Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1827

 

Ө.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо     даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01926 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эдгээр хүмүүсийн хооронд бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй бөгөөд итгэлцлийн замаар мөнгө зээлж, өгч авдаг байсан. Энэ нэхэмжлэлийн дүнд 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 2570 дугаартай зээлийн гэрээний Ө.Н нь С.Түмэндэлгэрт 8 000 000 төгрөг зээлдүүлсэн мөнгийг оруулж тооцсоныг хасаж, мөн Д.А-аас төлсөн мөнгийг хасаж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Өөрөөр хэлбэл 31 000 000 төгрөгөөс дээрх 8 000 000 төгрөгийг, хариуцагч Д.А-ийн төлсөн 4 300 000 төгрөгийг, нийт 12 300 000 төгрөгийг хасаж, нийт 18 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Учир нь бидний хооронд 2017 оны 7 сараас зээлийн харилцаанд орж байсныг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөгийг хэдийд шилжүүлж өгсөн, түүнчлэн энэ мөнгөнөөс Д.А-ийг хэдэн төгрөгийг төлж байсан талаар нэхэмжлэлдээ дурдаагүй,   мөн  энэ  талаар  тооцоо  хийсэн  баримтыг  гаргаж өгөөгүй  байдаг. Нэхэмжлэгч Ө.Н-ийн Хаан банкны хуулгаар бид тооцож үзэхэд хариуцагч Д.А-ийн 5020624576 тоот дансруу шилжүүлсэн мөнгө болон зээлийн төлбөрт шилжүүлсэн төгрөгийг тооцож үзэхэд Ө.Н- нь нийт               13 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба Д.А- нь нийт 5 300 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Иймд хариуцагч нь дутуу төлсөн 7 700 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, хүү авах талаар тохиролцоо болон гэрээ байхгүй тул хүү төлөх үндэслэлгүй юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.А-аас 7 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Н-эд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд 138 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх  11 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талууд 2017 оны 6 дугаар сараас эхлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийнх 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаанд орсон ба Ө.Н нь Д.А-ийг таньдаг хүнийхээ хувьд бичгээр гэрээ байгуулаагүй ч бэлнээр болон дансаар мөнгө зээлүүлдэг байсан. Нэхэмжлэгч Д.А-ид нийт 31 000 000 төгрөг зээлүүлсэн бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрч, тодорхойлолт хийсэн нь хэргийн 5 дах талд авагдсан. Талууд анх зээлийн хүү тохиролцсон боловч гэрээг бичгээр байгуулаагүй тул хүүг хасч үндсэн зээлээ нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдох тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хэрэгт авагдсан Ө.Н-ийн 5030249591 тоот дансны хуулгаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.А-ийн 5020624576 тоот дансанд 2 000 000 төгрөгийг nomin  гэсэн гүйлгээний утгаар, мөн оны 8 дугаар сарын 04-ний өдөр 5 000 000 төгрөгийг nomins zel гэсэн утгаар, 2017 оны  8 дугаар сарын 07-ны өдөр 5163010959 тоот дансанд 6 000 000 төгрөгийг Altannavch-s zeel гэсэн утгаар, мөн өдрөө 5020624576 тоот дансанд 3 000 000 төгрөгийг nomins zeel гэсэн утгаар, 8 дугаар сарын 30-ны өдөр Ө.Н-э нь өөрийн данснаас 2 000 000 төгрөгийн зарлага хийж бэлнээр Д.А-д өгсөн, мөн өдрөө 600 000 төгрөгийг 5173069843 тоот дансанд navchaa гэсэн гүйлгээний утгаар, 9 дүгээр сарын 01-ний өдөр 5173069843 тоот дансанд 300 000 төгрөгийг navchaa гэсэн утгаар тус тус шилжүүлж, нийт 21 900 000 төгрөгийг дансаар өгсөн.

Харин хариуцагч нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1 400 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 600 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр 300 000 төгрөг, 11 дүгээр сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 5 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 31 000 000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн гэдгээ нотлохын тулд Д.А-тай харилцан тохиролцон тооцоо нийлснээр Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 42 дугаар зүйлийн 42.2, 56 дугаар зүйлийн 56.3 дах хэсэгт тус тус заасны дагуу зээлүүлсэн мөнгөний хэмжээг тогтоосон бичиг үйлдүүлсэн. Гэтэл хэргийн 5 дах талд авагдсан тодорхойлолтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 31 000 000 төгрөгөөс С.Түмэндэлгэртэй байгуулсан зээлийн гэрээний 8 000 000 төгрөг, хариуцагчийн буцаан шилжүүлсэн 5 300 000 төгрөгийг хасч үлдэх 17 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч Д.А-ид холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 31 000 000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 18 700 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч 7 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь С.Түмэндэлгэртэй байгуулсан 8 000 000 төгрөгийг 5 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон бичгээр байгуулсан зээлийн гэрээ болон “Д.А- миний бие Номин-эрдэнээс Болорцэцэгт нийт 20 000 000 төгрөг, Түмэндэлгэрт 11 000 000 төгрөг болгож өгнө гэсэн нь үнэн болно. Эдгээрийн хүү нийт      31 000 000 төгрөгийг авсан нь үнэн болно /энэ хүмүүст/...” гэсэн агуулга бүхий Д.А-ийн гарын үсэг бүхий баримтыг хэрэгт хавсаргажээ. /хх-ийн 3-5/

Хариуцагч тал “...Ө.Н болон С.Түмэндэлгэр нарын хооронд байгуулсан зээл болон зээлийн хүү 11 000 000 төгрөгийг Д.А- хариуцах үндэслэлгүй...” гэж тайлбарласан /хх-ийн 53/ бол нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэлээ “...Түмэндэлгэрийн 8 000 000 төгрөг дээр маргахгүй...”  гэж тайлбарласан зэргээс үзэхэд  нэхэмжлэлд хавсаргасан Д.А-ийн гарын үсэг бүхий бичмэл баримтыг  хариуцагч нь нэхэмжлэгчээс  31 000 000 төгрөгийг зээлдэн авсан баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд хавсаргасан Д.А-ийн гарын үсэг бүхий бичмэл баримт нь нэхэмжлэгчийн С.Түмэндэлгэртэй бичгээр байгуулсан 8 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой, уг зээлийн тооцоог оруулж тооцсон баримт байх тул зохигчдын хооронд 31 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нь Д.А-ид 2017 оны  8 дугаар сарын 07-ны өдөр ХААН банкин дахь 5163010959 тоот дансанд 6 000 000 төгрөгийг Altannavch-s zeel гэсэн утгаар шилжүүлсэн, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ө.Н нь өөрийн данснаас   2 000 000 төгрөгийн зарлага хийж бэлнээр Д.А-ид өгсөн, мөн өдрөө 600 000 төгрөгийг ХААН банкин дахь 5173069843 тоот дансанд navchaa гэсэн гүйлгээний утгаар, 9 дүгээр сарын 01-ний өдөр ХААН банкин дахь 5173069843 тоот дансанд 300 000 төгрөгийг navchaa гэсэн утгаар тус тус шилжүүлсэн гэх боловч эдгээр данс нь хэний данс болох нь тодорхойгүй байх тул “...нийт 21 900 000 төгрөгийг дансаар өгсөн...”  гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар нотлогдоогүй байна.

Харин нэхэмжлэгч нь өөрийн ХААН банкин дах 5030249591 тоот данснаас хариуцагчийн 5020624576 тоот дансанд нийт 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь нийт 5 300 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдсон тул шүүх хариуцагчаас 7 700 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/01926 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                               Н.БАТЗОРИГ