрөг болох боломжтой гэж үзээд 3,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр тохиролцсон. Би уг нь таван төгрөгийн ашиг харж худалдан аваад цааш нь зарахаар болсон юм. Гэвч уг борц нь ихэнхдээ хальс болж хатсан байсан учир борлогдоогүй. Ялгаж байж хэдэн кг-ийг арай гэж зарахад би өөрийн авсан үнэ болох 6,000,000 төгрөгөө ч авч чадаагүй. Ийм учраас би Даваабат гэдэг хүнрүү залгаж энэ борцоо ав, би мөнгөө буцааж авъя, шаардлага хангахгүй байна гэсэн боловч аваагүй, утсаа ч авахаа больсон. Ингээд би шаталтанд орж, борцыг нь хаячихсан. Үүнийг манай ээж Өлзийтогтох ч мэднэ. Аргагүйдээд говьруу зарах гэж яваад чадаагүй. Угаасаа Даваабат нь Хөвсгөлөөс Улаанбаатар хотын Хүчит шонхор зах дээр зарсан борцныхоо үлдэгдэл, гологдлыг зарсан юм билээ. Иймд 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.М нь Д.Д борц худалдан авсан нь үнэн бөгөөд борцны үнэ 6,000,000 төгрөгийг төлсөн. Борцны хувьд чанарын шаардлага хангаагүй, хальс ихтэй байсан тул нийт 5 шуудай борцыг зарж чадаагүй. Д.Д нь Хөвсгөл аймагт байдаг учраас борцыг буцаан өгөх боломжгүй байсан. Мөн 260 кг борц өгсөн гэж байгаа боловч холоос тээвэрлэж ирэхээр хорогдол гарах ёстой түүнийг тооцоогүй, ийм хэмжээний борцыг хүлээлгэн өгсөн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Даваабатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нь хариуцагч Г.М худалдсан борцны үлдэгдэл үнэ болох 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Г.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Худалдан авсан борц нь чанарын шаардлага хангахгүй байснаас бусдад худалдаж, ашиг олж чадаагүй, борцны үнэд өгсөн 6,000,000 төгрөгөө ч гаргаж аваагүй алдагдалд орсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргадаг болно.  

           

            Нэхэмжлэгч Д.Даваабат, хариуцагч Г.М нар нь 2019 оны 04 сарын 23-ны өдөр 260 кг үхрийн борцыг 1 кг-ийг 35,000 төгрөгөөр тооцож, нийт 9,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 04 сарын 23-ны өдрийн “Борц зээлээр өгөх тухай батламж /гэрээ/”-аар тогтоогдож байна.

                       

Талуудын тохиролцоо, гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Г.М гэрээний дагуу 260 кг борцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч Г.М нь борцны үнэд 6,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Хариуцагч Г.М нь гэрээний дагуу үлдэгдэл үнэ болох 3,000,000 төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгаа бөгөөд энэхүү үндэслэлээ борц нь чанарын шаардлага хангаагүй байсан гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Д биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн өгсөн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж байна.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой  байхад түүнийг хүлээн авсан”, 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахаар заажээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.М нь 2019 оны 04 сарын 23-ны өдөр гэрээний зүйл болох 260 кг борцыг хүлээн авсан байх бөгөөд энэ үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байсан, нөгөө талаас шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Ө“... Г.М нь миний хүү. Бид нэлээд хэдэн жил борц, ааруул, цагаан идээ зарж байгаа бөгөөд тухайн борцыг аваад Замын Үүд, Сайншандын хүнсний дэлгүүрт зарсан” гэсэн мэдүүлэг, хариуцагч Г.Мий шүүхэд гаргасан “...Би уг нь таван төгрөгийн ашиг харж худалдан аваад цааш нь зарахаар болсон юм...” гэсэн тайлбар зэргээс үзэхэд хариуцагч нь эд хөрөнгийг хүлээн авах үедээ шалгаж авах үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Ө гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь “...худалдан авсан борцноос 4-5 шуудайтай нь үлдсэн. Учир нь чанарын шаардлага хангахгүйгээс зарагдахгүй одоог хүртэл байгаа...” гэж мэдүүлдэг боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч Г.М нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр төлөхөөс татгалзах үндэслэлгүй юм.

 

            Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.М 3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Долгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.М3,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мулсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ОЮУНЦЭЦЭГ