Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0404/З |
Дугаар | 171 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 171
Ц.Н-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн
Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С-д холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С-д олгогдсон газар эзэмших эрхийн 000628389 тоот гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Г.С-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын Г.С-д газар өмчлүүлэх тухай 0112198 тоот шийдвэр, уг шийдвэрт үндэслэн Г.С-д олгосон Г-2201040562 улсын бүртгэлийн дугаартай 000442101 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, Ц.Н-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0851 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0037 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: Ц.Н, өмгөөлөгч Б.Б,
Гуравдагч этгээд: Г.С, өмгөөлөгч Ж.Э нар,
Гуравдагч этгээд Г.С-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0851 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15.1, 15.2-т заасныг тус тус баримтлан Ц.Н-ийн нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С-д холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С-д олгогдсон газар эзэмших 000628389 тоот гэрчилгээг хүчингүй болгуулж, Ц.Н-ийн нэр дээр газар эзэмших эрх сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/478 дугаар захирамжаар Г.С-д газар өмчлөх тухай 0112198 тоот шийдвэрийг хүчингүй болгох, дээрх шийдвэрийг үндэслэн Г.С-д хууль бусаар олгогдсон Г-2201040562 тоот улсын бүртгэлийн дугаартай 000442101 тоот гэрчилгэг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0037 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн Г.С-д холбогдох хэсэг, уг захирамжаар Г.С-д олгогдсон газар эзэмших эрхийн 000628389 тоот гэрчилгээ, нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжийн Г.С-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын Г.С-д газар өмчлүүлэх тухай 0112198 тоот шийдвэр, уг шийдвэрт үндэслэн Г.С-д олгосон Г-2201040562 улсын бүртгэлийн дугаартай 000442101 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Ц.Н-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасан.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ц.Н-ийн гомдлоор Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 851 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг хянан шийдвэрлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээдийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
4. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0037 дугаар магадлалын Хянавал хэсэгт “анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй”, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар ... нэхэмжлэгч Ц.Н-д тус дүүргийн 7 дугаар хороо, Зээлийн 17-3 тоот хаягт байрлах 500 м.кв газрыг ашиглахыг зөвшөөрч гэрчилгээ олгосон, харин нэхэмжлэгчид газар ашиглуулах зориулалт хугацаа болзлыг тусгасан гэрээг байгуулаагүй байна. ...тодруулбал ... хариуцагчаас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар ... газар эзэмших эрх дуусгавар болсон гэж тайлбарлан уг газрыг гуравдагч этгээдэд ... эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, ... мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасантай нийцэхгүй байна” гэсэн дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
5. Г.С би 2007 оны 8 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, зээлийн 29 дүгээр гудамж, 5 тоот хаягт байрлалтай 500 м.кв талбай бүхий газарт гэр барин амьдарч байгаад 24 дүгээр хороонд хүн амын өрхийн бүртгэлтийн дэвтэр нээгдэж, 111697114412 дугаарт бүртгэгдсэн. Манайхыг энэ газарт бууж амьдарч байх хугацаанд хэн нэгэн хүн манай газар гэж ирж маргаж байгаагүй. 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Т” ХХК-аар газрын кадастрын зураглал хийлгэхэд ямар нэг айлын газартай давхцсан, кадастрын зураглал хийх үед Ц.Н газрын кадастрын зураг хийлгэж нэгж талбарын дугаар авсан зүйл байгаагүй. Ингээд газрын кадастрын зургийг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба газрын мэдээллийн санд оруулж нэгж талбарын 18634316709944 дугаарт бүртгэгдсэн. Үүнээс хойш 2 жилийн дараа 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших тухай хүсэлтээ Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өгсөн. Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны Техникийн зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянаж үзээд нэр бүхий 334 иргэний газрыг баталгаажуулж 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/143 дугаар захирамж гарсан. Үүнийг үндэслээд надад газрын гэрчилгээ олгож улмаар би гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчилж авах тухай хүсэлтээ гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/478 дугаар захирамжаар өмчлөх шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг үндэслээд би өөрт өмчлүүлсэн газрыг улсын бүртгэлийн Г-2201040562 дугаарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.
6. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар Ц.Н-д тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зээлийн 17 дугаар гудамжны 03 тоот хаягт байрлах 500 м.кв газрыг ашиглахыг зөвшөөрч захирамж гарсан миний өмчилж авсан газрыг нэхэмжлэгч, Ц.Н надад захирамжаар олгогдсон газар гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
7. Ц.Н-д газар эзэмшүүлэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж байгаа боловч тухайн үед үйлчилж байсан Газрын тухай хуулийн /1994 оны/ 30 дугаар зүйлийн 2.2-т “эзэмших газрын засаг захиргаа нутаг давсгэрийн харьяалал, хэмжээ байршлыг харуулсан зураг” хэрэгт авагдаагүй байгаа нь энэхүү маргаж байгаа газар нь Ц.Н-д олгосон газар болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа.
8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дүүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “баг хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг ... нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ” гэснээс үзэхэд Ц.Н-д газар эзэмшүүлэхээр олгосон Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороог татан буулгаж, өөрчилсөн тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол байхгүй байгаа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжид дурдсан газар нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяаллаар Ц.Н-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар мөн гэх нотолгоо байхгүй.
9. 1994 оны Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан иргэн ... тэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ”, 2002 оны Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “...газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба тухайн иргэн ...тэй,
газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтуудаас үзэхэд гэрээ байгуулаагүй тохиолдолд гэрчилгээ олгогдохгүй, гэрээ хийж гэрчилгээ олгогдсон бол улсын бүртгэлд бүртгэгдсэн баримт байх ёстой. Гэтэл Ц.Н-тай гэрээ хийж, гэрчилгээ олгосон тухай улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай баримт хэрэгт байхгүй байгаагаас үзэхэд Ц.Н-д гэрчилгээ олгогдсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Нэхэмжлэгч Ц.Н нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд газар эзэмших гэрчилгээг гээсэн, энэ тухай зар мэдээ сонинд 5258 дугаартай газар эзэмших гэрчилгээг гээгдүүлсэн тухай зарлуулсан баримт, газрын төлбөрт 30,800 төгрөг нөхөн төлсөн баримтууд болон газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг гаргасан байна. Хэдийгээр нэхэмжлэгч олгосон гэрчилгээг гээгдүүлсэн гэж байгаа боловч энэ талаар нотлох зүйл байхгүй байгаа.
11. Ц.Н-д газар эзэмшүүлэх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Б/31 дүгээр захирамж гарснаас хойш 2 сарын дараа Газрын тухай хууль 2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдаж, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Энэ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэсэн байна. Ц.Н-тай газар эзэмших гэрээ байгуулаагүй бол нэхэмжлэгч юуг үндэслэж 14 жилийн газрын төлбөрийг /1 жилд хэдэн төгрөг төлөх тухай талууд тохиролцоогүй/ үнийн дүнгээр нөхөн төлсөн нь ойлгомжгүй байна. 2002 оны Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилсан байна. Захиргааны хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Ц.Н нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж үүргээ биелүүлээгүй нь газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэл болсон.
12. Давж заалдах шатны шүүх дээр дурдсан нөхцөл байдлууд тогтоогдсон байхад нотлох баримтуудыг бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0037 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
14. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны Б/31 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Ц.Н-д тус дүүргийн 7 дугаар хороо, Зээлийн 17-3 тоотод 500 м.кв газар ашиглах эрхийг олгосон байна. Ийнхүү эрх олгосноос хойш хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах/эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй, мөн нэхэмжлэгч газрын гэрчилгээгээ гээгдүүлсэн гэсэн тайлбар, холбогдох нотлох баримтыг шүүхэд өгсөн, харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид газар ашиглах/эзэмших гэрчилгээ огт олгоогүй, эсхүл гэрчилгээний хугацаа нь дууссан гэдгийг нотолж чадаагүй зэрэг үйл баримтаар нэхэмжлэгчийн газар ашиглах/эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон гэж шууд дүгнэх боломжгүй байна.
15. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн газар ашиглах/эзэмших эрх нь дуусгавар болсон эсэх нь тодорхойгүй, түүнчлэн нэхэмжлэгчээс газар эзэмших эрхээ сунгуулах, гэрчилгээгээ гээгдүүлсэн үндэслэлээр дахин шинэ гэрчилгээ авах тухай хүсэлтээ 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэг захирамжаар газар ашиглах эрх авч байсан хүмүүсийн хамт /тухайлбал, Л.Ж, эхнэр А.Б гэх мэт/ гаргасаар байхад хариуцагч нэхэмжлэгчээс бусад хүсэлт гаргасан хүмүүсийн газар эзэмших эрхийг нь сунгаж /хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна/, харин нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр маргаан бүхий А/143 дугаар захирамжаар гуравдагч этгээд Г.С-д газар эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна. Иймээс энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан гуравдагч этгээдийн гомдлыг хангах боломжгүй.
16. Маргаан бүхий газрын байршлын талаар хэргийн оролцогчид анхнаасаа маргаагүй /Хэргийн 1 дүгээр хавтас, 221 дэх тал/, гуравдагч этгээдээс анхан болон хяналтын шатны шүүх хуралдаан дээр “уг газар нь Ц.Н-ийн газар гэдгийг мэдэж байсан, худалдаж авсан” гэсэн тайлбар өгсөн тул “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгосон газар нь нэг газар гэдэг нь тогтоогдохгүй байна” гэсэн утгатай тогтоолын Тодорхойлох хэсгийн 6, 7, 8-д заасан гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.
17. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох;”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэсний дагуу Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, түүнийг жил бүр дүгнэх нь дүүргийн Газрын албаны эрх хэмжээнд хамаарна, гэтэл төрийн захиргааны байгууллага энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 9, 10, 11-д заасан гомдлыг хангах боломжгүй.
18. Мөн хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах/эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 11-д заасан гомдол үндэслэлгүй.
19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 221/МА2018/0037 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ