Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 221/MA2017/0551

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Богдын хар алт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч А.Бадамдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бямбажав, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажаргал, түүний өмгөөлөгч П.Баасанжав нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Богдын хар алт” ХХК-ийн нэхэмжлэлтэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар шийдвэрээр:  Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.3, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 12 дугаар зүйлийн 12.1-д  заасныг баримтлан “Богдын хар алт” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00063-DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгуулж, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан ТХ-00063-DG өргөдөлийн бүртгэлийг сэргээлгэж, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулж, “Амазон ресурс” ХХК-д олгосон Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших хайгуулын XV-020296 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Манай компанийн зүгээс Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 албан тоотын “өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй байх тул танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэснийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа эрдсийн хуримтлалтай гэж үзэх боломжгүй байна гэж манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Засгийн газрын тогтоол нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах хэдий ч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл уг талбай дээр хүсэхэд хориглох хуулийн заалт журам байхгүйг шүүх харгалзан үзээгүй. Энд зориуд тэмдэглэн хэлэхэд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дийлэнх хэсэг нь энэ 239 дүгээр тогтоолын талбайтай давхцан олгогдсон байдаг. Энэ тухай ч нэхэмжлэгчийн зүгээс шүүх хурал дээр удаа дараа хэлж байсан болно. Нөхцөл байдал ийм байхад шүүх Засгийн газрын 239 дүгээр тогтоолын утга агуулгыг ойлголгүй, түгээмэл тархацтай ашигт малтмал олгож болохгүйг хориглосон заалт байхгүйг үл харгалзан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ байдал дээр хэргийг эргэлзээгүй талаас нь шийдвэрлэх хуулийн заалт зөрчсөн. Манай компанийн зүгээс Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00062-DG өргөдөлд өгсөн хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэр гаргасан Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргын дээд байгууллага болох Ашигт  малтмалын газрын даргад хандан гомдол гаргасан байдаг. Гомдлын хариу хууль зүйн үндэслэлгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс хуулийн дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно. Шийдвэрийн 3 дугаар хэсэгт “Амазон ресурс” ХХК-ийн XB-020296 тоот тусгай зөвшөөрлийг хэлэлцэх шатанд уг тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлөөс өмнө түрүүлж ирүүлсэн “Богдын хар алт” ХХК-ийн гаргасан хууль ёсны өргөдөл байгааг шүүх харгалзан авч үзээгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурьдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох” гэсэн заалтын дагуу “Амазон ресурс” ХХК-ийн 20296 тоот тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй байх байсан байтал эсрэгээрээ “Амазон ресурс” ХХК-ийн талбайтай давхцалтай тул олгох боломжгүй байна гэсэн шийдвэрийг шүүх гаргасан байна. Шүүх аль тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж өгөгдсөн талаар дүн шинжилгээ хийгээгүй. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлүүд болох нотлох баримтуудыг дутуу үнэлсэн. Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдврийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Богдын хар алт” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ТХ-00062-DG өргөдөлд өгсөн дүгнэлтийг хүчингүй болгож, уг дүгнэлтийг үндэслэн өргөдлийн бүртгэлээс хасагдсан  бүртгэлийг сэргээлгэх, Ашигт малтмалын газрын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших “Амазон ресурс” ХХК-д олгосон хайгуулын ХV-020296 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-ыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгодог бөгөөд түүнийг ердийн болон түгээмэл тархацтай гэж ангилан үзэж болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна”, 3.3-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна” гэж зааснаас үзвэл ердийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглах харилцааг энэ хуулиар, харин түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах, тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж ойлгоно.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1-т зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг хэлэх бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Дорноговь аймгийн Засаг дарга нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу “Богдын хар алт” ХХК-ийн өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгохоор холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байх ба Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтээр “түрүүлж ирүүлсэн өргөдөлтэй хэсэгчлэн давхцалтай” гэж тогтоожээ.

Ашигт малтмалын газарт /хуучнаар/ гаргасан нэхэмжлэгчийн гомдолд хариу өгсөн тус газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/2385 тоот албан бичигт Кадастрын хэлтэс дээрх дүгнэлтийг гаргахдаа  хасагдсан өргөдлийн талбайтай хэсэгчлэн давхцалтай гэж буруу шүүлт хийсэн талаар дурдсан байх боловч өргөдөлд дурдсан талбай нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаас өөр төрлийн ашигт малтмалын эрдсийн хуримтлалын илрэлтэй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийн үндэслэл нь буруу боловч нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хууль зүйн боломжгүй тул уг дүгнэлт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ. Тодруулбал,

 Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн  9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.11-т “геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байх бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар нь дээрх солбицлоор тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй.

Харин Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлд Засгийн газрын бүрэн эрхийг 8.1 “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана”, 8.2 “Улсын тусгай хамгаалалттай болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газраас бусад тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг  шийдвэрлэнэ” гэж тодорхойлсон байх бөгөөд энэ хууль болон Ашигт малтмалын тухай хуульд Засгийн газрын бүрэн эрхийг болон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг өөр өөрөөр тодорхойлсноос үзвэл солбицлоор тогтоосон талбайд гагцхүү Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж, Засгийн газраас тогтоосон талбайн солбицолд хамаарахгүй, тухайн орон нутагт харъяалагдах нутаг дэвсгэрт хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй, эрх бүхий төрийн захиргааны байгууллага зөвшөөрсөн талбайд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно гэж ойлгохоор байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан “Засгийн газрын тогтоол нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хамаарах хэдий ч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл уг талбай дээр хүсэхэд хориглох хуулийн заалт журам байхгүйг шүүх харгалзан үзээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, хариуцагч захиргааны байгууллага Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 10.1.2-т зааснаар “түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх” чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд  нэхэмжлэгч “Богдын хар алт” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасан журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлийг хариуцагч байгууллагад хандаж гаргаагүй атлаа “өргөдлийн бүртгэлээс хасагдсан  бүртгэлийг сэргээлгэх” шаардлага гаргасан нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийг түрүүлж өргөдөл гаргасан этгээд гэж үзэхгүй, хариуцагч байгууллага өргөдлийн бүртгэлээс хассан үйл ажиллагаа явуулаагүй тул  “шүүх аль тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж өгөгдсөн талаар дүн шинжилгээ хийгээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Амазон ресурс” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандан Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Балт” нэртэй газрын 3537,87 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн XA-020296-NE /NE-021244/ дугаар бүхий өргөдөл гаргасныг  Кадастрын хэлтэс хуульд заасан журмын дагуу хүлээн авч бүртгэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Засгийн газраас тогтоосон солбицлын талбайд түрүүлж хүсэлт гаргасан “Амазон ресурс” ХХК-ийн өргөдлийг бүртгэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч “Богдын хар алт” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайтай “Амазон ресурс” ХХК-д олгосон 3537,87 га газрын 231,84 га газар давхцалтай, Засгийн газраас тогтоосон талбайн солбицолд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ талаар талууд маргаагүйг дурьдах нь зүйтэй.

Шүүх “Ашигт малтмалын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх албан бичгийг “хуульд заасан захиргааны актын үндсэн шинжүүдийг агуулаагүй, нэхэмжлэгчийн гомдолд өгсөн хариу” гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                       ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН

                       ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

                       ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН