Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0628/З |
Дугаар | 128/ШШ2023/0782 |
Огноо | 2023-10-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2023/0782
2023 10 25 128/ШШ2023/0782
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:С.Ж/РД:ТИ********/, Т.Б /РД:МЕ*******/, Б.Ч /РД:ШЕ*******/, Б.Б /РД:ЧЖ*******/ Ц.Г /РД:ЧЗ********/, А.Халиун /РД:ЧИ*******/, А.Г /РД:ТЗ********/;
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч:Х.А;
Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга;
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Б;
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Л.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Н-н даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/*** дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хавсралтын 2 дугаарт * дүүрэг, * дугаар хороо, **/*байрны баруун хойно байрлалтай 12 ширхэг тоосгон граж гэснийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Хоёр.Хэргийн процесс, үйл баримтын талаар:
2.1.Н-н даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн хавсралтаар ** дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороололд байршилтай 12 ширхэг тоосгон гражуудыг буулгах шийдвэрийг гаргажээ. 2.2.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 8 дугаар Газар чөлөөлөх тухай мэдэгдэл, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *\дугаар Газар чөлөөлөх тухай мэдэгдэлд ** дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гражуудыг буулгаж газар чөлөөлөхийг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна.
2.3.Нэхэмжлэгч нар буюу граж эзэмшигч нэр бүхий иргэдээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргад, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан гомдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2*** оны ** дугаар сарын **-ны өдрийн 1**-**/****дугаар албан бичгээр “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл болон бусад холбогдох хуулийн заалтуудыг дурдан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгчээ.
2.4.Нэхэмжлэгч нараас нараас Н-н даргын дээрх хариуг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар тодорхойлж, нэхэмжлэлийг гаргасан байна.
2.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Г, Б.Ч, Д.О, Э.М, А.Х, А.Э нар нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох, Л.Бнь төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй болох нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй тул тэдгээрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд Ц.Г, Б.Ч, А.Х нараас нэхэмжлэл гаргах эрхээ нотолсон холбогдох баримтыг гаргаж, тэдэнтэй А.Г, Б.Б нар нэгтгэж нэхэмжлэлээ гаргасан.
2.6.Шүүх Ц.Г, Б.Ч, А.Х, А.Г, Б.Б нарын нэхэмжлэлтэй хэргийг энэ хэрэгт нэгтгэн шийдвэрлэсэн болно.
2.7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээлжийн амралттай байгаа тул түүнийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн, нэхэмжлэгч нарын зөвшөөрснөөр хариуцагч талыг байлцуулахгүй хуралдааныг явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл.
3.1.Нэхэмжлэгч нар бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн ** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Ч гудамж, Н т хотхоны **-** дугаар байрнуудын оршин суугч болох нэхэмжлэгч бид тус хотхондоо байрлах авто гражуудыг өмнөх эзэмшигчээс болон хотхоныг барьсан компаниас худалдан авснаар эзэмшдэг. Бидний эзэмшиж буй гражууд нь явган хүний зам талбай болон бусад нийтийн эзэмшлийн зам талбайд саад болоогүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөгүй, бид дур мэдэн граж барьж байгуулаагүй, хотхоны эзэмшил газартаа багтсан, хотхоны хашаандаа байрлаж байгаа гражууд юм. Гэтэл ** дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 03 сарын 24-ны өдөр 8 дугаартай Мэдэгдэх хуудсыг наасан бөгөөд заасан хугацаанд гражийг буулгахгүй бол албадан буулгаж, зардлыг төлүүлнэ гэж мэдэгджээ. Бид ** дүүргийн газар зохион байгуулалтын албанд санал тайлбар гаргаж лавлахад тус албаны 2023 оны 04 сарын 20-ны өдрийн **/***тоот албан бичгээр "тус граж байрлаж буй газрыг зөвшөөрөлгүй эзэмшиж байх тул бидний гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.07-ны өдрийн 128/Ш32023/**** тоот захирамжаар нэхэмжлэгч нарыг эрх ашиг нь хөндөгдөж байгаа тухай нотлох баримт бүрдүүлэхийг дурдан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд нэхэмжлэгч нараас Т.Б-ын "Граж худалдан авсан тухай гэрээ", С.Ж-н "Граж шилжүүлэн авсан тухай баримт, гэрээ"-г нэхэмжлэлд нэмж хавсаргаж байна. Мөн хотхоны орон сууц болон гражийг барьсан “Л э х” ХХК-ын 2023.07.17-ны өдрийн тодорхойлолтыг хүргүүлж байна Бид Нийслэлийн Засаг даргад хандахад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 05 сарын 08-ны өдрийн албан бичгээр мөн л "хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэж хариу ирсэн.
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус байна. Үүнд: 1.Авто гражууд нь хуулийн дагуу, зөвшөөрөлтэй баригдсан: “Л э х” ХХК /РД:2******/ нь Н-н даргын 2001 оны 05 сарын 03-ны өдрийн *** тоот захирамжаар олгогдсон газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ, газар ашиглах ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр газрыг ашиглан, ** дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, Ч гудамж, Н т хотхоныг барьж, ашиглалтад оруулсан. “Л э х” ХХК нь ****м.кв газрыг 5 жилийн хугацаатай, сургалт үйлчилгээ, орон сууцны цогцолбор барих зориулалтаар ашиглахаар эрх авсан. Манай гражууд нь хотхоны ашиглах эрхийн талбайд багтсан бөгөөд тус байршилд 1 орцтой орон сууц барихаар ерөнхий төлөвлөгөө батлагдсан байсан боловч инженер техникийн шугам сүлжээ байрлаж байгаа гэх шалтгаанаар 2006 онд газар ашиглалтын зураглалд өөрчлөлт оруулж тус байршилд граж барих зориулалтаар зураг төсөл батлагдсан, ямар нэг эрхгүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн граж барьж байгуулсан асуудал байхгүй. 2.Авто гражийг худалдахад газар ашиглах эрх шилжүүлээгүй тухайд: “Л э х” ХХК нь хотхоныг газар ашиглах эрхийнхээ хугацаанд барьж ашиглалтад оруулан орон сууцыг борлуулж, худалдан авагч нарт орон сууц өмчлөх эрхийг шилжүүлсэн боловч тоосгон гражид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байсан тул өмчлөх эрх үүсгэх боломжгүй байсан, мөн хотхон барьж буй газар нь ашиглах эрхийн гэрчилгээтэй байсан учир тухайн газрыг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх эрхгүй байсан тул тухайн үед граж дээр аливаа эрхийн гэрчилгээ гараагүй, эзэмшигч нар нь өөрчлөгдсөөр өнөөдрийг хүрсэн. Түүнчлэн иргэд бид газрыг болон уг гражийг дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй болно.
Зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гражийг худалдан авч, эзэмшиж байгаа болно. Тухайн үед тоосгон гражид үл хөдлөхийн болон газрын ямар нэг гэрчилгээ байхгүй тул доорх газрыг нь эзэмших хүсэлт гаргах гэхээр Н-н даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар захирамжаар нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины гарааш ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон байсан. 3.Н-н даргын захирамжийн хавсралтын 2 дугаарт заасан "** дүүрэг, 2- р хороо, **/* байрны баруун хойно байрлалтай 12 ширхэг тоосгон гарааш" байршил хүчингүй болох үндэслэл: Н-н даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн */***дугаартай Захирамжийн 1 дүгээрт "Нийслэлийн оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсугай" гэж захирамжийн зорилгоо тодорхойлжээ. Мөн захирамжийн 2.1-д "Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зорчиж, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан, хавсралтад заасан байршлуудад газрын зорчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулах"-ыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгасан байна. Гэтэл манай хотхоны гражууд нь тус захирамжид заасан шиг явган хүний зам талбай дээр, эсвэл нийтийн эзэмшлийн талбайд, төв зам дагуу, эсвэл автозам дагуу, түгжрэл үүсгэхүйц байршилд, зөвшөөрөлгүй байршуулсан зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагаас акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлаагүй, иргэдийн эрх ашиг хөндөгдөх сорог нөлөөлөл бүхий акт гаргаж байгаа мөртлөө урьдчилж мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, хотхоны газартаа хамаарч байгаа авто гражийг тоосгон л бол бүгдийг нь буулгана гэж тайлбарлаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан "Захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д заасан "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" зарчмыг зөрчсөн байна. Захиргааны эрх зүйн онолд "харьцангуй тэнцвэртэй байх" шаардлага буюу аливаа захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн, тэдний хууль ёсны эрх, эсхүл ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа тодорхой зорилготой, тухайн шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон байхыг шаарддаг.
Гэвч Н-н даргын дээрх захирамжид манай гражуудыг оруулсан нь уг шаардлагыг хангаагүй, үзлэг хийгээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, зорилгодоо нийцээгүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн захиргааны байгууллагуудаас ирүүлж буй хариу бичгийн үндэслэл болоод байгаа Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалт нь "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэсэн заалт нь граж барихдаа анхнаасаа аливаа зөвшөөрөлгүйгээр, газар эзэмшиж ашиглах эрхгүйгээр дур мэдэн барилга байгууламж барьсан тохиолдолд хэрэгжих заалт юм. Захиргааны байгууллага хуулийг буруу тайлбарлаж байна. Мөн хотхон барьж байгуулахдаа батлагдсан зураг төслийн дагуу зөвшөөрөлтэйгөөр баригдсан гражыг иргэд худалдаж авсан ч тоосгон гражид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй, доорх газрыг нь эзэмших хүсэлт гаргах гэхээр Н-н даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 397 дугаар захирамжаар нийслэлийн бүх дүүргүүдийн орон сууцны хорооллын орчимд баригдсан авто машины гарааш ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрх олгох, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг 2011 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосон байсан. Гэтэл одоо иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг захиргааны байгууллага харгалзаж үзээгүй. Мөн Н-н даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн */***дугаартай Захирамжийн 2.3-д "газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр батлагдсан байршлуудын гудамж тус бүрд авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Ерөнхий архитектор, Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын дарга"-д даалгажээ. Гэтэл хотхоны иргэдийн гражууд авто зам, явган хүний замд саад болоогүй, тэгвэл Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас хотхон дотор байрлаж буй гражийн газарт тохижилт хийхээр төлөвлөж, хэрэгжүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй, одоогоор ямар нэг тохижилтын төлөвлөгөө гараагүй, батлагдаагүй, санал хүсэлт аваагүй, хорооны дарга нь хүүхдийн тоглоомын талбай болгоно, эсвэл авто зогсоол болгож тохижуулна гэж байгаа ч эдгээр нь хэрэгжих боломжгүй, учир нь гражийн доор өндөр хүчдэл, болон инженер техникийн шугам хоолой явж байгаа учир дээр нь барих 1 орцтой орон сууцыг граж болгож өөрчилж барьсан байдаг.
Энэ бүхэн нь хотхоны оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ашигт нийцэхгүй тухай манай хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал тодорхойлсныг нэхэмжлэлдээ хавсарган хүргүүлж байна. Мөн Н-н даргын тус захирамжийн Хавсралтын 2 дугаарт манай хотхоны байршлыг заасан боловч 12 ширхэг тоосгон граж гэсэн байгаа нь бодит байдалд нийцэхгүй, тус байршилд бидний 9 иргэний 9 граж байрлаж байгаа юм. Тус захирамжийн хавсралт нь ямар нэг кадастрын зурагтай, газар чөлөөлөх тухай захирамж гарч байгаа тохиолдолд солбицол эсвэл кадастрын зургаар байршлыг заах ёстой, гэтэл манай 9 иргэний гражийг 12 граж гэж оруулснаас харахад захиргааны байгууллага акт гаргахдаа бодит нөхцөл байдлыг судлаагүй болох нь харагдаж байна.
4.Дүүргийн Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй, газрыг чөлөөлөх нь иргэдийн эрх ашигт нийцэх эсэхийг судлаагүй тухайд: Газрын тухай хуулийн 20.1.2, 23.3.5, 23.4.1, 25.1.4-д тус тус заасны дагуу Засаг даргын өргөн мэдүүлсэн тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийнх Хурал баталж, улмаар газрын алба тухайн газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулахаар хуульчилсан байх бөгөөд манай хотхоны оршин суугчдын граж байрлаж байгаа тухайн газар нь энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, гражийг буулгаснаар тухайн хэсэг газрыг ямар зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн эсэх, тус хэсэг газрыг чөлөөлөх нь нийтийн эрх ашиг буюу тухайн хотхоны оршин суугч иргэдийн эрх ашигт нийцэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Захиргааны байгууллагуудад энэ талаар хүсэлт гомдол гаргахад тодорхой хариу өгөхгүй байгаа тул шүүхээр тодорхой болгуулах шаардлагатай гэж үзэж байна. Хорооны холбогдох ажилтнаас тодруулахад чөлөөлсөн газар дээр автомашины зогсоол байгуулна гэх хариу өгсөн бөгөөд граж чөлөөлсөн газрыг зогсоол болговол ойр хавийн дэлгүүр, сургууль, эмнэлэг, UB palace зэргээр үйлчлүүлж буй хүмүүсийн зогсоол болж, оршин суугчдын автомашин багтахгүй болж, оршин суугчдын эрх ашиг хөндөгдөнө гэдгийг авч хэлэлцээгүй, иргэдийн эрх ашгийг огт сонирхоогүй байна. Н т хотхоны оршин суугч бид тухайн граж байрлах газрыг цаашид хуулийн дагуу эзэмшиж, ашиглах, дүүргийн газрын албатай акт үйлдэн газар ашигласны төлбөрийг хуульд заасны дагуу төлөхөд татгалзах зүйлгүй бөгөөд өмнөх жилүүдийн төлбөрийг мөн нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй байгаагаа илэрхийлээд байгаа. Мөн хотхоны Сууц өмчлөгчдийн холбоо болон Удирдах зөвлөлтэй хамтран нийт оршин суугчдаас санал авч гражийн дээд хэсгийг зохих стандартын дагуу аюулгүй байдлыг ханган тохижуулах, гражийг өнгө үзэмжтэй байлгах тал дээр байнга анхаарах тул бидний энэ нэхэмжлэлийг хүлээн авч, хотхоны гражийн бодит байдалтай танилцаж, Н-н даргын 2023 оны 04 сарын 04-ний өдрийн */***дугаартай "Газрын зорчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн Хавсралтын 2-т тусгагдсан "** дүүрэг, *-р хороо, **/*байрны баруун хойд талд байрлах 12 тоосгон граж" гэснийг хүчингүй болгож бидний эрх ашгийг хамгаалж өгнө үү” гэв.
3.2.Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Би энэ гражуудын анхны эзэмшигч. Ганцхан урд талын бидний байр ашиглалтад орсон. Тэр үедээ граж барьж байгаа юм байна. Надтай адилхан мөнгийг нь шилжүүлээд хүмүүс граж авсан байх. Бид нар мөнгийг нь төлөөд өөрсдөө эзэмших, өмчлөх гэрчилгээтэй больё гээд хөөцөлдөж үзсэн, дүүрэг дээр очтол тоосгон гражуудыг шийдэхгүй. Бидэнд тийм эрх байхгүй гэсэн ингээд 20 жил болж байна. Тэнд байсан хүмүүсээс цөөхөн хүмүүс байгаа. Байраа авахдаа гражтай гэж хэлсэн. Граж барьсан хүнтэй уулзъя, ямар учиртай яасан юм гэхээр бид нар өөрийнхөө эзэмшлийн талбай дээр цувуулж барьж дуусгасан гэсэн. Ерөнхий төлөвлөгөө хийж батлуулсан гэдэг. Нэг орцтой байр барих байснаа доор нь инженерийн шугам сүлжээ явж байгаа гээд граж барьсан. Үүнээс 6 метр орон сууц барихад зөвшөөрдөггүй юм байна” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу ур ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай */***дүгээр захирамжийг гаргасан болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гарааш нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай */***дугаар захирамжид тусгасан болно.
Иймд Н-н даргын 2*** оны ** дугаар сарын **-ний өдрийн */*** дүгээр захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “газрыг албадан чөлөөлөхтэй холбогдон гаргасан захиргааны акт”-ын үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч нар нь ** дүүргийн * дугаар хороо, * дугаар хорооллын Ч гудамж дахь Н т хотхоны **, ** дугаар байранд оршин суудаг болохоо нотлохоор дараахь нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.Үүнд:
2.1.2.Нэхэмжлэгч Т.Б нь Б.Б гэгчээс Н т хотхоны ** дугаар байрны *-** тоот орон сууцыг худалдан авсан гэх 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг өгсөн боловч уг хөрөнгийг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн талаарх баримтыг өгөөгүй; /ХХ-ийн 9 дэх тал/
2.1.3.Нэхэмжлэгч Б.Ч нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2********дугаарт бүртгэгдсэн 73/3 байрны зоорийн давхарт 1 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг; /ХХ-н 160 дахь тал/
2.1.4.Нэхэмжлэгч Б.Б нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22********дугаарт бүртгэгдсэн 2 байр, 10 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг; /ХХ-н 116 дахь тал/
2.1.5.Нэхэмжлэгч Ц.Г, А.Х нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22******** дугаарт бүртгэгдсэн **/* байрны ** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөх эрхийн гэрчилгээг; /ХХ-ийн 169 дэх тал/
2.1.6.Нэхэмжлэгч А.Г нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2********* дугаар бүртгэгдсэн **/* байрны ** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн лавлагаа /ХХ-ийн 166 дахь тал/ зэрэг байна.
2.2.Нэхэмжлэгч С.Ж нарын 7 иргэн нь ** дүүргийн * дугаар хороо, * дугаар хорооллын Ч гудамж дахь Н т хотхон дор байрлалтай дан тоосгон автомашины /маргаан бүхий актад 12 гэж бичсэн/ гражийг тус бүр орон сууцны хамт худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч эдгээр гражийн газрыг эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ болон аливаа өөр бусад шийдвэр байхгүйгээс гадна уг гражийг өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөгч гэдгийг нотлох хуульд заасан шаардлага хангасан баримтууд байхгүй байна.
2.3.Н-н даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Хавсралтын 2 дахь хэсгээр ** дүүргийн 2 дугаар хороо, **/*дугаар байрны баруун хойд талын 12 тоосгон гражийг буулгах, газрын зөрчлийг арилгахаар тус тус шийдвэрлэсэн байна.
2.4.Нэхэмжлэгч нар нь Н-н даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Хавсралтын 2 дахь хэсэгт заасан гражийн газар ашиглах, эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн буюу уг орон сууц болон гражийн доорхи буй газрыг анх “Л э х” ХХК нь Н-н даргын 2001 оны *** дүгээр захирамжаар 0,3 га газрыг сургалт, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмших эрх авч, уг газар дээрээ Н т хотхоны орон сууцыг барих төлөвлөлттэй байсан боловч гражийн доорхи газар нь өндөр хүчдэлийн шугам, инженерийн шугам сүлжээ байснаас үүдэн орон сууц барих боломжгүй болж оронд нь тоосгон граж бариад бидэнд худалдсан, уг гражийг Н т хотхоны барилгын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, зураг төслийг нь баталсан тул зохих этгээдийн зөвшөөрлөөр баригдсан граж учраас хувийн өмчөө шүүхэд хамгаалагдах ёстой” гэж маргасан.
2.5.Үүнийгээ нотлох баримтаар нэхэмжлэгч нар “Л э х” ХХК-ийн газар ашиглах гэрчилгээ, Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг гэх баримтуудын хуулбарыг гарган өгсөн боловч эдгээр нь нотлох баримтын шаардлага хангах баримт биш учраас шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
2.6.Шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хүлээлгэсэн үүргийнхээ хүрээнд “Л э х” ХХК-ийн барьсан гэх Н т хотхон дахь авто машины 9 гражийг Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан талаарх нотлох баримтыг цуглуулах ажиллагааг явуулсан боловч “Л э х” ХХК-ийн ** дүүргийн 2 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй орон сууцны барилга болон гражийн батлагдсан зураг төсөл, уг барилгыг улсын комисс хүлээн авсан акт, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт нь Нийслэлийн болон, Үндэсний төв архивт хүлээлгэн өгөөгүй тул ийм нотлох баримт байхгүй гэж үзсэн болно.
2.7.Нэхэмжлэгч нараас дээрх гаргаж ирүүлсэн баримтаа “Л э х” ХХК-иас авсан, тус компанид эх хувиараа хадгалагдаагүй учраас хуулбарыг нь өгч байна” гэж тайлбарласан тул шүүх “Л э х” ХХК-иас уг баримтыг шаардан гаргуулах боломжгүй гэж үзсэн бөгөөд уг баримтыг гаргуулах өөр эх сурвалж шүүхэд олдоогүй болно.
2.8.Н-н даргын 2001 оны *** дүгээр захирамжаар “Л э х” ХХК-д ** дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт, 0,3 га газрыг Сургалт, үйлчилгээ, орон сууцны цогцолборын зориулалтаар 5 жилийн хугацаагаар “ашиглуулахаар” шийдвэрлэжээ. /ХХ-н 109-110 дахь тал/
2.9.”Л э х” ХХК-ийн ** дүүргийн 2 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй орон сууцны барилгын 2001 оны 3 дугаар сард үйлдэгдсэн Газрын баталгаат хэмжээ тогтоосон актад эдгээр гражийг тусгаагүй байгаа тул анхнаасаа төлөвлөсөн гражууд гэж үзэх боломжгүй байна. /ХХ-н 112 дахь тал/
2.10.”Л э х” ХХК нь уг газар дээрээ газар ашиглах эрхийн хүчинтэй 5 жилийн хугацаанд Н т хотхоныг барьж дууссан тул газар ашиглах эрхийг хугацааг сунгуулаагүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан бөгөөд энэ талаар маргаан байхгүй байна.
2.11.Ийнхүү “Л э х” ХХК-ийн ** дүүргийн 2 дугаар хороон 0,3 га газрыг ашиглах эрх нь 2006 онд дуусгавар болжээ.
2.12.Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нар нь өмчилж буй гэх гражийн доорх газрыг ашиглахаар хүсэлт гаргаж байсан гэх боловч бичгээр ийм хүсэлт гаргаж байсан нотлох баримт байхгүй, түүнчлэн гражийн газар ашигласны төлбөр төлж байгаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
2.13.Нэхэмжлэгч нараас өөрсдийн өмчилж буй гражийн доор өндөр хүчдэлийн шугам, инженерийн шугам сүлжээ байгаа тул Нийслэлийн Засаг дарга нь уг газар дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулах боломжгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч талууд энэ талаар нотлох баримт гаргах хүсэлт гаргаагүй, мөн түүнчлэн энэхүү маргааны зүйлд хамааралгүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш учраас энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй болно. / Шүүх хуралдааны тэмдэглэлд/
2.14.Маргаан бүхий захиргааны акт нь “Н-н даргын 2023 оны */***дүгээр захирамж нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/09 дугаартай “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолыг биелүүлж гарсан” зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Шүүх нь төрийн эрх бүхий байгууллагаас хориглоогүй буюу “Л э х” ХХК гэгчийн ашиглах эрхтэй газар дээрээ барьсан гэх гражуудыг худалдан авсан иргэний эд хөрөнгөд хамгаалалт хийх, эсхүл газар ашиглах эрх нь дуусгавар болсон автомашины гражуудыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд амарч суух ногоон орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн нийтийн эрх ашигт хамгаалалт хэрэгтэй юу гэдгийг харьцуулан дэнсэлж үзэж дараахь хууль зүйн дүгнэлтийг хийж байна.Үүнд:
3.2.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-т “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” гэж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзвэл иргэн нь нийтийн эзэмшлийн газрыг ашиглах бол Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасан журмын дагуу дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж, газрын төлбөрийг төлбөр төлөх, эзэмших бол гэрээ гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрх үүсэх хууль зүйн зохицуулалттай байна.
3.3.Нийслэлийн Засаг дарга болон ** дүүргийн Засаг дарга, тэдгээрийн газар зохион байгуулах албанаас нэхэмжлэгч нарт газар ашиглах зөвшөөрөл гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй бол дээрх заалтуудын дагуу иргэнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэхгүй байх хууль зүйн үр дагавартай болохыг иргэд мэдэх ёстой.
3.4.Нөгөө талаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, мөн зүйлийн 5.2-т “Эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6, 8.1.7, 8.1.8, 8.1.9-д заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна” гээд мөн зүйлийн 8.1.1-т “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж заасан байна.
3.5.Нэхэмжлэгч нар нь тус бүртээ гражийг худалдан авсан учраас өмчлөгч мөн гэж амаар тайлбарлаж байгаа боловч дээрх хуулийн заалтуудын дагуу үл хөдлөх эд хөрөнгийг Эд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэж, өмчлөгч гэж үзэх бөгөөд ийм улсын бүртгэл хийгдээгүй, гэрчилгээ олгоогүй тул нэхэмжлэгч нарыг гражийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр хамгаалагдсан өмчлөгч нар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.6.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь гражийн өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас тэдгээрийг эд хөрөнгийг хуулиар хамгаалах эрх зүйн хамгаалалт тогтоогүй болно.
3.7.Иймд шүүхэд нэхэмжлэгч 7 иргэний хамгаалагдах ёстой гэж тайлбарлаж байгаа хөрөнгийн “өмчлөх эрх” нь нотлогдохгүй байгаа учраас түүнээс өмчийн хамгаалалт хийлгэхээр шаардсаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
3.8.Газрын тухай хуулийн мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаас дүгнэвэл иргэн, аж ахуйн нэгжид ямар газраа ашиглуулах, хэзээ ашиглуулах, ямар зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулахаа шийдвэрлэх бүрэн эрх нь иргэдийн өөрсдийнх нь сонгосон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хамаарч байна.
3.9.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/09 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн Зургаа дахь хэсгийн 6.4 дэх зорилтоор “дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтруулах замаар нэг хүнд ногдох ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна” гээд энэ төлөвлөлтийн хүрэх түвшинг тогтоосны дотор цэцэрлэгт хүрээлэн, амралтын талбайг 18 гэсэн суурь түвшинээс 24 гэсэн хүрэх түвшинг тогтоожээ.
3.10.Мөн Үндсэн чиглэлийн 9.4.2-т “..., орон сууцны хороолол дундах газар, нийтийн эзэмшлийн зам талбайн газрын зөрчлийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, ...” гэж, 9.4.6-д “ Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, ..., ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор нийтийн эдэлбэр газрын байршлыг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргуулан, бүртгэлжүүлэх, хамгаалах ажлыг зохион байгуулна” гэж тусгажээ.
3.11.Ийнхүү нийслэлийн иргэдийн өөрийгөө удирдах ёсны байгууллага болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгээ баталж, энэхүү бодлогыг нь хэрэгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргаас дээр Үндсэн чиглэлийн дагуу газар ашиглах эрх нь дуусгавар болсон газрыг чөлөөлөх, уг чөлөөлсөн газартаа хотын стандартад нийцсэн байгууламж барихаар тогтоосныг нь шүүх нийтийн эрх ашигт нийцүүлсэн үйл ажиллагаа нь мөн гэж үзсэн бөгөөд шүүхээс бодлогын баримт бичгийг хэрэгжүүлж гаргасан Н-н даргын шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.
3.12.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын “Н-н даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Хавсралт 2 дугаарт * дүүрэг, * дугаар хороо, **/* байрны баруун хойно байрлалтай 12 ширхэг тоосгон граж гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ж Т.Б, Б.Ч, Б.Б, Ц.Г, А.Х А.Г нарын Н-н даргын 2*** оны ** дүгээр сарын **-ний өдрийн А/*** дүгээр захирамжийн Хавсралт 2 дугаарт * дүүрэг, * дугаар хороо, **/*байрны баруун хойно байрлалтай 12 ширхэг тоосгон граж гэснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Ж Т.Б, Б.Ч Б.Б, Ц.Г, А.Х, А.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ