Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 533

 

Х.Х-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, К.Жархынбек, хохирогчийн өмгөөлөгч Х.Тасхын, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Х.Х-д холбогдох 1813001820113 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Бакен нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1961 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй У овогт Х-гийн Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Х-ыг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Х-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Алтай нар хамтран гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Х.Х нь гэмт хэрэг үйлдээгүй, Х.Х-ын шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд түүний үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм. Засаг даргаар ажиллаж байсан Х.Х нь Б.С-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр санхүүгийн албаны даргаар томилсон Б/36 дугаартай захирамжийг гаргасан. Засаг дарга Б/36 дугаартай захирамжийг гаргах хүртэл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “шийдвэрийг гүйцэтгэх” тухай албан бичгийг Засаг дарга Х.Х-д огт ирүүлээгүй байсан бөгөөд Х.Х нь өөрөө шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн байсан. Харин захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрийг гүйцэтгэх хуудас ирсэн байсан бөгөөд энэ үед Б.С-ыг ажилд нь томилох захирамж гарчихсан нь шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын оролцоогүйгээр сайн дураар биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нөхцөл байдалд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй. Засаг дарга Х.Х нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Б.С-ыг ажилд нь эгүүлэн томилсон байхад Засаг даргын Тамгын газар, түүний дарга Ө.Х нь дээрх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.5-д заасан заалтыг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй мөртлөө үүргээ биелүүлээгүй байна. Үүнийг тодруулбал, Ө.Х нь “Би бичиг хэргийн эрхлэгч О.Х-аас Б.С-ыг ажилд нь эгүүлэн томилсон захирамж гаргасан байсныг 2018 оны 04 дүгээр сарын 04-нд мэдсэн” гэж гэрчээр мэдүүлэхдээ хэлсэн байдаг. Харамсалтай нь Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Ха зэрэг хэсэг бүлэг хүмүүс Засаг дарга Х.Х-ыг огцруулах, улмаар гэмт хэрэгтэн болгох зорилгоор Ш.Д, Б.С нартай хамтарч үгсэн хуйвалдаж мөрдөн байцаалтыг зориуд зохион байгуулалттай Х.Х-ыг гүтгэсэн шинжтэй мэдүүлэг өгч хэрэгтэн болгож, эцэст нь огцруулж чадсан байгааг дурдах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан мэдүүлгээр бүрэн нотлогдсон байгаа бөгөөд үүнд Засаг дарга Х.Х мэдэн будилж, дүр эсгэн Б.С-ыг ажилд нь эгүүлэн авч, буцааж чөлөөлсөн шууд буюу шууд бус сэдэлттэй санаа зорилго агуулаагүй бөгөөд энэ үйлдэл нь нотлогдож тогтоогдоогүй юм. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №000018020415, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг нээсэн боловч харамсалтай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга дэд хурандаа С.Г нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны 01/703 дугаартай албан тоотоор Х.Х-ыг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаар тооцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд саад учруулах, дүр эсгэн биелүүлсэн үйлдэл болохыг 19 хоногийн дотор тогтоож саналаа аймгийн прокурорт хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн ба үүнийг аймгийн прокурор анхаараагүй нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд төлбөрийг дараагийн жилийн төсөвт тусгаж барагдуулна” гэж заасан байхад Б.С-ын төлбөрийг миний хувийн данснаас суутгасан материалыг хавсаргав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Г нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Засаг дарга А.Г-д албан тоотоор мөн 04 дүгээр сарын 29-ний өдөр Б сумын Засаг дарга Х.Х-ын гомдол, мөн 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б.С нарын гомдолд хариу өгөөгүй байсан нь мөн хавтаст хэрэгт аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1-1/570 тоот хүсэлтийг харгалзалгүй зөвхөн Б.С-д ашигтайгаар шийдвэрлэж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Аймгийн прокурорт хүргүүлсэн материалаас нотлогдож байна. Х.Х-д нялзаан тохож түүнийг гэм буруутан болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэж прокуророос ирүүлснийг анхан болон давж заалдах шатны шүүх нягтлан хянаж үзэлгүй хэт яллах талыг барьж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэрэг эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтай байдлаар хандаж шийдвэрлэлгүй ялласанд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хянан үзэж, Х.Х-ыг цагаатгах, эсхүл хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч Х.Бакен нар хамтран гаргасан гомдолдоо “...Намайг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үндэслэл нь энэ төрлийн гэмт хэргийн санаа зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн тодорхой үйлдэл, эс үйлдэхүй байх ёстой бөгөөд миний хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Б.С-ыг Б сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар эргүүлэн томилсон шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр очсон байдаг. Шийдвэр гүйцэтгэгч Б.А нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаарх хугацаатай албан бичгийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр надад өгөхөөр миний албаны өрөөнд ирсэн. Би тухайн үед Б.А-д Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон Засаг даргын захирамж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан гэдгийг хэлж захирамжийг үзүүлсэн. Эндээс дүгнэж үзвэл Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон Засаг даргын захирамж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан, Б.С-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эхэлсэн үйл баримт харагдаж байна. Би Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон Засаг даргын захирамжийг гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэгэн саад учруулах, зайлсхийх санаа зорилготой байгаагүй. Тэгээд ч тухайн үед Б.С-д холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэгдээгүй байсан. Би Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон Засаг даргын захирамж гаргахдаа түүний оронд томилогдон ажиллаж байсан А.Ж-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байсан. А.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаа хийж гүйцэтгээгүй Цагдаагийн газрын баривчлах байранд байсан. Тэр 04 дүгээр сарын 11-ний өдөр над дээр хүрч ирэхээр нь Засаг даргын захирамж гарсан талаар мэдэгдсэн. Харин Б.С-д сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах тухай Засаг даргын захирамжийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан ба 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 16 хоног ажил тасалсан зөрчлийг үндэслэл болгосон. Энэ үйл баримт нь мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэхээс өмнөх үйл баримтад хамааралтай. Энэ хэргийн улмаас нэг талаас миний хууль бус гэм буруутай тодорхой үйлдэл байх, нөгөө талаас миний үйлдлийн улмаас хохирол бодитой учирсан байх, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өмнө Засаг даргын захирамж гаргасан явдлыг анхнаасаа шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлэх санаа зорилготой байсан мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн тодорхой үйлдэл хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой. Гэтэл шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнөх үйл баримтад намайг буруутгаж байгаа нь миний эрх ашгийг зөрчиж байна. Намайг сумын Засаг даргаас огцруулах үйл ажиллагаа 2018 оны 03 дугаар сараас эхэлсэн бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар огцруулсан. Энэ ажиллагааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Ха шууд удирдаж байсан ба түүний удирдлагуудад байсан хүмүүс бүгд нэгэн дуугаар миний эсрэг мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээс тодорхой харагдана. Хуульд зааснаар миний гаргасан Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг Тамгын газрын дарга Ө.Х, бичиг хэргийн эрхлэгч О.Х, хуулийн ажилтан Х.Е нар хангах ёстой. Би эдгээр хүмүүст захирамжийг нуун дарагдуул, Б.С-д битгий мэдэгд гэж хэлээгүй. Ажил хүлээлцүүлэх комисс байгуулах, ажлыг хүлээлгэн өгөх ажлыг Тамгын газар зохион байгуулах ёстой бөгөөд дээрх албан тушаалтнууд энэ үүргийг хэрэгжүүлээгүй байхад үүнд намайг буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Надад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа дээрх албан хаагчдын хийж гүйцэтгэх ажил үүргийг тодорхойлсон ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь зэрэг баримт бичгүүдийг гаргуулан авч хэрэгт хавсарган энэ талаар дүгнэлт хийх ажиллагааг огт хийгээгүй. Хэрэв эдгээр бичиг баримтуудыг авч хэрэгт хавсаргасан бол захирамж хэрхэн гаргах, түүнийг холбогдох хүмүүст хэн мэдэгдэх, биелэлтийг хэрхэн хангуулах зэрэг ажиллагаанууд тодорхой байх байсан. Иймд надад холбогдох хэргийг зохих журмын дагуу хянаж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Х.Х гаргасан гомдолдоо “...Анхан шатны шүүх намайг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой, дүр эсгэн биелүүлсэн үйлдэл байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад ял шийтгэсэн нь буруу гэж үзэж байна. Тодруулбал, хуулийн зохицуулалт бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд саад учруулах зорилгоор дүр эсгэн биелүүлсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Шүүх 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамжаар Б.С-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд томилсон болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/567 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн үйл баримтыг харьцуулж үнэлээгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ирж уулзан шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардсан ба 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө гарч, хүчин төгөлдөр болсон байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байхад гарсан 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг дүр эсгэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилго байгаагүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамж гарч, хүчин төгөлдөр болж, Тамгын газрын бичиг хэрэгт бүртгэгдсэн боловч Б.С-д мэдэгдэж, ажил хүлээлцүүлэх ажлыг Засаг даргын Тамгын газрын дарга гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд Б.С-д мэдэгдэж, танилцуулаагүй гэх үндэслэлээр намайг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой байсан гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үндэслэл буруу бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилго”-той байсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг буруу тайлбарлаж, намайг хэлмэгдүүлж, хэрэглэх ёсгүй хуулиар ял шийтгэсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилготой байсныг улсын яллагч нотолж чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэнд тооцно. Харин 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө гарсан тул би шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор уг захирамжийг гаргаагүй байхад Засаг даргын Тамгын газрын ажлын алдаанаас болж гэмт хэрэгт буруутгагдаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх намайг гэм буруутайд тооцохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтуудыг огт ойлгож, хэрэглээгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн хугацаа болон 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаар захирамжийн хугацааг огт харгалзаж үзээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэж намайг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр зэргийг огт дурдаагүй бөгөөд миний үйлдсэн гэх хэргийг ямар зорилгоор үйлдсэн, зорилго нь ямар нотлох баримтаар нотлогдож байгаа талаар дурдаагүй, нотолж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгөхийг хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч К.Жархынбек хэлсэн саналдаа “...Засаг дарга Х.Х-ын тушаал гаргаад танилцуулаагүй, дараа нь сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлж байгаа тушаалууд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гараагүй юм. Энэ бүх тушаалууд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өмнө гарсан. 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр анх тухайн шийдвэрийг гүйцэтгэхийг мэдэгдсэн. Цаг хугацааны хувьд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг гэм буруутайд тооцох ганцхан үндэслэл байгаа. Тэр нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор дүр эсгэн биелүүлэх. Гэтэл шийтгэх тогтоолд Х.Х нь ямар зорилготой байсан бэ, тэр нь ийм нотлох баримтаар тогтоогдож байна гэсэн үндэслэл байхгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, зорилгыг зайлшгүй заасан байх ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа хэлсэн саналдаа “...Х.Х-ын гаргасан ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь одоо болтол хүчинтэй байгаа. Энэ тушаалуудад хэн ч гомдол гаргаагүй. Үйл ажиллагааныхаа дагуу гаргасан захирамж нь хүчинтэй байгаад байхад ямар үндэслэл, нотлох баримтуудаар гэм буруутайд тооцоод байгаа нь ойлгомжгүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө Б.С-ыг ажилд томилсон. Энэ хэрэгт хохирол байхгүй. Эрүүгийн хуульд үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг зэргээс хамааран гэмт хэрэгт тооцдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Хэлбэрийн төдий, хохиролгүй үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн хүнд бусад төрлийн хариуцлага хүлээхийг хуульд зааж өгсөн. Шүүгдэгч Х.Х-ын үйлдэл нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Х.Тасхын хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Бакен нарын гаргасан гомдлыг үндэслэн Х.Х-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Б.С-ыг Б сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэрийг дүр эсгэн биелүүлж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.С-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, А.Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргаж, уг захирамжийг Б.С-д мэдэгдэж танилцуулалгүйгээр 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид танилцуулан, энэ хугацаанд Б.С-ыг ажил тасалсан мэтээр цагийн бүртгэлийг Засаг даргын Тамгын газрын цаг бүртгэгч Ш.Д-гээр хуурамчаар нөхөн бичүүлж, улмаар Б.С-ыг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан үндэслэлээр ажлаас халсан тушаал гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Х-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Х нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.С-ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Б сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилсон захирамж гаргаснаа түүнд мэдэгдээгүй атлаа Б.С-ыг ажил тасалж, сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр дахин ажлаас халах тухай захирамж гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Тодруулбал, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Х.Х нь Б.С-ыг ажилд эгүүлэн томилсон захирамж гаргаж, уг захирамжаа түүнд танилцуулалгүй, Б.С үүнийг нь огт мэдээгүй байхад тэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа албан ёсоор эхлэхэд Б.С-ыг ажил тасалсан гэсэн үндэслэл зааж, ажлаас халсан нь Х.Х өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг урьдчилан ухамсарлаж, түүнийг хүсч, хор уршигт зориуд хүргэж, гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандаж, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Бакен нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Х, түүний өмгөөлөгч С.Алтай, Х.Бакен нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН