Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 111

 

 

 

 

 

 

    

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч Х.Ө,

хохирогч Б.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

шүүгдэгч Х.Хнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Ф  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х-т холбогдох 1813001820113 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, У овогт Х-ы Х, яс үндэс казах, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, урьд нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргаар ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЭ61011718

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар ажиллаж байхдаа иргэн Б.С-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/111Ш2018/0017 дугаартай шийдвэрийг анхнаасаа дүр эсгэн биелүүлэх санаа зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б.С-ыг урьд эрхэлж байсан Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, Санхүүгийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Ж-ыг ажлаас чөлөөлөх тухай Б/36 дугаартай захирамж гаргаж уг захирамжийг Б.С-д мэдэгдэж танилцуулахгүйгээр нуун дарагдуулж байгаад Б.С-ыг шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгыг шийтгэл ногдуулсан Б/45 дугаартай захирамжийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хэргийн үйл баримтын талаар:

             Хохирогч Б.С нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд тус сумын засаг дарга Х.Х-ын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар “Ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэн томилох” тухай захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. Тэрээр уг захирамжийг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа томилуулах, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Тус шүүхээс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/77 дугаар  “Ажлаас чөлөөлж өөр ажилд шилжүүлэн томилох” тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.С-ыг Бугат сумын Санхүүгийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2 сарын цалин, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Х.Х-т даалгасан шийдвэр гаргажээ. Уг шийдвэр нь 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд үүний дагуу хохирогч Б.С нь Засаг даргад удаа дараа очиж ажилдаа орох хүсэлт тавьсан боловч шүүгдэгч Бугат сумын засаг дарга Х.Х нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн сумын засаг даргын зөвлөлийн хуралд “Таныг би ажилд авахгүй. Ажилд авсан ч цэцэрлэгийн нягтлан бодогч албан тушаалд авна” гэж орон тоо, цалингийн сан байхгүй ажил санал болгосон байна. Үүнийг хохирогч Б.С нь үл зөвшөөрч дараагийн шатны арга хэмжээ болох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан байна. Үүний дагуу Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 110/ГХ2018/012 дугаартай гүйцэтгэх хуудас бичиж Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 189 дугаартай албан бичгээр Бугат сумын засаг даргад “Шүүхийн мэдэгдэл”-ийг хүргүүлсэн байна. Үүний дагуу засаг дарга Х.Х нь Б.С-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 дугаартай захирамж гаргаж 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 82 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд мэдэгдсэн атлаа өөр хэнд ч энэ талаар мэдэгдэлгүй 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.А-ын дэргэд Б.С-д мэдэгдэж захирамж гарсан байхад 16 хоног ажил тасалсан гэж мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар ажлаас халсан байна. Шүүгдэгч Х.Х-ын дээрх үйлдэл нь шүүхийн шийдвэрийг анхнаасаа биелүүлэхийг хүсээгүй бөгөөд хохирогч Б.С-ыг ажилд томилсон тушаал гаргаж зохих байгууллагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт дүр эсгэн албан бичгээр мэдэгдэж, хохирогч Б.С-д энэ талаар огт мэдэгдэлгүй байж байгаад 16 хоног ажил тасалж сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн дахин ажлаас халсан байна. Энэхүү байдал нь шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн” гэж үзэх үндэслэл болсон.

  1. Шүүгдэгч Х.Х-ыг гэм буруутайд тооцох үндэслэл:

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01/703 дугаартай Шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэхгүй байгаа Бугат сумын Засаг дарга Х.Х-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүссэн аймгийн прокурорын газарт ирүүлсэн албан бичиг /хх-ийн 06-07 дугаар хуудас/,

- Хохирогч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг сумын Засаг дарга Х.Х нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр санхүүгийн зөрчил гаргасан гэж хууль бусаар ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан болохоор миний бие 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгох тухай 110/ШШ2018/0017 дугаартай шийдвэр гарсан. Засаг дарга Х.Х шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Засаг даргад удаа дараа очиж уулзаж шүүхийн шийдвэрт та давж заалдах гомдол гаргаагүй, таны шүүхийн шийдвэрийг давж заалдах хугацаа өнгөрсөн. Та миний ажилд томилох тушаалыг гаргаж өгнө үү, цаашид хамтран ажиллая гэхэд “Та байж байгаарай” гэж хэлсээр байгаад 2018 оны 03 дугаарын 26-ны өдөр Засаг даргын хуралдаан болсон өдөр надад “Таныг би ажилд авахгүй. Ажилд авсан ч цэцэрлэгийн нягтлан бодогч албан тушаалд авна” гэж хэлсэн. Тэр цэцэрлэгийн ня-бо гэх албан тушаал, орон тоо угаасаа байхгүй байсан. Би тэр үед “Та шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол шүүхэд хандана” гэхэд Х.Х “Та хандвал ханд. Би таныг ажилд авахгүй” гэсэн. Тэгээд би 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлж өгнө үү гэж гомдол гаргасан. Шүүхээс “Гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд явуулна. Та тэнд очоорой” гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2018 оны 04 дүгээр сарын 09-ний үеэр очиход “Таны шүүхийн шийдвэрийг гүйцэтгэгчид хуваарилан өгнө. Одоо хуваарилж өгөөгүй байна” гэж ахлах шийдвэр гүйцэтгэгч Б хэлсэн. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны үеэр Айнур гэгч шийдвэр гүйцэтгэгчид очиход “Таны шийдвэртэй холбоотой асуудлаар удахгүй сумын Засаг даргад очно. Та байж байгаарай” гэж явуулсан. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр А намайг сумын Засаг даргын өрөөнд дуудсан. Тэр үед Х.Х “Энэ хүнийг би захирамж гаргаж ажилд авсан боловч энэ хүн ажилд ирээгүй 16 хоног ажил тасалсан” гэж хэлэх үед би түүнд “Та юу яриад байна. Надад та захирамж гарсан тухай мэдэгдэж ажил хүлээлгэж өгөөгүй биз дээ” гэхэд “Би заавал чамд дуудаж мэдэгдэх албагүй. Чи өрөө ажилд орох ёстой” гэхэд би “Захирамж гарсныг мэдээгүй байж яаж ажилд орсон болохоо мэдэх вэ? Та комисс гаргаж ажил хүлээлгэж өгөөгүй биз дээ. Захирамж хаана байна” гэхэд захирамж энэ байгаа гэж цүнхнээс намайг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилсон захирамжийг гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэгч А-т өгсөн. Би тэнд А-т энэ захирамжийг би анх удаа харж байгаа болохоо тайлбарлаж гэж хэлсэн. Мөн Ж одоо ажлаа хийгээд сууж байгаа тухай хэлсэн болно. Тэр үед А Засаг даргын хэлсэн тайлбарыг бичиж авч бид хоёрт гарын үсэг зуруулсан. Дараа нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр намайг 16 хоног ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн тухай захирамж гаргасан байсан. Тэгээд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга С.Г-д Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна намайг ажилд томилж чөлөөлсөн захирамжийг хууль бусаар гаргасан гэж гомдол гаргасан болно. ЗДТГ-ын дарга Ө.Х дуудаж “А.Ж-ын аав нь өвдөж Ховд аймаг руу явсан. Тайлангийн хугацаа өнгөрсөн байна. Та тайлан гаргаж өгч туслаарай” гэхээр нь би “Энэ тайлан Жа-ын нэрээр явах ёстой. Тэгээд ч тайлангийн хугацаа өнгөрсөн байна. Би гаргаж өгч чадахгүй” гэж явсан. Тэр үед Засаг дарга тамгын газрын даргын өрөөнд орж ирж “Өнгөрсөн жил ангийн орлогын зардлыг яаж зарцуулсан вэ? Санхүүгийн баримт байхгүй” гэж зөрчил гарч байна гэхэд би “Өнгөрсөн жил сумын ИТХ-ын тогтоол гаргуулж төлөвлөгөө нэмэгдүүлж хэтэрсэн зардлуудаар тодотгол хийлгэсэн” гэж тайлбарлаж өгсөн. Тэр үед надад ажилд эгүүлж томилсон тухай захирамж гарсныг аль аль нь ч мэдэгдэж хэлээгүй. Цагийн бүртгэлд намайг тасалсан гэж тамгын газрын нярав Ш.Д-эд нөхөн бичүүлсэн байна. Энэ тухай Ш.Д-д хэлж байсан. А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдсөн гэх боловч 2018 оны 04 дүгээр сард Ж ЗДТГын данснаас төрийн сангийн гүйлгээг 04 дүгээр сарын 03-аас 05-ны өдөр, 12,19, 20-ны өдөр хийж байсан. Мөн сумын сургуулийн данснаас 4 дүгээр сарын 03, 05, 09, 16-ны өдөр, хүн эмнэлгийн данснаас 4 дүгээр сарын 02-ноос 05-ны өдөр хүртэл төрийн сангийн гүйлгээнүүдийг хийж байсан. Бас тэр үед А.Ж нь Цагдаагийн газарт баривчлагдсан байсан тухай бас мэдээлэл байгаа. Хэрэв намайг ажилд авч А.Ж-ыг ажлаас чөлөөлсөн бол аймгийн төрийн санд мэдэгдэж төрийн сангийн санхүүгийн системд орох кодыг солих ёстой байсан. Засаг дарга намайг ямар ч нөхцөлд ажилд авахгүй байхын тулд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болгож харагдуулж хуурамч захирамж гаргасан болохоор энэ тухай төрийн санд мэдэгдээгүй гэж ойлгож байна.

... 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга дуудаж А.Ж-ын аав нь өвдөж Ховд аймаг руу явсан байгаа. Та санхүүгийн тайлан гаргахад туслах талаар хэлж байхад Засаг дарга Х.Х орон нутгийн болон ангийн орлогыг яаж тусгаж байсан талаар ярилцаж байгаад гараад явсан. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан захирамжийн талаар мэдэгдээгүй. Манай сумаас тухайн үед хоёр хүн нас барсан байсан. Оршуулгын газарт Засаг даргатай уулзаж байсан. Хүмүүсийн дам ярианаас сонсоход 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад очиж А.Ж-тай уулзаж гүйлгээ хийх кодыг авсан гэсэн. Яагаад гэвэл А.Ж ажилтай хугацаанд баривчлагдсан учраас арга хэмжээ авхуулах байсан учраас А.Ж-ыг хамгаалахын тулд хуурамч захирамж гаргасан юм шиг байна гэж хүмүүс хэлсэн. Түүний дараа 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Прокурорын байгууллагад хандсан. Тэгж байх хугацаанд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр намайг дуудаж ажилд томилсон тухайгаа мэдэгдсэн. Төрийн санд гүйлгээ хийх кодыг өөрчлөх тухай албан бичгийг явуулах талаар хэлж захирамж болон албан бичгийг надад гардуулж өгсөн. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ажилдаа эргэн томилогдож 2019 оны төсвийн төсөөлөл төлөвлөгөөгөө боловсруулж ажлаа хийж байгаа. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл намайг Засаг дарга Х.Х дуудаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/.

               - Гэрч О.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Санхүүгийн тасгийн дарга А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай Б/36 тоот Засаг даргын захирамжийг Засаг дарга Х.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. Захирамжийг манай хуулийн ажилтан Х.Е төлөвлөж авч ирснээр миний бие компьютерт шивж гаргасан. Захирамжийг 2 хувь үйлдсэн бөгөөд нэг хувь нь бичиг хэрэгт үлдэж, нэг хувийг Засаг дарга өөрөө авсан. Захирамжийг Б.С-д танилцуулж, гардуулж өгөөгүй. Ажил хүлээлцэх комисс, ажлын хэсэг байгуулагдаагүй. Ажлын хэсэг байгуулах захирамж гараагүй. Ажил хүлээлцсэн асуудал болоогүй. ...Засаг дарга Х.Х нь Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай Б/36 тоот захирамжийг ЗДТГ-ын ажилчдад мэдэгдэж байгаагүй. Б.С нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд ЗДТГ-т ирж Санхүүгийн албаны даргаар ажиллаагүй. Б.С-ыг ажилд ирэхгүй байгаа тухай асуудал яригдаагүй. ЗДТГ-ын хуралд Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогч Х.С ЗДТГ-ын хуралд “Санхүүгийн албаны даргын асуудлыг шийдэж өг. Нүүрс дууссан, цэцэрлэг хөлдөх гэж байна. Мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж санал гаргаж байсан. Засаг дарга энэ асуудлыг шийднэ гэж л хэлсэн. Б.Серикбол ажилд ирэхгүй байгаа гэж хэлээгүй. Тэр үед А.Ж Ховд аймаг руу явсан, цагдаагийн газарт баривчлагдсан байна гэх дам яриа гарч байсан. Сангийн яаманд төрийн сангийн гүйлгээний кодыг солих тухай албан бичиг хүргүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас,

               - Гэрч Ө.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 04-ээс 06-ны өдөр байх миний бие ЗДТГ-т Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.С-ыг өрөөнд дуудаж аваад “Санхүүгийн албаны тайланг гаргаж өгч туслаарай. Санхүүгийн албаны дарга Ж Ховд аймаг руу аавынхаа бие өвдөөд явсан” гэж байна гэж хэлэхэд Б.С “Би наадах тайланг гаргаж өгч чадахгүй. Тайлан хүргүүлэх хугацаа хэтэрсэн байна. Тэгээд тайлан санхүүгийн албаны дарга Ж-ын нэрээр гарах ёстой. Би гаргаж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед миний өрөөнд Засаг дарга орж ирж “Ангийн орлогоос санхүүгийн зөрчил гарч байна. Материал дутуу гэж байна. Санхүүгийн материалыг яаж бүрдүүлсэн” тухай Б.С-оос асуусан. Би Б.С-ыг санхүүгийн тайлан гаргахад тусалж өгөөрэй гэж дуудсан. Түүнд ямар нэгэн захирамж танилцуулж байгаагүй. Комисс гаргаж ажил хүлээлгэж өгсөн асуудал болоогүй. Засаг даргын Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай захирамж гарсан асуудлыг би судалж үзсэн. Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчээс асуухад захирамж 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гарсан бүртгэлд 04 дүгээр сарын 04-ний өдөр орсон гэж хэлсэн. Захирамжийг засаг дарга 04 дүгээр сарын 02-ны өдрөөр гаргуулсан гэж хэлсэн. Бүх захирамжийг ажил үүргийн хуваарийн дагуу хянах ёстой. Гэхдээ Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай захирамжийг одоо хүртэл би хараагүй. Захирамж стандарт журмын дагуу гарах ёстой. Мөн захирамжийн агуулга хуулийн хүрээнд гарч, хуульд нийцсэн байх ёстой. Мөн Санхүүгийн албаны дарга өөрчлөгдсөн нөхцөлд сумын засаг дарга Сангийн яаманд албан тоот явуулж төрийн сангийн гүйлгээний нууц код солих ёстой. ...А.Ж Ховд аймаг руу аавын бие муудаж явсан гэж Засаг дарга надад хэлсэн. Гэвч тэр үед цагдаагийн газарт зөрчил гаргаж баривчлагдаж 10 хоног саатуулагдаж байсан байна. 2018 оны 03 дугаарын 26-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хуралдаан болсон өдөр Засаг дарга Х.Х Б.С-д “Таныг ажилд авахгүй. Ажилд авсан ч цэцэрлэгийн ня-бо албан тушаалд авна” гэж хэлсэн болох нь үнэн. Тэр үед би Засаг даргад “Цэцэрлэгийн ня-бо гэх албан тушаал орон тоо байхгүй” гэж хэлсэн. Мөн ня-бо Ж, Засаг даргын орлогч Х ч тийм орон тоо байхгүй гэж хэлж байсан. ...Миний бие Б.С-д ажилд нь эргүүлэн томилсныг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэж байгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр засаг дарга Х.Х нь “Би Б.С-д захирамж гарсныг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.С-ыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлэн томилсныг мэдэгдсэн” гэж албан тоот боловсруулж явуул гэж үүрэг болгосон болохоор би уг албан тоотыг бичсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/.

- Гэрч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2018 оны 03 дугаарын 26-ны өдөр буюу Засаг даргын зөвлөлийн хуралдаан болсон өдөр миний бие уг хуралд оролцож Засаг дарга Х.Х-д Б.С-ын ажлыг хуулийн дагуу өгөөрэй гэж хэлсэн юм. Засаг дарга Х.Х “Б.С-ыг цэцэрлэгийн ня-бо албан тушаалд авна” гэж хэлэх үед би “Тийм албан тушаал байхгүй шүү дээ. Цэцэрлэгийн ня-бо гэх албан тушаал гаргасан ч цалингийн санхүүжилтийг хаанаас олж өгөх юм бэ” гэж хэлсэн. Мөн Засаг дарга Х.Х нь Б.С-д “Чамайг ажилд авахгүй” гэж хэлж байсан. Тэгээд би гарч явсан. ...Засаг дарга Х.Х нь Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай Б/36 тоот захирамжийг ЗДТГ-ын ажилчдад болон надад мэдэгдэж байгаагүй. Харин Б.С өөрөө “Эд нар намайг ажилд эргүүлэн томилсон тухай Б/36 тоот захирамж гаргаад надад мэдэгдэлгүй ажил тасалсан гэж ажлаас халах тухай захирамж гаргасан байна” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

                - Гэрч Ш.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Бугат сумын ЗДТГ-т нярав албан тушаалд ажилладаг бөгөөд ЗДТГ-ын ажилчдын цагийн бүртгэлийг бүртгэдэг ажлыг давхар хийж гүйцэтгэдэг. 2018 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдөр байх Засаг дарга Х.Х- өрөөнд дуудаж аваад “Чи цагийн бүртгэлд 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж Б.С-ын нэрийг оруулж түүний ирцийг тасаар бүртгэ. Б.С-ыг ажилд томилсон тухай захирамж гарсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд Засаг дарга үүрэг өгсөн болохоор Засаг даргын тамгын газрын албан хаагч нарын цагийн бүртгэлийн нэрсийн жагсаалтад хамгийн доод талд Б.С-ын нэрийг нэмж гараар бичиж нөхөж оруулж ирцийг тасаар бүртгэсэн. Уг нь Засаг дарга бид нарт Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай захирамж гарсныг мэдэгдэж танилцуулж байгаагүй. Б.С-ыг ажилд эгүүлэн томилсон тухай захирамж гарсан болохыг надад тэр өдөр хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/.

- Гэрч Х.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Миний бие Бугат сумын ЗДТГ-т цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг ба 2018 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Санхүүгийн албаны дарга А.Ж- нь Ховд аймаг руу аавынхаа бие үзүүлэхээр явсан гэх үед ЗДТГ-ын шуурхай хурлын үеэр “Санхүүгийн даргын асуудлыг хурдан шийдэж өгөөрэй. Байгууллагын эрхлэгч нар гүйлгээ хийх шаардлагатай гээд байна. Цэцэрлэгийн нүүрсний санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна. Цэцэрлэг хүйтэн хүүхэд даарч байна гэж цэцэрлэгийн эрхлэгч утсаар шаардаад байна” гэхэд засаг дарга Х.Х- нь “Тэр асуудлыг шийдэж өгнө” гэж л хариу өгсөн. ...Санхүүгийн албаны дарга А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-оос эхэлж ажлаас чөлөөлж Б.С-ыг хуучин ажилд эргүүлэн авсан тухай захирамж гарсан гэж хэн ч бид нарт мэдэгдээгүй. Санхүүгийн албан даргын асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн. Санхүүгийн албаны дарга А.Ж-ыг ажиллаж байгаа гэсэн ойлголттой байгаа. Одоо ч гэсэн А.Ж-Санхүүгийн албаны даргаар ажиллаад явж байгаа болно.” гэх мэдүүлэг  /хх-ийн 43-р хуудас/

- Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Засаг дарга Х.Х нь Б.С-д “Таныг хуучин ажилд авахгүй авбал цэцэрлэгийн нягтлан бодогчоор авна” гэж хэлэхэд зөвлөлийн хуралд оролцож байсан ЗДТГ-ын дарга Ө.Х “Цэцэрлэгийн нягтлан бодогч гэх албан тушаал байхгүй. Хуучин албан тушаалд эргүүлэн авах нь зүйтэй” гэж санал гаргаж байсан. Зөвлөлийн хуралд оролцсон бусад гишүүд ч санал нэг байсан. Б.С ч “Цэцэрлэгийн ня-бо гэсэн орон тоо байхгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу намайг ажилд минь эрүүлэн томилж өг. Томилохгүй бол намайг томилохгүй гэсэн албан бичиг гаргаж өгөхийг хүсье. Зохих хуулийн байгууллагад хандах болно” гэх утгатай зүйл хэлж байсан. Засаг дарга Х.Хайв нь тэр үед Б.С-д “Би чамайг ажилд авахгүй” гэж хэлсэн. Хурлын тэмдэглэлийг миний бие хөтөлсөн. Засаг дарга Х.Х болон Б.С-ын хооронд болсон яриаг хурлын тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Хурлын эцсийн шийдвэрт Засаг даргын Б.С-ыг “Хуучин ажилд эргүүлэн томилохгүй, цэцэрлэгийн ня-бо болон соёлын төвийн нягтлан бодогчоор томилно” гэж шийдвэрлэсэн боловч уг шийдвэрээс Б.С татгалзсан гэж бичигдсэн байгаа. Б.С би хуулийн хугацаа дуусах хүртэл хүлээн шийдвэр гаргахгүй бол хандах газарт хандах болно гэж хэлсэн. Энэ тухай хурлын тэмдэглэлд бичигдсэн. ...Санхүүгийн албаны дарга А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ноос эхэлж ажлаас чөлөөлж Б.С-ыг хуучин ажилд эргүүлэн авсан тухай захирамж гарсныг бид нарт тухайн үед мэдэгдээгүй. Харин 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Засаг даргын зөвлөлийн хурал болох үед Засаг дарга Х.Х “Би Захиргааны шүүхийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Б/36 тоот захирамж гаргаж Б.С-ыг ажилд нь эргүүлэн томилсон боловч энэ хүн ажилд ирэхгүй 16 хоног шалтгаангүй ажил тасалсан. Тийм болохоор Б.С-ыг ажлаас нь чөлөөлж захирамж гаргаж байгаа” гэж танилцуулсан. Тэр үед Засаг даргын зөвлөлийн хуралд Б.С оролцож Засаг даргад “Та намайг дуудаж намайг томилсон сумын Засаг даргын захирамжийг надад гардуулж өгөөгүй, танилцуулаагүй. Захирамжийг би гарт аваагүй, албан ёсоор ажил хүлээлгэж өгөөгүй” гэж хэлж байсан. ...Б.С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.829.578 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг Бугат сумын ЗДТГ-ын дугаартай данснаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт суутгуулж төлүүлсэн. Үлдсэн мөнгийг 2018 оны 05 дугаар сард төлөхөөр тохирсон боловч төсвийн боломж гараагүй. Одоо 6 дугаар сард багтааж төлнө. Нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн шимтгэл огт нөхөн төлөгдөөгүй. Х.Х-д шүүхийн шийдвэрт Б.С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.829.578 төгрөгийг ЗДТГ-аар төлүүлэхээр даалгасан гэж бид нарт Засаг дарга Х.Х танилцуулсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

- Гэрч А.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд миний бие Цагдаагийн газарт баривчлах байранд шүүхийн шийтгэврийн дагуу баривчлагдсан байсан. Миний бие 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан. Миний бие урьд өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрх хасуулсан байсан. Миний ажлыг төрийн сангийн төлөөлөгч Ш.Е хийж гүйцэтгэсэн. Намайг баривчлах тухай шүүхийн шийтгэвэр гарсан өдөр Засаг дарга Х.Х-д утсаар мэдэгдсэн ба миний төрийн сангийн гүйлгээний кодыг Засаг дарга Х.Х надад ирж уулзаж бичээд аваад явсан. ...Миний бие баривчлах байрнаас гарсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр засаг даргад очсон. Засаг дарга Х.Х надад намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг өгсөн. Засаг даргад “Би одоо яах вэ” гэхэд таныг буцааж ажилд томилно гэж хэлсэн. Тэнд ЗДТГ-ын дарга Ө.Х байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

- Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.С-ыг Бугат сумын ЗДТГ-ын Санхүүгийн албанд эргүүлэн томилуулах тухай шүүхийн шийдвэр манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэх хуудасны хамт ирсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б надад хуваарилж өгснөөр миний бие Бугат сумын Засаг дарга Х.Х-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хугацаатай албан бичгийг төлөвлөж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүргэж өгөхөөр өрөөнд нь очиход “Би Б.С-ыг Санхүүгийн албаны даргын ажилд эргүүлэн томилсон захирамж гаргасан. Гэтэл Б.С 16 хоног ажил тасалсан. Би одоо энэ хүнийг дотоод журмын дагуу ажлаас халах гэж байна” гэж Б.С-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Санхүүгийн албаны даргаар томилсон захирамжийг үзүүлсэн. Би тэр үед Б.С-ыг Засаг даргын өрөөнд дуудсан байсан ба Б.С-оос “Таныг ажилд эргүүлэн томилсон тухай захирамж гарсан байна шүү дээ. Та ажилд яагаад ирээгүй юм бэ” гэхэд. Б.С “Энэ захирамжийг анх удаа одоо харж байна. Намайг ажилд эргүүлэн томилсон тухай захирамж гарсныг мэдээгүй. Надад ажил хүлээлгэж өгөөгүй. Төрийн сангийн гүйлгээг одоо хүртэл Санхүүгийн албаны даргаар ажиллаж байгаа А.Ж хийж гүйцэтгэж байгаа. Надад төрийн сангийн гүйлгээ хийх эрх олгоогүй.” гэсэн. Би Засаг даргаас “Та энэ хүнд ажилд эргүүлэн томилсон захирамж гарсан тухай мэдэгдсэн үү?. Ажлыг нь хүлээлгэж өгсөн үү, мэдэгдсэн бол мэдэгдсэн тухай ажил хүлээлгэж өгсөн тухай баримт материал байна уу?” гэж асуухад “Би захирамж гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Би Б.С-д захирамж гарсныг мэдэгдэж араас нь явах хүн биш. Б.С өөрөө ажилд орох ёстой. Тэгээд ч бид хоёр таарахгүй” гэж хэлсэн. Би Засаг дарга Х.Х-д “Та шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэх үүрэгтэй. Ажилд нь эргүүлэн томилсон тухай захирамж гарсныг Б.С-д мэдэгдэж ажлыг нь хүлээлгэж өгөөгүй бол Б.С захирамж гарсныг яаж мэдэх вэ? Та дүр эсгэж биелүүлсэн биш үү. Та дахин захирамж гаргаж энэ хүнд ажлыг нь хүлээлгэж өгч шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээрэй” гэсэн. Х.Х нь “Би шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлсэн. Надад өөр хэлэх зүйл байхгүй” гэсэн. Би түүнд “Та шүүхийн шийдвэрийг ингэж дүр эсгэн биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд саад учруулах юм бол энэ тухай бид прокурорт мэдэгдэж дараагийн шатны арга хэмжээг авна шүү” гэж хэлсэн. Тэр үед бид нарт “Та нар хандах газарт хандаарай. Би шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул хаана ч очсон ч унахгүй” гэж хэлсэн. Дараа нь би Аймгийн засаг даргад энэ тухай албан бичгээр мэдэгдсэн ба Аймгийн Засаг иргэн Б.С-той холбоотой шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлж хариу ирүүлэх талаар сумын Засаг дарга Х.Х-д албан тоотоор чиглэл өгсөн болно гэсэн хариу ирүүлсэн. Бугат сумын Засаг дарга Х.Х нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн үйлдэл гаргасан болохоор прокурорын газарт албан бичгээр хандаж холбогдох материалыг хүргүүлсэн болно. ...Х.Х нь Б.С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1.829.578 төгрөгөөс 1.400.000 төгрөгийг Бугат сумын ЗДТГ-ын дугаартай данснаас суутгуулж төлүүлсэн. Үлдсэн мөнгийг 2018 оны 05 дугаар сард төлнө гэж Х.Х болон ЗДТГ-ын нягтлан бологч Жнар хэлж байсан боловч одоо хүртэл төлөөгүй. ШШГГ-т ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ГХ20018/0012 шүүхийн гүйцэтгэх хуудаст нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх талаар тусгасан боловч хэдэн төгрөг төлүүлэхийг тодорхой тусгаагүй. Гэхдээ Засаг дарга Х.Х-д 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ШШГГ-ын 01/567 дугаартай мэдэгдлийг миний бие өөрийн биеэр хүргэж өгсөн. Уг мэдэгдэлд Б.Серикболын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөх талаар тусгасан боловч Б.С-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлсөн талаар баримт материал одоо хүртэл ирүүлээгүй. Засаг дарга Х.Х нь шүүхийн шийдвэрийн заалтыг бодитой биелүүлээгүй. Х.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ШШГГазарт ирүүлсэн 101 дугаартай албан тоотод Б.С-ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлөлтийн талаар ямар ч зүйл дурдаагүй. Засаг дарга Х.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн албаны даргаар эргүүлэн тогтоосон захирамж гаргасан тухай манай байгууллагад мэдэгдээгүй бөгөөд миний бие ШШГГ-ын 01/567 дугаартай мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Засаг дарга Х.Х-д өөрийн биеэр авч очих үед Х.Х нь “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Санхүүгийн албаны даргаар эргүүлэн тогтоосон захирамж гаргасан байгаа Б.С 16 хоног ажил тасалсан” гэж хэлсэн. Б.С болохоор “Би захирамж гарсныг мэдээгүй, надад мэдэгдээгүй” гэж хэлсэн. Засаг дарга Х.Х нь “Би захирамж гарсныг Б.С-д мэдэгдэж араас нь явах алба байхгүй” гэж хэлэхээр нь “Та ингэж болохгүй. Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг та биелүүлэх үүрэгтэй. Та одоо ч гэсэн Б.С-ын ажлыг хүлээлгэж өгөөрэй. Шүүхийн шийдвэрийг бодитой биелүүлэх үүрэгтэй” гэж шаардлага тавьсан болно. Гэвч Бугат сумын Засаг дарга Х.Х “Надад энэ захирамж байхад би буруудахгүй” гээд зөрүүдлээд байсан. Б.С-ыг 16 хоног ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн гэх 101 дугаартай тоотыг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ирүүлсэн. Мөн уг тооттой хамт Б.С-ыг сахилгын шийтгэл хүлээлгэж чөлөөлсөн гэх Б/45 дугаартай Засаг даргын захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52-р хуудас/.

              - Гэрч Ш.Е-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 18, 24-ний өдрийн хооронд төрийн сангийн гүйлгээг миний бие хийж байсан. Мөн гүйлгээний баталгаажуулалтыг би хийсэн. Учир нь тэр үед “Санхүүгийн албаны дарга А.Ж аав нь өвдөж Ховд аймаг руу ажлаар явсан байгаа. Чамд төрийн сангийн гүйлгээний баталгаажуулалтын кодыг бичиж өгч үлдээсэн. Ирэх хүртэл гүйлгээний баталгаажуулалтыг чи хийж бай” гэж кодыг Засаг дарга Х.Х өгсөн. Би кодыг аваад А.Ж-ыг хаана явж байгаа болохыг асуухаар гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан болохоор утсаар ярьж чадаагүй. Тэр үед А.Ж нь Ховд аймагт явж байна гэж ойлгосон сүүлд түүнийг цагдаагийн газарт баривчлагдсан байна гэж дам яриа сонссон.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/.

              - Гэрч Х.Е-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Санхүүгийн тасгийн дарга А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай Б/36 тоот Засаг даргын захирамжийг Засаг дарга Х.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр надад ноороглож төлөвлөж гаргаж өгсөн. Би уг захирамжийн төлөвлөлтийг найруулж хуулийн үндэслэлийг бичиж бичиг хэргийн эрхлэгч О.Х-д өгсөн. О.Х уг захирамжийг шивж гарган захирамжийг бүртгэж дугаар өгөх асуудал бичиг хэргийн эрхлэгч О.Х-д хамааралтай болно. Захирамж гарсныг Б.С-д мэдэгдэж, гардуулж өгсөн эсэхийг мэдэхгүй. Би Б.Серикболд захирамж гарсан тухай хэлээгүй. Засаг дарга надад Б.С-д хэлээрэй гэж хэлээгүй. Ажил хүлээлцэх комисс, ажлын хэсэг байгуулагдаагүй. ЗДТГ-ын ажилчид 7 хоногийн 5 дахь өдөр бүр шуурхай хурал хийдэг. Намайг байх хугацаанд Б.С-ыг Санхүүгийн албаны даргаар эргүүлэн тогтоосон тухай Б/36 тоот захирамж гарсан талаар Засаг дарга Х.Хайв ЗДТГ-ын албан хаагч нарт мэдэгдэж, танилцуулж байгаагүй. Б.С ажилд ирэхгүй байгаа тухай ямар нэгэн асуудал яригдаж байгаагүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 55-56 дугаар хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

  • Шүүгдэгч Х.Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бугат сумын Засаг даргын ажилд томилогдсон. Томилогдсон хугацаанаас хойш Санхүүгийн албаны дарга Б.С-той хамт ажиллаж ирсэн. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би Б.С-ыг санхүүгийн албаны даргаас чөлөөлж өөр ажилд томилохоор шийдвэр гаргасан. Гэхдээ Б.С нь тухайн ажлыг хийгээгүй. 2017 оны 12 дугаар сар хүртэл Б.С санхүүгийн албаны даргын ажлыг хийж байсан. Мөн тухайн үед ажилд эгүүлэн тогтоох үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан. Уг шийдвэртэй холбогдуулан давж заалдах гомдол гараагүй. Дараагаар нь би Б.С-ыг дуудаж Цэцэрлэг болон соёлын төвийн нягтлан бодогчоор томилж ажилд авъя гэж хэлсэн. Гэхдээ уг саналыг Б.С хүлээж аваагүй. Засаг даргын хувьд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр захирамж гаргаж ажилд авсан. Б.С ажлаа хүлээлцээгүй байсан учраас дахин комисс томилох шаардлагагүй гэж үзээд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан захирамждаа комисс томилоогүй. Гол асуудал бол санхүү албаны кодыг яамнаас зөвшөөрлийн дагуу олгодог. Тухайн үед захирамж гаргаж бичиг хэрэгт өгсөн. Бичиг хэргийн ажилтан уг захирамжийг нуун дарагдуулах ёсгүй. Гарсан захирамжийг танилцуулах үүрэгтэй. Сүүлд намайг захирамж өгөөгүй, танилцуулаагүй гэсэн маргаан гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б. ирэхээс өмнө би уг захирамжийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид танилцуулсан. Явцын дунд Б.С-ыг дуудаж тайлан зөв гарахгүй, зөрчилтэй байгаа талаар хэлсэн. Тухайн үед  Б.С нь А.Ж тайлан гаргасан надад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй байгаа гэсэн утга агуулгатай мэдүүлэг өгсөн байгаа. Гэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр захирамж гарсан байсан тул уг захирамжийг бичиг хэргийн эрхлэгч заавал хүргэж өгөх ёстой. Гарсан бичгийг нуун дарагдуулсан мөн хууль бус гаргасан тухай асуудал байхгүй. Хуулийн дагуу захирамжийг гаргасан. Сүүлд намайг гарсан захирамжийг нуун дарагдуулсан, хууль бус захирамж гаргасан гэж хэрэгт холбож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Б.А-т тухайн үед Б.С-ын шийдвэр гүйцэтгэлд ямар нэгэн татгалзах татгалзал байхгүй гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл Б.С-ын цалинг олгох боломжгүй байна. Дараагаар нь  2-3 удаа хувааж төлж өгөх тухайгаа хэлсэн боловч Б.А гүйцэт төлөх хэрэгтэй гэхээр нь би өөрөө 6 дугаар сарын цалингаа Б.С-д шилжүүлсэн. 400000 төгрөг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөх ёстой байсан. Үлдсэн 1400000 төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Г-ад тухайн асуудалтай холбоотой өргөдөл гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга С.Г надад өргөдлийн хариу өгөөгүй байж Б.С-ын хүсэлтийг биелүүлж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр прокурорт өгсөн байсан. Намайг 1 сар гаруй хугацааны дараа мөрдөн байцаагч А.Х дуудаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгааг хэлж мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэхээр болсон тул 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.С-ыг ажилд нь эгүүлэн томилсон.  Санхүүгийн албаны тамга тэмдэг, код нь Иргэний бүртгэлийн байгууллагад байсан. Б.С-ыг ажилд томилсон. Б.С ажлаа хүлээж аваад 1 сар гаруй хугацаа болж байна. Б.С-ыг ажилд томилсны дараа аймгийн Засаг дарга А.Г намайг Бугат сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан. Одоо ажилгүй байгаа. Б.С бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Б.С-ын нэхэмжилсэн 2 сарын цалинг боломжоороо олгосон. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хэрэгтэн болж хэлмэгдэж байгаадаа маш их харамсаж байна. Хэргийг прокурорт шилжүүлэх тухайгаа хэлсэн бол тухайн үед Б.С-ыг би ажилд авах байсан. Надад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Цагдаагийн байгууллага холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч түүний дагуу надад ял төлөвлөсөн байсан. Б.С-ыг одоо ажилд авна уу, байна уу хамгаагүй гэсэн. Би Б.С-ыг 2 сар ажилд томилоогүй байсан учир хэрэгтэн болохгүй гэж Б.С-ыг ажилд нь томилсон. Б.С-ыг өөр ажилд шилжүүлсэн хэдий ч 11 дүгээр сар хүртэл санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан. Өнөөдөр намайг яллагдагчаар татсан асуудалд харамсаж байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгчийн хүсэлтийг хүлээж авч өмгөөллийн үйл ажиллагаа явуулах нь миний үүрэг учраас өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Х.Хайвыг цагаатгах эрх зүйн байдлыг дээшлүүлэх зорилгоор оролцоно. Хавтаст хэрэгтэй танилцсан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Х.Х-ыг гэм буруутайд тооцоход хангалттай байдлаар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл гэм буруутайд тооцуулах боломж байхгүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Б.С-ыг ажилд эгүүлэн томилохоор болсон. Урьд нь Аудитын газарт гарсан зөрчлийн улмаас Б.С-ыг өөр ажилд шилжүүлэх тухай захирамж гаргасан. Мөн хугацаанд ажлаа хийж, цалин хөлсөө авч байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудас хүргүүлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 тоот  захирамжаар Б.С-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, А.Ж-ыг ажлаас нь чөлөөлсөн захирамж гаргасан. Захирамжийг Засаг дарга гаргах үүрэгтэй ба гарсан захирамжийг гардуулах, мэдэгдэх холбогдох ажиллагаа хийхийг Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Х- уг ажиллагааг гүйцэтгэх үүрэг хүлээсэн. 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Б.С-той уулзаж тайлан мэдээ гаргах талаар ярилцсан байгаа. Шүүгдэгч өөрөө сайн мэдүүлж чадахгүй байна. Шүүгдэгч надад хэлснээр Б.С-д ажилд томилогдсон тайлан мэдээгээ гарга гэж хэлсэн гэсэн. Түүнийг ажилд орсон эсэхийг бичиг хэргийн ажилтан болон Засаг даргын Тамгын газрын дарга нь мэдэгдсэн байх ёстой учраас ажилд орсон гэж тооцож байсан гэж хэлж байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар албан ёсоор Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийг биелүүлсэн талаар албан бичиг хүргүүлсэн байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүлж захирамж гарсны дараа Б.С- ажилд ирээгүй байсан. Цагийн бүртгэгч Ш.Д-дийг дуудаж үүрэг өгсөн. Цаг бүртгэгч өгсөн үүргийн дагуу Б.С-ыг бүртгэсэн байгаа. Цаг бүртгэлийн дагуу Б.С  ажил тасалсан нь тодорхой байсан учраас ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан. Б.С-ыг ажилд томилох тухай захирамж 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. Энэ хугацаанаас эхэлж шүүхийн шийдвэр биелэгдсэн. Засаг даргын захирамж гарсан уг захирамжийн нэг хувийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгөхөөр Засаг дарга өөрөө авсан. Захирамжийн нэг хувийг авсан гэсэн үндэслэлээр буруутгах үндэслэл байхгүй. Засаг даргын ажлын албаны дарга Ө.Х нь мэдүүлэгт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр захирамж гарсан гэдгийг мэдсэн гэсэн. Мэдсэн бол Б.С-ыг дуудаж ирээд захирамжийг нь гардуулж өгч төрийн ажлыг цалгардуулахгүйгээр хяналт тавьж ажиллах ёстой байсан. Х.Х-ыг Засаг даргын үүрэгт ажлаас огцруулах зорилготой эсрэг ажиллагаа хийдэг хэсэг бүлэг хүмүүс байсан. Тамгын газрын дарга Ө.Х болон бичиг хэргийн ажилтан О.Х нар гарсан захирамжийг мэдээгүй гэж байгаа боловч Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсний  дагуу захирамж гарсан гэдгийг мэдэж байсан. Өөрийнхөө ажил үүргийг биелүүлээгүй. Засаг даргын нэр төрийг гутаасан. Санаатайгаар биелүүлээгүй явдал байхгүй. Дараагийн ажлыг шат дараалсан холбогдох албан тушаалтнууд хийх ёстой байсан. Санаатай хийсэн зүйл байхгүй. Захиргааны журмаар шүүгдэгч Х.Х-т хариуцлага тооцох боломж байсан. Гэмт хэргийн шинжтэй зүйл байхгүй. Төрийн ажлыг хийх явцад техникийн алдаатай зүйл гаргасан бол уг зөрчлийг арилгуулах талаар хууль тогтоомжид тусгасан. Санаатай зориуд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй явдал нь одоо хүртэл тогтоогдоогүй байгаа. Дүр эсгэсэн зориуд санаатай гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцох эсэх нь тогтоогдохгүй байна. Түүнээс гадна гаргасан захирамж хуурамч нуун далдалдсан гэдэг нь харагдахгүй байна. Захирамжийг хуулийн ажилтан төлөвлөсний дагуу бичиг хэргийн ажилтан хэвлэж гаргасан. Гэмт хэргийн шинж нь тодорхой бус байгаа тул гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байна. Тиймээс гэм буруугүйд тооцож өгөхийг хүсэж байна. ... 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан захирамжаар гэм буруу нь арилсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр биелэгдсэн. Б.С-ыг ажилд оруулах асуудлыг Засаг даргын Тамгын газар хийх ёстой. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 тоот захирамж хангалтгүй байна гэж үзэж хэрэгт татсан. Хангалтгүй гэсэн учраас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин ажилд авч ажилтай болгосон. Ингэснээр шүүхийн шийдвэр дахин биелэгдсэн. Тиймээс учирсан гэм буруу болон хохирол арилсан байгаа. Засаг даргад гэм буруу байхгүй. Харин гэм буруутай этгээдүүд бол бичиг хэргийн эрхлэгч Х, Засаг даргын ажлын албаны дарга Ө.Х нар байх ёстой. Гаргасан зөрчлийг захиргааны журмаар зохицуулж болох байхад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгож гэм буруутайд тооцуулах асуудалд харамсаж байна. гэм буруугүй гэж үзэж байна.” гэв.

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.А нь шүүгдэгч Х.Х-ыг цагаатгах талын нотлох баримтаар гэрч О.Х, гэрч Ө.Х, гэрч Ш.Д нарын мэдүүлэг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х-н албан бичиг, Бугат сумын Засаг даргын 101 тоот албан бичиг, Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/78 дугаартай “А.Ж-ыг чөлөөлж, Б.С-ыг ажилд эгүүлэн томилох тухай” захирамж, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Аймгийн санхүү, төрийн хэлтэст хүргүүлсэн “Б.Серикболд санхүүгийн системд нэвтрэх кодыг шинээр яаралтай өөрчилж өгөх”-ийг хүссэн 148 дугаартай албан тоот, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн албаны даргын ажлыг хүлээлцэх комиссын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судаллаа. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч С.А нар нь гэм буруугүй цагаатгах байр суурьтай оролцсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон цагаатгахаар шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х-ыг гэм буруугүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч С.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримт болон мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

  1. Шүүгдэгч Х.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Б.С-ыг ажилд томилсон захирамж гаргасны дараа хамгийн эхэнд А.Ж-ын баталгаат гарын үсэг болон төрийн сангийн системд нэвтрэх нууц үгийг хүчингүй болгуулж дахин томилогдсон Б.С-д төрийн сангийн системд нэвтрэх нууц үгийг шинээр авах хүсэлтийг Баян-Өлгий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлэх ёстой байсан. Энэ нь түүний үүрэгт ажилд хамаарах ажил бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Энэ байдал нь гэрч А.Ж-ын “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд миний бие Цагдаагийн газарт баривчлах байранд шүүхийн шийтгэврийн дагуу баривчлагдсан байсан. ...Миний ажлыг төрийн сангийн төлөөлөгч Ш.Е хийж гүйцэтгэсэн. Намайг баривчлах тухай шүүхийн шийтгэвэр гарсан өдөр Засаг дарга Х.Х-д утсаар мэдэгдсэн ба миний төрийн сангийн гүйлгээний кодыг Засаг дарга Х.Х надад ирж уулзаж бичээд аваад явсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Е-ийн “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 18, 24-ний өдрийн хооронд төрийн сангийн гүйлгээг миний бие хийж байсан. Мөн гүйлгээний баталгаажуулалтыг би хийсэн. Учир нь тэр үед “Санхүүгийн албаны дарга А.Ж аав нь өвдөж Ховд аймаг руу ажлаар явсан байгаа. Чамд төрийн сангийн гүйлгээний баталгаажуулалтын кодыг бичиж өгч үлдээсэн. Ирэх хүртэл гүйлгээний баталгаажуулалтыг чи хийж бай” гэж кодыг Засаг дарга Х.Х өгсөн.” гэх мэдүүлгээр төрийн сангийн гүйлгээний нууц үгийг солиулах санаа зорилго байгаагүй байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн А.Ж-ын эрхээр төрийн сангийн гүйлгээнүүд хийгдэж байсан байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр биелэгдээгүй байна.

 

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 189 дугаартай албан бичиг болох засаг даргад хүргүүлсэн “Шүүхийн мэдэгдэл”-ийн хариуд шүүгдэгч Х.Хайв нь Б.С-ыг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон Б/36 дугаартай захирамж гарсан хэмээн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 82 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн мэт мэдэгдэж, “А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж Б.С-ыг ажилд эргүүлэн томилсон тухай” Б/36 дугаартай Засаг даргын захирамжийг хохирогч Б.С болон Бугат сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудад мэдэгдэх санаа зорилгогүй байсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна.

Энэ нь гэрч О.Х-ын “...Б.С-ыг ажилд ирэхгүй байгаа тухай асуудал яригдаагүй. Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогч Х.С ЗДТГ-ын хуралд “Санхүүгийн албаны даргын асуудлыг шийдэж өг. Нүүрс дууссан, цэцэрлэг хөлдөх гэж байна. Мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж санал гаргаж байсан. Засаг дарга энэ асуудлыг шийднэ гэж л хэлсэн. Б.С ажилд ирэхгүй байгаа гэж хэлээгүй. Тэр үед А.Ж Ховд аймаг руу явсан, цагдаагийн газарт баривчлагдсан байна гэх дам яриа гарч байсан. Сангийн яаманд төрийн сангийн гүйлгээний кодыг солих тухай албан бичиг хүргүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг,

Гэрч Х.С-ын “...Миний бие Бугат сумын ЗДТГ-т цэцэрлэг, соёлын төв, эрүүл мэндийн төвийг хариуцсан нягтлан бодогчоор ажилладаг ба 2018 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Санхүүгийн албаны дарга А.Ж нь Ховд аймаг руу аавынхаа бие үзүүлэхээр явсан гэх үед ЗДТГ-ын шуурхай хурлын үеэр “Санхүүгийн даргын асуудлыг хурдан шийдэж өгөөрэй. Байгууллагын эрхлэгч нар гүйлгээ хийх шаардлагатай гээд байна. Цэцэрлэгийн нүүрсний санхүүжилтийг шийдэх хэрэгтэй байна. Цэцэрлэг хүйтэн хүүхэд даарч байна гэж цэцэрлэгийн эрхлэгч утсаар шаардаад байна” гэхэд засаг дарга Х.Х нь “Тэр асуудлыг шийдэж өгнө” гэж л хариу өгсөн. ...Санхүүгийн албаны дарга А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-оос эхэлж ажлаас чөлөөлж Б.С-ыг хуучин ажилд эргүүлэн авсан тухай захирамж гарсан гэж хэн ч бид нарт мэдэгдээгүй. Санхүүгийн албан даргын асуудлыг шийдэж өгнө гэж хэлсэн.” гэх мэдүүлгээс дүгнэхэд “А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж Б.С-ыг ажилд эргүүлэн томилох” тухай Б/36 тоот захирамжийг гаргасан өдрөөс хойш болсон Бугат сумын засаг даргын тамгын газрын хуралд Х.С-ыг санхүүгийн албаны даргын асуудлыг шийдэж өгөхийг шаардахад уг захирамжаа танилцуулаагүй бөгөөд зөвхөн “Тэр асуудлыг шийдэж өгнө.” гэж л хариу өгч байсан байна.

 

  1. “А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж Б.Серикболыг ажилд эргүүлэн томилох” тухай Б/36 дугаартай захирамж гаргасан хэдий ч Б.С-ыг ажлаас халж А.Ж-ыг буцаад ажилд авч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх санаа зорилго нь анхнаасаа байсан байна.

Энэ нь гэрч А.Ж-ын “...Миний бие баривчлах байрнаас гарсны дараа 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр засаг даргад очсон. Засаг дарга Х.Х надад намайг ажлаас чөлөөлсөн захирамжийг өгсөн. Засаг даргад “Би одоо яах вэ” гэхэд “Таныг буцааж ажилд томилно” гэж хэлсэн. Тэнд ЗДТГ-ын дарга Ө.Х байсан.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн хохирогч Б.С, гэрч Ө.Х, Х.Х, Б.Ж нарын “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр засаг даргын зөвлөлийн хуралдаан болсон өдөр засаг дарга Х.Хнь “Таныг ажилд авахгүй. Ажилд авсан ч цэцэрлэгийн нягтлан бодогч албан тушаалд авна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байна.

 

  1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х болон түүний өмгөөлөгч С.А нарын “...Хохирогч Б.С-д ажилд томилсон тушаал гарсныг өөрт нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Энэ нь Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Х 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 107 тоот албан бичиг, Бугат сумын Засаг даргын 101 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна.” гэсэн нь дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: Гэрч Ө.Х-н “...2018 оны 04 дүгээр сарын 04-ээс 06-ны өдөр байх миний бие ЗДТГ-т Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Б.С-ыг өрөөнд дуудаж аваад “Санхүүгийн албаны тайланг гаргаж өгч туслаарай. Санхүүгийн албаны дарга Ж Ховд аймаг руу аавынхаа бие өвдөөд явсан” гэж байна гэж хэлэхэд Б.С “Би наадах тайланг гаргаж өгч чадахгүй. Тайлан хүргүүлэх хугацаа хэтэрсэн байна. Тэгээд тайлан санхүүгийн албаны дарга Ж-ын нэрээр гарах ёстой. Би гаргаж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед миний өрөөнд Засаг дарга орж ирж “Ангийн орлогоос санхүүгийн зөрчил гарч байна. Материал дутуу гэж байна. Санхүүгийн материалыг яаж бүрдүүлсэн” тухай Б.С-оос асуусан. Би Б.С-ыг санхүүгийн тайлан гаргахад тусалж өгөөрэй гэж дуудсан. Түүнд ямар нэгэн захирамж танилцуулж байгаагүй. ...Миний бие Б.С-д ажилд нь эргүүлэн томилсныг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэж байгаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр засаг дарга Х.Хнь “Би Б.С-д захирамж гарсныг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.С-ыг 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлэн томилсныг мэдэгдсэн” гэж албан тоот боловсруулж явуул гэж үүрэг болгосон болохоор би уг албан тоотыг бичсэн.” гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.С-ын “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга дуудаж А.Ж-ын аав нь өвдөж Ховд аймаг руу явсан байгаа. Та санхүүгийн тайлан гаргахад туслах талаар хэлж байхад Засаг дарга Х.Х орон нутгийн болон ангийн орлогыг яаж тусгаж байсан талаар ярилцаж байгаад гараад явсан. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан захирамжийн талаар мэдэгдээгүй.” гэх мэдүүлэг,

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х-ын өөрийн өгсөн “...Б.Серикболыг ажилд томилсон захирамжаа гаргасны дараа Б.С-ыг дуудаж гарсан захирамжаа танилцуулж байгаагүй. ...Б.Серикболыг би дуудаагүй. Тамгын газрын дарга Ө.Хдуудсан. Тухайн үед Ө.Хнадад Б.С-ыг дуудсан гэдгийг мэдэгдсэн. Тэгээд бид нар урьд өмнө санхүүгийн тайланг яаж гаргаж байсан талаар туслахыг шаардсан. ...Засаг даргын Тамгын газрын өрөөнд дуудаж уулзахдаа 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилох тухай захирамж гарсан гэдгийг хэлээгүй. Б.С мэдэж байгаа гэж бодсон.” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

  1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч С.А “...Б.С-ыг ажилд оруулах асуудлыг Засаг даргын Тамгын газар хийх ёстой. 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/36 тоот захирамж хангалтгүй байна гэж үзэж хэрэгт татсан. Хангалтгүй гэсэн учраас 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дахин ажилд авч ажилтай болгосон. Ингэснээр шүүхийн шийдвэр дахин биелэгдсэн. Тиймээс учирсан гэм буруу болон хохирол арилсан байгаа. Засаг даргад гэм буруу байхгүй. Харин гэм буруутай этгээдүүд бол бичиг хэргийн эрхлэгч О.Х, Засаг даргын ажлын албаны дарга Ө.Х нар байх ёстой. Гаргасан зөрчлийг захиргааны журмаар зохицуулж болох байхад гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй болгож гэм буруутайд тооцуулах асуудалд харамсаж байна. Гэм буруугүй гэж үзэж байна.” гэж байгааг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр бөгөөд заавал биелэгдэхээр хуульчлагдсан байдаг. Шүүгдэгч Х.Х-ын дээрх үйлдэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Х нь “А.Ж-ыг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлж Б.С-ыг ажилд эгүүлэн томилох” тухай Б/36 дугаартай захирамж гаргаж өөрийн гаргасан захирамжийн биелэлтийг хангуулах арга хэмжээ аваагүй, албан тушаалтнуудад мэдэгдэж үүрэг даалгавар өгөөгүй, захирамжийн талаар мэдэгдээгүй атлаа мөн оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/45 дугаартай захирамжаар “Б.С-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргаснаар “Шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн” гэмт хэрэг төгссөн байна. Захирамж, шийдвэр гаргаж буй эрх бүхий албан тушаалтны  хуулиар хүлээсэн нийтлэг эрх хэмжээ, үүрэг нь өөрийн гаргасан захирамж шийдвэрийн биелэлтийг шаардах, хангуулах арга хэмжээ авах, доод шатны албан тушаалтнууддаа үүрэг өгөх, хариуцлага тооцох зэрэг байдаг.

Шүүгдэгч Х.Хнь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр А.Ж-ыг санхүүгийн албаны даргын албан тушаалаас чөлөөлж Б.С-ыг томилсон боловч 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл Бугат сумын засаг даргын тамгын газрын дарга болон бусад ажилтнуудаас өөрийн гаргасан захирамжийн биелэлтийг хангуулах талаар арга хэмжээ аваагүй, Б.С-ыг ажилд томилсон захирамж гарсан байхад яагаад ажилдаа ирэхгүй ажил тасалж байна гэж нэг ч удаа тодруулаагүй, түүнийг ажлаа хийхийг шаардахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болгоогүй, тайлан гаргах хугацаа хэтэрсэн, буруу гарсан байхад тайлангаа хугацаандаа үнэн зөв гаргах талаар түүнээс шаардаагүй, Б.С-ыг санхүүгийн албаны даргын албан тушаалд томилсон захирамж гарснаас хойш болсон засаг даргын тамгын газрын ажилтнуудын хуралд “Санхүүгийн албаны даргын асуудлыг хурдан шийдэж өгөх”-ийг Засаг даргын тамгын газрын ажилтан шаардаж байхад “Тэр асуудлыг шийдэж өгнө” гэж хэлж өөрийн гаргасан захирамжийн талаар огт мэдэгдээгүй, Б.С-ыг ажилтнуудын ажлын цагийн бүртгэлд 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхэлж нэрийг оруулж түүний ирцийг тасаар бүртгэхийг 2018 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдөр мэдэгдэж үүрэг болгосон, Б.С-д ажилд томилсон тушаалыг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн зэрэг нь хохирогч Б.Серикбол, гэрч О.Хамит, Ө.Х, Х.Х, Ш.Досмухамед, Х.С, Б.Ж, Б.А, Ш.Е, Х.Е нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.

2002 оны Эрүүгийн хуульд “Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдсон, яллагдагчаар татагдсан, ял шийтгэгдсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж тайлбарласан байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуульд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, ял шийтгэгдсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудал тусгагдаагүй байна. Иймд шүүгдэгч Х.Хайвыг яллагдагчаар татагдсан хугацаанд буюу 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/78 дугаартай “А.Ж-ыг чөлөөлж, Б.С-ыг ажилд эгүүлэн томилох тухай” захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй байна.

             Иймд шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Х.Х-аас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй” гэж байх тул шүүгдэгч Х.Х-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:

Улсын яллагч шүүгдэгч Х.Х-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх зорилгоор шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд 4000 /дөрвөн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 4000000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд санал гаргасан.

Шүүх шүүгдэгч Х.Х-д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзсэн бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож улсын яллагчийн санал болгосон торгох ялаас багасгаж 3000 /гурван мянга/ нэгж буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Х нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын засаг даргын албан тушаалаас 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр огцорсон болох нь тус аймгийн засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч Х.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй байна.

Шүүгдэгч Х.Х нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй тул түүний эд хөрөнгө болох өөрийн эзэмшлийн 2355 БӨТ улсын дугаартай “Ландкруйзер-80” маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

            Шүүгдэгч Х.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                       

  1. Шүүгдэгч У овогт Х-ы Х-ыг шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлж “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулсан, зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Х.Х-ын эзэмшлийн 2355 БӨТ улсын дугаартай “Ландкрузер-80” маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  7. Шүүгдэгч Х.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ДОРЖБАЛ