Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/01926

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/01926

Улаанбаатар хот

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

                 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: Н /РД:/-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: А /РД:/-д холбогдох

 

            Зээлийн гэрээний үүрэгт 18 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Галтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

            Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.Ншүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Д.Ааас 31 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байдаг. Эдгээр хүмүүс нь бичгээр байгуулсан гэрээ байхгүй бөгөөд итгэлцлийн замаар мөнгө зээлж, өгч авдаг байсан юм. Энэ нэхэмжлэлийн дүнд 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 2570 дугаартай зээлийн гэрээний Ө.Н нь С.Түмэндэлгэрт 8 000 000 төгрөг зээлдүүлсэн мөнгийг оруулж тооцсоныг хасаж, мөн Д.Ааас төлсөн мөнгийг хасаж тооцож, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Өөрөөр хэлбэл 31 000 000 төгрөгөөс дээрх 8 000 000 төгрөгийг, хариуцагч Д.Аийн төлсөн 4 300 000 төгрөгийг, нийт 12 300 000 төгрөгийг хасаж, нийт 18 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Ннэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Учир нь бидний хооронд 2017 оны 7 сараас зээлийн харилцаанд орж байсныг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөгийг хэдийд шилжүүлж өгсөн, түүнчлэн энэ мөнгөнөөс Д.Аийг хэдэн төгрөгийг төлж байсан талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, мөн энэ талаар тооцоо хийсэн баримтыг гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч Ө.НХаан банкны хуулгаар бид тооцож үзэхэд хариуцагч Д.Аийн 5 тоот дансруу шилжүүлсэн мөнгө болон зээлийн төлбөрт шилжүүлсэн төгрөгийг тооцож үзэхэд Ө.Н нь нийт 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба Д.А нь нийт 5 300 000 төгрөгийг буцаан төлсөн байдаг. Иймд хариуцагч нь дутуу төлсөн 7 700 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281.1-д заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан, хүү авах талаар тохиролцоо болон гэрээ байхгүй тул хүү төлөх үндэслэлгүй юм гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн  судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Н хариуцагч Д.Аид холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ зээлийн гэрээний үүрэгт 31 000 000 төгрөг гаргуулахаар шаардсныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч 18 700 000 төгрөг гаргуулах болгож багасгасан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бичгээр байгуулсан гэрээ байхгүй бөгөөд итгэлцлийн замаар мөнгө зээлж, өгч авдаг байсан юм. ...нийт нэхэмжилсэн 31 000 000 төгрөгөөс дээрх 8 000 000 төгрөгийг, хариуцагч Д.Аийн төлсөн 4 300 000 төгрөгийг, нийт 12 300 000 төгрөгийг хасаж, нийт 18 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх тайлбар гаргаж, нотлох баримтаар нэхэмжлэгч Ө.НХААН банкны дансны хуулгыг ирүүлсэн байна.

Хариуцагч тал “...нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч байгаа. Учир нь бид 2017 оны 7 сараас зээлийн харилцаанд орж байсныг зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөгийг хэдийд шилжүүлж өгсөн, түүнчлэн энэ мөнгөнөөс Д.Аийг хэдэн төгрөгийг төлж байсан талаар нэхэмжлэлдээ дурдаагүй, мөн энэ талаар тооцоо хийсэн баримтыг гаргаж өгөөгүй байдаг. ... дутуу төлсөн 7 700 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй.” гэх тайлбарыг гаргажээ.

 

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2017 оны 7 сараас зээлийн гэрээний харилцаа үүсч улмаар нэхэмжлэгч Ө.Н нь өөрийн ХААН банкны 6 тоот данснаас хариуцагч Д.Аийн ХААН банкны 5 тоот дансанд 2017.06.23-ны 2 000 000 төгрөг, 2017.08.04-ний өдөр 5 000 000 төгрөг, 2017.08.07-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017.08.17-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь, мөн хариуцагч Д.А нь өөрийн данснаас нэхэмжлэгч Ө.Ндансанд 2017.06.27-ны өдөр 1 400 000 төгрөг, 2017.07.28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2017.08.29-ний өдөр 600 000 төгрөг, 2017.08.31-ний өдөр 300 000 төгрөг, 2017.11.15-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 5 300 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг” хүлээдэг, “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно” гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй. 

 

Харин нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагчид нийт хэдэн төгрөгийн зээл олгосон, түүнээс хэдэн төгрөгийг буцаан авсан талаараа нэхэмжлэл болон тайлбартаа дурдаагүйн дээр хариуцагч Д.Аийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас 7 700 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Нямсүрэн нь тус шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр, түүний эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр  зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ааас 7 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 11 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжинд 138 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Б.МӨНХЖАРГАЛ